Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын шийдвэрээ танилцуулсан. Ингэхдээ бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр гаргалаа. Бодлогын хүүгийн бууралт банкны салбар, зээлийн хүүд хэрхэн нөлөөлөх талаар Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Төгрөгийн зээл нэмэгдэж санхүүгийн системд эерэг нөлөө үзүүлнэ
-Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж 10 хувь болгосноор гарах хамгийн эхний үр дүн юу вэ?
-Б.Баярдаваа: Шийдвэр гаргах хамгийн том үндэслэл бол 2018, 2019 онд Төв банкны үндсэн зорилт болох инфляци зорилтот төвшинд хадгалагдана гэсэн төсөөлөл байлаа. Ийм хүлээлт байгаа учир эдийн засгийн секторыг тодорхой төвшинд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байна. Хамгийн эхний нөлөө бол банкны салбарын эх үүсвэрийн өртөг буурна. Үүнийг дагж банкны салбараас гарах зээлийн хүү буурна гэсэн үр дүнг хүлээж байна.
-Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар байхаар тусгасан байна. Энэ талаар дэлгэрүүлбэл...?
-Энэ удаагийн бодлогын шийдвэрийн онцлох нь бодлогын хүү төдийгүй заавал байлгах нөөцийн хувь хэмжээнд шийдвэр гарсан. Үүний агуулга нь Монголбанк 2016 оны төгсгөлөөс хойш эдийн засгийн долларжилтын төвшин дунд шатандаа бууруулна. Үүний үр дүнд эдийн засгийн секторын эрсдэл даах чадвар дээшилнэ. Мөнгөний бодлогын үр нөлөө сайжирна гэж үзсэн. Үүний хүрээнд гарсан анхны шийдвэр Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувь байхаар тусгасан. Арилжааны банкны доллараас илүү төгрөгийн эх үүсвэр татах хандлагыг урамшуулсан шийдвэр гарч байна. Төгрөг доллараас илүү таатай нөхцөлөөр хадгалах боломжийг арилжааны банканд бүрдэж байна. Төгрөг нэмэгдэж, долларын зээл буурснаар эдийн засагт төгрөгийн зээлийн хүртээмж нэмэгдэж санхүүгийн системд эрсдэл даах чадвар сайжирна. Үүний үр дүнд эдийн засаг гадаад зах зээлээс хамаарсан ханшийн шоконд өртөх эмзэг байдал бууруулна гэж ийм шийдвэр гаргаж байна.
-Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор инфляци өсч, зорилтод төвшнөөс давах магадлал өндөр харагдаж байна. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын хүүг бууруулах нь хэр зүйтэй вэ. Эрсдэлээ хэрхэн тооцсон бэ?
-Уг хувилбар зөвлөлийн хурал дээр яригдсан. Өнөөдөр Улаанбаатарт инфляци 8.1 хувь, улсын хэмжээнд 6.9 хувьтай байна. Бидний зорилтод төвшин 8 хувь. Тиймээс дунд хугацаанд зорилтот төвшиндөө хүрэх, тогтворжуулах зорилт бий. Улаанбаатар хотод инфляци 8.1 хувьтай байгаа хэдий ч үүнд нөлөөлөх нэг удаагийн хэд хэдэн хүчин зүйл бий, үүнийг харгалзан үзсэн. Хэрэглээний сагс өөрчлөгдсөн, бүтцийн шинж чанартай асуудал ч үүнд хамаатай. Зөвхөн нэг бараа бүтээгдэхүүн инфляцийн төвшний 1.1 хувийг дангаар тайлбарлаж байна. Улирлын шинж чанартай холбоотойгоор хатуу түлшний үнэ эхний хоёр сардаа буучихдаг байсан бол энэ жил буураагүй. Энэ нь нийт инфляцийн хоёр хувийг бүрдүүлж байна. Үүнийг хасаад тооцвол 6 болон 5.5 зэрэг үзүүлэлттэй. Тиймээс инфляци зорилтоос давах эрсдэл бага гэж хэлж болно.
МУИС-ийн багш, доктор, профессор Б.Эрдэнэбат: Гаднын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх нь төгрөгийн ханшийг чангаруулах сөрөг нөлөөтэй
-Б.Эрдэнэбат: ОУВС-гийн зээлийн хүрээнд Активын чанарын үнэлгээ банкнуудад хийсэн. Үр дүн эерэг гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татна. ОУ-ын санхүүгийн зэрэглэл тогтоох байгууллагаас Монгол Улсыг нэлээд эергээр дүгнэж байна. Энэ нь гадаадаас их хэмжээний эх үүсвэр орж ирж төгрөгийн ханшийг чангаруулах сөрөг нөлөөтэй байх магадлалтай. Үүнээс сэргийлэх үр дагавар нь зээлийн хүүгийн төвшинг бууруулах юм. Үүнтэй холбогдуулан бодлогын хүүг нэг нэгжээр бууруулсан гэж хэлж болно. Энэ нь долларжилтаас хамгаалах нэг арга хэлбэр юм.
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Дунд хугацаанд түүхий эдийн ханш өсөлттэй байна
-О.Эрдэмбилэг: Өнгөрсөн онд Монголбанк Засгийн газартай хамтарч богино хугацаат өр төлбөрийг нааштайгаар шийдсэн. Хөтөлбөр авсан гол шалтгаан нь төсвийн тогтвортой байдал. Төсвийн тогтвортой байдлыг ярихад өрийн тогтвортой байдал яригдана. Энэ төвшинд харьцангуй нааштай байгаа. Эдийн засгийн бүтцээрээ уул уурхайгаас хамаарал ихтэй байна. Дэлхийн эдийн засгийн ханшийг авч үзвэл дунд хугацаандаа гэгээтэй дүр зураг бий. Богино хугацааны хэлбэлзэл байна. Гэхдээ дунд хугацааны үзүүлэлт өссөн дүр зурагтай байгаа. Зэс болон алт дээр үнийн ханш эерэг, төмрийн хүдэр, нүүрс зэрэгт судлаачид БНХАУ-ын эдийн засагтай холбоотойгоор өөрчлөлт орох магадлалтай. Коксжих нүүрсний эрэлт БНХАУ-ын Гангын үйлдвэр барих, нүүрсний хэрэглээг бууруулахтай холбогдох буурах магадлалтай. Энэ бүхнийг харгалзан үзэж байж шийдвэр гаргасан.
Оны эцсээр гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар давсан бол нэгдүгээр сард бондын төлбөр төлсөнтэй холбогдон 2.9 орчим тэрбум доллар байгаа. 2016 онтой харьцуулахад цэвэр нөөц гурав дахин нэмэгдсэн.
-Бодлогын хүү буурснаар арилжааны банкнуудын зээлийн хүү хэд хүртэл хувиар буурах төсөөлөл бий вэ. Цаашид бас бодлогын хүү буурах боломж байгаа юу?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Ганбаатар: Бодлогын хүү нэг хувиар буурч байгаа учир банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалж хамгийн багадаа нэг хувиар буурна. Түүнээс ч илүү хувиар буурах боломжтой. Эдийн засгийн байдал энэ янзаараа өсөлттэй, төсвийн сахилга бат сайн хангагдах юм бол дахиад бууруулах бүрэн боломж байгаа.