EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед EQ хөгжил гэж их ярих боллоо. Тэгэхээр EQ гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-EQ гэдэг нь emotional quotient гэдэг үгний товчлол бөгөөд орчуулбал сэтгэл хөдлөлийн чадамж гэсэн утгатай. IQ буюу оюун ухааны чадамжийн талаар хүн бүр мэддэг. Орчин үед IQ-аас илүү EQ–г судалж, өөрсдийн EQ –г хөгжүүлэх гэж хичээдэг болсон. Учир нь орчин үеийн нийгэмд хүн хэр амжилттай байх вэ гэдэг нь хэр сайн EQ-тэй вэ гэдгээс ихээхэн шалтгаалж байна. EQ-г онцолж хөгжүүлж буйн гол зорилго нь бусадтай эрүүл, үр дүнтэй харилцаж, хамтран ажиллаж, амьдрахад сургах юм.
EQ нь дотроо дөрвөн чадвараас бүрддэг юм. Тухайлбал, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгох, ухамсарлах чадвар, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, илэрхийлэх чадвар, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох эмпати чадвар, бусадтай үр дүнтэй харилцах нийгмийн харилцааны чадвар гэсэн хэсгүүдээс бүрддэг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгоно гэдэг нь энгийнээр бол “би баярлаж байна, яагаад гэвэл ..., миний урам хугарч байна, яагаад гэвэл...” гэсэн загвараар ярьж чаддаг байхыг хэлнэ. Энэ бол хамгийн суурь ойлголт. Дараагаар нь уурласан, баярласан, урам хугарсан гээд олон ойлгосон мэдрэмжээ зохицуулах хэрэгтэй болно. EQ өндөртэй хүн сэтгэл хөдлөлөө өөрөө удирдаж зохицуулдаг бол EQ сул хүн сэтгэл хөдлөлдөө удирдагддаг, автдаг, асуудлыг улам хүндрүүлдэг. Өөрийгөө ойлгоод, зохицуулаад сурчихсан хүн бусдыг ойлгох, нөлөөлөхдөө сайн байдаг. Тэгэхээр бидний хэлдгээр “мэдрэмжтэй” хүн бол EQ өндөртэй хүн гээд ойлгочихож болно.
IQ-гаас илүү EQ өндөртэй хүн бүтээмжтэй, тогтвортой ажилладаг
-Тэгвэл EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжаа хэрхэн хөгжлүүлдэг юм бэ. Хэдэн нас хүртэл хөгжүүлэх боломжтой вэ. EQ хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйл байдаг уу?
-Маш чухал асуулт байна. IQ-гээс ялгаатай нь EQ-г зориуд хөгжүүлж болдог. Үүнийг хөгжүүлэхэд хүмүүсийн харилцаа чухал байдаг. Та эхэндээ хүнтэй сайн харилцаж чадахгүй байж болно. Хамаагүй үргэлжлүүлээд л байх хэрэгтэй. Маш олон янзын ялгаатай хүмүүстэй харилцаж үзсэн хүн, зөвхөн эхнэр, нөхөр, ээж аавтайгаа харилцдаг хүн хоёрын EQ их ялгаатай. Тэгэхээр EQ-г хөгжүүлэхэд нэгт, харилцааны туршлага чухал гэсэн үг. Хоёрт, зөвхөн өөрийгөө бодож сонирхох биш бусад хүмүүс юу боддог юм бол, найзад минь одоо юу хэрэгтэй байна гээд бусдын талаар бодож сонирхох нь сэтгэл хөдлөлийн чадамжийг хөгжүүлдэг. Бусдыг сонирхож эхлэх үед өмнө нь огт анзаардаггүй байсан өөрийнхөө зан чанаруудаа хүртэл анзаарч эхэлнэ. Өдөрт нэг хүн сонгож ажигладаг дасгал хийж болох юм. Тэр хүнийг ажиглаад бодож, мэдэрч байгаа зүйлсийг нь таахыг хичээнэ гэсэн үг. Туршаад үзээрэй. Гуравт, хүнтэй харилцаж ярих нь чухал ч юу яриад байна гэдэг нь хамгийн чухал. Яриандаа өөртөө юу мэдрэгдээд байгаагаа яг тодорхой хэлж сураарай. Үгийн сангаа баяжуул. “Аягүй муухай санагдсан, гоё санагдсан” гэж ярихаа боль. Сэтгэл зүйчид хүмүүсээс “тэр үед та юу мэдэрсэн бэ” гэж их асуудаг. Үүнд хэрхэн хариулж байгаагаас нь тухайн хүн ажил, гэр бүлийн карьертаа хэр амжилттай байх вэ, хүүхдийн хувьд бол аав ээж нь тухайн хүүхдэд хэр цаг гаргадаг гээд олон асуултанд хариулт авдаг. Тэгэхээр товчхондоо, хүмүүстэй харилцаатай хэвээрээ бай, бусдыг сонирх, сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх үгийн сангаа баяжуул, тэгвэл таны EQ өдөр өдрөөр өснө.
-Ер нь EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжаа хөгжүүлэх нь ямар давуу талтай байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
- EQ –г хөгжүүлэх нь маш олон давуу талтай. Та хэр амжилттай хүн байх вэ гэдгийг шийднэ гэсэн үг. Гэр бүлийн харилцаанаас авахуулаад ажил, карьерын хөгжил хүртэл. Тухайлбал, таныг ажилд авах уу, үгүй юу гэдгээ танаас ярилцлага авч байгаа хүний нөөцийн ажилтан EQ-г тань хэмжээд шийдчихэж болдог. Учир нь IQ өндөртэй хүнээс илүү EQ өндөртэй хүн орчин үеийн ажлын байруудад тохирч байгаа буюу илүү бүтээмжтэй, тогтвортой ажилладаг юм байна. Хүнтэй ярилцах үедээ илүү их инээмсэглэдэг хүн EQ өндөртэй байх хандлагатай гэсэн судалгаа байдаг. Таныг ажилд орох ярилцлагын үед хэдэн удаа инээж байгааг хүртэл хүний нөөцийнхөн тоолоод сууж байдаг гэсэн үг. Ер нь EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж таны амьдралын чанарт шууд нөлөөлнө. Тэгэхээр үүнд ач холбогдол өгч хөгжүүлэх хэрэгтэй.
-Хүүхдийнхээ EQ-г хөгжүүлэхэд эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой, мөн EQ хөгжлийг нь хэрхэн дэмжих вэ?
-EQ өндөртэй хүний хамгийн тод шинж тэмдэг нь бусдад анхаарал тавих, халамжлах нь байдаг. Энэ чадварыг хүүхдүүддээ багаас нь суулгаж чадвал ирээдүйг нь баталгаатай болгож буй хэрэг юм. Хүүхдийнхээ EQ-г хөгжүүлэх олон арга байна. Тухайлбал, амьтан тэжээх, цэцэг ногоо тарих гэх мэт амьд зүйлстэй харилцах, асрах боломж бүрдүүлж өгч болно. Мөн ээж, аавууд хүүхэдтэйгээ ярьж буй ярианыхаа агуулга, үгийн санд анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ “хичээлээ хийсэн үү, гэрээ цэвэрлэсэн үү” гэдгээс өөр сэдвээр ярих нь бага байна. Эсвэл хүүхдэдээ тушаал өгөөд л дуусгачихдаг нэг тийм дарга, ажилтан шиг харилцаатай. Хүүхдийнхээ юу бодож, мэдэрч байгааг асуугаад, түүнтэй ярихдаа баялаг үгийн сан хэрэглэхгүй бол хүүхэд үгийн баялгийн чадварыг сургууль дээрээ сурах нөхцөл байхгүй байна. Сүүлийн үед зарим сэтгэл зүйн төвүүд EQ хөгжүүлэх хичээл заадаг болсон. Тэдгээрийг сонирхож болох юм.
-Хүүхдээ хайр халамжаар өсгөх эсвэл хатуу шаардлага тавьж, хүмүүжүүлэх нь хүүхдийн EQ-д хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хайр халамж, шаардлага хоёулаа байгаа үед хамгийн зөв хүмүүжлийн хэлбэр гэж үздэг. EQ-д нөлөөлөхийн хувьд хайр халамж мэдээж илүү эерэгээр нөлөөлнө. Хүүхэддээ хатуу шаардлага тавьж захиргааддаг буюу дээр хэлсэн дарга, ажилтны харилцаатай гэр бүлд хүүхэд хэзээ ч юу тохиолдож байгаагаа ярьдаггүй. Тэгэхээр юу мэдрэгдэж байгаагаа ярина гэж бүр байхгүй. Ярьж, харилцаа үүсэхгүй бол EQ хөгждөггүй.
-Ярьж, харилцаа үүсэхгүй бол EQ хөгждөггүй гэлээ. Ямар тохиолдолд EQ хөгжлийн чадвар сулардаг юм бэ?
-Ихэнхдээ ганцаараа гэртээ байдаг хүүхдүүд эсвэл хүчирхийлэл, айдас дунд байдаг хүүхдүүдийн EQ мэдэгдэхүйц сул байдаг юм. Насанд хүрэгчдийн хувьд мөн адил байдаг. Мөн зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө шүтдэг нарсисист шинжтэй үед EQ сул байна.
-Хүмүүс хоорондоо харилцах явцад хэн нэгнээс янз бүрийн мэдрэмж авдаг шүү дээ. Ер нь таатай, таагүй мэдрэмжээ илэрхийлэхгүй байх нь ямар уршигийг дагуулдаг юм бэ. Ялангуяа таагүй мэдрэмж хуримтлагдсаар юунд хүрч болох вэ?
-Таагүй мэдрэмж хуримтлагдвал мэдээж хоёр хүн хоорондоо нийцэж чадахгүй болно. Амьдрал, ажил дээр. Үүнээс үүдэх эдийн засгийн зардал маш өндөр. Бүр цаашлаад хүчирхийлэл үүсч болно. Ер нь үгээрээ өөрийгөө илэрхийлдэггүй хүн юм цохих, хазах гэх мэтээр биеийн хүчээр илэрхийлэх гээд байдаг. Мэдрэмжээ үгээрээ илэрхийлнэ гэдэг нь эрүүл сэтгэл зүйтэй хүний шинж. Зөвхөн уурлаж гомдохоо илэрхийлэх биш баярлаж, догдолж байгаагаа ч илэрхийлэх юм. Манай уламжлалт соёлд мэдрэмж гэдэг ойлголт бараг л байхгүй. Гэхдээ орчин үеийн нийгмийн шаардлагаар мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд суралцаж байна. Та сүүлийн долоо хоног хэдэн хүнтэй чанартай ярилцлага, харилцаа үүсгэсэн бэ. Тантай ярилцсан хүмүүс хэр сэтгэл ханамжтай байна. Та сүүлийн үед ямар мэдрэмжтэй байна. Юунаас болсон юм бол гэх мэт асуултыг тунгааж, өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжинд нэг анхаарал тавиад үзээрэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.