УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой Монгол Улсын уул, уурхайн салбарын потенциал болоод тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Манай улсын уул уурхайн салбар хэр өндөр түвшинд хөгжих потенциалтай вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас дэлхийн улс орнуудын эдийн засгийг уул уурхайгаас хэр хамааралтайг харьцуулан судалсан байдаг. Уг судалгаагаар, Монгол Улс хамгийн их хамааралтай гэж гарсан. Мөн ашигт малтмалын хэтийн төлөв буюу потенциал маш сайн гэж үнэлэгдсэн. Тэгэхээр манай улсын газрын хэвлийд асар их баялаг бий гэсэн үг. Уул уурхайн салбар ДНБ-ий 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын 67, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76, экспортын 93 хувийг эзэлж байна. Гэвч манай улсын хөгжлийн индекс 2022 оны 3 дугаар сард -3.8 хувь гарсан. Эдийн засаг нь уул уурхайгаас ийм их хамааралтай, геологийн ашигт малтмалын хэтийн төлөв өндөр манай улсын хувьд уул уурхайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй Америк, Канад, Австрали зэрэг улс энэ замналаар явсан учир өнөөгийн түвшинд хүрсэн. Ерөөсөө л уул уурхайгаа түшсэн.
Монгол Улсыг тойроод БНХАУ-ын газар нутагт шавсан их уул уурхайн ордууд байна. Энэ бол хайгуулын ажилд хөрөнгө зарж, сайн хийсний үр дүн. Манай газар нутгийг тойроод олон уул уурхайн ордууд байхад улсын хил рүү нэвтрэнгүүт байхгүй болохгүй. Энэ бүс нутагт тэр хэмжээний ордууд байх бүрэн потенциал байгааг манай улсыг тойрсон БНХАУ, ОХУ-ын илрүүлсэн ордууд харуулж байна. Монгол Улсын газар нутагт Эрдэнэт, Оюу толгой гэдэг хоёрхон орд бус дахиад үүн шиг олон орд байх боломжтой. Илрүүлж олох л чухал юм.
-Ийм их потенциал бидэнд байдаг юм байна. Гэвч яагаад өнөөдөр уул уурхай энэ түвшинд хөгжсөн байна вэ. Үүнд гол тулгамдаж буй асуудлуудыг нэрлэхгүй юү?
-Иргэд геологийн хайгуулын ажлыг эсэргүүцдэг. Гэтэл нөгөө талд тэтгэвэр, цалин хөлс нэм гэдэг. Манай улсын хувьд цалин хангамж нэмэх ганцхан боломж нь уул уурхайн үйл ажиллагаа шүү дээ. Бид дахиад Оюу толгой, Эрдэнэт шиг орд илрүүлэх хэрэгтэй байна. Ийм ордуудыг илрүүлж, эдийн засгаа өндийлгөе гэхээр иргэд хайгуулын ажлыг эсэргүүцдэг нь тулгамдаж буй асуудал юм.
Монгол Улс нийт газар нутгийнхаа 43 хувьд 50 мянганы геологийн зураглал хийсэн. Энэ судалгаагаар ашигт малтмалын орд илрүүлэх магадлалыг тодорхойлдог. 200 мянганы зураглал хийгээд дараа нь 50 мянганы зураглалыг хийдэг. 200 мянганы зураглалыг манай улс нийт газар нутгийнхаа 98 гаруй хувьд хийсэн.
50 мянганы зураглалыг 43 хувьд хийсэн гэдэг нь нийт газар нутгийнхаа талд нь ч хангалттай хэмжээний геологийн зураглал хийж үзээгүй гэсэн үг. Нөгөө талаасаа 1990-ээд оныг хүртэл ЗХУ-ын үед хийж байсан геологийн хайгуулын аргуудаар судалгаа хийгдсэн. Тэр үеийн зураглал, одоогийн зураглал хийх багаж, төхөөрөмжүүдасар их ялгаатай. Яг л 1990-ээд оны гар утас 2022 оны үед хэрэглэж байгаа гар утас хоёр хоорондоо хол ялгаатай шиг. Манай улс геологийн талаасаа бүрэн гүйцэт судлагдсан улс биш. Үүнийг гадныхан олон янзаар дүгнэсэн байдаг.
Алт, зэс, төмөр, газрын ховор элемент, батарейн түүхий эд, газрын тос, байгалийн хий бол бидний хувьд стратегийн чухал ашигт малтмал.
“Fraser institute”, “Natural Resours Governance Institut” гээд олон улсын хоёр байгууллагаас уул уурхай ихээр хөгжсөн орнуудад судалгаа хийдэг. Fraser Institute-ийн 2021 оны судалгаагаар дэлхийн 84 улсыг харьцуулахад, ашигт малтмалын хэтийн төлөвийн индексээр манай улс Казахстаны өмнө жагссан. 1990-ээд онд манай хоёр улс хөгжлөөрөө адил түвшинд байсан хэр нь Казахстан уул уурхайгаа түшиж чадсан учраас өнөөдөр хөгжлөөрөө биднээс алсарсан байна. Энэ үзүүлэлтээр Казахстан 67 дугаарт жагссан бол Монгол 45-д буюу өмнө нь жагссан. Монгол Улсын хэтийн төлөвийг ийм сайн гэж олон улс ч үнэлдэг байх нь.
Тодорхойгүй байдал, засаглал, хууль хэрэгжилтээр 82, Хууль журмын давхардал 82, татварын тогтолцоо 82, дэд бүтцийн чанараар 82 дугаарт жагсаж, хууль эрх зүйн орчин 80, орон нутгийн харилцаа 74, хууль худалдааны саад тотгороор сүүл мушгиж байна. Таны асуугаад буй өнөөдрийн уул уурхайн хөгжил яагаад хоцронги байгаагийн шалтгаан ерөөс л энэ. Тэр их потенциалыг ашиглаж чадахгүй байгаа шалтгаан, саад тотгор эдгээрээс улбаатай. Natural Resours Governance Institut -ээс манай улсын зарим үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн. Үүгээр лиценз олголт 61, бүтээгдэхүүнээс авах татвар өндөр учраас татварын оноолт 85, орон нутгийн нөлөө 53, ашгийн менежмент 71, тохиромжтой орчин 78, авлигалын хяналт 60 гэж үнэлэгдсэн.
Манай улс нүүрсээ олборлоод л байдаг боловч боомтоор гаргаж чаддаггүй. Тиймээс нүүрсний компаниуд оны эцэс рүү олборлолтоо багасгадаг. Нүүрс тээвэрлэх, хилийн боомт логистикийн асуудлууд Зам тээврийн яамны, хилээр гарсан уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсад ашиг оруулж байгаа эсэх нь Сангийн яамны, бүтээгдэхүүнээ олборлож, боловсруулах нь УУХҮЯ-ны хариуцах асуудал. Зөвхөн боомтын сэргэлт гэдэг асуудалд манай гурван яам хамтарч ажилладаг байх нь. Өмнө нь манай асуудал мөн, биш гэж бие бие рүүгээ шидэлдэг байлаа.
Монголд Оюу толгой шиг өчнөөн том ордууд байгаа гэдэгт итгэлтэй байна
-Хайгуулын ажлыг ид эрчимжүүлж байснаа сааруулсан. Энэ юутай холбоотой вэ?
Монгол Улсад 50 хайгуулын тусгай зөвшөөрлөөс ганц нь л ашиглалтынх болдог. Орон нутгийн иргэд хайгуулын ажил хийх гэхээр юу юугүй газрыг нь ухаж, олборлолт хийх мэт төсөөлдөг. 1997 оноос хойш 13911 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос ашиглалтад шилжиж чадсан нь 50-д нэгхэн бий.
Манай улсын хайгуулын тусгай зөвшөөрлийн байдал, алтны шороон орд 473, нүүрснийх 303, түгээмэл тархацтай 223, хайлуур жонш 205 байна. Маш их тоо боловч алтны шороон ордны ихэнх нь цомхон болсон. Алтны шороон орд ихэвчлэн гол мөрөн дагаж байршдаг учраас байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Монгол Улс дахь алтны тусгай зөвшөөрлүүдийн 90 орчим хувь нь алтны шороон ордод байдаг. Үндсэн орд нийт лицензийн 10-аад хувьд байхад, нөөцийнх нь 90 орчим хувь нь үндсэн орддоо байдаг. Тэгэхээр Монгол Улс шороон ордоос үндсэн орд руу шилжиж буй цаг үедээ явж байна.
Тусгай зөвшөөрөл олгохгүй байна гэдэг хайгуулын ажил хийхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр орд илрүүлж чадахгүй. Монгол Улс жилд 20 орчим тонн алт олборлож байна. Хайгуулын ажлыг хийхгүй бол 10 жилийн дараа энэ хэмжээний алт олборлож чадахгүйд хүрнэ. Нөөц барагдна. Иймд ирээдүйн эдийн засгаа бодож 10 алхмын өмнө хайгуулын ажлаа хийж байх хэрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоод уурхай байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд дахиад цаг хугацаа их орно. 10, 20 жилийн дараах уул уурхайгаас олох хөрөнгийг тооцоолж энэ жил хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгох гэтэл иргэд жагсаж асуудал үүссэн. Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс түр зогсоож бай, хайгуулын ажлаасболж 330 суман дахь иргэдийн амьдрах орчин хязгаарлагдсан, малын бэлчээр хумигдсан эсэхийг нарийн тогтоо гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Түүний дараа хайгуулын ажлаа шийд гэсэн.
Монгол Улсын нийт газар нутгийн 76.6 хувьд ямар нэг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Хайгуул болон ашиглалт явуулах боломжгүй улсын тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар, Засгийн газрын нөөцөд авсан талбай, гол, мөрний эх бүрэлдэх хэсэг, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар гэх мэт газар нутгууд дээрх 76 хувийг эзэлдэг. Манай улсын нийт газар нутгийн 3.9 хувь нь л уул уурхайн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байдаг. Энэ 3.9 хувиас бид өнөөдрийн төсвийн нийт орлогын 30 хувийг бүрдүүлж байна. 330 сумаас 73 суманд ямар ч тусгай зөвшөөрөл байдаггүй. 177 суманд 0.1-5 хувьд зөвшөөрөл олгосон. Гурван суманд газар нутгийн 30-35 хувьд тусгай зөвшөөрөл олгосон. Хайгуулын ажил асар эрсдэлтэй. Асар их зардал гаргаад хайсан боловч юу ч илрүүлж чадахгүй байж мэднэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноорбайгаль орчин доройтсон нэг ч тохиолдол гарч байгаагүй. Харин олборлолт хийж эхэлсэн хойно л байгалийн онгон төрх өөрчлөгддөг. Гэхдээ нөхөн сэргээлтийг жишиг хийж чадвал өмнөхөөсөө чүзэмжтэй эрүүл хөрстэй болж болно.
-Газрын ховор элемент манай улсын хэвлийд байдаг ч ашигладаггүй. Гэтэл АНУБНХАУ-аас газрын ховор элементээ авч байна. Дэлхий нийт технологийн салбарт тоглолт хийж, тэр хэрээр газрын ховор элемент эрэлттэй байхад бид олборлолт, борлуулалт яагаад хийхгүй байна вэ?
-Газрын ховор элементийн ашиглалтын дөрвөн лиценз бий. Эдгээр лицензээс газрын ховор элемент, батарейн түүхий эдийн ашиглалтад шилжсэн нэг ч лиценз байхгүй. Монгол Улсад ордуудын илрэлүүд бий. Ашиглалтын лицензүүд байна. Энэ хэмжээнд байгаа юм чинь дахиад өөр ч байх боломжтой. Бид нар хайгуулаа л сайн хийх хэрэгтэй. Манай улс өндөр технологийн түүхий эдийн нийлүүлэгч болох бүрэн боломжтой.
Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хэмжээний том орд одоогоор илрүүлээгүй байна. Дэлхийд газрын ховор элементээр тоглолт хийхэд хайгуулын ажилдаа анхаарч, хөрөнгө зарж илрүүлээгүйгээсс энэ талбар хаалттай байна. Аяндаа, том орд олдчихвол хөрөнгө оруулагчид салахгүй. Одоогоор бид “Манай улсад хайгуул хийгээчээ” гэж урьж, залж байна.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин маш таагүй. Улс төрийн тогтворгүй байдал зэрэг олон зүйлээрээ олон улсад “гологдож” байна. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид гарч явсан.
-Хайгуулын ажлыг хийх хэрэгтэй, илрүүлэх хэрэгтэй гэж та их ярьдаг. Одоо ч ярьж байна. Хайгуулын ажлын дараагийн нүүдэл нь баяжмалын түвшинд хүргэх үү эсвэл аж үйлдвэрийн түвшинд хүрэх үү?
-Манайх ямар ч уурхайг олборлох бүрэн боломжтой. 100 жилийн настай уул уурхайн салбар шүү дээ. Бусад улсуудтай харьцуулахад харьцангуй залуухан. Баяжуулалтын технологи өдөр тутамд хөгжиж, шинэ технологиуд гарч ирж байна. Зарим нэг чиглэлийн боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад хөгжүүлэх талаар сайн судлах хэрэгтэй. Тухайлбал, газрын ховор элементийн боловсруулалт гэхэд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй. Бидний хамгийн ойрын жишээ. БНХАУ-ын Баян-Овоогийн түүх сургамж. Баян-Овоогийн орд газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийн нөөцийн талыг нь эзэлдэг ганцхан орд. БНХАУ газрын ховор элементээрээ дэлхийн зах зээлийн 87 хувийг хангаж байна. Хятад улс дангаараа боловсруулалт хийдэг. АНУ өөрсдийн нутгаас олборлосон баяжмалаа БНХАУ-д аваачижисэл болгоод буцаагаад авч явдаг. Энэ технологийг БНХАУ дангаараа “Ноу-хау”-г эзэмших хүртлээ явахад байгаль орчноо тодорхой хэмжээнд зольсон.
Монгол Улсын байгаль онгон дагшнаараа байгаа. Тиймээс зарим тохиолдолд жишээлбэл, ураныг шар нунтгаас цааш боловсруулахгүй байх, өнөөдрийн хувьд тэр бүсээс шар нунтаг чигээр нь экспортолдог байх нь зүйтэй. Газрын ховор элементээ ч гэсэн тодорхой түвшинд хүргээд шинжлэх ухаан техникийн хөгжлийг харах ёстой болов уу. Харин манай яамнаас одоо барьж байгаа бодлого бол газрын тос, төмөр, зэс зэргийг боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэр барьж, боловсруулах салбарыг хөгжүүлж байна. Тиймээс бид хайгуулаас олборлолт, олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж, түүхий эдээ түүхийгээрнь гаргахгүй байхад голлон анхаарч байна. Боловсруулалт руу шилжвэл олон хүн ажлын байртай болж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, дундаж давхарга тэлж, эдийн засаг сайжирч, импортын хамаарал багасна.
-Та түрүүн алтны шороон ордын талаар ярьж байсан. Ер нь манай улс Оюу толгой шиг алтны далд уурхайтай болох боломж бий юү?
-Байлгүй яах вэ. Бид 1000 метрийн гүнийг өрөмдөж Оюу толгойг илрүүлсэн бол, газрын тосны хайгуулд 2000 метр хүртэл өрөмдсөн. Бусад газар нь үзээгүй. Үзэх юм бол Монголд өчнөөн том гүний ордууд нээгдэнэ. Би үүнд бат итгэлтэй байна гэдгээ дахин хэлье. Яагаад гэвэл бид газрын хэвлийгээ маш бага судалсан. Иймд сайн судалж илрүүлэх л хэрэгтэй.
Бид зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болчихвол Монголд технологийн бүтээгдэхүүн гаргах боломжууд бий болно. Зэс нунтаг, зэс ялтас гэх мэт.
-Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт яригдаж байна уу. Ямар улсуудаас хандаж байна вэ?
-Хайгуулын ажил зогссоноос хойш гадны хөрөнгө оруулагчид маш багассан. Одоо ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтууд хайгуул руу биш, бий болчихсон ордууд, ашиглалтын лицензээ аваад уурхай болох гэж байгаа газруудад л хөрөнгө оруулалт хийж байна.
-Танай танхим өөрчлөгдөж, давхар дээлтэй сайд нар томилогдох нь тодорхой болж байх шиг байна. Таны хувьд сайд байх хугацаандаа хийе гэж төлөвлөсөн зүйлсээ хийж амжив уу?
-Бараг огцорчихлоо /инээв/. Мэдээж хэрэг санаж бодсон зүйлсээ бүрэн гүйцэт хийж амжсангүй. Би салбартаа ажиллаад 30 жил болсон учраас аль нь бүтэх, бүтэхгүйг мэднэ. Хийнэ гэж бодсон зүйлсийнхээ эхлэлийг тавьж чадсан. Ихэнхийнх нь ТЭЗҮ хийгдэж дууссан. Нүүрс баяжуулах үйлдвэр эхэллээ. Газрын тосны үйлдвэрийн ажил амжилттай үргэлжилж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр маш суурьтай зөв явж байгаа. Үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийг бариад эхэлсэн. Туршилтын үйлдвэр явж байна.
Эхлүүлнэ гэж ярьсан зүйлс бүгдээрээ эхлэлийн зөв чигээ олоод явж байна. Цаашид үргэлжлээд явчих боломжтой төслүүд бий. Дээрээс нь уул уурхайн салбарыг илүү хөгжүүлэхэд шаардлагатай хуулийн төслүүдийг боловсрууллаа. Манай яамны хамт олон баялагтаа эзэн Монгол, баялгийн засаглал гэдгийг иргэдэд ойлгомжтой болгож өгсөн гэж бодож байна. Газрын хэвлийд байгаа баялаг хэрхэн иргэний халаасанд орох вэ гэдгийг хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэх таван зарчмаар орно гэж үзсэн. Хуваарилалт нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар,борлуулалт нь Биржийн тухай хуулиар зохицуулагдана. Боловсруулалтыг хүнд үйлдвэрлэлийн тухай хуулиар зохицуулна. Манайд зөвхөн хайгуул, олборлолт тухай л ярьдаг байсан. Олборлосноо түүхийгээр нь гаргадаг байсан гэсэн үг. Үүнийг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг байлаа. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Намар үзэл баримтлалаа батлуулж,салбарын 100 жилийн ойгоос өмнө хуулийн төслөө өргөн барья гэж төлөвлөсөн.
Бид олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулах зайлшгүй шаардлагатай, түүнийгээ борлуулах явц нь иргэнд нээлттэй байх ёстой. Орж ирсэн орлогыг Үндэсний баялгийн санд хуваарилах ёстой. Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт хуваарилалтын сүүлийн гурван шат дамжлагыг гурван шинэ хуулиар зохицуулж байгаа. Ингэж байж байгалийн баялгийг ашиглах нь зөв юм байна. Миний халаасанд орж ирдэг юм байна, миний амьдралд өгөөж өгдөг юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж чадна.