“Үндэсний шуудан” сонин 3000 дахь дугаарынхаа “Хоймор”-т Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, ахмадын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжиннямыг урьж ярилцлаа.
-Төрж өссөн нутаг усаараа ямар ч хүн бахархаж явдаг. Тамирчдын нэг сайхан нь төрсөн нутаг нь нэртэй нь хамт ямагт хэлэгдэж байдаг нь байх. Таныг Увс аймгийн Наранбулаг сумынх гэдгийг андахгүй. Төрж өссөн газрынхаа талаар ярилцлагын эхэнд хууч дэлгээч. Эндээс ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа. Наранбулаг сумын хаана төрж өсөв?
-Баярлалаа. Юун түрүүнд 3000 дахь дугаарынхаа хүндтэй зочноор урьж, намайг тоосонд танай хамт олонд, танай уншигчдад талархал илэрхийлье. Би Увс аймгийн Наранбулаг сумын Хоогийн өтөг гэж газар төрсөн. Улаан үзүүр бригад гэж говь, хангай, тал хээр хосолсон сайхан нутаг бий.
-Таныг анх төрөхөд Өлзий-Орших гэдэг нэр хайрласан гэсэн. Хожим нь Балжинням болжээ. Чухам яагаад нэрийг тань солих болов. Таны нэр хүнддэж, бие муудсанаас лам багш Балжинням гэдэг нэр хайрласан тухай бүдэг бадагхан сонсч байлаа. Энэ талаар ярьж болох уу?
-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ.
Миний хоёр ах эх дэлхийд мэндэлсэн хэрнээ хүн болж чадаагүй юм. Дэлхийг тэд голсон уу, ах нарыг минь дэлхий голсон уу, бүү мэд. Тэгээд улаан нялзрай миний бие муудахад аав, ээж минь их сандарсан гэсэн. Бас эндчих вий гэсэндээ лам багшаар мэргэлүүлж энэ нэрийг хайрласан. Манай нутагт Эгэлбаян гэдэг нэртэй мундаг номтой лам хүн байлаа. Тэднийх манайхаас 10 орчим километрийн зайтай. Нэг орой мал хотлох үеэр миний бие муудаж, аав тэмээгээр тэр айлд очсон гэнэ. Тэмээгээр төдий хэрийн зайнд явсаар бараг шөнө очиж л дээ. Тэгтэл аавыг очиж явахыг тэр лам мэдээд эхнэртээ “Манайд шөнө нэг хүн ирэх юм байна. Чи цай чана” гэж. Ингээд яах аргагүй аав тэднийд бууж учир байдлаа хэлэхэд хариуд нь “Санаа зоволтгүй ээ. Чи харин харих замаасаа гурван ширхэг чулуу аваад яваарай. Гэртээ ороход чинь нэг танихгүй лам ном уншиж байна. Тэр хүнээс нэр гуйгаарай” гэсэн байгаа юм. Тэгээд гэртээ иртэл яах аргагүй нэг лам ном уншиж байна гэнэ. Тэр лам Балжинням гэдэг нэр хайрласан гэдэг. Намайг ухаан ороход аав ээж хоёр “Ламын буянаар хүн боллоо” гэж надад хэлдэг байсан. Миний нэр бол түвд нэр. Наранцогт гэсэн утгатай юм билээ. “Нямаа” гэдэг нь “Нар” гэсэн үг.
-Багаасаа л бөх болохыг мөрөөдсөн гэсэн. Үүнээс гадна бөх болоход нөлөөлсөн зүйл бий юү?
-Багын мөрөөдөл л дөө. Хөдөөний хүүхэд байсан болоод ч тэр үү ямар ч зүйлд хурдан шаламгай. Тухайн үед монгол хүн болгон л бөх барилдах дуртай, бөх болох юмсан гэж мөрөөддөг байсан байх. Миний аав барилддаг байлаа. Энэ нь бас хүчтэй нөлөөлжээ. Тэр үед радиогоор л цагаан сар, наадмын барилдааныг дамжуулдаг байсан цаг. Зурагт телевиз гэж ямар байх биш. Аав наадам, цагаан сар болохоор л радиодоо наалдах шахам ойрхон суугаад бөхийн оноолтыг тэмдэглэнэ. Ингээд аавыгаа дагаж радиогоор алдар цолоо дуудуулж байгаа бөхчүүдийн нэрийг сонсоод “Би бөх болох ёстой юм байна” гэсэн бодол толгойд орж ирсэн. Энэ мэтчилэн олон зүйл нөлөөлсөн. Ер нь бол аав барилддаг байсан болохоор багаасаа л ноцолддог нь хожим бөх болоход том нөлөө үзүүлжээ гэж боддог юм. Улмаар сургуульд ороод Ринзаан гэж багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн дээ. Багш маань МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийг дөнгөж төгсч ирсэн залуу хүн байлаа. Эхэндээ спортын хүн болно гэсэн бодолтой байсан болохоор Наранбулаг сумандаа тавдугаар ангиасаа хөнгөн атлетикийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед өөртөө бөхийн спорт зохино гэдгийг ойлгоод энэ спорт руу урвасан юм. Ринзаан багшийнхаа удирдлага дор хэдэн жил хичээллэж байгаад 16 настайгаасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Түүнээсээ урамшаад жил алгасахгүй оролцож, олон ч удаа медальт байранд шалгарсан даа. Бөхийн гараа ингэж л эхэлсэн түүхтэй.
-Радиогоор бөх сонсоход их л ойрхон санагдсан байх. Барилдаж эхэлснээс хойш улсын наадамд анх зодоглох хүртлээ ямар зам туулсан бэ?
-Аймагт бэлтгэл хийхээр очиход олон хүүхэд барилддаг байсан. Надтай хамт нэг секцэнд явдаг Улсын заан С.Сүхбаатар, Ж.Ганболд, улсын начин Пүрэвсүрэн, Лу.Энхбаяр, аймгийн арслан Гүржав, Жамбалдорж гэх мэт хүүхдүүд хоорондоо барилдана. Манай аймагт жил бүр 32 бөхийн тойргийн барилдаан болдог. Энэ барилдаанд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж билээ. Түүний өмнөх жил буюу есдүгээр ангидаа мөн аймгийнхаа наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн. Ингээд үндэсний бөхөөр аймгийн цолтой болж байгаа юм. Үүнээс гадна 1978 онд самбо, жүдогоор бэлтгэл хийж байгаад Улаанбаатарт ирж жүдогийн насанд хүрэгчдийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль авлаа. Тэгэхэд би аравдугаар ангийн сурагч байсан. 10 жилийн хүүхэд насанд хүрэгчдийн улсын аваргаас медаль авна гэдэг том амжилт. Дараа жил нь буюу 1979 онд жүдогоор залуучуудын улсын аваргаас хоёр алт авсан. Эхлээд үндсэн жин болох 86 кг-д түрүүлж, дараа нь үнэмлэхүй жинд түрүүлсэн. Түрүүлсэн учраас хотод бэлтгэл хийж байгаа социалист орнуудын дунд зохион байгуулдаг “Найрамдал” нэртэй тэмцээнд оролцож жиндээ түрүүлээд, үнэмлэхүйд мөнгөн медаль авсан. Тухайн жилдээ Дарханд самбо бөхийн улсын аваргад оролцож мөнгөн медалийн эзэн болж билээ. Улсын аваргад амжилттай барилдсан болохоор улсын шигшээ багийн гишүүн болж үлдсэн. Ингэж хотын хүн болсон түүхтэй. Энэ бол их спортод хөл тавьсан замнал юм. Харин үндэсний бөхөөр Төмөр замын барилдаанд нэг давчихаад, хоёрын даваанд Гочоосүрэн заантай 30-аад минут ноцолдсоны эцэст өвдөг шороодсон. Заан тэр үед улсын начин цолтой байсан санагдаж байна. 10 жилийн хүүхэд улсын начин цолтой бөхтэй ингэж удаан барилдсан болохоор “Ер нь бөхөөр барилдаж болох юм байна” гэж өөртөө урам өгсөн удаатай. Өөрийгөө начин болох нь гэж дөвийлгөсөн хүн шүү дээ. Сайн бэлтгэл сургуулилт хийвэл илүү амжилт гаргах юм байна гэдэг сэдэл төрж байгаа юм.
-Таны үед чөлөөт бөх манайд илүү өргөн дэлгэр хөгжсөн байдаг. Та ч өөрөө чөлөөт бөхөөр анх хичээллэж байсан юм билээ. Гэтэл самбо, жүдо дөнгөж шинэ спорт болж моодонд орж байсан хэрэг үү. Та яагаад өөр спорт биш самбо, жүдог сонгосон юм бэ?
-Чөлөөт бөхөөр залуучуудын улсын аваргаас анх хүрэл медаль авч байлаа. 1979 онд юм л даа. Ц.Дуламсүрэн начин түрүүлж, С.Сүхбаатар заан мөнгө, би хүрэл медальтай буцсан. Гэтэл яагаад ч юм бэ самбо, жүдо надад илүү тохирох юм шиг санагдсан. Дээрээс нь самбо, жүдогийнхон намайг чөлөөт бөхөөс түрүүлээд улсын шигшээ багт авсан нь их нөлөөлсөн биз. Жүдогоор залуучуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээнд түрүүлж, самбогоор улсын аваргаас хүрэл медаль авсан зэрэг нь хүчтэй нөлөөлсөн байх. Самбо, жүдогоор илүү өндөр амжилт гаргаж болох юм шиг санагдсан. Уг нь бол чөлөөт бөхөөр залуучуудын тэмцээнээс гайгүй хэдэн медальтай мөртлөө самбо, жүдог эргэлт буцалтгүй сонгосон. 1978 онд аравдугаар ангийн хүүхэд жүдогийн насанд хүрэгчдийн анхдугаар улсын аваргаас хүрэл медаль хүртсэн нь энэ спорт руу урвахад хамгийн том түлхэц болсон юм. Энэ медаль бол миний хамгийн хүндэтгэлтэй, нандин, дурсгалтай медаль юм шүү.
-Чөлөөт бөхөөр та хэр удаан хичээллэв?
-Одоогийнх шиг дагнадаг байсан үе биш. Самбо, жүдо, чөлөөт бөх бүгдээр нь л хичээллэнэ. Нэг жилд нь самбо, жүдо, дараагийн жилд чөлөөт бөх гэх мэт ээлжилж тэмцээнд оролцдог. Аль сайн байгаа төрлөөрөө л тэмцээнд оролцдог байлаа. Ингэж явж байгаад сүүлд жүдод бүрмөсөн орсон. Жүдогоороо түрүүлж илүү амжилт үзүүлээд зогсохгүй улсын шигшээд багтсан болохоор чөлөөт бөхөө орхисон доо.
-Ид тамирчин байхдаа их спортод үзүүлсэн амжилтаа дурсвал бас сонин байх болов уу?
-Жүдо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байлаа. 1984 онд олимпод оролцсон бол медаль хүртэх боломж байсан. Даанч тухайн үед социалист орнууд олимпийг бойкотлоод оролцоогүй. Оронд нь “Найрамдал 84” нэртэй тэмцээн зохион байгуулахад би хүрэл медалиар энгэрээ мялаасан. 1988 оны олимпод медаль авах боломж байсан ч чадаагүй. Улсын аваргад бол 10 гаруй удаа түрүүлсэн байх. Яг тоолж үзсэнгүй. Ямар ч байсан 10 түрүүлсэн. Самбогоор дэлхийн аваргад гурав түрүүллээ. Сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргаас мөнгө, хоёр хүрэл авсан байна. Олон улсын тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлсэн. Ер нь бол олимпоос л медаль авч чадаагүй болохоос биш боломжийн амжилт гаргасан гэж боддог.
-Арслан цолоо хураалгадаг жилээ жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Тэр амжилтыг 20 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй байх?
-1979 оноос эхэлж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт хичээллэсний минь гавьяа гарсан байх гэж боддог юм. Энэ арван жилийн хугацаанд дэлхийн цом болон улсын гурван удаагийн аварга болж байсан удаатай. Европын олон улсын цуврал тэмцээн болох Унгар, Югослав, Чех, Болгар зэрэг улсад болсон тэмцээнд түрүүлж байлаа. 95 кг-д барилддаг байсан хэрнээ 1988 оны олимпод 86 кг хүртэл жингээ буулгаж оролцсон. Сугалаа ч сайхан таарсан юм. Даанч хоёрдугаар тойрогтоо Голландын бөхийг хожиж байгаад цаг дуусахын өмнө шүүгчийн оролцоо орсноор надад ялагдал хүлээлгэсэн. Мөн Югославт болсон 1989 оны ДАШТ-д ОХУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтыг маань 20-иод жилийн дараа “Бээжин-2008” олимпоос Н.Түвшинбаяр миний жинд алтан медаль, мөн Х.Цагаанбаатар 2009 онд дэлхийн аварга болж ахиулсан.
-Жүдочдоос дэлхийн аваргын анхны медалийг та эх орондоо авчирсан. Энэ мөчийг эргээд дурсвал?
-Самбо, жүдог салгаж байсан үе. Би самбогоор дэлхийн аваргад гурав түрүүлсэн байлаа. Өөрийнхөө амжилт, шагналыг бодохоор самбод ормоор байдаг. Ингээд бодож байгаад шууд жүдог сонгосон. Энэ төрлөөр олимп, дэлхийн аваргаас медаль авах зорилготойгоор. Шийдвэр маань буруу байгаагүй. Түүний хүчинд би жүдогийн дэлхийн аваргын медальтан боллоо.
-Одоо бол жүдогоор хичээллэх тамирчдын тоо маш их болжээ. Таны үед хэр олон байсан бол?
-Цөөхөн шүү. Улсын аварга шалгаруулах тэмцээнд л гэхэд нэг жинд дээд тал нь 15-16 тамирчин оролцоно. Одоо бол 40, 50 орж байгаа юм. 2008 онд олимпийн аварга төрснөөс хойш бүр ч их нэмэгдсэн. Өглөөнөөс орой болтол жүдогийн заал битүү. Хүн багатай, сул өдөр ховор. 21 аймгийн бүх сум, нийслэлийн дүүргүүд жүдо бөхийн дэвжээтэй болсон. Аймагт улиралд нэг удаа тэмцээн болж байна. Тэндээс олон сайн хүүхэд гарч ирэх боломжтой. Эхнээсээ танигдсаар л байгаа. Монголын хүүхдүүд авьяастай учраас ирээдүйд олон сайн тамирчин төрнө гэдэгт итгэж явдаг юм.
-Та 1992 он хүртэл жүдогийн тамирчны амьдралаар амьдарсан. Тэр үед баярлах, шантрах олон зүйл тохиолдож байсан нь мэдээж?
-Тэгэлгүй яах вэ. Ямарваа амжилтад хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр хэрэгтэй. Тэр хүч хөдөлмөрийг сэтгэлийн хатаар л туулдаг байлаа. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байгаа бол амжилтын оргилоо ойрхон байна л гэж бодох ёстой. Мөн өөрийгөө урамшуулах нь чухал. Унхиагүй хүн урдаа хүн оруулна уу гэхээс урдахаа гүйцнэ гэж байхгүй шүү дээ. Би ийм л зарчмаар өөрийгөө хурцалж байсан.
-1980 оны наадамд анх зодогложээ. Залуу насныхаа ид гарч ирж байсан үеэ эргэн дурсаач?
-Тийм, би 1980 оноос төрийн наадамд барилдсан. Анхны наадамдаа хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Улсын цолтнууд бүгд гараад дууслаа. Миний нэр байдаггүй. Давааны төгсгөлд аймгийн цолтнууд хоорондоо оноолтоор барилддаг. Тэнд л үлдэж гэж бодоод сууж байтал хамгийн сүүлийн хоёр бөх гарлаа гэж зарладаг юм байна. Гайхсан гэж жигтэйхэн. Тэр үед давсан бөхөд улаан тамга дардаг байв. Би хоёр давсан, миний нэр гарахгүй байна гээд өнөөх тамгаа үзүүлтэл хэдийнэ намайг хасчихсан байсан. Ингээд л будилаан үүслээ. Бөх дууслаа, би барилдах хүнгүй үлдсэн. Ингээд оноолтоо шүүтэл Батхуяг начин Сүхбаатар гэдэг нэртэй даваагүй цэргийг аваад барилдчихсан байгаа юм. Ингээд Б.Батхуягийг дуудаж “Чи унасан бөх авч барилдсан байна. Одоо Балжиннямтай дахин барилд” гэтэл өнөөх нь барилдахгүй гээд гүрийчихсэн. Социализмын үед хатуу байсныг ч хэлэх үү наадам удааж болохгүй, комисс нь хуралдсаны эцэст намайг хассан. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгээд л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол бий. Бай шагналаа аваад уйлаад л буцсан даа. Хэрвээ тэгж санаандгүй байдлаар хасагдаагүй бол 1980 онд начин болох боломж байсан юм. Яагаад гэвэл, зарим бөх олимпод яваад барилдаагүй, би заалны барилдаанд их барилдана. Тэр барилдаануудад хоёр, гурав давна. Хааяа их шөвөгт үлдчихдэг болсон. Ер нь бол сайн барилдаж байгаа залуучуудын тоонд дөнгөж багтаж эхэлсэн үе юм. Өөрийгөө бараг цол авчих юм бодсон. Миний анхны наадам ингэж л өнгөрсөн.
-Зорилготой очсон болохоор шүүгчдийн алдаанаас болж хасагдаад явахад их хэцүү байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Бас л том бодолтой очсон юм чинь.
-Тэр үед хөлийн цэцийн гаргасан шийдвэр хууль байж. Гэтэл одоо тийм биш болжээ. Хэдийгээр хөлийн цэцийн шийдвэрээр асуудлыг шийддэг ч дараа нь тухайн хүнийг занах, муудалцах, элдвээр доромжлох үзэгдэл нэлээд гарах болжээ, үндэсний бөхөд. Үндэсний бөхийн аварга хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Би хувьдаа гайхдаг л юм. Бидний үед социализмын үе байсан болоод тэр үү шийдвэр сонсоод л явна. Одоо тэгсэн бол бөөн юм болно шүү дээ. Гэхдээ үндэсний бөхийн нэр төрийг хүндэлж буй нэг хэлбэр байлаа. Тэр байтугай үзүүр, түрүүний хоёр бөх хайнцаж унасан атлаа “Чи дав” гэж нэгэндээ хүндэтгэл үзүүлдэг байсан байж. Харин одооны бөхчүүд жаахан амжилтын төлөө хөлийн цэц, засуулд халдах нь бүдүүлэг хэрэг. Залуу хүн, үнэхээр бяр чадал нь байвал дараагийн барилдаанд дахин таараад өөрийгөө үнэхээр давсан гэдгээ нотолж болно шүү дээ. Даанч тийм биш болж. Түүнээс болж нэр хүнд, үнэт зүйлээ алдах тохиолдол гарч байгаад харамсдаг, гайхдаг. Бүх зүйл дээр маргаад байх нь сайн зүйл биш юм. Бас нэг талаараа технологийн зуунд явж байна, бүхий л спортыг камерын тусламжтайгаар шийдвэрлэдэг болсон байгаа энэ цагт үндэсний бөхөд ч үүнийг нэвтрүүлэх л хэрэгтэй. Боломжгүй зүйл огт биш гэдгийг хэлмээр байна.
-Таны анхны зодог шуудгийг ямар хүн урласан бэ?
-Анхныхыг нь Спортын төв ордон дээр Даваахүү гэж эгч оёж өгсөн. Их сайхан оёдог хүн байлаа. Түүнээс хойш гэргийнхээ оёсон зодог шуудгийг өмсч байна. Миний зодог шуудаг, дээл хувцас гээд бүгдийг нь оёж өгдөг хүн байлаа.
-Начин болсон жилийнхээ наадмын дурсамжаас хуваалцвал?
-1984 он юм даа. Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан.
Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан. 1981 онд Багахүүд, 1982 онд Ж.Борд унасан. Уг нь би давсан ч тухайн үеийн бөхийн комиссын орлогч дарга Ж.Авхиа генерал Ж.Борыг давуулж, намайг унагасан. 1983 онд бас л начны даваанд гарч чадаагүй. Ингээд 1984 онд Д.Сэрээтэр харцагаар дөрөв, Д.Цэнд-Аюуш заанаар тав давж улсын цолтны эгнээнд багтдаг юм байна. Начин болсон чинь аав, ээж, нутаг усныхан бөөн баяр. Аав өөрөө барилддаг байсан болоод тэр үү бүр ч их баярласан. Улсын начин болно гэдэг том даваа юм шүү дээ.
-Танд 1989 онд улсын арслан цол өгчихөөд буцаагаад хураачихсан гэдэг. Ямар учиртай юм бэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрын төлөө барилдсан. Тэгээд Б.Бат-Эрдэнэд аварга цол өгөөд надад арслан цол олгосон. Бас их хөгтэй. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн ирээд “Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна” гээд аваад явчихсан. Маргааш нь хурал болсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгаад өгсөн. Аав тэр үед ирсэн байсан учраас бас л бөөн баяр болж байтал дээр хэлсэн шалтгаанаар цолоо буцаагаад авчихсанд их гайхсан. Гайхаад л хоцорч билээ.
-Та улсын наадмаар хоёр удаа гомдоод буцсан хүн байна шүү?
-Тийм ээ, одоо бодоход дурсамж юм даа. Хэдийгээр гомдсон ч гэлээ нөгөө талаар намайг илүү хурцалсан байж дээ гэж одоо боддог юм. 1989 онд ингэж арслан цолыг атгаад алдсан би 1990 онд наадмын бэлтгэлээ сайн базааж чадаагүй. Аавын маань бие тааруу байлаа. Гэхдээ тэр жилдээ зодоглосон. Наймын даваанд гарьд П.Сүхбатад өвдөг шороодсон. Аав маань ч тухайн жилд таалал төгссөн.
-Дараа жил нь даагаа нэхэж, П.Сүхбат гарьдтай үзүүр түрүүнд гарсан. Давах итгэл хэр байсан бэ?
-Өөртөө итгэхгүй бол хэнийг ч давдаггүй юм. Итгэлтэй барилдаад 1991 онд түрүүлж арслан цолоо дахин авч чадсан. Уг нь түүхт ойгоор түрүүлбэл аварга болдог байсан нь надад арслан цол олгосон. Баяр наадмаар түрүүлээд арслан цолоо гардахдаа хамгийн түрүүнд аавыгаа л бодсон. Хураалгасан арслан цолыг анх атгахад аав минь хачин их баярлаж байсан нь санагдаад... Нулимс зангираад л явчихсан. Наадам бүрээр ирээд л төв цэнгэлдэхэд хүүгийнхээ дээлийн захыг мушгиад суудаг байсан хүн шүү дээ.
-Аавын эзгүй тэр наадам, арслан цолны үнэ цэн танд дэндүү олон дурсамж дагуулдаг биз дээ?
-Аав эзгүй ч ээж минь үлдсэн болохоор сэтгэлд минь цэнгэлдэх дүүрэн л байсан. Тэр жилийн наадамд аавын мушгидаг зах ээжид шилжсэн. Ээж дээлийн зах мушгиад, хүүгээ ерөөгөөд сууж байсан даа.
-Энэ тухай би сонссон юм байна. Бөх судлаач, манай сонины тоймч Б.Ерэнтэй ах "Ийм ээжийн хүү наадамд түрүүлэлгүй яах вэ" нийтлэл бичсэн байдаг. Хүүгээ түрүүлэхэд зүлэг ногоон дэвжээнд сунаж мөргөсөн тухай. Тэр жил байх нь ээ?
-Мөн байх шүү. Тэр үнэхээр сайхан дурсамж л даа. Намайг түрүүлэхэд ээж минь надад баяр хүргэж, бөхийн зүлэг ногоон дэвжээнд сунаж мөргөсөн байдаг. Зураг нь одоо байна уу, үгүй юү. Хамгийн гоё дурсамжийн нэг юм. Насаараа ханилсан хань нь бурхан болоод удаагүй, сэтгэл санаа нь тавгүй байх үед нь түрүүлэхэд ээж минь хэсэг их баярласан. Баярлаад баярлаад хань эзгүй бараан тавиланг яаж цэлмүүлэх вэ дээ. Гэхдээ л хэсэгхэн ч гэсэн тэр хүнд өдрүүдэд нь ээжийгээ их баярлуулсан юм шиг санагддаг юм. Энэ бол ёстой гоё агшин. Төрийн наадамд түрүүлнэ гэдэг ховор олдох завшаан шүү дээ. Тэр тусмаа түүхт ойгоор түрүүлнэ гэдэг бүр ч том хувь тохиол юм.
-Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор түрүүлэхэд бэлтгэл хэр байсан бэ. Түрүүлэх бөхийн өнгө цаанаа л нэг өөр байдаг гэж ярьдаг шүү дээ?
-Б.Бат-Эрдэнэ аварга ёс юм шиг түрүүлдэг байсан үе. Гэхдээ би өмнө нь улсын наадамд үзүүрлээд үзчихсэн учраас огт сандраагүй. Есөн хөлт тугаа ес тойроод үзсэн учраас сандрах зүйл байгаагүй. Бэлтгэл ч сайн байлаа. Их шөвөгт Х.Баянмөнх аварга намайг амлаж, Б.Бат-Эрдэнэ аварга П.Сүхбат гарьдтай тунасан юм. Барилдаж байтал цэнгэлдэх шуугиад л явчихсан. Эргээд хартал Б.Бат-Эрдэнэ аварга уначихаж. Ингээд би Баянаа аваргаар найм давж түрүү, үзүүр булаалдсан. Есийн даваанд гарах гэтэл бас сэтгэлийн хөдөлгөөн анзаарагдсан юм шиг байгаа юм. Ж.Ганболд заан, Л.Энхбаяр начин хоёр намайг дуудаад “Түрүү, үзүүрт гарч үзээгүй биш. Юундаа яардаг юм. Суугаад цай уучих” гэж зандардаг юм. Ингээд цайгаа уугаад сууж байгаад харсан чинь П.Сүхбат гарьд нөгөө талд тогтож ядаад л байна. Би ч өөрийгөө П.Сүхбатаас илүү, бас үзүүрлэж үзсэн бөх гэж бодоод тайвширсан. Тэр нь их нөлөөлсөн дөө. П.Сүхбат миний хөлийг авбал хаях боломжтой. Бусдаар бол би арай илүү байсан байх. Өмнөх жилийн наадмаар нь үзүүр, түрүүний барилдаан эхлэхэд бороо орчихсон байсан. Тэгээд Б.Бат-Эрдэнэ аварга дохиход нь би цочоод хальтирчихсан юм. Барилдаж чадалгүй унасан болохоор алдаагаа дахин давтахыг хүсээгүй. Ямар ч байсан барьцанд хүрч барилдах ёстой л гэж бодсон. Барьцанд хүрсэн тохиолдолд давна гэдгээ мэдэж байсан.
-Та баруун талдаа хавирч давсан бил үү?
-Таныг зүүн талтай гэдгийг ард түмэн мэднэ. Гэтэл төрийн наадмын түрүү үзүүрийн төлөө барилдахдаа огт санаандгүй мэх хийж давсан. Зүүн талтай хүн анх удаа баруун талдаа хавирсан. Тэр мэхийг та бэлдсэн байсан уу?
-Бэлдсэн зүйл байхгүй. Тухайн үед болоод л өнгөрсөн үйл явц. П.Сүхбат миний хөл рүү хоёр удаа дохиод буцсан. Би ч сэнжигний барьцтай болоод түүнийгээ тавиагүй.
-Та хоёр хоёулаа их спортын хүн. Жүдо, чөлөөтийн бөхчүүд улсын наадмын түрүү, үзүүр бу-лаалдсан анхны тохиолдол биз?
-Бараг тийм байх. Барилдаан таарахгүй эвгүй байсан даа.
-Гарьдыг даваад дэвж байгаа тэр дүр зураг бас л гоё агшин шүү. Таныг “Хөнгөн атлетикийн 100 метрийн зайд дэд мастерын болзол биелүүллээ” гэж нэг мэргэжилтэн хэлсэн байдаг. Их л судалж дээ?
-Би багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Бяртай хүн ойрын зайд илүү амжилт гаргадаг. Ойрын зайд гүйж, бөөрөнцөг, зээрэнцэг шиддэг байлаа. Хүн баярлахаараа ядарснаа мэддэггүй. Тэгж гүйснээ би өөрөө мэдээгүй. Дараа нь зурагтаар харж л мэдэрсэн шүү дээ. Гүйе гэж ч бодоогүй. Төрийн том наадамд түрүүлсэн болохоор өөрийн эрхгүй л гүйчихсэн юм билээ. Түрүүлснийхээ дараа хамгийн түрүүнд ээж дээрээ очсон. Үнсүүлсэн. Хэт баярласан хүн хагас ухаантай болдог юм байна. Арслан цолны тэмдгээ алга болгочихсоноо ч мэдээгүй, гэртээ очсон хойноо л анзаарч байгаа юм. Хожим нь нөхөж авсан.
-Тантай ярилцлага хийх гээд барилдааны бичлэгүүдийг үзсэн юм. Нэг сонин зүйл анзаарагдлаа. Түрүү, үзүүрт үлдсэн бөхчүүд бай шагналаа авахын өмнө гараа спиртээр арчдаг байж ээ дээ.
-Тэр ямар ёс вэ. Одоо тийм зүйл байдаг уу?
-Хөлстэй гараараа төрийн өндөрлөгүүдтэй гар барьж болохгүй л гэдэг байсан. Тэгээд л гараа спиртээр арчдаг байсан. Одоо бол больчихсон.
-Бас л тэр бичлэгийг харж байхад урьд нь анзаардаггүй байсан зүйл харагдаж байна билээ. 1991 он гэдэг Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчтэй болсон жил. Анхны Ерөнхийлөгч анхны бай шагналаа танд өгч байж дээ?
-Миний хувьд бас л түүхэн үйл явдал. Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас түрүү бөхийн бай гардсан нь бас л бөөн дурсамж. Их бэлгэшээж явдаг даа.
-Үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдээс олимп, дэл-хийн аваргаас их спортоор медаль хүртсэн гуравхан бөх байдаг юм байна. Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат аварга, тэгээд та?
-Таныг хөдөлмөрийн баатар цолоо аваад гарч ирэхэд малгайны тань хажууд 70 гэсэн тоо байсан. Түрүүлсэн тэгш ойн бэлгэдэл үү?
-Наадмын дараа түүнийгээ тодруулсан. Цаашдаа наадмаар гараад байхгүй учраас малгайгаа шинэчилсэн юм. Малгайндаа 70-ын тоо, дээд талд нь соёмбо тавьсан. Хөдөлмөрийн баатар цол авсандаа их бэлгэшээж байгаа.
-Хөдөлмөрийн баатар болох тэр агшинд гэр бүлийнхээ хүнийг дурссан. Нэг нутгийнх уу?
-Тийм ээ, манай Увс нутгийнх. Анх аймгийн шигшээ багт байхдаа танилцаж байлаа. Бэлтгэл хийнгээ манай аймагт байсан ганц зочид буудалд би байрладаг. Гэр бүлийн хүн маань тэнд наймдугаар ангиа төгсөөд үйлчлэгчээр ажилладаг байсан. Би тэндээс хот руу шигшээ багт, манай хүн Хялганатын ойн техникумд суралцахаар явсан. Тэгээд хотод ирээд гал голомтоо бадрааж гэр бүл болж байлаа. Үнэхээр миний амьдралын, амжилтын 80 хувь нь миний ханьтай холбоотой. Бөхөд үнэхээр сэтгэлтэй. Сайн ч эмэгтэй, сайхан ч бүсгүй байж дээ. Монгол бөхийн дэг жаяг, үлгэр дууриалтай, аварга хүний гэргийн ёс жудгийг маш сайн мэддэг тийм л хүн байсан. Үнэхээр уран хүн. Зөвхөн миний биш олон бөхийн дээл хувцас, зодог шуудгийг оёж өгсөн дөө. Харамсалтай нь хүнд өвдөөд түүнийгээ дийлсэнгүй. Олон ч газраар явсан. Даанч оношийг нь тогтоож чадалгүй байсаар таалал төгслөө. Төр засгийн хайрласан энэ сайхан хишгийг миний хань тэнгэрээс хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амьд сэрүүн байсан бол надаас ч илүү баярлах байсан биз. Надад таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Тэднийг маань хүн шиг хүн болгож өсгөлөө. Би чинь тэмцээн уралдаан гээд гэртээ тогтдоггүй. Жилийн 365 хоногийн талаас илүүг нь гэрээсээ гадуур өнгөрүүлсэн. Гэтэл намайг эзгүйд гал голомт, үр хүүхдүүдийг маань маш сайхан авч явсан тийм хүн байлаа. Сая Хөдөлмөрийн баатар цол авахад сэтгэлд нэг л юм дутагдлаа. Төрийн өндөр цол авч байхад хань минь дэргэд байсан бол гэж бодож байсан. Миний ажлын хүнд хүчрийг хамгийн сайн ойлгодог. Жүдогийн ахлах дасгалжуулагч гэдэг үнэхээр хүнд ажил. Би спортын байгууллагад 40-өөд жил ажилласан. Үүний бүх гавьяаг миний хань хүртэх эрхтэй тийм л хүн байж дээ.
-Гэргийгээ болгож авахын тулд хэр их ур ухаан зарав?
-Эхэндээ сайхан танилцлаа. Дараа нь уулздаг болсон. Тэгж л бие биедээ сэтгэлтэй болсон. Хоёулаа хоёр өөр газар байгаа учраас шуудангаар л харилцана. Хааяа төв холбоо орж утсаар ярина. Ингэхийн тулд өмнөх өдөр нь очиж захиалга өгдөг. Юу ч ярьж амжаагүй байтал минут нь дуусчихна. Тийм болохоор голдуу захиагаар харилцаж байсан. Гоё гоё үгтэй захиа ирнэ. Би гоё захианы хариуг гоё бичих гэж үзнэ. Ямар ч байсан ингэж явсаар хоёр талаасаа нийлж, таван сайхан хүүхдийн аав, ээж болсон юм.
-Таны шавь нар, найзууд танайд их очдог байсан гэнэ лээ. Тэр нь танай гэргийтэй холбоотой гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана гэж сайхан зүйр үг байна. Миний хань үнэхээр сайхан зан аальтай хүн байсан учраас манайд хүний хөл тасардаггүй. Хоол, цай сайтай. Увсынхан цайгаараа алдартай гэдэг. Миний ханийн гарын цай, хоолыг идэх гэж найз нөхөд, шавь нар, хамт олон маань манайд мөн ч их ирсэн дээ. Сайхан яриа хөөрөөтэй, эелдэг зөөлөн зантай тийм эмэгтэйтэй учирсандаа би өөрийгөө хорвоогийн хамгийн азтай хүн гэж боддог. Ер нь спортын хүрээнийхэнд их хүндлэгддэг тийм эмэгтэй байлаа.
-Таны таван хүүхэд юу хийдэг вэ. Тантай адилхан бөх болсон, эсвэл спортод ойрхон хүн байна уу?
-Гурван хүү, хоёр охинтой. Хамгийн том нь жүдогийн сургуульд суралцсан ч ирээд үргэлжлүүлээгүй. Бизнес хөөгөөд явсан. Дараагийн охин нь Бээжингийн уламжлалт анагаахын сургуульд магистр хамгаалж ирээд, одоо эмнэлэг ажиллуулж байна. Дараагийн охин маань бас Бээжинд сураад, одоо “Эрдэнэс Монгол” компанид ажилладаг. Хүү маань Шанхайд аудитын чиглэлээр магистр хамгаалж, одоо боловсролын чиглэлээр суралцаж байна. Бага хүү маань жүдогоор хичээллэхийн сацуу МУИС-ийн III дамжааны оюутан. Бага маань нэлээд нуруулаг хүү бий. Жүдогийн хажуугаар үндэсний бөхөөр барилдах болов уу гэж найдаж байна.
-Барилдуулах хүсэл дүүрэн үү, танд?
-Таныг анхны Монгол сүмочдын нэг гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй байх. Тантай хамт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Ц.Баярсайхан нар явж байсан байх аа?
-Тийм. 1990 оноос хойш манай улсын спортын бодлого өөрчлөгдөж гадаадын тэмцээнд тамирчдаа чөлөөтэй явуулж эхэлсэн. Бид 1991 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бэлтгэл хийсэн юм. Хэдэн сар хичээллэж байж сонирхогчдын сүмогийн тэмцээнд анх оролцсон. Бид дөрвөн жил дараалан оролцсон шүү дээ. Эхний тэмцээнд би анхны мөнгөн медалийг нь авсан. Дараа жил нь Баагий нэг түрүүлж, Ц.Баярсайхан мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Сонирхогчдын сүмод хэдэн кг-д барилддаг байв?
-Ц.Баярсайхан бид хоёр 115 кг-д, Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй жинд барилддаг байсан. Бид энэ тэмцээнд дөрвөн жил оролцсоны дараа 85 кг-д жин нэмэгдэж улсын гарьд Б.Гантогтох нэг, дархан аварга А.Сүхбат хоёр түрүүлсэн.
-Тэр үед та бүхэнд сүмогоор барилдах санал их ирж байсан уу?
-Япон бөхчүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийж байхад манай Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж, мэргэжлийн сүмодоо барилдуулъя гэсэн санал холбооноос нь ирж байсан юм. Гэрээ ч хийх болсон байх. Гэвч Бат-Эрдэнэ аварга 1991 оны улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 70 жилийн ойдоо барилдана гээд “Он гаргаад ирье” гэсэн хариу өгчихөөд нутаг буцчихсан. Аваргад сүмогоор барилдах санаа байсан биз. Гэтэл дараа жилээс гэрээ нь өөрчлөгдөж түүнийг авахгүй гэснээр Баагий сүмо бөхөөр барилдах боломжоо алдсан.
-Таны гаргаж чадаагүй амжилтыг шавь нар тань биелүүлсэн. Ялангуяа 1996 оны Атлантын олимпийг бүр ч их дурсах ёстой болов уу. Гурван бөх эрхээ авч яваад гурвуулаа хүрлийн төлөө гарч ирсэн ч Д.Нармандах гавьяат л медалийн тавцанд зогссон. 100 жилийн ойн тэр олимп олон хүнд сайхан дурсамж үлдээсэн биз?
-Тийм шүү. Картын бараанаас дөнгөж гарч байсан үе болохоор тэмцээнд оролцох зардал мөнгө олно гэдэг хэцүү. Эхлээд Б.Бат-Эрдэнэ явж хүмүүстэй уулзана. Албан байгууллагуудаас гуйна. Болохгүй бол хоёулаа хамт явна. Буудалд байрлах мөнгө байхгүй учраас Бат-Эрдэнэ, Балжинням гэсэн нэрээ бариад л шууд Элчин сайдын яаман дээрээ очдог. Тэгээд тэндээ хооллож, амарч аваад дараагийн тэмцээндээ явна. Явах гэтэл зардал байхгүй учраас Элчингээс автобус гаргаж дараагийн хот руу өдөр, шөнөгүй явж байж хүрнэ. Ийм л үе байлаа. Европт байгаа Элчингүүд үнэхээр их тусалсан. Үр дүнд нь гурван эрх авч гурвуулаа медалийн төлөө барилдаж, нэг нь олимпоос медаль авсан даа. Үнэхээр хичээл зүтгэл, сэтгэл байвал мөнгөгүй ч гэсэн амжилт гаргаж болдог гэдгийг тухайн үед харуулсан гэж одоо боддог юм.
-Таныг шигшээ баг удирдаж байх хугацаанд олимпоос дөрвөн медальтан, дэлхийн гурван аварга төрлөө шүү дээ. Энэ бас таны ажлын үр дүн. Энэ олон амжилтаас хэнийг нь дэвжээнд авч гарахад хамгийн их нервтэж байв?
-2012 оны Лондоны олимпийн мөнгөн медалийн төлөөх барилдаан. Н.Түвшинбаяр аваргын тэмцээн. Үнэхээр бахархмаар. Зөвхөн миний биш Монголын бүх хүний тэвчээрийг барсан шүү дээ. Аварга хүн аваргаараа төрдөг гэдгийг харуулсан. Хэрвээ Солонгосын бөхөд ялагдсан бол тэгээд л медальгүй хоцрох байлаа. Дахин барилдах боломж үнэхээр байгаагүй юм. Олимпийн хоёр медальтай хүнийг дэлхийн аваргын медальтан болгох мөрөөдөл, хүсэл байсан нь өнгөрсөн оны дэлхийн аваргаас биеллээ. Түвшээ аварга маань дэлхийн аваргаас хүрэл медаль авч дутуугаа дүүргэж, дундуураа нөхсөн дөө. Бид ч баярласан.
-Үндэсний бөхийн “Их Эе” болох сурагтай. Та аварга хүний хувьд эндээс юу хүлээж, ямар асуудлыг шийдээсэй гэж хүсч байна вэ?
-10 гаруй жил хуралдаагүй “Их Эе” болох гэж байна. Дүрмийн асуудлаа нарийн ярих хэрэгтэй. Үндэснийхээ гол спортыг хөгжүүлэхийн төлөө олон залуу энэ спортыг сонгож байна. Мөн нутгийн зөвлөл болон олон дэвжээ байгуулагдсан нь сайшаалтай. Цолтой бөх ч гэлтгүй сайхан барилдаантай залуус доогуур даваанд унаж байгаа нь дүрмээс шалтгаалж байна. Тухайлбал, барьц сонгуулах хэрэггүй санагддаг. Миний бодлоор хоёр бөхийн аль нэг нь хугацаандаа идэвхгүй барилдвал хасах хэрэгтэй. Ингэвэл бөхчүүд хасагдахгүйн тулд сонирхолтой барилдаан гаргана. Үзэгчид ч сайхан дэмжинэ шүү дээ. Чөлөөт бөхийн дүрмийг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос жил бүр шинэчилдэг. Манайх шиг нэг дүрмээр удаан явбал үндэсний бөхийн спорт хөгжих биш тарган, тарган залуус л олшрох байх. Барьц сонгох гээд л хүлээгээд зогсдог болж. Эхнээсээ мэх цөөрч байгааг захын нэг хөгшин ч мэдэж байгаа байх. Дээр үед хурдан шаламгай барилдаан, уран барилдааныг үзэгчид харж баясдаг байсан бол одоо бараг унтах нь холгүй болсон байна. Мэдээж үзүүштэй барилдаж байгаа олон бөх бий. Гэхдээ бас барьц сонгохыг хүлээдэг бөх олшрох хандлагатай болчихож. Сүүлдээ жин нэмэхийн тулд допингийн асуудалд орооцолдож байна. Өмнө нь наадмаар л допингийн шинжилгээ авдаг учир дутагдал байсан. Харин сүүлийн үед явц дунд шинжилгээ авдаг болжээ. Үүнийг илүү сайжруулах хэрэгтэй. Штанг хийхдээ булчиндаа өвдөлт мэдрэхгүйн тулд допинг хэрэглэдэг болсон байна.
-Та армийн хурандаа цолтой хүн. Хэдэн жил ажиллав?
-14 жил ажилласан. “Алдар” спорт хорооны даргаар очоод дэд хурандаа болж байлаа. Тэнд ажиллах хугацаанд манай “Алдар”-ын тамирчид Бүх ард түмний спартакиадад дөрвөн удаа түрүүлсэн. Намайг даргаар очсоны дараа шинээр байгуулж манай хороо тамирчинтай болж байлаа. Тэр үед шигшээ багийг тарааж клубын системд шилжүүлсэн. Шигшээ багийнхан цалингүй болсон. Тэгэхээр нь би тамирчдаа аваад “Алдар” спорт хорооны үйл ажиллагааг дахин шинээр эхлүүлж билээ. Зөвхөн жүдогоос гадна чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс гэх мэт төрөлд 64 тамирчны орон тоотой “Алдар”-ын шигшээ багийг байгуулсан. Манай Батлан хамгаалах яам спортыг маш сайн дэмждэг байгууллага. Одоо ч дэмжлэг сайтай хэвээр. Түүний хувьд олон сайн тамирчин төрлөө. Олимп, дэлхийн аваргын медальтнуудаас гадна үндэсний бөхийн олон сайн бөх төрж гарсан юм.
-Бөхийн клуб нээх хүсэлтэй байгаа гэж ярьсан байсан. Хэзээнээс нээх бодолтой байгаа бол?
-Одоохондоо дотроо бодоод л явж байна. Энд завгүй болохоор анхаарал хандуулж чадахгүй л байгаа юм. 2020 оны олимп өнгөрсний дараа болох байх. 10 гаруй жил ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Бөхийн клуб нээмээр байна, жүдо бөхийн сургалтын талаар ном бичмээр байна. Ер нь хийх ажил их бий.
-Дасгалжуулагч болсноос хойш та тамирчин байхаасаа илүү ачаалалтай ажилласан байх. Ер нь дасгалжуулагч байхын гоё нь юундаа байдаг юм бэ?
-Багш хүн шавь нарынхаа үзүүлсэн амжилтаар бахархах хамгийн сайхан мөч шүү дээ. Намайг жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаанд манай жүдочид олимпоос дөрвөн медаль авчээ. Бас дэлхийн аварга цолтон гурав төрсөн байна. Гавьяат тамирчин Д.Нармандах, С.Ням-Очир нар хүрэл, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар мөнгөн медаль авсан. Түүнчлэн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн аварга боллоо. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан бол нэлээд олон төрсөн. Энэ бүхнийг харахаар багш дасгалжуулагч хүний бахархал, омогшил өөрийн эрхгүй төрдөг юм. Ер нь бол хөдөлмөрийн баатар хэмээх сайхан цол хүртсэний ач гавьяа миний шавь нар, гэр бүл, Монголын жүдогийн холбоо, холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зэрэг хүмүүстэй шууд холбоотой болж байгаа юм. Хэрвээ би жүдогийн дасгалжуулагч болоогүй бол, энэ олон шавь нар амжилт үзүүлээгүй бол, Биеийн тамир, спортын байгууллага, төр засаг маань дэмжээгүй бол, ар гэрийг минь найдвартай авч явсан миний хань, үр хүүхдүүд байгаагүй бол өнөөдрийн амжилтад хүрэхгүй байсан. Тийм болохоор хамгийн түрүүнд энэ хүмүүст би талархах ёстой.
-Дасгалжуулагч болоогүй бол өдийд юу хийж байх байсан бол?
-Магадгүй “Алдар” спорт хороондоо л байх байсан биз. Эсвэл бөхийн клубээ нээчихсэн ирээдүйн сайчуулыг бэлдээд явж байж болох юм. Намайг “Алдар” спорт хорооны даргаар ажиллахад "Шигшээ багийн дасгалжуулагчаа хий" гэж манай холбооныхон санал тавьсан. Хэрвээ албан тушаал, арай ахиу цалингаа бодсон бол “Алдар”-таа үлдэж болох байлаа. Гэвч жүдогийн спортод өгсөн сэтгэл минь намайг дийлсэн учраас би өнөөдөр энд сууж байна. Гэхдээ харамсдаггүй.
-Нэг зүйлийг сонирхож асууя. Тамирчин дасгалжуулагч хоёр дэвжээнд гарахын өмнө өрсөлдөгчийнхөө эсрэг хэрхэн барилдахаа төлөвлөдөг. Харин дэвжээнд гарсан хойно төлөвлөгөөнөөс зөрөх тохиолдол байдаг уу. Ер нь яг барилдаж байхдаа таны үгийг сонсдог уу?
-Наадах чинь их зөв асуулт байна. Хүмүүс энэ талаар жаахан буруу ойлголттой байдаг. Дэлгэцээр харахад дасгалжуулагч нь юу ч хийхгүй, зөвлөгөө өгөхгүй суугаад байна гэж ярьдаг. Би ингэж ярьж байсан хүнтэй зөндөө тааралдсан. Манай жүдогийн дүрэмд тамирчнаа аваад дэвжээнд гарч байгаа дасгалжуулагч бусад спорт шиг орилж, хашгирч болохгүй. Тэгвэл шууд хөөгддөг дүрэмтэй. Тухайн өдрөө дахин тамирчин авч гарах эрхгүй болж байгаа юм. Тийм учраас яг барилдаан үргэжилж байгаа тохиолдолд чимээгүй суух үүрэгтэй. Харин барилдааны цаг зогссон тэр богинохон агшныг ашиглаж ажигласан зүйлээ хэлж зөвлөдөг. Түүнийг нь манайхан буруугаар ойлгоод байдаг. Ер нь бол тамирчин дэвжээн дээр гараад 100 хувь дасгалжуулагчийн заавраар барилдана гэж байхгүй. Тэгэх алба ч үгүй. Тамирчид өөрсдөө санаачилгатай байх ёстой. Зөвхөн дасгалжуулагчийн үгээр явбал алдаа дутагдал гарах боломжтой. Тиймээс аль алиныг нь тохируулж чадвал тухайн тамирчин ялалтад амархан хүрнэ.
-Тамирчин бүр хувийн онцлогтой. Та тэдэнтэй илүү ойр ажиллаж байгаа учраас онцлогийг илүү сайн мэдэх байх. Шавь нарынхаа онцлогоос нэрлэвэл?
-Ер нь бол бүгд хичээнгүй. Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, Н.Түвшинбаяр нарын ачаалал даах чадвар маш сайн. Тамирчин нэг бүр дээр онцлог яривал их цаг орно. Жүдогийн спорт хүнийг дайчин болгодог. Миний шавь нарт яг тэр зан сууж өгсөн.
-Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн, Н.Дагвасүрэн нар АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдах болж байх шиг байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Дэмжиж байгаа. Олимпод нэг улсаас нэг жинд нэг л тамирчин оролцоно. Дэлхийн аваргад ч хязгаарлагдмал. Тэгэхээр өөрийгөө дэлхийд таниулсан тамирчид иймэрхүү саналыг хүлээж авах нь зөв. Жүдо бөхийн хөгжил нь тааруу мөртлөө эдийн засгийн хөшүүрэг сайтай олон оронд дэлхийн шилдгүүд легионер тамирчнаар гэрээ байгуулсан байдгийг та мэдэх байх. Манайх ч гэсэн шилдэг тамирчдаа гадагшаа гаргавал бид илүү л хөгжинө. Хамгийн том жишээ бол манай Г.Отгонцэцэг. Казахстаны тамирчин болсныхоо дараа олимп, дэлхийн аваргын медальтан болж чадлаа. Үүнээс гадна Азербайжаны шигшээд багтсан манай гурван охин бий. Тэд удахгүй гараад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Монголын жүдо нэг хэсэг уналттай байсан. Олимп, дэлхийн аваргаас авдаг медалийн тоо нь нэг, хоёроос хэтрэхгүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жүдогийн холбоог удирдсанаас хойш амжилт нь эрс сайжирсан гэж сонирхогчид ярьдаг. Та Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг хүний хувьд юу хэлэх вэ?
-Тэр бол үнэн. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ ч муу ажиллаагүй. Бид тамирчнаа тэмцээнд оролцуулахын тулд хамтдаа мөнгө хайгаад л явдаг байсан. Тэр цаг үе бас л сайхан. Ингээд олонд “Женко” нэрээр алдаршсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай холбоог удирдаж эхэлснээс хойш тамирчдын оролцох тэмцээн уралдааны тоо нэмэгдсэн. Олон сайн жүдоч төрөн гарсан. Х.Баттулга өөрөө тамирчин хүн учраас зовлон, жаргалыг нь маш сайн мэддэг. Өөрөө хамт бэлтгэл хийнэ, зөвлөгөө өгнө. Ер нь их мэдрэмжтэй хүн шүү дээ. Монголын жүдочдын өнөөгийн амжилт яалт ч үгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай салшгүй холбоотой. Тэр хүн энэ спортод сэтгэл зүрхээ зориулаагүй бол бид өнөөдөр дэлхийн топ 10 орны тоонд багтах эсэхийг мэдэхгүй байна. Хичээллэх тамирчдын тоо хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Зааландаа багталцахгүй. Дээр хэлсэнчлэн Спортын төв ордны жүдогийн заал өглөө 08.00 цагаас оройн 21.00 хүртэл ямар ч зай завсаргүй бэлтгэлтэй байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга жүдод хангалттай хөрөнгө зарцуулж, ар гэртээ санаа зоволтгүй бэлтгэл хийх нөхцлөөр хангаж чадсан учраас өнөөдөр Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг тэргүүтэн гарч ирсэн юм. Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаад, ард түмэнд хайрлагдсан тамирчин боллоо. Тийм болохоор манай жүдочид Х.Баттулга ерөнхийлөгчийг хоёр дахь эцгээ гэж бодож, хайрлаж, хүндэлж явдаг юм.
-Завгүй бэлтгэлийн хажуугаар бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. 10 жилийн ой нь тохиож, 3000 дахь дугаараа гаргах гэж буй танай сонины хамт олонд баяр хүргэе. Олон сайхан сонирхолтой нийтлэл, ярилцлагаар уншигчдынхаа сонорыг мялааж яваарай. Түүнчлэн миний авсан хөдөлмөрийн баатар цол бол гэр бүл, хэдийгээр одоо дэргэд минь байхгүй ч халамжит хань, жүдогийн шигшээ багийнхан, Монголын жүдо бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, намайг олон жилийн турш дэмжсэн спортын байгууллагуудын минь ач буян юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Б.Мөнхзул