Эрүүл мэндийн яамнаас хувийн болон улсын эмнэлгүүдэд шинэ коронавирус өвчний бэлэн байдлыг ханган ажиллах чиг үүрэг өгсөн билээ. Уг тушаалын дагуу хувийн эмнэлгүүд ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар “УБ Сонгодо”, “Хатагтай”, “Очирваань”, “Гурван гал” эмнэлгийг зорилоо.
Тус эмнэлгүүдийн орох хэсэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэн бүрийн биеийн халууныг үзэж, 14 хоног гадаад орноор аялсан эсэхийг тодруулж байв. Эмнэлэг бүр орох хэсэг болоод үйлчлүүлэгчдийн хүлээлгийн танхим, эмч нарын өрөөндөө гар ариутгагч шингэн тавьж, үйлчлүүлэгч бүрийг амны хаалтаа зүүж, улавч өмсөн үйлчлүүлэхийг анхааруулж байлаа.
Бид “УБ Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс засалч Ш.Зоригоогоос тус эмнэлэг коронавирусийн халдвараас ажилчид, үйлчлүүлэгчдээ хамгаалах ямар арга хэмжээ авч байгаа тухай болон иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авлаа.
-Танай эмнэлэг коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай эмнэлэг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн шинэ цагийн хуваарьт орж 07.30-18.30 хүртэл буюу уртасгасан цагаар ажилладаг байсан. Харин одоо 08.30-18.30 хүртэл ажилладаг болсон. Түүнчлэн гоц халдварт өвчнөөс сэргийлэх баг маань эмч, ажилчдад амны хаалт, зориулалтын хувцас хэрэгслээр хангах, сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл ямар тоног төхөөрөмж хэрэг болох зэргийг тогтоож, хангасан байна. Мөн иргэд заавал эмнэлэгт ирэхгүйгээр хоёр дахь гурав дахь үзлэгээ утас, онлайнаар авах боломжтой.
-Тэгэхээр сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлэгтэй шууд тусгаарлаж болох нь ээ?
-Өвчтөний биеийн байдал эмнэлгийн аль хэсэгт явж байхдаа хүндэрч, коронавирусийн шинж тэмдэг илэрснээс шалтгаалж тусгаарлалт өөр, өөр хэлбэрээр явагдана. Тодруулбал, өвчтөн эмч мэргэжилтнүүдэд үзүүлж байх үед ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэг дотроо тусгаарлана. Харин орох хэсэгт сэжигтэй болох нь мэдэгдвэл тухайн хэсгийн ойролцоо тусгаарлаж байгаад ХӨСҮТ-д хүргүүлэх юм.
-Иргэдэд анхааруулах, зөвлөгөө мэдээлэл өгөөч?
-Хэрэв хэн нэгэн хүнд халдварын шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авч, хаашаа хандах тухайгаа төдийлөн мэдэхгүй, мэдээлэл хангалттай хүрэхгүй байх шиг. Халуурсан, гадаад орон руу явсан, амьсгалын замын зовуурь илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ рүү явахаас илүү юун түрүүнд өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хугацаандаа ХӨСҮТ, Түргэн тусламжийн төв рүү утастаж зөвлөгөө авах ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ ирэх хүртэл маск зүүж тусдаа өрөөнд байна. Харин бусад гэр бүлийн гишүүд гараа ариутгаж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, сэжигтэй хүний хүрсэн бүхэл газрыг цэвэрлэх ёстой юм. Шинж тэмдэг илэрсэн үед айж сандарч, эмнэлэг орох гэж дур мэдэн яваад олон хүнд тараана шүү дээ. Мөн хүмүүс үхэлд хүргэх өвчин гэдгээс айж сэтгэл санаагаар унавал өвчин эдгэрэх хугацаа удааширна. Эрт оношлох л юм бол олон хүнд тарааж, үхэлд хүргэхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.
“УБ Сонгдо” эмнэлэг нь өвчтөнийхөө аюулгүй байдлыг хангах үүднээс эргэлт оруулах журмыг шинэчлэн гаргажээ. Тодруулбал эргэлтээр ирж байгаа нэг л хүнийг эмнэлэгт оруулах бөгөөд маск зүүж, улавч өмсөн, гадуур хувцсаа өлгүүлж орох юм. Өдрийн эргэлт 13.00-14.00, оройн эргэлт 18.00-20.00 цаг хүртэл юм байна.
Тэгвэл хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гурван гал” нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгч бүрийн халууныг үзэж, асуумж асууж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлэгтэй тусгаарлах боломжтой байгаа гэв.
“Очирваань” эмэгтэйчүүдийн эмнэлэг иргэдийг эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал масктай байх шаардлагыг тавьж, гарыг нь ариутгаснаар эмнэлэгт нэвтрүүлж байв. Хэрэв маскгүй иргэн ирвэл маск үнэгүй тарааж байгаа гэлээ. Зарим шинжилгээний хариу нэг цагийн хугацаанд гардаг учраас тэр дор нь хариугаа авчихдаг юм байна. Харин удаж гардаг шинжилгээний хариуг онлайнаар болон утасны үйлчилгээгээр авах боломжтой болгосон байна.
“Хатагтай” эмнэлэг нь эргэлтийн тасагт оруулахыг хоригложээ. Гэхдээ өвчтөн гэр бүлийнхэнтэй уулзахаар эргэлтийн өрөөнд тусгайлан уулзаж болох юм байна. Мөн ажилчдад болон үйлчлүүлэгчдэд маск тарааж, гар ариутгагчийг ойр ойрхон байрлуулсан байлаа. Мөн бусад эмнэлгийн адилаар сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тусгаарлах өрөөтэй гэнэ.
Ер нь эмнэлэг бүр аливаа өвчний дэгдэлтийг тараахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх тусгаарлах өрөөг тодорхой хэмжээнд бэлдсэн байх ёстой байдаг учир хувийн эмнэлгүүд энэ үед тухайн өрөөг илүү найдвартай болгон тохижуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг чухалчилж байгаа юм байна. Мөн өвчний дэгдэлт олон улсад хурдацтай тархаж байгаа энэ үед манай улсын иргэд сонор, сэрэмжээ алдалгүй өөрийгөө болон бусад иргэдийг авран хамгаалахад анхаарч, гараа тогтмол угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, салхинд гарч, их биш зөв хооллон, маск зүүж байхыг хувийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа.