Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой өнөөдөр /2020.12.29/-ний тохиож байна. Эл өдрийг тэмдэглэх учир шалтгаан хийгээд монгол хүн бүрийн мэдэж байх ёстой түүхэн цаг үеийн талаар ярилцсан ярилцлагыг дахин нийтлэв.
Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан монголчууд бид эл өдөр юуг ухаарч, сэрж байх ёстой тухай МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Чунтын Болдбаатартай ярилцлаа.
-Үндэсний эрх чөлөөний өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалыг тунхагласан өдөртэй андуурах тохиолдол гардаг. Үнэ цэнийг ойлговол эл өдөр монголчуудын хувьд сэрж, ухаарах түүхэн чухал өдөр. Гэтэл 11 дүгээр сарын 26-ны өдөртэй андуураад байдаг шалтгаан юу юм бэ?
-Засаглалын хоёр янзын хэлбэр байна. Өнөөдрийн манайд тогтнож буй засаглал бол сонгож байгуулдаг засаглал. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгодог, орон нутгийн сонгууль гэж хийдэг. Энэ засаглалыг нийтэд нь бүгд найрамдах засаглал гэж нэрлээд байгаа юм. Нөгөө нь угсаа залгамжилдаг буюу хаан ширээг хааны удмынхан залгамжилдгийг хаант засаглал гэдэг. Монголын төрт ёсны түүхийг үзвэл 1924 он хүртэл хаант засаглалтай явж иржээ. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталснаар сонгуульт засаглал буюу бүгд найрамдах засаглалыг сонгож авснаа тунхагласан. Монголчууд бид аливаа зүйлийг товчилж ярьдаг улс. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан гэдгийг өмнөх үгийг нь хасаад Улс тунхагласны баяр гэж ярьж хэвшиж. Улс тунхаглана гэдэг нь улсаа байгуулсан, тусгаар тогтносон өдөр болж харагддаг, тэгж хүлээж авдаг. Уг чанартаа 11 дүгээр сарын 26-нд засаглалын хэлбэрээ сольж, улмаар улсаа БНМАУ гэж нэрлэх болсон өдөр. Харин өнөөдөр буюу 12 дугаар сарын 29 бол “Монгол Улс тусгаар улс боллоо” гэдгээ, тусгаар тогтнолоо дэлхийд зарласан өдөр. Энэ хоёр өдрийн гол ялгаа нь энэ.
-Улс тунхагласны өдөр шинэ жилийн баярын өдрүүдтэй давхцаж, тухайн өдрийн үнэ цэнэ, түүхэн үйл хэргүүд мартагддаг тал бий. Эл өдөр монгол хүн юу санаж бодож, түүхийн талаас ямар гол баримтуудыг мэдэж байх ёстой юм бэ?
-Монголын тусгаар тогтнолын өдөр учраас нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой. Эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр бол монголчуудын хамгийн том баяр байх ёстой. Харамсалтай нь, христийн тооллын шинэ жилийн баяртай давхацдаг учраас үнэ цэнэ нь дарагддаг тал бий. Үүнээс шалтгаалж тухайн өдрийн учир явдлыг залуус бага ойлгож байна. 1990 оны дунд үеэс хэсэг залуус эл өдрийг тэмдэглэх ёстой гэдгийг хөндөж эхлэх үед телевизийн нэвтрүүлэгт оролцохоор явж байтал “шинэ жилийн баяр болох гэж байхад юу яриад байгаа юм бэ” гэж хүлээж авах хандлага гарч байсан. Харин өнөөдөр бид энэ түүхэн өдрөө тэмдэглэлт өдөр болгон хуульчилж баярлацгааж байна. Монголын тусгаар тогтнолын өдөр нь Монголчуудын хувьд хамгийн үнэ цэнэтэй баярын өдөр гэдгийг ойлгож эхэлж байна. Энэ бол сайшаалтай зүйл. Энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд гэгээнийг Монгол Улсын эзэн, хаан ширээнд залсан юм. Бидний хувьд Богд хааны ордон музейд очиж хаандаа хүндэтгэл үзүүлж, түүхэн өдрийг дурсаж ярилцдаг цаг үе байсан. Өнөөдөр нийтийн баяр болсон. Үүнийг бид л ийм болгосон гэж ярьж боломгүй. Түүхийг өмчилж болдоггүй юм.
