Монгол Улс сагсан бөмбөгийн “3x3” төрлөөр олон улсын тавцанд маш амжилттай өрсөлдөж байна. Өнгөрсөн удаагийн "Токио 2020" олимпод ч үүнийгээ хангалттай баталж эмэгтэй баг, тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн.
Бид энэ удаа Монголын 3x3-ын эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхамтай ярилцлаа. Тэрээр багаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд нэлээд хожуу сагсны спортод хөл тавьжээ. Гэсэн ч түүний хүсэл, зорилго, хөдөлмөрч байдал нь шигшээ багт багтах суурийг тавьж, өнөөдрийн амжилт руу хөтөлжээ.
-Ам бүл хэдүүлээ вэ. Багадаа ямар зан ааштай хүүхэд байсан?
-Ам бүл тавуулаа. Айлын том хүүхэд. Сурлагын хувьд онц ч биш бас муу ч сурдаггүй, "алтан дундаж" л хүүхэд байлаа. Дүнгээ бол гайгүй гаргачихна. Ангидаа нэлээд нээлттэй хүүхэд байсан. Арван жилээ төгсөөд аав, ээжийн зөвлөгөөг даган ШУТИС-д орж Барилгын сургуулийн авто замын инженер мэргэжил эзэмшсэн. Мөн тухайн үед Тайвань улсын их сургуультай сагсан бөмбөгийн хамтарсан хөтөлбөрт хамрагдан явж байлаа.
-Тэгвэл анх сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Миний хувьд сагсан бөмбөгийн спортоор нэлээд сүүлд хичээллэж эхэлсэн. Багадаа волейболд дуртай, сонирхон хичээллэдэг байсан. Гэвч нэг л сайн тоглож чаддаггүй байлаа. Тухайн үед сагсан бөмбөг хэтэрхий контакт ихтэй, эрэгтэйлэг санагддаг байсан учир айгаад хичээллэдэггүй байсан юм. Гэсэн ч сагсан бөмбөгийн тэмцээн болохоор сайн тоглоод, шилдэг нь болчихно. Бэлтгэл хийгээгүй, хичээгээгүй байхад сайн тоглож байгаа юм бол сагсан бөмбөгөөр илүү их хичээллээд явбал амжилтад хүрэх боломжтой юм байна гэж бодож эхэлсэн. Улмаар арван жилээ төгсөөд ШУТИС-д оюутан болоод хичээллэж эхэлснээс хойш дуртай болж, амьдралын минь нэг хэсэг болсон байна.
Хамгийн анх сагсан бөмбөгт дурлуулж, дуудуулж авчирсан хүн бол Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын хорооны газрын дарга С.Батсүрэн багш. Энэ хүн л анх намайг сагсан бөмбөгийн спортод хөл тавиулж, тэмцээн уралдаанд оролцуулдаг байсан. Үүний дараа ШУТИС-ийн М.Амаржаргал, Б.Ганзориг багш нарын удирдлага дор тууштай бэлтгэл, сургуулилт хийж, төгсөн төгстлөө оюутны лиг, улсын аварга зэрэг тэмцээнд оролцдог байлаа. Харин одоо бол С.Тулга багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Багаасаа өөр спортоор хичээллэсэн учир техникийн хувьд асуудалтай зүйлс анх их гарч байсан. Одоо ч гэсэн суралцан явж байна. Энэ тал дээр С.Тулга багш өдөр бүр тулж ажиллаж, зөвлөгөөг өгдөг. Анх сагс тоглож эхлэхэд төвийн байрлалд тоглодог байсан. Харин хичээллэж эхлээд төвд биш урд тоглох үүрэгтэй болсон. Иймд багш шидэлтийн техник, залалт, оролт зэрэг надад байгаагүй, бүрэн суугаагүй энэ болгоныг зааж, суурилуулж өгч байгаа.
-Анх сагсан бөмбөгөөр хичээллэж байхдаа олимпод оролцоно гэж зорьж, төсөөлж байсан уу. Энэ спортоор хожуу хичээллэж эхэлсэн шүү дээ?
-Үгүй. Олимп битгий хэл Азийн аварга, дэлхийн аваргад л оролцох мөрөөдөлтэй байсан. Монголчуудын хувьд “3x3” төрлөөр олимпод оролцоно гэдэг холын зорилго байсан. Гэхдээ бид чадсан. Олимпын эрхийг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд авсан. Тэр болтол хэн ч олимпод оролцоно итгээгүй, зүүдлээ ч үгүй. Ганц итгэж байсан хүн нь шигшээ багийн багш, дасгалжуулагч С.Тулга байсан юм. Ингээд шаргуу бэлтгэл, олон удаагийн тэмцээний үр дүнд оролцлоо, өрсөлдлөө. Миний хувьд олимпын эрхийг авсан тэр өдрөөс хойш багийн гараанд багтаж өрсөлдөхийг маш их хүссэн. Мөн маш их хөдөлмөрлөсөн. Тамирчин болсноос хойш хамгийн хэцүү, хүнд бэлтгэл бол олимпынх байлаа. Бид маш ачаалалтай, өндөр түвшний бэлтгэлийг өдөр бүр хийсэн. Бүтэн багаараа хоёр жилийн хугацаанд сайжрахын төлөө бүхнээ дайчилдаг байлаа. Өглөө, өдөр, орой гээд дунджаар 8-9 цагийн бэлтгэл хийнэ. Зөвхөн бүтэн сайн өдөр амрах хуваарьтай.
-Хичээллэж явахад хэцүү үе гардаг байсан байх. Энэ бүхнийг хэрхэн даван туулдаг вэ?
-Олимпын эрхийг авахаас өмнө 2019 онд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн хамт амжилттай оролцсон. Гэвч тэмцээний үеэр бэртэл авсан юм. Миний тамирчин болсон үеийн хамгийн шантарч, хэцүү байсан үе бол бэртэлтэй байх энэ үе юм. Тамирчин хүнд бэртэл гэмтэл гэдэг их том дайсан. Бэртэлтэй үед бол яг үнэндээ хэн ч биш болдог. Иймд сэтгэл зүйгээ хүчтэй байлган бэртэл гэмтлийг даван туулж, хурдан хугацаанд спортдоо эргэн тоглох боломжийг өөрөө өөртөө л үүсгэх хэрэгтэй байдаг. Миний хувьд олимп эхлэхээс өмнө бэлтгэлдээ эргэн ирж бүгдийг дахин тэгээс нь эхлүүлсэн. Нийт арван тамирчин байснаас үүний дөрөв нь л Токиог зорих байсан. Тиймээс 2019-2021 он хүртэлх энэ хоёр жилийн хугацаанд тасралтгүй, өдөр бүр бэлтгэлээ хийж байлаа. Улмаар статистик үзүүлэлт, дасгалжуулагч болон тамирчдын санал асуулгаар шилдэг дөрвөн тамирчны тоонд багтаж, олимпод оролцох боломжтой болсон юм.
Мөн ерөнхийдөө олимпын эрхийг зөвхөн эмэгтэй шигшээ багийн тамирчид аваагүй. Монгол Улсын маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн зүйл. Үүний үр дүнд нь бид тоглох боломжтой болсон юм. Олимп гэдэг утгаараа зохион байгуулалт өндөр түвшинд болж өнгөрсөн. Олимпын үеэр мэдээж их догдолж байлаа. Гэхдээ өөрийнхөө догдлолыг юу юугүй ил гаргаад гүйгээд байгаагүй. Мөн хажуугаар нь сандарсан. Сандарлаа ч ил гаргахгүйг хичээсэн. Аль болох багийнхантайгаа хамтарч ажиллаж багийн спорт гэдэг ийм байдаг юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн.
-3x3 сагсан бөмбөгийн төрөл манайд хөгжөөд удаагүй байгаа ч цаашдын ирээдүй нь их гэрэлтэй харагдаж байна. Таны хувьд?
-Тэгэлгүй яах вэ. Монголд сүүлийн жилүүдэд 3x3 сагсан бөмбөгийн төрөл үнэхээр хүчтэй хөгжиж байна. Бид ч олимпод оролцсоноороо доороос гарч ирж байгаа дүү нартаа сагсны бас нэг ийм - төрөл байдаг юм шүү, хичээгээд зөв явбал олимпын дэвжээнд ч гарч чадах боломжтой гэдгийг харуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Манай улсын сул тал нь үнэхээр нуруу нам. Гэхдээ энэ дутагдлыг бид тактик, систем зохион байгуулалтаарааа нөхөж чаддаг. Манай Монголын баг систем, зохион байгуулалтаараа бусад улс орныг тэргүүлэх болов уу гэж бодож байна.
Биднийг өмнө гуравхан сая хүнтэй жижиг орон гэхээс өөрөөр хэн ч мэддэггүй байсан. Харин олимпын дэвжээнд оролцсоноор АНУ-ын баг Монголын эмэгтэй багийн тоглолтыг үзэж, судлаад байж байна гэдэг өөрөө энэ төрөл манай улсад ямар их хөгжсөнийг харуулах байх. Одоогоор биднийг олон хүн дэмжин явж байна. Тодруулбал, бидний бэлтгэл сургуулилтыг хариуцдаг дасгалжуулагчийн баг хамт олондоо маш их баярлаж явдаг. Үүнээс гадна Г.Батцэнгэл захиралтай “Энержи Ресурс” компанийн хамт олон, Л.Мягмаржав захиралтай “MCS Coca Cola” компанийн хамт олон, Эмэгтэй мэргэжлийн багийг үүсгэн байгуулсан “UB Amazons” клубын захирал Л.Наранбаатар, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Б.Цогтцолмон болон сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг болох “MNBA”-ийн хамт олон зэрэг хүмүүстээ маш их баярлалаа. Энэ хүмүүсийн дэмжлэггүй бол бид энэ хүртэл явахгүй байсан юм шүү.
-Ямар тамирчин байхыг хүсэж, эрмэлзэж явдаг вэ?
-Цаг баримталж, бэлтгэлээ сайн хийхийг эрмэлздэг. Мөн тамирчин хүн манлайлагч, сайн зөвлөгч байж зөв үлгэр дуурайлал дүү нартаа үзүүлэх хэрэгтэй. Багийн спортыг сонгосноор би биш бид гэдэг уриан дор явах болдог. Миний баримталдаг зарчим бол миний юу хиймээр байх, юу хүсэх хамаагүй. Гол нь манай багийн тамирчид юу хүсэж байна, яаж тогломоор байгаа вэ гэдэг нь чухал. Өөрөөсөө гадна багийнхнаа ойлгох их чухал зүйл юм. Манай багийнханд энэ зан чанар сайн сууж өгсөн байдаг.
-Сагсан бөмбөгөөс хэр их кайф, аз жаргалыг мэдэрдэг вэ?
-Одоо ер нь бидний хувьд сагсан бөмбөг амьдрал л болчихоод байна. Ирээдүйд болон өнгөрсөнд ямар байсныг бол үгүйсгэхгүй. Гэхдээ одоо энэ оршин байгаа үедээ сагсан бөмбөгөөс л маш их кайф авч байгаа. Хэрвээ сагсан бөмбөг байхгүй бол би хэн ч байх байсан билээ. Иймд одоогийн байдлаар сагсан бөмбөг тоглох нь миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна.
-Зарим хүний шүүмжлэл хэр хүнд тусдаг вэ. Ялангуяа олимпын үеэр шүүмжилж байгаа хүмүүс ч багагүй байлаа?
-Биднийг анх хичээллэж эхлэн дэлхийн тэмцээнд явж байхад шүүмжилж байсан. Тухайн үед ч яах вэ тэгээд мэдээж стресстэж, больё гэх ч үе гарсан. Гэхдээ мэдээж болихгүй л дээ. Хэн нь ч мэдэхгүй хүн шүүмжиллээ гээд тэр нь надад нэг их хүчтэй нөлөөлөхгүй. Хүмүүсийн юу гэж хэлэх ер нь огтхон ч хамаагүй зөвхөн өөрөө л тууштай байх ёстой гэж боддог.
Олимпын үед бол асар их шүүмж ирсэн. Гэхдээ тэгээд л өнгөрсөн. Шүүмж хэлж байгаа хүмүүст би өөрийгөө сайн тамирчин болж байна шүү, хичээж байгаа шүү гэдгийг харуулахыг хүсдэггүй. Учир нь би зүгээр өөрөө өөртэйгөө л тэмцэж яваа хүн. Би өөрөө л зорилго тавьсан, өөрөө л түүнийхээ төлөө хүсэж, тэмүүлж бэлтгэлээ хийн явж байна. Миний зорилго л ийм болохоос хүмүүс юу гэж бодож байгаа эсэх талаар үүнд нэг их анхаарал хандуулдаггүй.
-Залуус болон өсвөр үеийнхэнд хандан юу гэж зөвлөх вэ?
-Сагсан бөмбөгийн 3x3 төрөл нь 5x5-ийг бодвол харьцангуй контакт их, темп өндөртэй байдаг. Иймд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тууштай хичээллээд явбал боломжгүй зүйл гэж үгүй. Манай тамирчид дунд энэ төрлөөр эрт болон хожуу хичээллэсэн хүн олон байна. Тэд бүгд адилхан хөдөлмөрлөж энд хүрсэн. Хойно эхэлсэн гэж өөрийгөө хэзээ ч голоогүй. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг хүн сонирхсон зүйлээ эрт орой ч бай хамаагүй олж түүгээрээ тууштай хичээллэж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй. Дуртай зүйлдээ, сонирхолдоо эзэн нь байж, хичээгээд үзээрэй гэж хэлмээр байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Олимпын дэвжээнд тоглоно гэдэг тамирчин болсны минь нэг зорилго тэмүүлэл байсан. Үнэхээр гайхамшигтай байсан. Энэ удаагийн олимп бидэнд суралцсан, хуримтлуулсан зүйлс ихтэй болж өнгөрлөө. Дараагийн зорилго бол Ази, дэлхийн аварга байгаа. Харин хэтийн зорилго бол Парисын олимпод оролцох юм. Үүний төлөө бид бэлтгэл сургуулилтаа маш сайн, өдөр бүр хийж явж байна. Эмэгтэй тамирчдын карьер удаан үргэлжилдэггүй. Иймээс залуу байгаа дээрээ, боломжтой байгаа дээрээ сагсан бөмбөгийн спортоор тултал нь хичээллэж, хөдөлмөрлөөд цаашдын карьераа олох зорилготой байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.