Амьдралдаа сэтгэл хангалуун байж, аз жаргалтай амьдрахыг хүсдэггүй хүн байхгүй. Тэгвэл аз жаргалтай амьдрахад ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг Харвардын эрдэмтэд 75 жилийн турш буюу хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн урт хугацааны судалгааг хийжээ.
Тэд 75 жилийн турш 724 хүний амьдралыг судалсан бөгөөд судалгаанд оролцогчдыг хоёр жил тутам, эрүүл мэнд, сэтгэцийг нь судалж, амьдралынх нь тухай тогтмол ярилцлага хийж, бүх хүмүүсийн амьдралд дүгнэлт хийж, ямар үйл явдал хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг судалж эхэлжээ. Судалгааг “Грант Глүк хоёр” гэж нэрлэсэн бөгөөд Грант хэсэгт Харвардын их сургуулийн хоёрдугаар дамжааны 258 эрэгтэй оюутан, Глүк хэсэгт Бостон хотын хамгийн ядуу хэсэгт амьдардаг 12-16 настай 456 хөвгүүдийг хамруулан судалсан байна.
Хүний амьдралын турш хийгдсэн тус судалгааны үр дүнг Харвардын сэтгэл зүйн ухааны доктор, сэтгэлзүйч Роберт Жи Валдингир TED илтгэлээр олон нийтэд ил болгожээ.
Роберт илтгэлдээ бид бараг наян жилийн судалгааны үр дүнд Аз Жаргал гэдэг бол Хайр юм гэдгийг л хамгийн тодорхой болгосон. Гэхдээ тэд Хайр гэдэг үгийг зөвхөн хосуудын дурлал биш, тухайн хүний хүрээлэл найз нөхдийн хайр, гэр бүлийн гишүүдийн хайр, өөрийгөө хайрлах хайр, бас амьдралыг хайрлах хайр зэрэг өргөн утгаар хэрэглэжээ.
Гэр бүл болоод найз нөхдийн ЭРҮҮЛ харилцаа нь аз жаргалтай амьдралын нууц
Аз жаргалтай амьдрах судалгааны үр дүнд гарсан чухал нээлтүүдээс хүргэе.
1. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, найз нөхөдтэйгөө таарамж сайтай хүмүүс илүү аз жаргалтай, бие бялдрын хувьд эрүүл чийрэг байдаг илүү урт насалдаг нь тогтоогджээ. Харин эсрэгээрээ эргэн тойрныхоо хүмүүстэй таарамж муутай, ганцаардмал, зожиг хүмүүсийн бие махбод өвчлөмтгий, тархины үйл ажиллагаа сул байдаг бөгөөд наслалт ч мөн богино байдаг болохыг тогтоожээ. Гэхдээ аз жаргалын нууц бол зөвхөн олон найзтай байх биш юм. Хэдий олон найзтай ч ганцаардмал, амьдралдаа гундуу явдаг хүмүүс ч байсан бөгөөд судлаачид эндээс аз жаргал нь хэр олон хүнээр хүрээлүүлдгээр тодорхойлогддоггүй гэсэн дүгнэлт хийжээ. Аз жаргал, сэтгэл хангалуун байдал нь сэтгэлээ онгойтол ярилцах итгэж болох ойрын нөхөд, хамтрагчтай байхад хамгийн ихээр бий болдог гэнэ. Харин эсрэгээрээ гэр бүл салалт, зөрчилтэй нөхдийн харилцаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гэр бүл болоод найз нөхдийн ЭРҮҮЛ харилцаа нь аз жаргалтай амьдралын нууцын нэг хэмээн тодорхойлсон юм. Үнэн сэтгэлээсээ ярилцах хүнгүй үед хүн ганцаардлыг маш ихээр мэдэрдэг бөгөөд энэ нь аз жаргалтай амьдрал байтугай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ганцаардал хүнийг дотроос нь архи, хорт зуршлаас ч илүүгээр устгаж байдаг гэнэ. 2. Эрдэмтэд хүний амьдралын нууцыг судлахаар түгээмлээс арай өөр хэлбэрийг сонгосон байна. Энэ нь судалгаанд оролцогсдын жил бүр өгсөн санал асуулгад суурилан бага насандаа, залуудаа өгсөн судалгаа нь жил ирэх тусам хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглажээ. Үр дүнд нь хүмүүс 80 нас хүрсэн хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын хэмнэл нь удамшлаас хамаарахгүй буюу 50 насандаа өөртэйгөө болон бусадтай эрүүл харилцаж байсан хүний бие махбод ч эрүүл байдгийг олж илрүүлсэн байна. 30-50 насандаа согтууруулах ундаа, хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэгт донтсон хүмүүсийн гэр бүл салалт хамгийн өндөр хувьтай байсан төдийгүй ихэнх нь 80 нас хүрээгүй бөгөөд, хүрсэн ч бие махбодын олон зовуурийг туулдаг болохыг тогтоожээ.Тиймээс өөрийн эрүүл мэндээ хайрлан, гэр бүлийн харилцаагаа авч үлдэх нь өөрт нь болоод эргэн тойрныхонд нь эерэг нөлөөтэй аж.

Мөнгө, нэр алдар хөөцөлдөх нь сэтгэлийн амар амгалан байдалд хамгийн их саад болдог
3. Нийгэм, дотнын хүмүүстэйгээ харилцах эрүүл харилцаа нь дан ганц бие махбодын эрүүл мэндэд бус оюун ухааны, сэтгэлийн амар амгаланд хүргэдэг бөгөөд эрдэмтэд судалгаанд оролцогчийн амар амгаланг тодорхойлсон хариултаас “Бусдад өөрийгөө, хийж бүтээснээ хүлээн зөвшөөрүүлэх, ямар нэгэн зүйл батлан харуулах гэж зүтгэн /мөнгө, алдар нэр/ хөөцөлдөх нь сэтгэлийн амар амгалан байдалд хамгийн их саад болдог болохыг тогтоожээ. Харин бусдын үзэл бодлыг хүндлэн, байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгалан, тайван амьдралын гол нууц гэжээ.
Хүний амжилтад гэр бүлийн гарал угсаа биш, суурь хүмүүжил, харилцаа нөлөөлдөг
Мөн судалгаанд орсон 724 хүний дунд АНУ-н нэгэн үеийн Ерөнхийлөгч ч багтаж байсан бөгөөд гэр бүлийн гарал угсаа хүний амжилтад ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, харин гэр бүлийн хүмүүжил, харилцаа нөлөөлдөг гэж дүгнэжээ. Гэр бүлийн харилцаа халуун дулаан уур амьсгалд өссөн хөвгүүдийн орлогын төвшин, сөрөг харилцаатай байсан хөвгүүдийнхээс хав илүү байсан хэмээн онцолжээ. Түүнчлэн олон нийтийн эрүүл харилцаа нь оюун ухааны хөгжилд ч нөлөөлдөг болохыг тогтоосон бөгөөд гэр бүл, найз нөхдийн харилцаа тогтвортой байх тусам сайхан дурсамжууд нэг нэгээр нэмэгдэн таны тархины багтаамжийг тэлдэг гэнэ. Харин муу муухай саар дурсамжаа бид санахыг хүсдэггүй мартаж орхидог учир тархины үйл ажиллагаанд ч муугаар нөлөөлдөг аж.
Роберт илтгэлийнхээ төгсгөлд сая сая хүмүүс аз жаргалыг мөнгө, алдар нэр гэдэгт итгэдэг гэхдээ үнэхээр тэр бүхнийг олоод авчихсан хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхдийн нандин харилцаагаа авч үлдэж чадсан байдгийг онцолмоор байна. Мэдээж хүмүүний амьдралд амар хялбар зүйл гэж үгүй. Гэхдээ эдгээрээс хамгийн хэцүү нь хүмүүс хоорондын харилцаа юм. Тиймээс хамгийн сайн хувилбарыг олтлоо хичээсээр байх хэрэгтэй. Сайхан амьдрал сайн харилцааны үндсэн дээр бий болдог.
Тиймээс би илтгэлээ Марк Твейнээс эшлэн өндөрдүүлмээр байна.“Хүмүүний богино амьдралд үзэн ядах, аллага үйлдэх, уучлалт гуйх, гомдоох хугацаа байхгүй зөвхөн хайрлах, ойлгох, хүндлэхэд л зарцуулах хугацаа оршино” гэжээ.
Эх сурвалж: cnbc.com, TED.com, news.harvard.edu