УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. Тэрээр нэр бүхий гишүүдтэй хамтран Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад байгаа юм.
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар гол асуудлуудыг тусгасан бэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, төрөөс тодорхой хэмжээгээр дэд бүтцийн асуудлыг шийдэн үйлдвэрлэл эрхлэх, түүхий эдэд нэмүү өртөг шингээн боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, үйлдвэр барих барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг аж ахуй нэгжийн албан татвар болон хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт багтдаг. Өөрөөр хэлбэл, төр дэд бүтцээр хангахаас гадна ажлын байр бий болно, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг утгаараа тодорхой татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг юм.
Өргөн барьсан хуулийн хүрээнд хэд хэдэн газар үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар ярилцаж байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах паркуудыг Эрдэнэт хотыг түшиглэн байгуулна. Зэсийн баяжмалаа боловсруулж цэвэр зэс гарган авч, эцсийн бүтээгдэхүүн хийдэг болно. Сайншандад нүүрс, химийн аж үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна. Тавантолгойгоос коксжих нүүрсээ авчраад, Дархан, Сэлэнгээс төмрийн хүдрээ авчраад ширэм хайлуулах, цаашлаад ган үйлдвэрлэх, түүхий нүүрсээ коксжсон нүүрс болгох парк байгуулъя гэж яригдаж байна.
Мөн Өмнөговь аймгийн Тавантолгойн орд газрыг түшиглээд цахилгаан станц, нүүрс химийн цогцолбор барьж байгуулах зэрэг асуудал багтаж байгаа. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд Дарханы аж үйлдвэрлэлийн паркийг байгуулъя гэж эхний ээлжид ярилцаж байгаа. Энд малын гаралтай 10 сая түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулна. Ийм паркийг мөн баруун бүсэд Ховдод байгуулж, баруун бүсийн малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэргээр ажиллаж байна.
Үүнээс гадна Улаанбаатар хотод паркуудыг байгуулна. Хотын түгжрэл, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Зуун айлын барилгын материалын худалдаа эрхэлдэг хүмүүсийг хотоос гаргаж, Налайхад үйлдвэрлэл технологийн парк байгуулна. Мөн хотын агаар орчин, хөрсийг бохирдуулж, сөргөөр нөлөөлдөг малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуур боловсруулдаг үйлдвэрүүдийг Эмээлт рүү гаргана. Энэ нь хотын түгжрэлийг бууруулж, хотын агаар орчны бохирдолд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ.
Засгийн газар үйлдвэрлэл, технологийн паркийг хаана байгуулбал эдийн засагт үр өгөөжтэй байх вэ гэдгийг тогтооно. Иргэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэл, технологийн парк байгуулъя гэдэг хүсэлтээ гаргана. Тэр хүсэлтийг Засгийн газар судлаад хаана байгуулбал оновчтой байхыг тогтооно гэсэн үг юм.
-Хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага нь юу вэ?
-Монгол Улс үйлдвэрлэгч орон бус түүхий эд бэлтгэн нийлүүлэгч улс болсон байна. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал түүхийгээр нь гаргаж байна. Нөгөө талд ноос ноолуур, арьс шир бас түүхийгээр гардаг. Яс тос нь хаягддаг. Сэргээгдэх баялаг болох малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ түүхийгээр, сэргээгдэхгүй баялаг болох уул уурхайн бүтээгдэхүүнээ бас л түүхийгээр гаргаж байна. Дээрх дурдсан үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулагдсанаар энэ бүгдийг түүхийгээр нь гаргадаг бус эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болно. Бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч улс болох эхлэл тавигдана. Үүнийг дагаад олон мянган ажлын байр бий болж, олон үйлдвэр байгуулагдан түүхий эд нь үнэ цэнтэй болно.
Нэг жишээ дурдахад, бид нэг тонн төмрийн хүдрээ 100 доллараар, нэг тонн нүүрсээ 100 доллараар урагшаа зардаг. Буцаагаад арматураа 1000 мянган доллараар авдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, нүүрсээ 200 долларт зарчихаад оронд нь 1000 долларын арматур авч байгаа юм. Хэрвээ аж үйлдвэрлэлийн парк байгуулагдчих юм бол 200 доллараар зарах зүйлээ 1000 доллараар зардаг болно.
-Паркуудыг байгуулснаар эдийн засагт хэр нөлөөтэй байх вэ, судалгаа бий юу?
-Зөвхөн Эрдэнэтэд байгуулах паркийн судалгааг хийж үзэхэд, 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр байгаа юм. Парк байгуулахад хэрэгтэй барилгын материал, тоног төхөөрөмж оруулж ирэх татварын мөнгө угаасаа л төсөвт орохгүй байгаа. Үүнийг нь хөнгөлөөд паркийг амжилттай байгуулбал жил бүр улсын төсөвт 500 тэрбумын орлого оруулдаг болно. Бид юу ч хийхгүй байгаад байвал улсын төсвийн орлого одоо байгаа хэвэндээ л байна. Нэг удаа төрөөс дэмжвэл ганцхан паркаас төсвийн орлогыг нэмэх боломжтой.
Дээр нэр дурдсан томоохон паркуудыг байгуулбал 10 их наяд төгрөг олох бололцоотой. Цаашид үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр улсын төсөвт хоёр их наядын татвар төвлөрүүлэх боломжтой юм. Хоёр их наяд төгрөг бол бүх ахмадын тэтгэврийг өгөх, хүүхдийн мөнгийг өгөхтэй тэнцэх хэмжээний мөнгө.
Паркад үйл ажиллагаа эрхлэе гэсэн ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авах татварыг эхний таван жил бүрэн, 6-10 дахь жилд нь 50 хувь хөнгөлнө. Иймэрхүү байдлаар үйлдвэрүүд бий болвол Монгол Улс импортлогчоос үйлдвэрлэгч улс болж, аж үйлдвэрлэлийн хувьсгал гарна. Харин паркад үйл ажиллагаа явуулах ААН-үүд өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх зарчим баримтлах хэрэгтэй.