-1911 оны үйл явцыг хувьсгал гэж үзэх үү. Үндэсний эрх чөлөөний өдөр гэж тодотгосон шалтгаан нь юу билээ?
-Монголын ойрхи үеийн түүхэнд гурван хувьсгал болсон гэж үздэг. 1911, 1921, 1990 оны хувьсгал. 1911 оны хувьсгалыг Үндэсний эрх чөлөөний хувьсгал гэдэг. Өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахын тулд Монгол үндэстэн нэгдэн нийлж улс гэрээ байгуулсан учраас үндэсний гэх тодотгол хэрэглэж байгаа юм. Харин хувьсгал гэдгийн тухайд 1960-1970-аад оны үед колонийн систем задарч Ази, Африкт олон улс шинээр бий болсон, тухайн үйл явцтай дүйцэхүйц үйл явдал тул ийн үздэг чиг хандлага бий. Харамсалтай нь 1911 оны хувьсгалаар нийгмийн шинэтгэл хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хамжлагат ёс, тэгш бус байдлыг халж чадаагүй. Тиймээс ч дараагийн гэх юм уу 1921 оны ардын хувьсгалаар хамжлагат ёсыг халснаар нийтээр эрх тэгш байх нөхцөл бүрдсэн. Энэ утгаараа 1921 оны хувьсгал бол ардчилсан хувьсгал. Үүнийг үгүйсгэх хандлага байгаа нь тун тоогүй. 1990 оны хувьсгалаар бид бусдаас хараат, дагуул улс байснаа халж, өөрөө өөрийнхөө асуудлыг бие даан шийдэх сонголтыг бий болгосон учраас түүхэн үйл явдал гэж хэлж болно.
-1911 оны энэ өдөр Монгол Улс Манж Чин улсын эрхшээлээс бүрэн гарсан гэж ярьдаг. Зарим түүхчид Манжийн эрхшээлээс гараад Хятадын харьяанд орсон гэж ярьдаг. Энэ тал дээр түүхэн ямар баримт байдаг юм бэ?
-Манж Чин улсын эрхшээлээс гарч туурга тусгаар улсаа тунхагласан түүхэн тэмдэглэлт өдөр бол өнөөдөр. Харин Чингийн эрхшээлээс бүрэн гарсан тухайд 1912 онд Ховдыг чөлөөлж, баруун хязгаар Монгол Улсад нэгдэн нийлсэн тэр үеэс эхэлж үзэх нь зүйтэй болов уу. Монгол орон Манж Чин улсад эзлэгдэхээс өмнө Өвөр Монгол, Ар Монгол, Зүүнгарын хаант улс гэсэн гурван хэсэгт хуваагдаж байсан. Энэ гурвыг манж нар эзлэн авахын тулд гурван өөр бодлого явуулсан байдаг. Тухайлбал, Өвөр Монголын ноёдыг эеэр татах буюу цол хэргэм шагнах, цалин пүнлүү олгох, ураг барилдах зэргээр өөртөө татсан бол Зүүнгар улсыг эзэлж авахын тулд хүн амыг нь хядаж, колонийн бодлого явуулсан байдаг. Харин Халх Монгол нь өөрсдөө Манжид дагаар орсон. Тиймээс Ар Монголд явуулсан Чингийн бодлого харьцангуй аядуу байсан гэж хэлж болохоор. Монголчууд өөрөө өөрсдийгөө захирч, харин улсын эзэн нь Манжийн эзэн хаан байсан. ХХ зууны эхэн үеэс Чин улс Хар тамхины дайнд ялагдаж, Европын орнуудад их хэмжээний төлбөр төлөх ёстой болж, тэрхүү өрөө төлбөрөө барагдуулахын тулд улс төрийн уламжлалт чиг бодлогоо өөрчилсөн байдаг. Энэ бодлогын хүрээнд Ар Монголыг хятадчилах буюу шинэ засгийн бодлогыг тулган хэрэгжүүлэх болсон. Төмөр зам тавих, уул уурхай ашиглах зэргээр монголчуудын уламжлалт аж төрөх хэвшилтэй зөрчилдөх үйл явц энэ үеэс эхэлсэн. Тиймээс монголчуудын дунд өөрийн улс гэрээ мандуулж, тусгаар тогтнолоо тунхаглах тухай үзэл санаа хүчтэй түгэж эхэлсэн.

-Монголын 1911 оны хувьсгалын үйл хэрэгт хэн, хэн зонхилон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм бэ?
-Туурга тусгаар улс гэрээ бадруулж, тусгаар тогтнолоо батлах ёстой гэх үзэл санаанд Өвөр Монголын сэхээтнүүд зохих үүрэг гүйцэтгэснийг хэлэх учиртай. Харин хувьсгалын удирдагч хэн байсан гэх асуудлаар түүхчид харилцан санал зөрүүтэй байдаг. Тухайлбал, Монгол Улсын төрийн шагналт түүхч О.Батсайхан Богд хаан гол үүрэгтэй байсан гэж үздэг бол Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатар багш Чин ван Ханддорж зонхилох үүрэгтэй байсан гэж үзэх жишээтэй. Гэхдээ эдгээр хүмүүсийн нийтлэг ашиг сонирхол нь улс гэрээ бадруулах ёстой юм байна гэдэгт нэгдэж чадсан нь хэргийн гол нь юм. Энэ үйл явцыг зангидаж байсан хүн хэн бэ гэвэл, маргаангүй Богд гэгээн байсан гэж би хувьдаа боддог. Энэ үйл хэргийг зохион байгуулж ялалтад хүргэх гол ажлыг Түшээт хан аймгийнхан нугалсан байдаг. Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, туслагч жанжин Ханддорж нар чухал үүрэг гүйцэтгэсэн нь баримтаас харагддаг. Сайн ноён, Засагт хан аймгийнхан, тэр дундаа Ховдын хязгаарынхан энэ үйл явцыг эхэн үедээ харзасхийж байсан нь сүүлийн үеийн судалгаагаар тодорч байна.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалд гар бие оролцсон хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг төр хийх ёстой. Харамсалтай нь, Богд хаандаа зориулсан хөшөө, дурсгалын цогцолбор байхгүй байна. Миний мэдэж байгаагаар Ханд ван, Чагдаржав нарын хөшөөг төрсөн нутагт нь босгосон. Энэ нь эдгээр хүмүүс хэн юм бэ гэдгийг ойлгуулахад залуу хойч үеийнхэнд чухал тустай. Хөшөөг бодож тунгааж, олноор хэлэлцүүлж байж босгох ёстой гэж би боддог. Түүнээс биш хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хөшөө босгох нь буруу. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж явсан Оросын дипломатч Иван Коростовецийн хөшөөг хуучин ДСНК-гийн өмнөх талбайд босгосон. Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол хүмүүсийн нэг Богд хааны хөшөө дурсгал байдаггүй. Тэгэхээр бид түүхэнд яаж хандах ёстой вэ, юугаа үнэт зүйл гэдгээ төрийн бодлогын төвшинд ярих цаг нь болсон. Хөшөө дурсгал гэдэг бол иргэд, залуус, хойч үед түүхэн ой санамжийг дамжуулах, ойлгуулахад чухал нөлөөтэй учраас бид сайтар бодох ёстой.
-1911 онд Монгол тусгаар улс болсноо зарлахад хоёр хөрш маань хэрхэн хүлээн авч байсан юм бэ?
-1691 онд Халх Монгол Манжид дагаар орсон. Гэтэл ХIХ зууны эцсээр эхлэн Чин улсын төр доргиж, 1912 онд мөхсөн. Ингэснээр 1691 онд Халх Монголын Манж Чин улстай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болсон. Нэгэнт гэрээ байгуулсан нэг тал нь байхгүй болчихож байгаа юм бол бид хуучин байдлаа хадгалах ёстой буюу тусгаар байдлаа сэргээх ёстой гэсэн логикийг Халхын язгууртнууд гаргаж тавьсан. Манж Чин гүрнийг залгамжилсан улс нь Ази дахь анхны бүгд найрамдах засаглалыг сонгож авсан Хятад буюу Дундад иргэн улс. Хятад улс 1912 онд Үндсэн хуулиа баталсан. Тэд Үндсэн хуульдаа Ар Монголыг өөрсдийнхөө нэг хэсэг гэж заасан. Өөрөөр хэлбэл, Чин улсыг бид залгамжилж байгаа учраас тус улсын бүрэлдэхүүнд байсан Гадаад Монгол буюу Халх Монгол нь Дундад иргэн улсын салшгүй нэг хэсэг байх ёстой гэж үзэж, энэ бодлогынхоо хүрээнд Монголыг өөртөө нэгтгэхийг оролдсон. Харин оросууд Алс Дорнод руу чиглэсэн нөлөөний хүрээгээ тэлэх бодлого явуулж байсан. 1905 оны Орос, Японы дайны дараа тус хоёр улс нөлөөний хүрээгээ хувааж авсан. Нөлөөний хүрээгээ хуваахад Халх Монгол бол Оросын нөлөөний бүсэд багтсан. Тэр нөлөөний бүсээ Манж нараар хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож байх үед Манж нь байхгүй болж, монголчууд тусгаар тогтнолоо зарласан. Манай улсыг тусгаар тогтнуулах нь алс хэтдээ Хятадтай сөргөлдөх олон сөрөг талтай байснаас Оросын тал Монголын тусгаар тогтнох эрмэлзлийг няцааж, “Халх Монгол бол тусгаар улс болох түүхийн хувьд бэлтгэгдээгүй юм” гэх зэргээр дүгнэж байсан байдаг. Оросууд юун түрүүнд Гадаад Монгол дахь өөрийн онцгой ашиг сонирхол гэгчээ Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон. Халх Монголыг тусгаар улс гэдгийг Хятад, Орос аль аль нь хүлээн зөвшөөрөөгүй. Нэг нь нөлөөний бүсээ Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн бодлого явуулсан бол нөгөө нь манай салшгүй нэг хэсэг үзэж, энэ хоёр бодлогын дунд Монголоо яаж бүрэн бүтэн авч үлдэх үү, яавал тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх үү гэдэг нь тухайн үеийн сэхээтнүүдийн толгойны өвчин болж байсан байдаг.
-Тэгэхээр Монгол Улс хоёр хөрш, бусад улсуудад тусгаар тогтнолоо ямар үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан юм бэ?
-Туурга тусгаар улс гэдгийг хэрхэн үзэх вэ гэдэг талаар хоёр үндсэн хандлага бий. Нэг нь конститутив буюу байгуулалтын онол. Энэ онолоор, аливаа улсын бүрэн эрхийг бусад улсууд хүлээн зөвшөөрсөн цагт сая тухайн улсыг олон улсын харилцааны этгээд, тусгаар тогтносон улс гэж тооцдог. Нөгөө декларатив талынхан нь улс байгуулагдсан гэдгээ тунхаглахад л хангалттай гэж үздэг. Мэдээж тодорхой шалгуур байна л даа, нэгд, байнгын хүн амтай байх, хоёрт, тухайлсан газар нутагтай байх ёстой гуравт, төрийн бүтэцтэй байх дөрөвт, бусад улсуудтай харилцах чадамжтай байх гэх мэт. Байгуулалтын онолоор авч үзвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг манай хоёр хөрш 1946 онд хүлээн зөвшөөрсөн. Харин тунхаглалын онолын талаас авч үзвэл, 1911 оны 12 дугаар сарын 29-нд бидний өвөг дээдэс улс гэрээ байгуулснаа тунхаглан зарласан. Онолын хувьд бидэнд газар нутаг байсан уу, байсан. байнгын хүн ам байсан уу, байсан. Төрийн бүтэц байсан уу, Богд хаан ширээнд суумагцаа таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан. Харин бусад улсуудтай харилцах чадамж хэр зэрэг байсан бэ гэдэг талаар нягтлууштай. Тухайн үед ганцхан улс л манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Түвд юм. Монгол Улсын хувьд гадаад улстай байгуулсан анхны гэрээ нь 1912 онд Оростой хийсэн хэлэлцээр. Оросын тал Монголын тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрөөгүй атлаа гэрээ байгуулах эрх бүхий эрхзүйн субъект гэж үзэж байсан нь бас сонин юм шүү.

-1911, 1921 оны хувьсгалын түүхийг сонсохоор тухайн үеийн удирдагчид түүхэн завшааныг ашигласан харагдаад байна л даа. 1911 оны хувьсгалаар манж нар байхгүй болж байгааг ашигласан байна. 1924 онд Богд хааныг нас барсныг ашиглаад Бүгд найрамдах засаглалыг тунхагласан гэж ярьдаг шүү дээ?
-Түүхэн цаг гэх ойлголт байна. Тухайлбал, Манжийн төр доргиж, мөхсөний дараа Дундад иргэн улс дотроо умард, өмнөд хэсэгт хуваагдсан. Хэн нь Хятадыг тэргүүлэх вэ гэдэг асуудал л даа. Энэ нь монголчуудад маш их боломжийг олгосон. Хятадууд 1912 оны 1 дүгээр сарын 1-нд улсаа тунхагласан. Харин манайх Хятадаас гурван хоногийн өмнө тусгаар тогтнолоо зарласан. Тэгэхээр энэ цаг үеийг бодож, төлөвлөж байна гэдэг нь тухайн үеийн Монголын сэхээтнүүд дэлхийн дахинд болж байсан үйл явдлын талаар маш сайн мэдээлэлтэй байсныг харуулж байгаа юм. Богд хааныг нас барсныг ашиглаад Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан асуудлыг ярьж байгаа бол Богд хаан үнэхээр нас барсан уу, эсвэл Богд хааныг хорлож алсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ бол тусдаа асуудал. 1921 оноос Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн. Тухайн үед хийгдэж байсан Үндсэн хуулийн төсөлд Богд хааныг төрийн нэг институц гэж бодож тооцож боловсруулсан байдаг. Тэгэхээр монголчууд тухайн нөхцөл байдалдаа зохицсон хандлагыг тусгахыг зорьж байсан хэрэг. Гэхдээ түүхэн нөхцөл байдал нь биднээс шалтгаалахгүйгээр өөрчлөгддөг. Түүнд бид хэрхэн дасан зохицох вэ гэдэг асуудал байгаа юм. Монгол цөөн хүн амтай, уудам нутагтай атлаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр улсын дунд өөрийнхөө туурга тусгаар улсыг авч үлдэж чадсан гэдэг нь манай өвгөдийн ухаан. Бид энэ ухаанаас нь суралцах ёстой. Үүний нууц юу юм бэ гэдгийг түүх судалдаг. Тиймээс түүхийн сургамж, үнэт зүйлсээс манай иргэд, залуус суралцах ёстой. Түүхийн үнэ цэнэ нь энэ шүү дээ.
-Түүх давтагдана, түүх эргэнэ гэж ярьдаг шүү дээ. Хувьсгалын түүхүүд Монголд дахин давтагдах уу?
-Түүх давтагдах биш л дээ. Түүхэн хөгжил бол ороомог шинжтэй байдаг гэж сургасан нь бий. Монголд хувьсгал гаргах тухай, хувьсгалт эргэлт хийх тухай ойлголт бол их ноцтой зүйл. Нийгмийг бүхэлд нь үгүйсгэж цоо шинээр дахин бий болгох тухай үзэл санаа. Энэ үзлийг К.Маркс бий болгож, В.Ленин хөгжүүлсэн. Коммунизм гээч зүйлийг бий болгох гэж үзээд 70 жил яваад, энэ бол болохгүй зүйл юм байна гээд түүхээр шалгагдлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, коммунизм түүхийн хог дээр хаягдлаа ш тээ. 1990 онд бид сонголтоо хийсэн. Гэтэл энэ сонголтоос ухарсан зүйлд иргэдийг уриалж тухирч болохгүй. Харин муу удирдагчаас салах эрх иргэдэд байгаа. Муу удирдагчаас салах сонголт бидэнд байгаа.
-Тусгаар тогтнолоо тунхагласны 109 жилийн гол ололтыг Та нэг өгүүлбэрээр илэрхийлбэл...?
-Та бол туурга тусгаар улсын иргэн гэж хэлнэ. Элэг бүтэн өссөн хүн өнчин хүний зовлонг ойлгодоггүй гэдэг. Бид өөрийн гэсэн төр, улсгүй монгол угсаатнууд хэрхэн яаж хавчигдаж байгааг нийтийн сүлжээнээс харж байна шүү дээ. Бэлчээр нутаг, соёл шүтээн, шашнаа яаж доромжлуулж байгааг харж байна. Гэтэл өнөөдөр бид өөрийн гэсэн төр улстай. Энэ чинь л 1911 оны хувьсгалын хамгийн гол үр дүн. Эрх чөлөөтэй байх, шашин соёлоо шүтэх, өмч хөрөнгөтэй байх, үгээ хэлэх эрхийг бидэнд өгсөн. Өнчин хүн элэг бүтэн хүнийг хараад атаархдаг шиг өвөрлөгч нар, буриад монголчууд биднийг тэгж л харж суугаа. Монголчуудын төрийн гал голомтыг авч үлдсэн явдал 1911 оны хувьсгалын гол үр дүн.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.