Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Д.Хаянхярваа: Бид хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрхтэй

Д.Хаянхярваа: Бид хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрхтэй
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 20
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цөөн хором ярилцлаа. 
-МАН 2020 оны Их хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Ингэхдээ одоогийн Их хурлын гишүүдээс 20 гаруй хүнд нам дэмжлэг үзүүлээгүй. Тэр дундаа "М.Энхболдын хүмүүс”-ийг нэр дэвшүүлсэнгүй гэж нийгэм харж байна. Та үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Намын шийдвэр учраас намынхаа шийдвэрийг дагана. Нэр дэвшүүлсэн, дэвшүүлээгүй гэдгийг ард түмэн шүүн тунгааж байгаа байх. Би энэ удаа УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн намынхаа журмын нөхдийг ялалтад хүргэхийн төлөө хамтран ажиллана.
-Та Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэлмэгдүүлж байна гэж цахим хуудсандаа бичсэн байсан. Яагаад ингэж үзэж байгаа юм бэ?
-Тавдугаар сарын 18-нд надтай Ерөнхий сайд асан М.Энхсайханы эхнэр, өмгөөлөгч нар утсаар ярьж, уулзсан. Ингээд уулзахад тэр хүмүүс надаас ганцхан юм хүсч байна. М.Энхсайханы эхнэр “Твиттер, фэйсбүүк хуудсандаа М.Энхсайханыг шударга шүүхээр шүүгээгүй. Хэлмэгдүүлж байна гэж бичиж биднийг дэмжиж байсанд баярлалаа. Манай хүн гэртээ ном уншиж, судалгаа хийж, ном орчуулж байдаг хүн. Гэтэл 461 дүгээр анги руу ном оруулахгүй гээд ном оруулж өгч чадахгүй байна. Ковид-19-өөс болж ном оруулахгүй байгаа гэж хэлсэн. Тиймээс таныг энэ асуудал дээр туслахыг хүсч байна" гэсэн. 
Би ч гэсэн үнэхээр гайхлаа. Яагаад энэ хүнд ном оруулж болохгүй гэж. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ялласан прокурор, шүүсэн шүүгч нарыг би үнэхээр шударга бус байна гэж бодож байна. Хуулиа дээдэлж ажиллаж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд илэрхийлж байсан. Чи бод доо. Эхлээд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн маш том зүйл ангиар хэрэг үүсгээд төгсгөлд нь 130 саяар машин авсан гэдгээр 4.6 жилийн ял оноочихлоо. Тэгээд бас мөнгөн торгуультай, дээр нь ял эдэлж гарч ирээд дөрвөн жил нийтийн албанд ажиллахгүй байх ял оноочихлоо. Энэ үнэхээр шударга уу. Манайд энэ бүү хэл улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүс ял авч байгаа нь хэд байгаа билээ. Ингээд бодоод үз дээ. Хаана байна өнөөдөр тэр шударга шүүх. Би хууль хяналтын байгууллагынхнаас хүсэхэд ядахдаа энэ хүнд өөрийнхөө хүссэн номыг унших эрхийг нь хангаж өгөөч. Хэдийгээр хилсээр хоригдож байгаа ч гэсэн М.Энхсайханд ном унших эрх чөлөөг нь олгоод өг л дөө. Өнөөдөр шударга ёс ярьдаг улстөрчид, УИХ-д дэвшиж байгаа эрхэм нөхдөөсөө энэ асуудалд анхаарлаа хандуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
-М.Энхсайханы биеийн байдал нь ямар байгаа талаар асуусан уу?
-Эхнэр нь уулзаж чадахгүй байгаа юм билээ. Харин өмгөөлөгч нь уулзаж байгаа юм байна. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлэхдээ “миний биед санаа зовоод хэрэггүй. Ганцхан давж заалдах шатны шүүхийг л Монголын шүүх шударга шүүнэ гэдэгт итгэж байна” гэж хэлсэн гэсэн.
-Ер нь улс төрд томоохон албан тушаал хашч явсан хүмүүсээ толгой дараалан яллаад байгаа. Энэ нь залуучууд төрд ажиллах, зоригтой шийдвэр гаргах, шинэчлэл хийх боломжийг хааж, айдас төрүүлээд байгаа юм биш үү?
-Монголын улстөрчид шүүх прокурор, хууль хяналтынхан өнгөрсөн түүхээ нэг эргэн санахад илүүдэхгүй гэж бодож байна. 1921 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хэчнээн хүн харийн нутагт хууль бусаар цаазлуулж байсан гэдгийг мартах ёсгүй. Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгой гэсэн том төслүүдийг тойрсон асуудлаар төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг яллах тал руу эрчимтэй явж байна. Энэ л надад их айдас төрүүлж байгаа. Монголчууд минь бид өнгөрсөн түүхийнхээ гашуун үнэнийг мартах ёсгүй шүү. Би хувьдаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хууль бусаар ялласан гэдэгт итгэлтэй байна. Хамгийн харамсалтай нь яагаад өнөөдрийн УИХ-ын гишүүд, улстөрчдөөс энэ талаар дуу гарахгүй байгаа нь л миний хэлээд байгаа айдас  болоод байна. Бид ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Хараат бус шударга шүүхээр шүүлгэх эрх, эрх чөлөөгөө Үндсэн хуулиар баталгаажуулсан улс шүү. Эрхэм улстөрчид минь энэ тал дээр одоо л дуугарах цаг.
-Ярилцсанд баярлалаа. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн