Английн Линкольншир мужид “H5N1” буюу шувууны ханиадны дэгдэлт үүсэж, халдварын тархалтыг зогсоох зорилгоор нэг сая гаруй тахиаг устгалд оруулсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Линкольншир мужид “H5N1” вирусийн анхны батлагдсан тохиолдол 2021 оны арванхоёрдугаар сарын 11-нд бүртгэгдсэн бөгөөд одоогоор 12 голомт бүртгэгдсэн байна. Мөн Йоркшир мужийн Поклингтон хотод хоёр байршилд шувууны ханиадны голомт бүртгэгдээд байгаа аж.
Харин “H5N1” вирус шувуунаас хүнд халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Линкольншир болон ойролцоох мужууд дахь фермийн шувууд болон зэрлэг шувуудын дунд шувууны ханиад эрчимтэй тархаж байгаа аж. Өвлийн улиралд эх газрын Европоос Их Британийн арал руу зэрлэг шувууд нүүдэллэн ирдэг нь “H5N1” вирусийн дэгдэлт гарах шалтгаан болдог гэжээ.
Тэгвэл Голландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын зүүн хэсэгт мөн шувууны ханиадны дэгдэлт гарч, нийт 400 мянга гаруй шувууг устгалд оруулсан байна.
ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар “H5N1” вирус шувуунаас хүнд халдварлах эрсдэл харьцангуй бага байдаг аж. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн 60 хувь нь нас бардаг бөгөөд ихэвчлэн шувууны нойтон мах, сангас зэргээр дамжин хүнд халдварладаг байна. Тодруулбал, сүүлийн 20 жилийн хугацаанд ихэвчлэн Зүүн өмнөд Ази, Хойд Африкийн 18 улсад “H5N1” вирус шувуунаас хүнд халдсан 863 тохиолдол бүртгэгдсэнээс 456 буюу 52.8 хувь нь нас баржээ.
Шувууны ханиадаар өвчилсөн өвчтөнүүдэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх, булчин хөндүүрлэх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин хүндээр хэлбэрийн өвчлөл нь уушгины хатгалгаа болох, амьсгалын дутагдалд орох зэрэг амь насанд аюултай өвчлөл үүсгэдэг байна.