Open iToim app
Бүтээгч | 2 мин уншина

Их дэлгүүрийн өмнө 25 метрийн урттай усан оргилуур нээлтээ хийнэ

Их дэлгүүрийн өмнө 25 метрийн урттай усан оргилуур нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 22
iToim агентлаг хаана, ямар зам талбай, барилга байгууламж шинээр баригдаж, ямар бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар “Миний Улаанбаатар” буландаа цувралаар бэлтгэн хүргэдэг байгаа билээ. Ээлжит дугаартаа Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу Их дэлгүүрийн урд хэсгээс Аса цирк хүртэлх талбайн иж бүрэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг онцолж байна.  
Монголын барилгын үндэсний ассоциацтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулахаар болсон.
Уг гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд эвдэрсэн талбайг засах, өнгөт чулуу тавих, иж бүрэн гэрэлтүүлэг хийх, зүлэгжүүлэх ажлыг хийж байгаа аж. Хамгийн гол нь хуучин усан оргилуурыг орчин үеийн хэв загвараар шинэчлэж байгаа юм байна. Тохижилтын ажилд 400 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Алдарт BEATLES  хамтлагийн хөшөөний урд хэсэгт бүтээн байгуулалтын гол ажил болох усан оргилуурыг шинэчлэн байгуулах юм байна. Хуучин усан оргилуур нь задгай учраас иргэд хог хаягдал хаях, хүүхдүүдээ тоглуулах асуудал гардаг байжээ. Тиймээс тохижилтын ажлын хүрээнд оргилуурыг битүү байдлаар шийдсэн байна. Ингэснээр усан оргилуурт хүүхдүүд орж тоглох, хог хаягдал хаях асуудал гарахгүй гэж үзжээ.
Усан оргилуур нь 25 метрийн урт, дөрвөн метрийн өргөнтэй. Дөрвөн төрлийн цацалттайгаас гадна өнгө өнгийн гэрэлтүүлэгтэй юм байна. Үүнээс гадна хөгжмийн аяаар цацалт хийх аж. Оргилуурын шинэчлэлттэй холбоотойгоор шугам сүлжээг бүрэн шинэчлэж байгаа юм байна.
Усан оргилуурын өмнө хэсэгт байрлах Б.Цэрэндоржийн хөшөөний эвдэрч унасан чулууг засаж, хөшөөний хоёр талын талбайг нарийсган явган зорчигчийн гарц хийх аж.
Харин BEATLES хөшөөний зүүн урд хэсэгт төгөлдөр хуурын хэлбэртэй цэцгийн мандлыг тавина.
Уг хөшөөний хойд хэсэгт иргэд ая тухтай амарч, хүүхдүүдээ тоглуулах орчныг бүрдүүлэх үүднээс задгай талбайд өвөрмөц шийдлийн сандал, гэрэлтүүлэг тавихаас гадна дугуйн зогсоол байгуулах юм байна. Харин дараа жилээс ургамалан хашлага, гоёлын бут сөөг тарихаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар тохижилтын ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 5-6-ны хооронд Б.Цэрэндоржийн гудамжийг нээх юм байна. Харин цаашид усан оргилуур, талбайн ашиглалт, хамгаалалт маш чухал. Сул талбайд ТҮЦ тавиулахгүй байх талаас анхаарахыг хүсч байна. Худалдааны гудамж болгохгүй байх хэрэгтэй хэмээн Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн