Шинэ долоо хоногийг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн мэдээтэй угтах нь. Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнээ 50-250 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нөгөө талд ам.долларын төгрөгтэй харьцах ханш алгуурхан чангарсаар 2570 төгрөгт хүрлээ. Долларын ханш амралтын өдрүүдэд 10, хоёрхон долоо хоногийн дотор 70 гаруй төгрөгөөр чангараад байна.
Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг энгийн АИ-92 шатахууны литр тутмын үнэ 50-100, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгджээ.
Өнөө өглөөний байдлаар "Петровис" шатахуун түгээх станцын АИ-92 шатахуун 1885 төгрөгөөр, АИ-95 шатахууныг 2215 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Магнай трейд" АИ-92 шатахуун 1910 төгрөгөөр, АИ-95-ыг 2150 төгрөгөөр худалдаалж байв. Шунхлай АИ-92 шатахууны үнэ 1895, АИ-95 шатахууныг 2220 төгрөгөөр худалдаалж байна.
Шатахуун импортлогчдын хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаагаас шалтгаалан жижиглэнгийн шатахууны үнийг нэмэх нөхцөл үүссэн гэдгийг есдүгээр сараас мэдээлж, 1730 төгрөг байсан АИ-92 авто бинзений үнэ 1810 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл импортлогчид жижиглэнгийн үнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд дахиад нэмээд амжжээ.
Бензины үнэ болон долларын ханшийн өсөлтийг дагаж бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл тулгарч байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийг барих, тогтвортой байлгах боломж хомс байгааг гэдгийг мэдээлсэн. Засгийн газраас АИ-80 болон АИ-92 авто бензины онцгой албан татварыг тэглэсэн учраас цаашид авах арга хэмжээ хязгаарлагдмал байгаа юм.
Энэ он гарснаас хойш дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 гаруй хувиар өсчээ. Тиймээс аравдугаар сараас үнэ нэмэгдэх бодит шалтгаан үүсч байгааг импортлогчид мэдэгдсэн. Тухайн үед шатахууны үнэ литр тутамдаа 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүссэн гэж мэдээлж байсан.
Манай улсын шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани өнгөрсөн сард дизель түлшээ 502 ам.доллараас 673 ам.доллар болгож тонн тутамдаа 171 ам.доллараар нэмжээ. Мөн ОХУ-ын импортын хилийн үнэ 8-10 ам.доллараар өсөх хандлагатай байгаа нь шатахууны үнэ тэр дундаа дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний үнэ огцом нэмэгдэхэд нөлөөлнө гэж шинжээчид хэлж байна.