Open iToim app
Эксперт | 13 мин уншина

Д.Даваасамбуу: Засаг боломжийг ашиглаад төмөр замаа барьчихвал жилд 200-300 сая доллар хэмнэнэ

Д.Даваасамбуу: Засаг боломжийг ашиглаад төмөр замаа барьчихвал жилд 200-300 сая доллар хэмнэнэ
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 29
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай 2019 оны төсөв, мөнгөний бодлогын талаар ярилцлаа. Тэрээр арав гаруй хоногийн өмнө Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд тус зөвлөлөөс 2019 оны төсвийн төслийн санал дүгнэлт, зөвлөмжөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлаад 7-8 жил болж байгаа ч хуулийг ягштал мөрдөхгүй өдий хүрсэн. Эх баригчид тогтвортой байдлын хуулиа зөрчвөл нэмэлт өөрчлөлт оруулах маягаар алдаагаа халхавчилдаг. Энэ жилээс энэ хуулийн биелэлтэд хяналт тавих Тогтвортой байдлын зөвлөл ажиллах юм байна. Тус зөвлөл нь төсвийн төсөлд анх удаа хөндлөнгөөс дүгнэлт, санал зөвлөмж өгчээ. Төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжөөс ярилцлагаа эхэлье?
-Тогтвортой байдлын зөвлөл байгуулагдаад 10 гаруй хонож байна. Үндсэн зорилго нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм. Манай улс 2010 онд Дэлхийн банк болон ОУВС-гийн зөвлөмжийн дагуу Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулийг баталсан. 2004 оноос эхлэн таваарын  бүтээгдэхүүний үнэ өсч Монгол Улсын нэр хүнд дэлхийд цуурайтах болсон. Тухайн үед “бидэнд хөгжлийн алтан боломж байна уу даа”  гэх итгэл хүн бүрт төрж байв. Энэ үеүдэд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл бүгд ашигтай болж ирсэн.  Харамсалтай нь, түр зуурын өсөлтөд хууртаж төсвөө тэлснээс болж эргээд төсвийн алдагдал өндөр болсон.
Дараа нь, Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулийг батлах үеэр “хэрвээ төсвөө нэмэгдүүлэхээр болбол уул уурхайн өсөлтийг хасаад, цаана нь эдийн засаг өсч байвал тэр өсөлтөд нь тааруулж төсвөө тэл” гэж маш тодорхой заасан байдаг. Өөр нэг заалт нь “уул уурхайн баялгаа ашиглаж хөл дээрээ босоод, уул уурхайн бус салбартаа хөрөнгө оруулалтаа хий” гэж заасан байдаг.
Гэтэл өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 10-аад удаа өөрчилж, хуулийг гууль болгох зам руу явсан. Хууль гаргахдаа маш хянамгай хандахгүй бол эргээд хуулиараа төсвийн цоорхойг улам нэмэгдүүлж, эдийн засгийг уналтад оруулж болзошгүй байна. Тиймээс энэ асуудлыг зогсоож, хуулиа биелүүлж ажиллах ёстой гэдгийг хамгийн түрүүнд зөвлөсөн.
Гадаад өрийн дарамтыг цаашид багасгах нь тулгарсан зорилт хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд гаднаас 4-5 тэрбум ам.долларын бонд, арилжааны зээл авчраад ажил хийжээ. Олон  зам, уулзвар, дэд бүтцийн байгууламж, үйлдвэр барьсан байна. Гагцхүү өрөө эгүүлэн төлөх хэмжээний хуримтлал үүсээгүй, төсөвт нэмэгдэл ачаалал өгч байна. Цаашдаа гаднаас зээлж авч байгаа эх үүсвэрийг ямар үнээр юунд зарцуулах вэ гэдэгт хяналт тавьж ажиллах шаардлагатай гэдэг дүгнэлт гарч байгаа.
Өөр нэг аюултай зүйл нь намуудын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд төсвөө тэлж, хууль зөрчиж байгааг таслан зогсоох ёстой. 2008 онд улс төрийн хоёр том хүчин сонгуульд оролцохдоо иргэн бүрт нэг сая, 1.5 сая төгрөг байгалийн баялгаас тараана гэж амласан. Дараа нь энэ амлалт нь хэрэгжихгүй, эдийн засгаа сүйрүүлдэг амлалт өгөхөө больё гэж улс төрийн намууд тохирсон. Тогтвортой байдлын зөвлөл намуудын мөрийн хөтөлбөр эдийн засгийг унагах уу, үгүй юү гэдэгт дүгнэлт хийж, урьдчилан сэргийлэхийг хичээх, цаашдаа ер нь намын мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ гэж төсвийн хууль зөрчдөг байдлыг зогсоохын төлөө ажиллана. Зарим санхүүгийн, төсвийн боломжгүй арга хэмжээ намын мөрийн хөтөлбөрт орчихдог, тэгээд түүнийгээ  заавал хэрэгжүүлнэ гэж гишүүд улайрдаг. Гэтэл хоёр жилийн өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа намын мөрийн хөтөлбөрийн зарим нэг заалтыг заавал хэрэгжүүлэхгүй байхаар Валютын сантай тохирсон.
-Төсөв, санхүүтэй холбоотой бүх зүйлийг Валютын сангаас асууна гэлээ. Валютын сангийн Засгийн газар юм уу, Монгол Улсын Засгийн газар юм уу гэж зарим гишүүн шүүмжлэлтэй ханддаг л даа?
-Үндсэн хууль болон Олон улсын гэрээний тухай хуульд хэрвээ олон улсын гэрээнд Монгол Улсын Засгийн газар оролцсон бол  хууль тогтоомжоосоо олон улсын гэрээ нь давуу эрхтэй байдаг. Тиймээс УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, жил гаруйн өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас тэрийгээ л дагаарай гэж зөвлөмөөр байна. Монгол Улс төсөв, мөнгөний тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын байгууллагын дэмжлэгийг авсан. Түүнийгээ  тууштай, хэрэгжүүлэх  шаардлагатай.
-Нэр бүхий гишүүд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хууль санаачилсан. Харин Валютын сангийн хөтөлбөрт зааснаар нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон. Тэгэхээр бүх хүүхдэд мөнгө олговол Олон улсын гэрээг зөрчсөн болох уу? Гэхдээ Валютын сангаас бүх хүүхэд мөнгө олгох, эсэх нь Монголын Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал гэж тайрбарладаг.
-Улсын дотоод асуудалд оролцохгүй гэсэн боловсон тайлбар шүү дээ. Валютын сан Монгол Улс  их өртэй байна, өрөө багасга гэдгийг шаардаж байгаа. Одоо төсөв алдагдалтай. Зардлаа нэмбэл өр өснө. Өр нэмэгдэх бүрт өндөр хүү тооцогдож байна.
Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядууралтай, баян хоосны ялгаа өндөр, тэгш бус байдал маш өндөр болж байна. Ийм нөхцөлд төсвийн дахин хуваарилалт хийхдээ нийтэд хавтгайруулж мөнгө тараахгүй байх зах зээлийн зарчимтай.  Энэ зарчмаа  биелүүлнэ гэж тохироод ОУВС-тай гэрээ байгуулсан байх.
-Ирэх жилийн төсвийн төсөлтэй танилцсан байх. Орлого талдаа нэлээд өөдрөг болсон гэж зарим гишүүн, эдийн засагчид дүгнэж байна. Төсвийн орлого биелэх бодит нөхцөл байна уу?
-Богино хугацаанд төсвийн төсөлтэй танилцсан. Ихээхэн  шахуу зорилт бол төсвийн орлого тал.  Төсвийн орлого биелэхэд  хамгийн чухал нөлөөтэй нь нүүрсний орлого. Гадаад зах зээл тааламжтай байвал нүүрсний экспортын орлого биелэх боломжтой. Америк, Хятадын худалдааны дайны нөлөөгөөр дэлхийд нэг номерын нүүрсний нөөцтэй Америкаас Хятадад нийлүүлэгдэх нүүрс эргэлзээ төрүүлж байгаа. Энэ нь нэг талаараа бидний хувьд том боломж. Энэ талаас нь харвал 42 сая тонн нүүрс экспортлохыг хичээх хэрэгтэй. Энэ нь сан болон мөнгөний бодлого хоёуланд нь ашигтай. Сангийн бодлого талаас нь харвал орлого өсвөл багш, эмч нар, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэх боломж гарна. Нөгөө талд төлбөрийн баланс сайжирч, гадаад валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны зорилтод нийцнэ. Төгрөгийн тогтвортой байдал голчлон экспорт дээр тогтоно. Экспортын потенциал өндөр байвал төгрөгийн ханш чанга, тогтвортой байна. Ер нь сан, мөнгөний бодлого, арга, хэрэгслүүдээр гадаад төлбөрийн тэнцлийг дэмжиж ирсэн Япон, БНСУ, ХБНГУ, Голланд, Швейцарь, Хятад зэрэг орнууд амжилтад хүрч, дэлхий дахины валютын нөөцийн ихэнхийг бүрдүүлж байна.
-Зөвлөлөөс ирэх оны төсвийн алдагдлыг 1.3 их наядад барих боломжтой байна гэж үзсэн байна. Ямар зардал, хөрөнгө оруулалтыг танах боломжтой гэж харж байгаа юм бэ?
-Нэгдсэн төсвийн алдагдлыг гадаадаас авахаар тохирсон зээл тусламжийн хэмжээнд буюу 1.3 их наяд төгрөгт тогтоох зөвлөмж өгсөн. Гаднын санхүүжилтээр барих зам, цэвэрлэх байгууламж, орон сууц, нисэх буудалд зарцуулах хөрөнгө оруулалтаас илүү алдагдал гаргамааргүй байгаа юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг 60-аас доошгүй хувиар бууруулах боломжийг авч үзэхийг зөвлөсөн. 
2012, 2016 онд маш олон барилгын ажил эхлээд зогссон байдаг. Асар их хөрөнгө тэнд царцсан байна. Тиймээс дахиад ийм явдал давтагдах вий гэдэг үүднээс хөрөнгө оруулалтын бодлого дээрээ анхааралтай, болгоомжтой хандахыг зөвлөж байгаа. Монгол Улс хөгжиж буй орны хувьд төсвөөс бага ч гэсэн хөрөнгийг үйлдвэрлэл хөгжүүлэх сан хөмрөгт оруулаасай гэж харж байгаа. 
-Төсвийн орлого талдаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийг шинэчлэн баталснаар орлого нэмэгдэнэ гэж тооцсон байна. Гэхдээ УИХ дээр хууль батлаагүй байхад орлогоо зоогоод оруулж ирэх нь хэр бодитой вэ. Хэрвээ тухайн хууль батлагдахгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээний тухайд хууль дээр том өөрчлөлт байхгүй. Татварын ил тод байдлыг чангатгах замаар татварын орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна лээ. НӨАТ-ын бүртгэл талонтой болсноос хойш татвар төвлөрүүлэлт нэмэгдэж байгаа. Хилээр оруулж байгаа бүх бараанд баар код суурилуулж, цахимжуулснаар ил тод байдал илүү сайжирч,татварын орлого өснө.
 Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгохоор заасан байна. Энэ заалттай холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж өгч байгаа. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа 1.4 сая иргэний  гурван иргэн тутмын нэг нь хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүс эзэлж байна. Хөдөө, аймаг, сумдаа амьжиргааны эх үүсвэргүй болоод хот руу нүүдэлж байна. Тэднийг орон нутагт нь ажиллуулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлээгүйтэй голчлон холбоотой. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэхдээ Улаанбаатараас бусад бүх газарт ажлын байр бий болгох үүднээс  ийм хөнгөлөлт үзүүлэхийг зөвлөж байгаа. Хэрвээ Улаанбаатарын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжээд байвал улам шигүү болно. Мөн аж ахуй нэгж жижгэрч, төсвийн бааз, суурьт эрсдэл авчрах  тул  хөнгөлөлтийг багасгах, тодорхой хугацаагаар хязгаарлах хэрэгтэй.
-Та бүхний зүгээс аж ахуйн нэгжийн ашигт ногдох татварын орлогыг 450 тэрбум төгрөгөөр багасгах зөвлөмж өгсөн байна. Энэ ямар учиртай тоо вэ?
-Манай улс 2018, 2019 онуудад төлөх ёстой байсан том хэмжээний гадаад өр төлбөрөө дахин санхүүжүүлж чадсан. Тэгэхээр 2020 он хүртэл том өр төлбөрт санаа зовохгүй ажиллах боломж гарч байна. Энэ боломжийг ашиглаад төмөр замаа барьчих хэрэгтэй. Хэрвээ барьчихвал жилдээ 200-300 сая ам.доллар хэмнэнэ. Ингэж чадвал 2021 онд манай улсын төлбөрийн баланс ашигтай гарах  боломж бүрдэнэ. Зардлын хэмнэлтээс гадна ачааны хэмжээ өсөх болно. Тиймээс татвар ногдох орлогоо 450 тэрбум төгрөгөөр багасгахыг зөвлөсөн. Оюутолгой, Тавантолгойг түшиглэж төмөр зам барина. Тиймээс тэнд ногдох татварыг зам руугаа оруул, замаа барьчих гэсэн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийн орлогоосоо замаа барьчих, тэгвэл татвар ногдох орлогыг чинь хасая гэдэг л зарчим. Тэнд баригдах төмөр замаар Тавантолгой, Оюутолгой дээр ажиллаж байгаа компаниудын ачааг зөөнө. Тиймээс тэнд ажиллаж байгаа компаниуд хөрөнгөө гаргаад, зээл аваад барихийг дэмжих хэрэгтэй. Төмөр замд зарцуулсан орлогоо нөхсөний  дараагаас ашиг хүртэх асуудал ярихад болохгүй зүйлгүй.
Саяхан Хөгжлийн банк 500 сая долларын бонд босголоо. Үүнийхээ 300 сая гаруй ам.долларыг өмнө нь авсан зээлийнхээ эргэн төлөлтөд зарцуулах төлөвлөгөө гарсан байна. Үлдэж байгаа 200 сая орчим ам.долларыг өөр янз бүрийн зүйлд зарцуулахгүйгээр  төмөр замд шууд оруулж болохоор санагдаж байна.
Маш сайн микро суурьтай макро бодлого явуулах ёстой. Үүнийг хамгийн оновчтой макро бодлого гэж нэрлэдэг. Монголбанк үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бодлогын хэрэгслүүдийг ашиглаж болно гэж хуульд заасан. Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдал. Тиймээс төгрөгөөр гарахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаад өгчих хэрэгтэй гэж боддог. Үүний тулд Монголбанк Хөгжлийн банкны бондыг худалдан авах замаар төгрөг нийлүүлж болно. Энэ асуудлыг мөнгөний бодлого хэлэлцэх үедээ ярьж болно. Хоёрт, энэ саналыг зөв, буруу байна уу гэдгийг мэргэжилтнүүд, эрдэмтэд, шийдвэр гаргагчид хэлэлцээсээ гэдэг үүднээс өөрийн санаа, зөвлөмжөө хэлж байна. 

Монголбанк алдагдалтай ажиллахад дараах гурван хүчин зүйл нөлөөлж байна

undefined
-Долларын ханш байнга савлаж байна. Энэ нь өөрөө манай эдийн засаг тогтворгүй, сул байгааг харуулж байна шүү дээ. Ирэх жил ч ам.доллар  2500 төгрөгөөс буурахгүй байхаар төсөвт тооцсон байна?
-Монгол улсын эдийн засаг улирлын чанартай, үүнийг дагууд ханш хөдлөх явдал гардаг. Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, мал аж ахуйн экспорт өсөхөөр байна. Дээр хэлсэн 2019 онд төрөөс хариуцан төлөх томоохон төлбөр багассан.  Иймээс ханш тогтвортой байх боломжтой.
Ханш бол эдийн засгийн чухал индикатор, импортыг хязгаарлах хэрэгсэл аяндаа болдог.   Бид нэг талаас  экспортоо нэмэгдүүлэх,  нөгөө талд экспортын орлогын дийлэнхийг зээл, хүүний төлбөр, тээвэр, цахилгааны зардалд алдаж байгаад судалгаа хийхээр төлөвлөж  байна.
Эхний арван сарын байдлаар 400-700  тэрбум төгрөгийг  зөвхөн тээврийн зардалд гадагш нь алджээ. Үүнтэй яг ижил уул уурхайгаас олж байгаа орлогын нэлээдгүй хувийг цахилгааны төлбөрт алдаж байгаа. Эдгээр зардлыг багасгаснаар Монголд орж ирж байгаа валютын урсгалаас үлдэх нь нэмэгдэнэ, мөн татвар ногдох орлого өснө. Монголбанк Монгол Улсыг ирээдүйд  явч явах зэс, нүүрс, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ,  энэ чиглэлд өнөөдөр хэн, юу хийж чадаж байгаа вэ, цаашид юу нь хүндрэлтэй байна, яаж эргэлтийн хөрөнгөөр хангаж түүхий эдээ цуглуулж, үйлдвэрлэл явуулах вэ гэдгийг судлан стратеги чиглэл гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Гадаад харилцааны яам Европын холбооны дэмжлэгтэйгээр МХАҮТ-тай хамтран экспортын  судалгаа хийж байна. Мөн Дэлхийн банкнаас уул уурхайн бус салбарын экспортыг  дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх ажлын үр дүн гарсны дараа судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан ажиллах боломж гарна. 
-Та Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар давхар ажиллаж байгаа. Өмнөх жилүүдэд Монголбанкин дээр их хэмжээний өр, алдагдал үүссэн байсныг Хяналтын зөвлөл нам дарсаар ирсэн шүү дээ. Ер нь Монголбанкны үйл ажиллагаанд хэр сайн хяналт тавьж, зөвлөж байгаа вэ?
-Монголбанкин дээр хийгдэж байгаа ажлуудад хөндлөгөөс хяналт тавьж байгаа. “Нам” дараагүй, хэлж ярьж байсан юм билээ.  Энэ оны гуравдугаар улирлын байдлаар М2 буюу иргэд, байгууллагын  хадгаламж, харилцах дансны үлдэгдэл 17 их наяд төгрөгт хүрсэн байна. 2016 оны аравдугаар сарын 1-нд М2  14 их наяд төгрөг байсан. Тэгэхээр жил гаруй  хугацаанд гурван  их наядаар нэмэгдсэн. Энэ нь  банкны системийг сайжруулах арга хэмжээний үр дүнд харилцагчдын итгэл сайжирч байгааг харуулж байна.  Иргэд хадгаламжаа нэмэгдүүлж байна, цаашдаа ч сэргэх хандлагатай байна. Энэ бол том итгэл.
Хоёрт, Арилжааны банкуудын үйл ажиллагааг олон улсын аргачлалаар нэлээд сайн шалгаж, цаашдаа төлбөрийн чадвараа дээшлүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч байна. Энэ нь иргэд, хадгаламж эзэмшигчийн мөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг том алхам.
Монголбанкы алдагдалд хэд хэдэн хүчинй зүйл нөлөөлж байна. Нэгд, дампуурсан банкуудын эрсдэлийг үүрсэнтэй холбоотой. Хоёрт, ханшийн савлагаанаас болж Монголбанк ашиг, алдагдал хүлээж байгаа. Монголбанк арилжааны банкуудтай своп, форвард хэлцлээр хийж ам.доллар худалдаж авдаг. Гэтэл ханшийн савлагаанаас олон тэрбумын алдагдалд орсон байсан. Гуравт, өмнө авсан олон зээл тусламжийг өнөөгийн үнэ цэнээр харахаар төлж чаддаггүй. Тэгэхээр энэ үнийн зөрүүгээс алдагдал үүрч байна. Өмнө нь 200 тэрбумаар үнэлж байсан зүйлийг өнөөгийн зах зээлийн үнээр 120 тэрбум төгрөгт хүрч байх жишээний зүйлээс болж алдагдал үүсдэг. Энэ бүх алдагдлын задаргааг УИХ-д танилцуулж, тайлагнасан байсан.
Ер нь Монголбанк алдагдалтай байна гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө эрсдэлд орж байгаа гэсэн үг. Тиймээс энэ чиглэлд байнга анхаарч, алдагдлаа бууруулж ажиллахыг зөвлөж байгаа. Монголбанк алдагдал бууруулах стратеги, төлөвлөгөө батлаад ажиллаж байгаа. Үр дүн гарч байгаа. 2017 онд ашигтай ажилласан. Монголбанкны эхний есдүгээр сарын тайланд 4.5 их наяд  төгрөгийн үнэт цаасны үлдэгдэл байна.  Монголбанкны арилжааны банкуудаас  татан авсан мөнгө-зээл юм. Арилжааны банкууд дээр байрлах илүүдэл мөнгийг инфляци үүсгэхгүй, ханш унагахүй байх мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон ашиглаж  байгаа гэсэн тайлбар өгдөг. Энэ нь зөв байх. Өнөөдөр бодлогын хүү 10 хувь байгаа учраас үүгээрээ бодож зах зээлээс татсан мөнгөө хэрэгцээтэй газар нь нийлүүлж, хүүгээ нөхөж олохгүй бол хэцүүднэ.  Гэхдээ Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн чанартай зээл олгохгүй, мөн Төв банкны тухай хуульд  энэ онд орсон өөрчлөлтөөр тухайн нэг салбар, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон. Тэгэхээр хүү төлөөд арилжааны банкуудаас авсан 4.5 их наяд төгрөгийн үнэт цааснаас алдагдал хүлээхээр байгаа.  Үүнийг оновчтой байдлаар шийдэж ажиллахыг Хяналтын зөвлөлөөс сануулж байгаа.
-Монголбанк гадаад талдаа Хятадын ардын банкинд хоёр тэрбум шахам ам.доллартай тэнцэх юанийн өр төлбөртэй. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд энэ зээлийн эргэн төлөлт хийх хугацааг хойшлуулсан ч хүүгийн дарамт өндөр гэж сонссон. Энэ чиглэлд зөвлөмж өгсөн үү?
-Хятад бол Монголын хувьд монополь зах зээл. Тэдний аль ч үйлдвэр, аж ахуйн нь бидний хувьд монополь. Чухамхүү энэ монополийг хоёр талын төр, засаг зохицуулахаас өөр аргагүй ээ. Тиймээс Монголбанкны Хятадын Ардын банктай байгуулсан валют солилцооны хэлэлцээрийн хүрээнд авч ашигласан 10-аад тэрбум юаний хүү, төлбөрийн асуудлыг Төрийнх нь хэмжээнд эртхэн тавьж, яриа хэлэлцээр хийхийг зөвлөж байгаа. Юанийн зээлдээ байнга хүү төлж байгаа нь мөн алдагдал өсөхөд нөлөөлж байгаа.
-Эцэст нь, Монгол Улс хүртээмжтэй, тогтвортой эдийн засагтай болохын тулд ямар бодлогоор хэрхэн ажиллах ёстой юм бэ?
-Монгол Улс тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнийг олон улсын байгууллагууд ч зөвлөдөг. Хүртээмжтэй өсөлт гэдэг нь хүн бүхний оролцоог хангасан ажлын байр, үйлдвэрлэлийг бий болгох явдал юм. Өнөөдөр Монгол Улсын хувьд сум, аймаг бүрт ажлын байрыг бий болгох асуудал чухал байна. Олон олон тулгууртай эдийн засагтай болох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид орох боломж нэмэгдэж байгааг сайтар ашиглах хэрэгтэй.   
Манай улсад 2010 оноос гаднын хөрөнгө оруулалт идэвхжсэн. Гэтэл үүнээс хойш манай улсын төлбөрийн баланс дандаа алдагдалтай яваа. Энэ алдагдлаа нэмээд үзэхээр манай улсын өр буюу 27 тэрбум ам.доллар бараг гараад ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай улс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг тогтоох, Монголын хөрсөнд шингээх боловсон хүчин,  бүтээгдэхүүн, үйлчилгээ дутагдалтай байгаагийн  илрэл. Гаднаас доллар орж ирээд өр болоод л дуусдаг баймааргүй байна. Ихэнх нь импорт болоод гадагшилсан. Энэ жил гэхэд гаднаас Оюутолгой зэрэгт 1.2 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Үүнийг дагаад импорт өссөн, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал нэмэгджээ. Экспорт өслөө гээд л байдаг. Гэтэл түүний ихэнхийг элдэв төлбөрт алдсаар байгааг дээр дурдсан. Иймд Монголчуудын өөрсдийнх нь оролцоо өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ бүтээн байгуулалт явуулахыг тогтвортой, хүртээмжтэй өсөлт гэж ойлгож, үр дүнд хүргэх аваас төсвийн, төгрөгийн тогтвортой байдал хангагдана. 2019 он бол эдийн засаг, нийгмийн зарим суурь асуудлуудыг шийдэх эргэлтийн жил байх боломж байгаа тул түүнийг алдахгүй байхад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг төрийн түшээд маань батална гэдэгт итгэлтэй байна. 
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн