Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Хүчирхийллийн эсрэг УИХ-ын 11 эмэгтэй гишүүн нэгджээ

Хүчирхийллийн эсрэг УИХ-ын 11 эмэгтэй гишүүн нэгджээ
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, М.Билэгт, А.Ундраа, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Оюундарь нарын эмэгтэй гишүүн хэвлэлийн бага хуралд оролцлоо.  Тус бүлгийн эмэгтэй гишүүд өнөө өглөө бүлгийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэлд анхаарч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар нь шалгуулах нь зүйтэй гэсэн саналыг дахин илэрхийлсэн байна. Мөн өнгөрсөн баасан гаригт хэлэлцсэн УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих эрхтэй бөгөөд эмэгтэй гишүүд уг асуудалд хориг тавиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ гэдгээ бүлэгтээ мэдэгдсэн байна. УИХ дахь эмэгтэй гишүүд УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудалд улс төрийн өс хонзон санах сэдэв болгох биш, асуудалд бодитой хандах хэрэгтэй  гэдгийг сануулж мэдээлэл хийж байгаагаа гэдгээ онцолсон. Ингээд тэдний байр суурийг товчхон хүргэе.
-УИХ-ын гишүүүн Д.Оюунхорол: Монголын төр айлын эрх хүүхдүүдийн тоглодог газар биш. Хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг Монголын парламент дэмжсэн шийдвэр гаргасан нь ард түмнийг доромжилсноос өөрцгүй гэж үзэж байна. Үүнийг МАН, АН-аас сонгодсон эмэгтэй гишүүд олонхиороо эсэргүүцсэн. Монголын төр шударга ёсны төлөө шийдвэртэй тэмцэх ёстой. Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг болон хууль бус аливаа үйлдэлтэй эмэгтэй гишүүд тууштай тэмцэнэ.  -УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Үүнд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал чухал байр суурь эзэлж байгаа. Зарим орон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог 2030 он гэхэд 50/50 болгоно гэж ярьж байгаа. Өнөөдөр 76 гишүүнтэй парламентад 13 эмэгтэй гишүүн 17.6 хувийг эзэлж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг асуудлыг бид ярьсан. Гэхдээ эмэгтэй гишүүд хэтэрхий цөөдөж байгааг мэдэрсэн. Гэсэн хэдий ч олон мянган эмэгтэйчүүд биднийг дэмжиж байгаа учраас тэдний дуу хоолой болж ажиллана.  -УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Хүчирхийллийн эсрэг цаашдаа дуу хоолойгоо хүргэсээр байх болно. УИХ гишүүн, төрийн албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйтэй, хариуцлагатай, нэр цэвэр байх ёстой. Тиймээс эмэгтэй гишүүд бид цаашдаа ч шударга ёс, үнэний төлөө ажиллана.  -УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хүний олноор асуудал шийддэггүй гэдгийн жишээ энэ боллоо. Анхнаасаа хүчирхийллийн эсрэг байр сууриндаа баттай зогссон 11 эмэгтэй гишүүндээ талархаж байна. Аливаа улс төрийн, шударга ёсны төлөө явж байгаа тэмцэл ялдаг юм байна. Эмэгтэй гишүүдийн хийсэн тэмцлийн үр дүнгээр УИХ-ын гишүүн Д.Гантулга сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. -УИХ-ын гишүүн М.Билэгт: Хууль бус үйлдлийг парламентаараа хамгаалж үлдэх гэж оролдох нь ёс зүйгүй үйлдэл. УИХ-ын чуулганы санал хураалтаас харахад парламентын гишүүдийн олонхи нь шүүх, прокурорт итгэхгүй, хэлмэгдүүлэхвий гэсэн болгоомжлолтой байна. Хэрэв парламент нь өөрөө прокурор, шүүхэд итгэхгүй бол жирийн ард түмэн яаж итгэх юм бэ.
-УИХ-ын гишүүн А.Ундраа: Цахим ертөнцөөр явж байгаа зарим мэдээллээр УИХ-ын чуулган дээр санал өгсөн байдлыг нууцаар санал өгсөн тогтоолыг албажуулж, өгсөн саналыг нь дэмжсэн, дэмжээгүй юм шиг иргэдийг төөрөлдүүлж байна. Ардчилсан системээр бүгд нууцаар санал хурааж, дүнгээ гаргасан тохиолдолд гаргасан шийдвэрээ баталгаажуулж байгаа явдал юм.  -УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудал дээр охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалж, тэдний талд баттай зогсч байсан. Энэ байр сууриндаа цаашдаа ч баттай зогсоно.
Дашрамд дурдахад УИХ-ын дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг Д.Оюунхорол гишүүн даргалдаг юм. Хүчирхийллийн эсрэг асуудалд УИХ-ын  11 эмэгтэй гишүүн нэгдсэн бөгөөд АН-ын З.Нарантуяа гишүүн нэгдсэн гэдгийг тодотгосон. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэхдээ, "УИХ-ын 11 эмэгтэй гишүүн энэ асуудалд анхнаасаа дуу хоолойгоо нэгтгэж, зарчимдаа үнэнч байсан. Нууц санал хураалтын үеэр ч зарчимдаа үнэнч байсанд талархал илэрхийлмээр байна. Зарим эмэгтэй гишүүн наанаа өөр зүйл яриад цаанаа саналаа өөрчилсөн зүйл ч байгаа" гэсэн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн