Open iToim app
Анализ | 6 мин уншина

Улстөрчдийн 'бохир гар'

Улстөрчдийн 'бохир гар'
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 14
Эртний Грекийн суут сэтгэгч, философич Аристотель “улс төрийн удирдагчид өөрийн эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд “чөтгөр” шиг үйлдэл хийвэл яах вэ?” гэх асуултыг тавьсан нь хүмүүний түүхэнд улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэмжээний  асуудлыг хөндсөн анхны тохиолдол болсон юм. Хожим сэргэн мандалтын үеийн нэрт сэтгэгч, улс төр судлаач, философич Никколо Макиавелли энэ асуудлыг хурцаар хөндсөн байдаг. Харин XX зууны эхэнд Никколо Макиавеллигийн ёс зүй, ёс суртахууны талаарх бүтээлүүдээс ихээхэн урам зориг авсан Италийн коммунист улстөрч, Марксист философич Антонио Грамски “Идэвхгүй хувьсгал” гэх алдарт бүтээлээ туурвисан юм. Ёс зүй, ёс суртахуун нь улстөрч, хууль-шүүх, улс-үндэстэн, хувьсгалд хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлсэн түүний бүтээл Италид фашист дэглэм тогтооход үлэмж хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэрээр “идэвхгүй хувьсгал” гэх үгээ тайлбарлахдаа “нийгмийн хүчтэй үйл явцгүйгээр улс төр болон институцийн бүтцийг өөрчлөх явдал” гэж томьёолжээ. Өөрөөр хэлбэл төрийн эргэлт, хувьсгал хийх замаар бус ёс зүйн хэм хэмжээнд баригдаж ажиллах зарчмаар сайн нийгмийг эмхлэн бүрдүүлэх боломжтой.
Ардчилсан нийгэм ноёрхсон орчин үеийн нийгэмд ч Антонио Грамскигийн үзэл баримтлал хүчтэй хэвээр байна. Америкийн улс төрийн онолч Майкл Уолцер ёс зүйгүй улстөрчдийг зүйрлэхдээ “бохир гар” гэх нэршлийг анх ашигласан байдаг. Товчхондоо, улстөрчид авлига өгч-авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын өмчийг хувийн хэрэгцээнд ашиглаж, шамшигдуулсан зэрэг ёс зүйн бусад хэм хэмжээг зөрчих замаар хууль батлах санал өгдөг гараа бохирдуулдаг гэх зүйрлэл юм. Тэрээр “аливаа улс үндэстэн бүрд байдаг асуудал нь үргэлж парадокс үүсгэдэг. Тиймээс улстөрчид заримдаа сайн зүйлийн төлөө муу үйл хийж болно гэвэл, жишээ нь илүү их хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд хүчирхийлэл ашиглах болно. Гэвч эцэст нь улс төрийн энэ шийдвэр нь хэдий үндэслэлтэй байлаа ч анхнаасаа буруу үйлдэл юм” гэсэн байдаг.
Ёс зүйн асуудалд зарим сэтгэгчид “хэрэв тухайн улстөрчийн үйлдэл үндэслэлтэй байгаа тохиолдолд бүхэлд нь буруутгах аргагүй. Гэсэн ч эцэст нь тухайн хүн ухамсартаа буюу ёс зүйн хувьд гэмшиж байгаа эсэх нь хамгийн чухал” гэдэг бол нөгөө хэсэг нь “эцсийн үр дүн ямар байхаас үл шалтгаалан ёс зүйн хувьд хэзээ ч зөвшөөрөх боломжгүй үйлдлүүд гэж бий” гэдэг. Харин Харвардын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Деннис Томпсон энэ асуудлыг “ардчилсан иргэний нийгэмд улстөрч болоод төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох эрх ард түмэнд бий. Хэрэв улс төрчийн үйлдэл үндэслэлгүй бол гар нь бохирдсон гэсэн үг” гэж  тайлбарлажээ.
Үндсэндээ улс төрийн ёс зүй код нь улс төрийн өндөр албан тушаалтнаас жирийн иргэнтэй харьцуулахад ёс суртахууны илүү өндөр стандартыг дагаж мөрдөхийг шаарддаг. Гэсэн ч ёс суртахуун гэдэг асуудал нь хүний нийгэм хөгжихийн хэрээр дагаж өөрчлөгдөж байдаг ойлголт юм. Эндээс харахад ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ гэдэг асуулт нь хүртэл өөрөө парадокс аж. Хариулт нь улс, үндэстний соёл, ёс заншлаас улбаалан үргэлж харилцан адилгүй байдаг. Нэгэнт энэ асуудал соёл гэх ойлголттой холбогдож буй учир улс төрийн соёл өндөр хөгжсөн орнуудад улс төрийн ёс зүйн кодыг баримтлах, дагаж мөрдөх байдал илүүтэй ажиглагддаг аж.
Зарим улс улстөрчид болон албан тушаалтнууд ёс зүйгүй үйлдэл гаргавал ингэж шийтгэдэг
Тухайлбал, барууны орнуудад улс төрийн ёс зүйн кодыг илүү ардчилсан зарчмаар хуулийн хүрээнд дагаж мөрдүүлдэг бол Ойрх Дорнодод илүү шашны философи талаас энэ асуудалд ханддаг. Харин манай хөрш орнуудад тэр дундаа БНХАУ-д хуулийн маш хатуу хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлж байна. Жишээ нь БНХАУ-д авлигал авсан буюу ёс зүйн ноцтой доголдол гаргасан улс төрийн өндөр албан тушаалтныг цаазаар авч байхад АНУ-д тухайн хүн ямар албан тушаалтан байхаас шалтгаалан хуулийн дагуу өөр, өөр арга хэмжээ авдаг.    
Энэ өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад албан тушаалаа урвуулан ашиглаж, улс төрийн хувийн ашиг хонжоо олох зорилгоор холбоотон орондоо өгөх ёстой байсан тусламжийг барьцаалсан гэх асуудлаар импичмент хийх үйл явц эхлээд байна. Итгэл үзүүлэх тухай асуудал нь үндсэндээ хууль, шүүхийн гэхээсээ илүүтэй хуульд заагдсан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг нээлттэй сонсгол хийх замаар тодорхойлох процесс юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчийнх нь нэр хүнд унана гэж тооцсон Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимер Зелинскитэй утсаар ярих үедээ ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Жои Байден болон түүний хүү Хантер Байдентай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөх хүсэлт тавьснаар гараа бохирдуулжээ.
Тус улсад улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, түүнд хяналт тавих үүргийг Конгрессын ёс зүйн хороонд даалгадаг. АНУ-д энэ төрлийн олон хууль байдгаас 2018 оны хоёрдугаар сард батлагдсан “Албаны өмчийг өөр хэрэгцээнд ашиглахыг хориглох ерөнхий хориг”-ийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх олон асуудлыг зохицуулсан байдгаас өнөөгийн Монгол Улсын улс төрийн хүрээнд үүсээд буй асуудлуудтай уялдуулан авч үзвэл, “Албан үүргийн хүрээнд аливаа болон өөрийн хувийн бизнестэй холбоотой асуудалд хандах, түүнд нөлөө, дэмжлэг үзүүлэх, аливаа улс төрийн үйл ажиллагааны зорилготой хөрөнгө цуглуулах, түүнийг зохион байгуулахгүй байх, ажлын байр болон зөвхөн албаны хэрэгцээнд ашиглах тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа албаны ба дүрэмт хувцас өмсөх, албаны хэрэгцээнд олгосон оффис, тээврийн хэрэгсэл, амьдрах орон сууцыг заагдсанаас өөр зориулалтаар ашиглах, шаардлагагүй тохиолдолд албаны хэрэгцээний тээврийн хэрэгслээр заагдсанаас бусад чиглэлд зорчих, албан ажлаар биш бол аль ч төрлийн тээврийн хэрэгслээр гадаадад болон дотоодод зорчсон тохиолдолд зардлыг хувиасаа гаргах, өдөр тутмын албаны хэрэгцээнд зөвхөн цаг хэмнэх, ажлын бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд өндөр зардалтай үйлчилгээг гаднаас авах, түүгээр үйлчлүүлэх. Үүнд бизнес ангиллын нислэг, тансаг хүлээн авалт зохион байгуулах гэх мэт бусад зүйлс багтана” гэж хуульчилжээ. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд холбогдох албан хаагчид заагдсан журмын дагуу хариуцлага тооцдог.
Улс төр төдийгүй нийгмийн хувьд маш өндөр ёс зүйтэй Япон улсад улс төрийн уламжлалт үнэт зүйлсийг ихэвчлэн “нийтлэг үзэл санаа, ойлголтод тулгуурласан бүлгийн эв нэгдэл, улс төрийн тусдаа намуудын харилцан ойлголцол, нийтийн зөвшилцөл” гэж тодорхойлдог аж. Энэхүү үнэт зүйлээ хэрэгжүүлэх ганцхан зам нь ёс зүйн хэм хэмжээг дагаж, мөрдөх. Зөвхөн төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтнууд төдийгүй япон хүн бүрийн хувьд багаасаа суралцаж, бахархан өсдөг нэг чухал хүмүүжил бол ёс зүйн хариуцлага хүлээх явдал юм. Үүнийг Японы нийгмийн суурь ойлголт ч гэж хэлэхэд буруудахгүй аж. Тухайн иргэн буруу зүйл хийсэн бол алдаагаа өөрөө ухамсарлаж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл хэдий хуульчлаагүй ч энэ нь иргэн бүрийн зайлшгүй дагах ёстой үүрэг бөгөөд хэрэв гаргасан алдаандаа бусдаар хариуцлага тооцуулбал илүүтэй шийтгэл гэж хүлээж авах хандлагатай байдаг аж. Үндсэндээ тус улсад хуулийн хариуцлагаас өмнө ёс зүйн хариуцлага хүлээх асуудал уламжлалт соёлын хувьд нэгд тавигддаг.        
Гэвч ёс уламжлал, соёлоо дээдэлдэг тус улсын орчин үеийн улс төрийн ёс зүйн хэм хэмжээний асуудал маш өвөрмөц шалтгаанаар бий болсон бөгөөд нэн шинэд тооцогдохуйц аж. Дэлхийн II дайны дараа эдийн засгийн гүн хямралаа даван гарахын тулд Япончууд барууны тэр дундаа Америкийн туршлагыг шууд хуулбарлах замыг сонгосон аж. Ингээд бодлогын хүрээнд Засгийн газар болон Төв банкны зүгээс хувийн бизнесүүдийг идэвхтэй дэмжиж, ялагчдыг бий болгосноор 1970 он гэхэд том корпорациуд хэд хэдээрээ бий болсон ч улсын нийт эдийн засгийн хэмжээ болон ДНБ-ий өсөлт тийм ч хангалттай бус байжээ. Тухайн үед үүний шалтгааныг төрийн албан хаагчдын хүнд суртал гэж тодорхойлсон байдаг. Үнэхээр ч олон зуун жилийн турш феодалын нийгэмд оршсоор ирсэн Японы ард түмний хувьд дарга хүн гэдэг угаас хүнд сурталтай байдаг гэх маягийн тогтсон ойлголт байжээ. Харин тэд энэхүү хэвшмэл ойлголтоос салахын тулд өмнөх түүхээ огт харлуулаагүй бөгөөд харин ч уламжлалт ёс суртахууны үнэлэмж дээр корпорацийн буюу шинэ цагийн соёлыг нэмж нэвтрүүлсэн нь Японы хөгжлийн гайхамшгийн нууц байсан гэж үздэг. Энгийнээр тайлбарлавал, бизнесийн байгууллага ашгийн төлөө ажилладаг. Тиймээс ажилчид болон удирдлагуудын дунд харилцан ёс зүйн нарийн уялдаа, шаардлага бий болж байж ашигтай ажиллана. Харин төр бол ашгийн төлөө бус иргэдийн сайн сайхны төлөө байх учиртай. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчид иргэдийн хооронд харилцан ёс зүй тогтож байж үр дүнтэй ахиц гарна гэж үзсэнээр 1990 он гэхэд Япон гайхамшиг биеллээ олсон түүхтэй. Үндсэндээ Япончууд үргэлж ялагч байхыг хүсдэг ард түмэн. Харин тэрхүү үндэстний ялалтыг авчрах ялагчдыг бүтээх төрийн түшээд ёс зүйгүй байж болохгүй аж. Ялагчийг бий болгохын тулд төрөөс зайлшгүй хууль эрхзүйн таатай орчин, дэмжлэг үзүүлэх, Төв банкнаас зөөлөн бодлоготой зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хэрэв энэ бүхнийг шийдэх бүрэн эрхтэй улс төрийн өндөр албан тушаалтны гар бохирдвол ялагч болох байсан хүний боломжийг хулгайлна гэсэн ердийн ойлголт аж.
Эх сурвалж: ethics.house.org, osc.org, SAGE Journals, Investpedia, Jstor
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн