Сүүлийн үед иргэдийн дунд сэтгэцийн тулгамдсан асуудлууд болох стресс, нойргүйдэл, сэтгэл түгших зовуурь эрс нэмэгджээ. Энэ шинж тэмдгүүд нь нэг талаараа сэтгэцийн эмгэгт өртөж байгааг илэрхийлдэг байна. Энэ удаагийн ярилцлагаараа сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэгээ хэрхэн эмчлэх, өөрийгөө эрүүл байдлаар талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч Л.Жавхлантай ярилцлаа.
-Сэтгэцийн эмгэг гэж юу вэ. Ямар хүнийг сэтгэцийн эмгэггүй гэж тодорхойлдог вэ?
-Хүнийг сэтгэл зүйн хувьд гурав ангилдаг. Нэгд, сэтгэцийн хувьд эрүүл үүнд нийгэм болон өөртөө аюул учруулахааргүй, нийгэмд дасан зохицох чадвартай зэрэг зүйлсүүд нь сэтгэцийн хувьд эрүүл гэж тодорхойлж байдаг. Хоёрт, Сэтгэцийн тулгамдсан асуудал буюу завсрын эмгэгийн үе нь маш олон зүйлсээс хамаардаг. Сөрөг стресс, нойргүйтэл, сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй бие махбодийн зовиур шаналгаа, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг нь сэтгэцийн тулгамдсан асуудлууд болж өгдөг. Гуравт, сэтгэцийн эмгэгтэй гэж тодорхойлдог. Цоо эрүүл сэтгэхүй тодорхойлох нь харьцангуй ойлголт юм. Сэтгэцийн эмгэгтэй хүнийг тодорхойлхын тулд олон эмч мэргэжилтний нарийн шат дамжлагаар дамжиж, шинжилдэг. Сэтгэцийн өвчлөлд өртсөнөөрөө өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй буюу шийдвэр гаргах чадвар сулардаг. Хэт баярлах болон уурлаж бухимдсан үед хүний шийдвэр төдийлөн зөв байгаад байдаггүй. Тэгэхээр хүн хэт сэтгэл хөдлөлд автах нь хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлтөд орж байна гэж ойлгож болхоор байна.
-Сэтгэцийн эмгэг үүсэх гол шалтгаан нь юу вэ?
-Үүнд олон янзын шатлгаан хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Сэтгэцийн эмгэг үүсэх дийлэнх шалтгаан удамшилтай холбоотой байдаг бол сэтгэцийн тулгамдсан асуудал бол буруу зан үйл, дадал зуршилтай холбоотой байдаг. Стрессийг оношлох хамгийн энгийн шинж тэмдэг нь нойргүйдэл. Хүүхэд, өсвөр үе, 40-60 насныхан нойргүйдэх нь түгээмэл болсон. Нойр хүрэхгүй байна гэдэг нь ямар нэгэн зүйлд санаа зовж, уураг тархи хэвийн амарч чадахгүй байгаагийн илрэл. Энэ нь цаашлаад сэтгэл түгших, уйтгарлах, айх, сандрах зэрэг шинж тэмдгээр үргэлжилдэг.
-Нойргүйдэл нь сэтгэцийн эмгэгтэй болж байгаагийн нэг илэрл гэж ойлгож болох уу. Нойргүйдэж байна гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Хүн хоногт 6-8 цаг унтаж амрах ёстой. Мэдээж тухайн хүний хувийн онцлог болон насны онцлогоос хоногт хэдэн цаг унтаж амрах гэдэг нь шалтгаалдаг. Нярай хүүхэд хоногт дунджаар 16-17 унтаж амардаг байхад 70 наснаас дээш хүн дунджаар 4-5 цаг унтаж амрах нь хангалттай үзэгдэл юм.Тооноос илүү чанар юм. Хэдхэн цаг унтаад сэргэлэн болжмор шиг л байх аваас заавал цаг гэлтгүй та нойрны хямралгүй нэгэн гэсэн үг юм. Гэхдээ энэ хугацаанд нойр авахдаа стресс нөхцөлд унтах, эсвэл 2-3 цаг голын эрэг дээр сэтгэл тайван унтаж амрах хоёр ялгаатай. Үүнийг л нойрны чанар гээд байгаа юм. Зарим хүн “манай гэрийнхэн шөнөжингөө бужигнаад унтаж чаддаггүй” гэдэг. Уг нь сэтгэл зүйн ямар ч асуудалгүй хүн бол хаана ч дасан зохицож унтаж амрах чадвартай байдаг. Нойр хүрэхгүй болон бага зэргийн чимээнд сэрэх, сэтгэл тавгүйрхэх зэрэг өдөр тутамд хүн бүрт тохиолддог шинж тэмдгүүд юм. Энэ нь урт хугацаанд байнга давтагдаад байвал хүндэрч, сэтгэцийн тулгамдсан асуудал болох шалтгаан болдог. Ерөөс сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг ихэвчлэн нойргүйдлээр эхэлдэг. Хангалттай унтсан ч нойр дутуу мэт мэдрэмж төрөх, нойр хүрэхгүй хулжих, үүрээр сэрэх, унтаж чадахгүй байх зэрэг асуудлууд байнга тулгардаг, стресст өртөмтгий, үүнээсээ болоод архаг ядаргаанд орсон хүмүүсийн тоо ихэсч байна.
-Сүүлийн үед хүмүүс сэтгэл түгших асуудалд маш их ордог. Тэгвэл сэтгэл түгших гэж яг юуг хэлээд байна вэ?
-Сэтгэл түгшилт нь хэдэн зуу, сая жилийн өмнөөс бидний өвөг дээдсээс генетикийн хувьд генд программчлагдаж бичигдсэн хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл стресс, айдас тулгарахад зугтах, дайтах байдлаар хариу үйлдэл үзүүлж байгаа процессийг хэлж байгаа юм. Богино хугацаанд үүсээд тэр даруй шийдвэрлэгдэж байх ёстой хариу урвал юм. Инэгхдээ ихэвчлэн ухамсараас гадуур төрөлх болон, олдмол дадал үйлдлээр шийдвэрлэгддэг. Сэтгэл түгшилт нь тархинд явагдаж байдаг химийн урвал. Жишээ нь шалгалтад орох гэж буй оюутан, олны өмнө гарах гэж буй хүмүүсийн гэдэс нь базлах, зүрх нь хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илрэх нь дээр дурдсан мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой байх нь. Зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал давхцах, хөлрөх зэрэг нь сэтгэл түгшилтийн үеийн шинж тэмдгүүд юм. Хүүхэд дөнгөж төрөхдөө уйлдаг. Уйлах нь сурфактантын тусламжтай амьсгал нээгдэж байна гэдэг боловч нөгөө талаараа битүү тайван орчноос гадаад танихгүй орчинд орж ирэхээр стресс авч байгаагийн шинж. Замын түгжрэлд явах, гарцаар гарахдаа түгших нь хэвийн, богино хугацааны түгшилтүүд.
-Хэвийн сэтгэл түгшилт, сэтгэл түгших эмгэг хоёрын ялгаа юу вэ?
-Сэтгэл түгших эмгэг нь дотроо шалтгаанаасаа хамаараад маш олон хэлбэртэй. Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй зүрх нь дэлсэх, айдсын мэдрэмж төрөх, айх ёсгүй зүйлээс ч айх байдал хэдэн сараар үргэлжлэх юм бол сэтгэл түгших эмгэг болдог. Санаа зовох, сэтгэл түгших нь ихсэж, олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болж зүрх дэлсэх, амьсгаадах, хөлрөх, гар хөл чичрэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ. Харин дээрх шинж тэмдгүүд ямар нэг үйл явдал, гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр илрээд богино хугацаанд арилж байвал хэвийн сэтгэл түгшилт гэж ойлгож болно.
-Таны дурдсан шинж тэмдгүүд байнга илрэх нь мэдээж сайхан мэдрэмж төрүүлэхгүй. Яагаад богино хугацаанд арилахгүй байгаа шалтгааныг нь тайлбарлаж болох уу?
-Ямар ч эмгэг маш олон зүйл бүрэлдэж байж үүсдэг. Сэтгэл түгших эмгэгт удамших талтай байдаг. Мөн хувь хүний зан чанар ч нөлөөлнө. Аажуу тайван, гуниглах хандлагатай, унтах дуртай хүмүүс сэтгэл гутралд өртөмтгий. Харин хөдөлгөөн ихтэй, аливаад санаа зовомтгой, түгшдэг, юм бүхнийг цэгцэлж, төгс хийх гэж хичээдэг хүмүүст сэтгэл түгших эмгэг илүү тохиолддог. Хоёр дахь шалтгаан нь байнга санаа зовох, цаг нь болоогүй зүйлийг эрт бодох, стресстэх, улиг болсон бодлуудад автах зэрэг нь тархийг ядраадаг. Тархи ядаргаанд ороход таныг тайван байлгадаг гормонууд ялгарахаа больж, мэдрэлийн эсүүд цуцна. Барьж хүрч өөрчлөх боломжгүй, нөгөөтэйгүүр хүлээн зөвшөөрхийг хүсэхгүй зүйлстэй эвлэрч чадаагүйгээс далд тэмцэх хүсэл төрсөөр л байдаг. Энэ нь түгшүүр үүсгэсээр байдаг. Ихэвчлэн сэтгэл түгшилттэй хүнд 30 минут алхах эсвэл 15 минут хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Сэтгэл түгшилтийн үед ялгардаг адерналины хэмжээ, биеэр гүйж байгаа хүчдэлийг зарцуулж, тайвшруулахын тулд хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэж хөдөлгөөн хийж зарцуулахгүй түгшсэн байдалтайгаа зүгээр суугаад байвал биед тавгүй тайван бус мэдрэмжүүд төрсөөр байх болно. Энэ нь бидэнд түгшилт мэтээр мэдрэгддэг.
-Одоогоор Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь завсрын эмгэгтэй байгаа вэ?
-Өрх бүр тулгамдсан асуудалтай байдаг. Үл ойлголцол үүсэхэд л тулгамдсан асуудал бий болно. Тулгамдсан асуудал нь сэтгэцийн завсрын эмгэгийг үүсгэдэг. Энэ нь түгших, айх зэрэг юугаар ч илэрч болдог. Нийгэмд завсрын эмгэгтэй хүн давамгайлах болсон нь зах зээл рүү шилжих үе буюу 1990 онтой холбоотой. Тухайн үеийн хүүхдүүд өсч одоо 20 настай, тэдний аав, ээж 40-50 настай болсон. Үүнээс харахад л нийгмийг хамарсан сэтгэцийн хямралтай болсон нь харагдаж байна. Тухайлбал, 1990 онд олон хүн ажилгүй болж амьдрахад хэцүү болсон. Тэр үед хүний амьд явах үнэт зүйл алдагдахад мөнгө олохын тулд бачимдан тэмцэлдэж эхэлсэн. Энэ тэмцэлдээн дунд л сэтгэлзүйн хямралд байж хэн нэгний тусламж авч тэр байдлаасаа гараагүйгээс завсрын эмгэгийн байдал удаан үргэлжлэх болсон гэж боддог. Нийгмийн байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч гэр бүлийн хүмүүжил хамгийн том нөлөө үзүүлдэг. Сэтгэцийн тулгамдсан асуудал болон, зан төрхийн өөрчлөлт залуужиж байгаа нь харамсалтай. Үргэлж санаа зовох, хийсэн зүйлээ байнга шалгах нь тайван биш байгаагийн л илрэл юм.
-Завсрын эмгэгээс сэтгэцийн өвчинрүү шилжих нь хурдан байдаг уу?
-Завсрын эмгэгийн үед ухамсарт ухаан ямар нэгэн сааталд ороогүй байдаг. Тухайн хүн сэтгэл түгшиж, гутарч байгаагаа ойлгоод ажлаа хийсээр байдаг. Хэрэв эмгэг болчихвол ухамсарт ухаанд өөрчлөлт орно. Энэ 2 өөрчлөлт нь тусдаа оношийн шалгуур үзүүлэлтээр хэмжигддэг учир 2 өөр эмгэг гэж ойлгож болно.
-Сэтгэцийн эмгэгтэй иргэд ямар хугацаанд эдгэрдэг вэ. Ер нь эмчлэгдсэн хүмүүс дахин эмгэгтэй болох тохиолдол бий юу?
-Хувь хүн өмнө нь сэтгэлзүйн гутрал, түгшилтээс болж эмгэгтэй болсноо болон дахин сэтгэл түгших зүйл тохиолдвол яаж тайвширахаа эмчилгээний явцад ойлгодог. Хүнд тохиолдсон болон мэдрэгдсэн мэдрэмж тархинд хадгалагдаж байдаг. Сэтгэцийн эмгэгийн ямар өөрчлөлт байна гэдгээсээ хамаараад эдгэрэлт харилцан адилгүй байна. Өвчин үүсэх шалтгаан байгаа шиг дахин шалтгаан үүсвэл өвчин дахин өвчлөл үүсдэг.
-Сэтгэцийн завсрын эмгэгээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөнө үү?
-Сэтгэлийн (дотоод) мэдрэмжээ заавал гадагшлуулах хэрэгтэй. Хэрэв сэтгэлийн мэдрэмжээ гаргахгүй байх тусам хүнд тавгүй байдал үүссээр л байдаг. Ихэнх хүн сэтгэлээ хямарч байгаагаа тоодоггүй. Энэ байдал нь даамжирсаар завсрын эмгэгтэй болгодог. Сэтгэл гарт баригдаж, нүдэнд харагддаггүй учраас дотоод мэдрэмж яриагаар л гадагшилна. Тиймээс үргэлж сэтгэлээ хуваалцан ярьж байвал завсрын эмгэгт өртөхгүй байх магадлал өндөр байдаг. Бүх хүнд гүйж очоод хамаг юм аа ярихын нэр биш. Хүн болгоны асуудал харилцан адилгүй байдаг учир харцангуй нээлттэй бие биедээ хүлээцтэй байхыг л уриалж байгаа юм.