Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Татварын багц хуулийн онцлох 10 заалт

Татварын багц хуулийн онцлох 10 заалт
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 26
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хууль болон Тендерийн тухай хууль батлагдсантай холбогдуулсан мэдээлэл хийлээ. Татварын багц хуульд орсон онцлох 10 өөрчлөлтийг хүргэж байна.
1. Жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН байгаа бол тухайн байгууллага жилдээ 100 мянган төгрөгийн татвар төлөөд явах боломжийг нээсэн байна. Энэ боломжийг ашиглах 34 мянгай гаруй аж ахуйн нэгж байгаа юм байна.
2. Мөн жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлнө. Үүнд нийтдээ 47867 аж ахуйн нэгж хамаарах юм байна.
3. 300 саяаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилдээ хоёр удаа тайлан гаргаж, орлогоосоо 10 хувийн татвар төлөөд, 90 хувийг нь буцаан авна.  Монголд 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-ийн тоо 54 мянгад хүрчээ. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд жилдээ дөрвөн удаа тайлан гаргаж байсныг 1-2 болгож, хөнгөлөлтийн горимтой болгосон байна.  
4. Татвар ногдуулах хувь нь 10-25 болж шилждэг босго нь гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зургаан тэрбумаас дээш орлоготой ААН-үүд 25 хувиар татвар төлнө. Үүнд нийтдээ 164 аж ахуйн нэгж багтаж байгаа аж.
5. Амьдран суух зориулалтаар анх удаагаа орон сууц барьсан, эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг зургаан сая төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлэв.
6. Ипотекийн зээлээр анх удаагаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Тухайн иргэн банкнаас 13 хувиар орон сууцны зээл авсан бол ипотекийн зээлийн журмын дагуу найман хувь руу шилжүүлж,  наймаас арван гурав хүртэлх таван хувьд төлөгдсөн мөнгийг тухайн иргэнд буцаан олгох хөнгөлөлтийг тусгасан байна.
7. Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлнө. 1000 км-ээс дээш алслагдсан зайд ажиллаж байгаа ААН, иргэний татварыг 90 хувь хөнгөлөх заалт орсон. Сангийн яамны тооцоогоор 50 хувийн татварын хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 ААН хамрагдана. Харин 90 хувийн хөнгөлөлтөд 8268  иргэн, 55 ААН хамрагдана. Үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлого ногдох татварыг 50 хувь хөнгөлөхөөр болжээ.
8. Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчдад шилжинэ гэж одоогийн мөрдөж байгаа хуульд заасан байгаа. Иргэний хуульд, өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээлнэ гэж заасан байдаг байна. Сая баталсан татварын хуульд, татварын өр буюу хариуцлагын асуудлыг үр хүүдэд нь өвлүүлэхгүй гэж үзээд одоо мөрдөж байгаа заалтыг илүү тодорхой болгожээ. Ингэхдээ нас барьсан болон нас барсанд тооцогдож байгаа хувь хүний төлөх өрийг түүнтэй холбоотой өв залгамжлагчдад үүссэн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй гэж заасан. Тухайн хүн өөрөө бизнес эрхлээд өрөө хөрөнгөтэй болсон тэрэнд хамаарахгүй гэдгийг зааж өгчээ.
9. Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж заажээ. Энд хоёр нөхцөл давхар биелэх ёстой. Татварын өртэй этгээд өрөө барагдуулах хөрөнгө байхгүй, бусдаас авах авлагагүй бол, нөгөө нь нийт өрийн хэмжээ 20 сая хүрсэн бол гэж нөхцөлийг нь заажээ.
10. Жилд хоёр тэрбум төгрөг бүхий татвар ногдуулах орлоготой ААН жилд хоёр удаа тайлан гаргана. Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг ААН-үүдэд олгосон байна. Мөн татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол шууд ААН рүү шилжүүлэх заалтыг оруулжээ. Татварын өр төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгожээ.
Илүү дэлгэрэнгүйг доорх слайдаас харна уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн