Open iToim app
Таны сонорт | 5 мин уншина

Б.Баярчимэг: Монголынхоо бүх аймагт Хармаг жимсийг тариалж, ногоон хөгжлийг бий болгоно

Нийтэлсэн 2020 оны 7 сарын 27
undefined
Цус шингэлж,  даралт тогтворжуулах,  гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг, элдэв шархлаа, хагалгааны шарх зэргийг маш хурдан эдгээдэг, С амин дэмээр баялаг, дархлааг дэмжиж зэрэг олон давуу талтай Хармаг жимсний тухай “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн удирдагч Б.Баярчимэгтэй ярилцлаа. Хармаг жимс нь сүүлийн жилүүдэд байгалийн доройтол, цөлжилтийн улмаас ургаж, жимслэх нь багасчээ. Гэтэл уг жимс нь хүнд нэн хэрэгцээтэйгээс гадна байгалийн ногоон хөгжлийг бий болгох боломжтой байдаг аж.
-Юун түрүүнд Хармаг жимс ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаж болох уу?
-Хармаг жимсний найрлагад 0,7-2,4 хувийн органик хүчил, 21-32 хувийн С витамин 9,4-11 хувийн сахар, 0,1-0, хувийн идээлэх бодис агуулагддаг. Хүний биед чухал шаардлагатай 8 төрлийн тэжээл, 18 амин хүчил, уургаар баялаг. Хармагны чухал амин хүчлийн агууламж нь чацарганын /Hippophae rhamnoides/ шүүснээс өндөр болох нь тогтоогдсон. Мөн сондуулын навч нь хармаг жимстэйгээ ижил агууламжтай болохыг тогтоосон байдаг. Үр жимсийг хүн идэхийн хамт говийн бүх мал, амьтад, шувуудын хоол тэжээл болдог ба говийн баавгай мазаалай маш дуртай. Хармагийн жимсээр дарс, ундаа, шүүс, чанамал хийхийн хамт чихрийн үйлдвэрт будагч материал, болгон ашиглах боломжтой. Сибирь хармаг, Роборовскийн хармаг, шоберийн хармаг зэргийн жимсийг ар монгол эмч нар эмэнд хэрэглэдэг эмийн үнэт ургамлууд юм. Түүнчлэн хөхний сүүний хордлого гээд нялх хүүхдийн бүх биеэр загатнасан товхойсон усархаг ярыг хармагны хандаар эмчлээд цагаан судалтай сорвитой болоод эдгэсэн, ходоод дотрыг анагаасан зэрэг ам дамжин ирсэн уламжлалт хэрэглээнүүд бий. Сондуулийн шарласан навчийг тэмээ мал идэх бөгөөд, хавар тамирдсан малд тэжээлийн зориулалтаар өгөхөд хурдан тэнхэрдэг. Хармагийн арзгар нягт титэм нь салхи шуурганаар зөөгдөн ирсэн элс тоос бусад зүйлүүдийг барин тогтоож товцог, сондуул гэж нэрлэгддэг элсэн овгоруудыг үүсгэж энэ нь элсний хөдөлгөөнийг хязгаарлан барьж нүүлтийг зогсоох бололцоо олгодог элс тогтворжуулах тэргүүн зэргийн ач холбогдолтой. Байгалийн цөлжилтийг бууруулагч гэж хэлж болно. Сайн амин дэм, амин хүчил агуулах тул үндсээр дамжин хөрсийг шимжүүлж байдаг.
-Хармаг жимс ямар шалтгаанаас болж, хэзээнээс ховордох болов?
-Сүүлийн 20 жилийн байгалийн доройтол, цөлжилтийн улмаас байгалийн нөхөн сэргээлт удааширан, жилээс жилд үрлэлт, жимслэлт багасаад байгаа. Мөн хур чийгийн дутмагшлаас үр байгаль дээрээ амьдрах чадваргүй байна. Залуу бут багасаж байгаа байдал бас холбоотой. Энэ байдлаараа хүний дэмжлэг оролцоогүй болж 15 жил болоход нэн ховорын хэмжээнд хүрэх болзошгүй эрсдэл байгааг манай судалгаанууд харуулж байгаа.
-Та хэзээнээс, мөн яагаад энэхүү жимсийг үржүүлж олон газар нутагшуулахыг хүссэн юм бэ?
-Юуны өмнө энэхүү ажлыг маш цөөхөн хүнтэй баг хийдэг. Манай багийнхны чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр Монголынхоо нэг чухал нөөцөд түшиглэсэн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах хэмжээнд хүрнэ гэсэн итгэлтэй байна. Байгаль дэлхийдээ ч, ард түмний амьжиргаа, улс орны эдийн засаг өсөхөд бодит хувь нэмэр оруулах боломжтой нөөцүүдийн нэг. Говийг ойжуулах, ногоон хөгжилд хөл нийлүүлэх зорилгоор 2005 оноос хойш аймгийн төвийнхөө цэцэрлэгт хүрээлэн, өөрийн гэр, байгуулллагын орчинд, Далангийн гол зэрэг газарт 800 орчим улиас тарьсан. Үүнээс 10 хувь нь ургасан. Энэ туршлагаараа говийн ус ховор нөхцөлд тогтвортой ойжуулалт болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, говийн ойжуулалтыг жимсний модоор хийх нь илүү тохиромжтой, бодитой ажил болохыг ойлгосон юм. Тиймээс  2010 онд чацарганын хоёр настай 20 бут тарьж үзээд, үргэлжлүүлэн 2012 оноос говийнхоо хармагийг хамгаалж, ургуулангаа говио ойжуулж болно гэж үзээд, байгаа боломж бүхэн дээрээ тулгуурлан өнөөдрийг хүртэл зорьцгоож байна. 
-Одоо тус жимсний ургалтын тухай ярилцъя. Хэзээ таривал тохиромтой, арчилгаа хэр их шаарддаг, жимсээ хэдэн сард өгдөг гэх мэт?
-Хармаг жимс нь сондуул гэж нэрлэгддэг бутанд ургадаг. Үрээр болон мөчир үндэслүүлэн тариалж болдог. Эхэндээ маш эмзэг. Нэгэнт үндэслээд, мөчир салаалаад ирсний дараа тариалах арга технологийн дагуу ургуулахад гурав дахь жилээс жимслэж эхэлдэг юм. Байгалийн ургамал тул бортоготой үрсэлгээг дулаан цагт хэдийд ч тарьж болно.
undefined
-Говь нутгаас өөр газар тарих боломж хэр их байгаа вэ. Хэцүү юу? 
-Байгаль дээрээ Увс, Ховд, Хэнтий зэрэг хангайн нутгаар ургадаг. Тарималаар хангайд ургуулах ажлыг 2015 оноос багаар буюу үр түгээх байдлаар эхлүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байлаа. Тиймээс өөрсдөө хармаг ургуулах агро техникийн туршилтуудыг 2012 оноос хойш тасралтгүй хийж ирлээ. Энэ тийм ч амар байгаагүй. Одоо ч байгаль цаг уурын онцлог, хүний нөөцийн байдал, материаллаг бааз гээд олон хүчин зүйлсийн нөлөөлөлтэй эрсдэл гарч ирсээр байгаа.
-Тус жимс их ургах нь байгаль орчин, эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэв үү? 
-Энгийнээр ойлгуулахад чацарганаар бид юу хийж болдог билээ тэр бүгдийг хийж болно, гол нь агуулж буй амин дэм эрдэс нь, ялангуяа С агууламж чацарганаас илүү гэсэн Хятадын эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа бий. Элсний нүүдлийг бууруулдаг тухай дурдсан. Хэдий ихээр тарьж ургуулна, төдий чинээ ногоон бүс бий болох төдийгүй эндемик орчных нь төрөл бүрийн ургамлууд сэргэх, эмийн ургамлууд нэмэгдэх, ховор, нэн ховор ургамлууд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, байгалийн олон янз байдал төрөл зүйл чигээрээ хамгаалагдаж, арвижиж генетик нөөцийн эдийн засгийн тогтвортой эргэлтэд орж түүнийг дагасан ногоон хөгжил бий болно. Ер нь байгалийн ургамлыг тариалж, арвижуулан үр шимийг хүртэх тухай санал загварыг “Хатан хармаг Кластер” төсөл гаргаж байгаа. Цаашдаа байгалийн ургамлын гаралтай генетик нөөцөд стратегийн ач холбогдол байгааг төр, хувийн хэвшилгүй анхаарч, маш эмх цэгцтэй, эрх зүйн таатай орчинд, хавсран хөгжихөөр хөдөлмөрлөж зориход асар их баялаг нөөц бий.
-Одоо хэр их үрсэлгээ гаргасан бэ. Говьд ихийг тарьсан уу?
-Монгол орныхоо 21 аймагт Хармагийн аж ахуй хөгжүүлэхэд хүрэлцэхээр үрсэлгээг бэлтгэсэн. Хангайд буюу хармаггүй газар шинээр тариалах тул үрсэлгээ, тарьц  байх үед нь нутагшуулах нь илүү найдвартай юм.
-Цаашид ард иргэд болон төр засгийн ямар туслалцаа хэрэгтэй байна вэ?
-Байгалиас нь зөвшөөрөлгүй түүдэг биш, тариалаад ашигладаг болгохын тулд нэн түрүүнд Генетик нөөцийн тухай хууль, түүнтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, экспортын эерэг бодлого зэрэг өсч хөгжих боломжтой бодлого яаралтай гаргах хэрэгтэй байна.  Эрх зүйн таатай орчинтой бол маш олон иргэд, аж ахуйн нэгжүүд энэ салбарт хүч үзэх сонирхолтой байдаг. Тариалах, экспортлох зэрэг чухал эрх зүйн боломж муу байна. Гэвч шалтаглаад суулгүй бага багаар урагшлуулж байгаа.
undefined
undefined
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн