Open iToim app
Зочин | 4 мин уншина

Ж.Азжаргал: Эцэг эхчүүд хүүхэд эрстэж болох орчин нөхцөлийг илрүүлж, засч сайжруулах нь чухал байна

Ж.Азжаргал: Эцэг эхчүүд хүүхэд эрстэж болох орчин нөхцөлийг илрүүлж, засч сайжруулах нь чухал байна
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 4
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/- аас гэр бүлийн болон албан байгууллагын орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж "Хүүхэд эрхэм хэрэглэгч" сарын аяныг өрнүүлж байна. Тус аяны талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.
-“Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяныг хэрэгжүүлж байгаа гол зорилго юу вэ. Аяны хүрээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?
-Энэхүү аяныг улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд гурван чиглэлийн үйл ажиллагааг онцлон зохион байгуулна. Тухайлбал, эцэг эх, гэр бүл, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага болон томоохон худалдаа үйлчилгээний байгууллагуудыг сонгож хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэхэд зөвлөмж, мэдээлэл өгч байна. Ингэхдээ хүүхдүүдэд хэрэглээний боловсрол олгох чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд боловсролын орчин, гэр бүлийн хүрээнд дэх өөрийн аюулгүй байдлаа шалгах хуудасны дагуу үнэлнэ.  Мөн эцэг, эхчүүд гэрийн орчин нөхцөл хүүхдэд эрсдэлтэй байгаа эсэхийг нягтлан шалгаж, эрсдэлийг арилгана. Жишээлбэл, цахилгааны аюулгүй байдал, галын аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, муу усны нүх цоорхой байгаа эсэх, эмийн зохистой хэрэглээ зэрэг хүүхэд гэрийн нөхцөлд эрсдэж болзошгүй ямар зүйл байна, түүнийг нь хамтдаа арилгана. Үүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн дотоод болон гадаад орчны аюулгүй байдлаа шалгана. Тухайн байгууллага хүүхдэд ээлтэй үйлчилгээг үзүүлж чадаж байгаа эсэх, гадна дотно орчны аюулгүй байдал зэргийг харгалзан хүүхдийн аюулгүй байдлыг хангасан орчныг бүрдүүлж чадсан эсэхээ энэхүү аянаар үнэлж байгаа юм. Мөн хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд өнжүүлэх төвүүд аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг нь үнэлж, түүнд үндэслэн үйл ажиллагааг нь сайжруулах болно.
-Судалгаагаар бага насны хүүхэд хаана илүү их бэртэж, гэмтэх тохиолдол гарч байна вэ?
-Ахуйн осол гэмтэлд жилдээ 20 мянга гаруй хүүхэд ямар нэг байдлаар өртөж, гэмтэх тохиолдол гардаг. Ерөнхийдөө нийт осол гэмтлийн 50-иас дээш хувь нь эцэг эхийн хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж бага насны хүүхэд өндрөөс унах, бэртэх гэмтэх, гэрийн нөхцөлд галын цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс болж түлэгдэх, цаашлаад амь насаараа ч хохирох тохиолдол гарч байна. Мөн жолооч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтэх зүйл их гарч байна. Бидний хариуцлагагүй, хойрго зангаас шалтгаалж бага насны хүүхэд бэртэж гэмтэх, эрсдэх шалтгаан нөхцөл бий болж байна. Иймд бид эцэг эхчүүдийг үүрэг хариуцлагаа сайжруулъя, сонсдог биш хэрэгжүүлдэг, хэвшүүлдэг байя гэх зүйлийг аянаараа дамжуулан уриалж байгаа. Насанд хүрсэн хүн бүр хариуцлагатай, ухамсартай ямар нэгэн зүйлийг сонсоод өнгөрөх биш хийж хэрэгжүүлж, хэвших дадлыг өөртөө бий болгохыг хүсч байна.
-ГБХЗХГ-аас “Эрхэм хэрэглэгч хүүхэд аян”-ы хүрээнд эцэг эхчүүдэд хүргэх зөвлөмж мэдээллээ ямар хэлбэрээр түгээж байгаа вэ?
-Улсын хэмжээнд эцэг эхчүүд рүү чиглэсэн хэрэглээний боловсролын сургалтуудыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байна. Гэвч манай улсын онцлогоос шалтгаалан хөдөө орон нутагт суугаа малчин иргэддээ хэрхэн мэдээллээ хүргэх вэ гэдэг том асуудал болж байгаа юм. Орон нутагт ялангуяа малчин айл өрхүүддээ явуулын сургалтын хэлбэрээр ар гэрт нь очиж мэдээллийг хүргэх хэлбэрээр явуулж байна. 
-Ер нь байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүүхэд эрсдэж болох эрсдэлт нөхцөл байдал их зөрчил илэрдэг вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд байгууллага аж ахуйн нэгж рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулсан. Ингээд нийслэлийн хэмжээнд бага насны хүүхэд эрсдэлтэй 151 орчныг илрүүлсэн. Улмаар, тухайн орчинд харьяалагдах аж ахуйн нэгж байгууллагад бага насны хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлтэй орчноо арилгах, засварлах үүрэг, чиглэлийг өгч байна. Түүнчлэн, Нийслэлийн ЕБС-ын 86 сургуулиас 83 нь гадаад дотоод орчноо сайжруулах, хүүхдэд ээлтэй болгох шаардлагатай байгааг олж тогтоолоо. “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян дахиад дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэхэд аж ахуйн нэгж байгууллага, гэр бүл, сургуулийн хүрээнд орчны эрсдэлийг илрүүлэх тоон мэдээлэл илүү цугларна.
Уг аянаар дамжуулан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа. "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяны хүрээнд томоохон аж ахуйн нэгж байгууллагууд хамтран орчны аюулгүй байдлыг сайжруулах, ээлтэй орчныг бий болгох санаачилгад идэвхтэй оролцож хамтран ажиллаж байна. Үүнд бидний зүгээс их талархалтай хандаж байгаа. Цаашлаад төрийн бүх шатны байгууллага, хүүхдэд ээлтэй зөв үлгэр дуурайл үзүүлэхүйц хандлагаар хандъя гэх зорилт дор бүтэн жилийн хугацаанд явах болно. 
-Таны зүгээс эцэг эхчүүдэд хандан хүүхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд юу гэж уриалах вэ?
-Хэрэв хүүхэд ямар нэг эрсдэлд байгаа эсэхийг мэдсэн, таамагласан тохиолдолд иргэн хүн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд заавал мэдээлэх шаардлагатай. Учир нь, хүүхэд өөрийгөө эрсдэлтэй нөхцөлд байгаа эсэхээ мэдэхгүй, бусдаас тусламж дэмжлэг хэрхэн авах, өөрийгөө яаж хамгаалах зэргийг бүрэн мэдэхгүй. Иймд насанд хүрсэн иргэн бүр хүүхдэд ээлтэй орчин, нөхцөл байдлыг бий болгох, хэрэв ямар нэгэн хүчирхийлэл гэмт хэрэгт өртсөн байгааг мэдэж, таамагласан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад хандаж, мэдэгдээрэй гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн