Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Ерөнхий сайд Тост тосон бумбын асуудлаар зарим сайд, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарт үүрэг өглөө

Ерөнхий сайд Тост тосон бумбын асуудлаар зарим сайд, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарт үүрэг өглөө
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 12
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост тосон бумбын асуудлаар ТЕГ, ЦЕГ дарга нар болон зарим сайдыг дуудан уулзаж, үүрэг даалгавар өгчээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим хүн, олигархууд төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг бүгд харсан. Тэд төрөөс юм гуйгаагүй, зөвхөн газар нутгаа хамгаалж үлдэх гэсэн ард түмний илэрхийлэл. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Анхнаасаа бүх зүйл хууль зөрчиж явагдсан гэж би ойлгож байгаа. Өмнө нь энэ асуудлаар хоёр, гурван удаа та бүхэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ асуудалтай нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нөхөрт ч хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчээд, ард түмнийг бухимдуулаад хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байлгүй.  Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Үүнийг анхаар ТЕГ, ЦЕГ-ын дарга нар аа. Гурван тэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн энэ уурхайг зогсоохоор явсны төлөө 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж иргэн хүн авлигалын асуудлыг улс орон даяар ярьж байна. Сумын удирдлагын асуудлыг ярьж байна. Улаанбаатар хотод уулзалтад оролцох гэж ирсэн 40 гаруй хүнийг авлигадах гэж оролдсон гэж хэлэлцүүлэгт орсон хүмүүс ярьж байна. Яагаад үүнийг та нар шалгахгүй байна вэ ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга аа. Хэрэг үүсгэж энэ асуудлыг яаралтай шалга. Нүдэн дээр чинь хууль зөрчиж, авлигын хэрэг явж байхад яагаад шалгахгүй байна вэ. “Сауд Гоби Коал Транс”-д өгсөн ашигт малтмалын лиценз, бичиг баримт чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоол шийдвэр гаргах байтал тэр хурал хуралдахгүйгээр бичгийг нь хуурамчаар бичиж, Байгаль орчны яамны руу явуулсан байна. Хууль бусаар ашигт малтмалын лиценз олгосныг олж харж, яагаад шалгахгүй байгаа юм бэ Байгал орчны сайд аа, Уул уурхайн сайд аа.
370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ. Би жилийн өмнө энэ асуудлаар үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа, үр дүн хаана байна вэ. Шударга ёсыг тогтоох ёстой сайд нар аа. Ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост тосон бумбын нурууг улсын тусгай хэрэгцээнд авах ёстой, Байгаль орчны сайд аа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаж, бүх лицензийг цуцал, ойлгосон уу. Би танд үүрэг өглөө шүү. Уурхай дээр байгаа бүх техник хэрэгслийг нь журамла, ЦЕГ-ын дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гэсэн асуудлыг тогтоож, хэрэг үүсгэ, ТЕГ-ын дарга аа. Хууль бусаар олборлолт хийсэн компаниар нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хэрвээ энэ үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Сайд нар огцор, холбогдох албан тушаалтнууд бүгд ажлаа өг.
Өвлийн тэсгэм хүйтэнд Төв талбайд 30 мянган хүн жагссаныг та бүхэн битгий мартаарай. Хүмүүс Монгол Улсад шударга ёсыг тогтоох гэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг хуулийн хүрээнд бид хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчсөн “Сауд Гоби Коал Транс"-ийн үйл ажиллагааг таслан зогсоо. Үүнээс гадна олборлолт хийхээр 3, 4 компани тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр лицензүүдийг бүгдийг нь цуцал. Тос тосон бумбыг нурууг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд ав. Энэ асуудлаар Монголын шүүх шударгаар ажиллана гэдэгт итгэж байна.
Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла, илүү газар битгий ашигла. Тавантолгой, Оюутолгойгоо ашигла. Энэ асуудлыг журамла Д.Сумъяабазар сайд аа. 
Эх орон чинь газар нутаг дээр тогтдог. Ард түмний амьдрах орчин бол газар нутаг. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдал, эко системийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм л үүрэг даалгавар өгье. Ажилдаа орцгоо нөхөд өө, явцгааж болно”гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн