Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Иргэд: Үнийн өсөлт, зээлд дарлуулж хоногийн хоолоо арай ядан залгуулж байна

Иргэд: Үнийн өсөлт, зээлд дарлуулж хоногийн хоолоо арай ядан залгуулж байна
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 26
Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх бүрт иргэдийн гартаа атгадаг цалин нь багасч, өр зээл тавин хоног өдрийг давах болжээ. Иймд бид хүнсээ цуглуулж буй иргэдээс барааны үнэ хэрхэн өссөн болоод энэ нь тэдний амьдралд хэр хэмжээний дарамт болж буйг сурвалжиллаа
Иргэн 1: Юмны үнэ үнэтэй хэвээрээ л байна. Уг нь би төмсний үнэ буурсан байна гэх сургаар хүнсээ цуглуулах гэж ирсэн юм. Үнэ өсөх болохоороо огцом өсдөг. Гэвч буурах болохоороо жаахан л буурдаг. 2000-3000 төгрөгөөр огцом нэмэгдсэн төмсний үнэ гэхэд л 300 төгрөгөөр буцаад буух жишээтэй. Үнийн өсөлт арай хэтэрхий байна. Яаж амьдрахаа бүр гайхаад байна.
Тэтгэврийн зээл, цалингийн зээл гээд иргэд ер нь л зээлтэй байгаа шүү дээ. Юмны үнэ өсөөд хүнс ногоо авахад тун бэрх байсан ч идэхийн тулд л авлаа.
Иргэн 2: Би өндөр настай тэтгэвэрт байдаг. Гэр гуравдугаар хороололд. Харин би нойлын цаас авахаар Баянзүрх захад ирлээ. Энд хамгийн хямдхан буюу 400 төгрөгийн нойлын цаас байдаг юм. Үнэтэй 1000 төгрөгийн цаас авч хэрэглэж чаддаггүй. Энэ удаад нойлын цаасаа авахаар иртэл 100 төгрөгөөр нэмэгдэж 550 болжээ. Иймхэн үнийн өсөлт надад маш их мэдэгддэг байхад бусад айхтэр үнийн хөөрөгдөл яаж мэдрэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Ам бүл олонтой айл нэг кг махыг нэг өдөр л хэрэглэнэ. Тэгэхэд би сард дөрвөн кг мах авч идэж чаддаггүй. Өр зээл байхгүй ч тэтгэвэр 10 хоноод л дуусдаг. Юмны үнэ хямд байсан бол тэтгэврээрээ хангалттай амьдрах байх. Үлдсэн хоног өдөрт айлаас хоолны материал зээлэх байдлаар хоног өдрийг хоолтой давж байна. НӨАТ-ын буцаалтаар ганц, хоёр удаагийн хоолоо болгож байна.
Иргэн 3: Бензинийг дагаад юмны үнэ их өсөөд байна. Тээвэр хийдэг машинууд дизелиэр явдаг учраас ингэдэг юм байлгүй. Уг нь 70 сая малтай байж махных нь үнэ яагаад ийм өндөр байдгийг гайхдаг. Дээд эрх мэдэлд сууж байгаа дарга нар биднээс ухаантай хүмүүс байдаг гэж боддог. Гэвч ард түмнээ ерөөс бодохгүй байна.
Миний хувьд банкинд зээлтэйгээс гадна хоёр аппликейшнд зээлтэй. Машины зээлтэй. Энэ их өрийг хажуугаар гэр бүлдээ мөнгө зарцуулахад хэцүү болсон. Зээл тавьсан газруудаас гээд л энд тэндээс  утасдаад л байдаг. Боломжтой үедээ л төлж байна даа.
Иргэн 4: 10000 төгрөгөөр өдрийн хоолоо болгодог байсан. Одоо өмнөхөөсөө талыг нь л авч байна. Хүнсээ цуглуулахдаа хоёр хүүхдэдээ ундаа, бичень аваад өгчихдөг байсан бол одоо ундааг нь авч өгөөд биченийг нь авч чадахгүй байна үнэндээ.
Иргэн 5: Хүүхдүүдийнхээ буянаар нь л амьдарч байна. Тэтгэврээрээ амьдралаа залгуулж яав ч сар амьдарч чадахгүй шүү дээ. Нэг кг махаар нэг өдрөө арай гэж залгуулж байна.
Иргэн 6: Юмны үнэ их өсжээ. Ялангуяа хүнсний ногооны үнэ 2-3 дахин өссөн байна.
Бид нийслэлийн Баянзүрх захаас хүнсээ цуглуулаад гарч ирж буй иргэдээс “Юмны үнийн өсөлт таны амьдралд дарамт болж байна уу, зээл бий юү?” гэж асуухад дээрх байдлаар хариулсан юм. Тэдний хэн нь ч амьдралд цалин мөнгө хүрэлцээтэй, боломжтой байна гэсэнгүй. Бүгд л амьдрахыг төлөө шүд зуун хүнсээ авч буй талаараа хөмсөг зангидаг ярив. Зарим нь 3-4 зээлийн үүсвэртэй, төлөх мөнгө байхгүй ч мөнгө олдсон даруйдаа барагдуулдаг тухайгаа ярьсан юм. Бидэнтэй таарсан цөөхөн хүнээс ч энэ мэт өрийн дарамт, өдөр хоногоо арай ядан залгуулах дүр зураг үзэгдсэн бол манай улс гадаад орчинд яг л нэгж иргэнтэйгээ адилхан нөхцөлд байгаа билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн