Open iToim app
Спорт | 2 мин уншина

Тэд Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахыг хориглосныг эсэргүүцэв

Тэд Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахыг хориглосныг эсэргүүцэв
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 3
Испанийн газрын теннисний домогт тамирчин Рафаэль Надаль Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаануудад оролцуулахыг хориглох нь шударга бус. Спорт улс төрөөс ангид байх ёстой гэж мэдэгдлээ.
Их Британийн Газрын теннисний холбоо ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний хариуд ирэх зургадугаар сарын 27-нд эхлэх Уимблдоны аварга шалгаруулах тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахыг хориглох шийдвэр гаргасан. Уимблдоны аварга шалгаруулах тэмцээн нь газрын теннисний хамгийн эртний, нэр хүндтэй, өндөр шагналын сантай тэмцээн юм.
Тэгвэл Рафаэль Надаль даваа гаригт Мадридын нээлттэй тэмцээний хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Энэ бол Оросын тамирчид болон газрын теннисний мастеруудын хувьд маш шударга бус шийдвэр. ОХУ-ын эрх баригчид Украинд дайн эхлүүлсэн нь тамирчид болон спортын зүтгэлтнүүдийн буруу биш. Мэдээж Засгийн газрууд ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг нь дагахаас өөр аргагүй. Гэхдээ спорт улс төрөөс ангид байх ёстой” гэжээ.
Харин Их Британийн газрын теннисний супер од Энди Мюррей энэ асуудлаар “Би Орос, Беларусь болон Украины газрын теннисний нөхөдтэйгөө энэ асуудлаар ярилцсан. Улс төрийн шалтгаанаас болж тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглох нь шударга бус” гэх байр суурь илэрхийлсэн байна.
Мэргэжлийн газрын теннисний дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович мөн тамирчдыг улс төрийн шалтгаанаар тэмцээн уралдаанд оролцуулахыг хориглож байгаа нь шударга бус гэсэн юм. Тэрээр “Бухимдал байгааг би ойлгож байна. Гэхдээ Мэргэжлийн теннисний холбоо бүх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ямар шийдвэр гаргаж байгаагаа ойлгох ёстой. Миний хувьд тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглож, спортыг улс төртэй хутгаж байгаа явдлын эсрэг байр суурь дээрээ зогссон хэвээр байх болно. Энэ бол шударга бус” гэсэн байна.
ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний хариуд барууны орнууд Москвагийн эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авсан. Гэвч барууны орнуудад Оросын соёл, урлаг, спортын зүтгэлтнүүдийг хориглох, улсаасаа хөөх, ажлаас нь халах зэрэг арга хэмжээ авч зарим тохиолдолд хэт туйлшрах хандлага ажиглагдах болсон.
Тухайлбал, барууны нэг бус оронд Оросын эсрэг үзэл хэт туйлширч Петр Чайковский, Дмитрий Шостакович, Александр Пушкин, Фёдор Достоевский нарын дэлхийн уран зохиол, сонгодог хөгжим, оюун санааны оргил болсон бүтээлүүдийг хориглох болсон. Мөн өнгөрсөн гуравдугаар сард, Германы Мюнхений филармоны ерөнхий удирдаач асан Валерий Гергиевийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжигч, Украины дайныг эсэргүүцэж, Кремлийн эрх баригчдын эсрэг мэдэгдэл хийхээс татгалзсан гэх шалтгаанаар ажлаас нь халсан.
Хамгийн сүүлд, “UEFA” буюу Европын хөлбөмбөгийн холбоо даваа гаригт ОХУ-ын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийг ирэх долдугаар сард эхлэх ЕАШТ-ээс хасах шийдвэр гаргасан. Мөн ОХУ-ын хөлбөмбөгийн клубуудыг ирэх улирлын Аваргуудын лиг, Европа лиг болон Европын конфренц лигийн тэмцээнд оролцуулахыг хориглосон. Үүнээс өмнө, “UEFA” ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Аваргуудын лигийн финалыг цуцалж, шигшээ тоглолт зохион байгуулах эрхийг Парис хотод шилжүүлээд байв.
Эх сурвалж: Reuters, France24
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн