Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Р.Хасбаатар: Дуртай цувралаа үзэхийн тулд жилийн дотор англи хэл сурсан

Р.Хасбаатар: Дуртай цувралаа үзэхийн тулд жилийн дотор англи хэл сурсан
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 10
Энэ бол ШУТИС-д мэдээлэл технологийн дөрөвдүгээр курсийн оюутан Р.Хасбаатар. Тэрээр 21 настай бөгөөд их сургуульд сурахын хажуугаар чөлөөт цагаараа кино орчуулгын “Serisu” сайт болон Монгол HD телевизэд кино орчуулагчаар ажиллаж байгаа юм.
Р.Хасбаатар дөрвөн жилийн өмнө Архангай аймгийн Хотон сумаас Улаанбаатар хотод их сургуулийн оюутан болж ирэхдээ англи үсгээ ч бүрэн мэддэггүй байжээ. Өнөөдрийг хүртэл тэрээр англи хэлийг хэн нэгнээр заалгаагүй, зөвхөн өөрийнхөө дуртай зүйлээр дамжуулан богино хугацаанд амжилттай сурч чаджээ. Ингээд Р.Хасбаатартай хэрхэн англи хэл сурсан, ямар арга барилаар ажилладаг талаар ярилцлаа.
-Кино орчуулна гэдэг нь өөрөө хэлний нэлээд өндөр төвшний мэдлэгтэй байхыг  хувь хүнээс шаардана шүү дээ. Чиний хувьд англи хэлийг хэрхэн сурч, кино орчуулах хэмжээнд хүрсэн юм бэ?
-Ер нь бол би багаасаа л хэлэнд маш их сонирхолтой хүүхэд байсан. Миний англи хэл сурсан түүх ч шууд л кинотой холбоотой. Анх “The Vampire Diaries” гээд цуврал Movie box дээр арван хэдэн настайдаа үзэж эхэлж байсан юм. Хэдэн бүлэг гараад л зогсчихсон. Тиймээс цааш үргэлжлүүлж заавал үзнэ гэж өөртөө амласан. Миний хувьд Архангай аймгийн Хотон сумд 10 жилээ төгссөн. Манай сумд ганцхан англи хэлний багштай бөгөөд англи хэл зааж өгөх хүн бараг байгаагүй дээ. Миний хувьд эгчийнхээ компьютер дээрээс англи үсгүүдээ бичиж аваад эгчээрээ дараалалд нь оруулж байгаад үсгээ цээжилдэг байсан. Дараа нь хэдэн үсгээ нийлүүлж уншиж сурч, анхан шатныхаа мэдлэгийг олж авсан. Удалгүй оюутан болоод хотод ирээд нөгөө цуврал киногоо олж үзэхийг хүссэн ч англи хэл дээр байсан. Эхэндээ 40 минутын киног үзэхийн тулд ойлгохгүй, өгүүлбэрүүд дээрээ зогсоод мэдэхгүй үгнүүдээ орчуулаад, тэмдэглэл хийгээд үзэхэд ойролцоогоор гурав орчим цагийг зарцуулдаг байсан. Киноныхоо 20-30 хувийг нь л ойлгодог байлаа. Тэгж үзсээр байгаад жилийн дараа цувралынхаа төгсгөлийн бүлгийн сүүлийн ангийг үзэж дуусгахад 100 хувь ойлгодог болсон. Энэ цувралыг талд нь орж байхад би “Serisu”-д орж байсан юм. Хамгийн гол нь хэл сурах хүсэлтэй л байх хэрэгтэй. Миний хувьд сургалтад сууж байгаагүй, багштай байгаагүй учраас дүрэм тал дээрээ сул байсан. Дүрмээ яаж сайжруулсан вэ гэхээр кинонд гарч байгаа үгнүүдийг үгээр биш өгүүлбэрээр нь цээжилдэг байсан. Өгүүлбэрээр нь цээжлэхээр давхар дүрмээ мэддэг болчихдог.
-Яагаад “Serisu” кино сайтад ажиллахаар шийдсэн бэ?
-Миний хувьд кино болон поп соёлд их дуртай. Энэ утгаараа Монголдоо поп соёлыг таниулж, залуучуудыг соён гэгээрүүлж байсан газар нь тэр үед “Serisu” байсан.
-Одоо хэдэн гишүүнтэй вэ?
-Анх байгуулж, ажиллаж байсан найзууд маань бүгд ажил амьдралтай болоод завгүй болсон. Тиймээс дараагийнхаа үедээ шилжүүлье гэж шийдээд шинэ гишүүд элсүүлж авч байгаа. Ихэнх гишүүд 17-19 настай. Анх эхэлснээс хойш нийт 100 орчим хүн манайд ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-“Serisu family” гишүүн болох сонирхолтой хүүхэд, залуусыг ямар шаардлагаар авдаг вэ. Мэдээж орчуулга хийх чадварыг хамгийн чухал шалгуур байх.
-Манай “Serisu family” нэгдэх сонирхолтой залууст бид гурван шалгуур тавьдаг. Нэгд, монгол хэлний зөв бичгийн дүрэм болон найруулан бичих чадвар сайн байх ёстой. Хоёрт, англи хэлний мэдлэг, гуравт энэхүү ажилд хандах сэтгэл, хандлагыг нь харна.  Яагаад гэвэл бид нар бүгд л ажилтай, сурдаг хүмүүс байдаг учраас үүнийхээ хажуугаар зав гаргах сэтгэлтэй байх нь хамгийн чухал.
-Кино орчуулна гэдэг бол тийм ч амархан зүйл биш шүү дээ. Сурч боловсрохын хажуугаар орчуулга хийх цагаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Мэдээж хамгийн чухал зүйл бол хичээл. Гэхдээ хичээлийн хажуугаар гардаг цагаа үр бүтээлтэй өнгөрөөх нь чухал. Миний хувьд кино орчуулгын ажлыг ажил гэж боддоггүй. Өөрийнхөө чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх арга гэж үздэг. Тийм учраас хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаар орчуулгаа л хийдэг. Сүүлийн хэдэн сар давхар Монгол HD телевизэд ажиллаж байгаа болохоор нэлээд завгүй байгаа.
-Кино орчуулахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?
-Англиас монгол хэл рүү орчуулахад өгүүлбэрийн бүтэц, утга санааг дүйцүүлэн хөрвүүлэх тал дээр бэрхшээлтэй зүйл тохиолддог. Заримдаа хэл хоорондын соёлын ялгаа их гардаг. Тэр улсын ардын аман зохиолд ашиглагддаг үгсийг орчуулахад түүнд нь орлуулж, дүйцүүлж бичих боломжгүй үгс байдаг. Энэ л хамгийн хэцүү байдаг даа.
-Хамгийн анх ямар киног орчуулж байсан вэ. Тухайн үед орчуулахад хамгийн хэцүү байсан киноныхоо талаар ярихгүй юу?
-Хамгийн анх “Dc comic gotham” гээд Бейтмэний өсөж төрсөн хотын тухай гардаг киног орчуулж байсан. Хоёр бүлгийн 40 гаруй ангийг зургаан сарын хугацаанд орчуулж дуусгасан байдаг. Хамгийн хэцүү кино гэвэл гудамжны үг хэллэгтэй кино байдаг. Бидний мэддэггүй тэс өөр нийгмийг харуулж байдаг болохоор тиймэрхүү кинонуудын үг хэллэгийг орчуулахад их хэцүү байдаг.
-Сайтууд ихэвчлэн зар сурталчилгаанаас мөнгө олж санхүүждэг. Танай сайтын хувьд сурталчилгаанаас ашиг орлого олдог уу?
-Манай сайт 100 хувь сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас орлого олдоггүй. Зар сурталчилгаа байршуулдаггүй, ашгийн бус сайт гэдгээрээ онцлог. Манай сайтын гол зорилго ажиллаж байгаа гишүүдийнхээ хэлний мэдлэгийг дэмжин, орчуулга хийх чадварыг нь сайжруулах тал дээр анхаардаг.
-Олон ангит киноны нэг ангийг орчуулж, хадмал орчуулга хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-“Netflix” дээр монгол цагаар 15-16 цагийн хооронд ихэнх киноны ангиуд цацагддаг. Хүлээж байгаад бүх бичлэгүүдээ олж аваад, бүгд орой кофе шоп хаатал орчуулгаа хийгээд суудаг. Дуусаагүй бол нэгнийхээ гэрт очиж үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө тухайн орчуулагчийн хурднаас шалтгаална. Орчуулга хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Миний хувьд анх 3-7 өдрийг зарцуулдаг байсан. Одоо бол хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа орчуулахад 1-2 өдөр шаардагддаг. Яг суугаад хийвэл нэг өдөр цувралын хоёр ангийг орчуулчихдаг. Киног маань маш олон үзэгч нар хүлээдэг болохоор аль болох хурдан орчуулаад оруулахыг хичээдэг. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа болохоор хичээлийн завсарлагааны таван минутыг хүртэл орчуулгаа хийхэд зарцуулдаг. Тэгэхгүй бол амждаггүй.
-Танайх ихэвчлэн “Netflix”-ийн кинонуудыг орчуулан хүргэдэг. Зохиогчийн эрхийн асуудал үүсдэг үү. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол зохиогчийн эрхийн асуудал байгаа. Бид “Netflix”-тэй холбогдоод Монголоос зохиогчийн эрхийг авъя гэхэд маш их мөнгө хэлдэг. Эсвэл  “Netflix”-тэй хамтраад Монголд дэх нэг салбар нь болох гэхээр зах зээл хүн амын тоо цөөн учраас боломжгүй гэдэг. Бид нарын ойлголтоор одоогоор фэн үзвэр гэдэг утгаараа өнөөг хүртэл том асуудал үүсч байгаагүй. Харин бусад кино контент гаргадаг сувгуудтай давхацсан тохиолдолд сайтын домайн эрхээ хаалгуулж байсан удаатай. Хүмүүст энэ киног үзүүлье гэсэн чин сэтгэл байдаг учраас аргалаад үргэлжлүүлэн орчуулдаг. Өнөө маргаашдаа бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол зохиогчийн эрх юм.
-Таны  болон “Serisu” сайтын цаашдын зорилго юу вэ?
-Ерөнхийдөө орчуулагчаараа цаашдаа ажиллана. Мөн сэтгүүлч, нийтлэлчээр давхар сурах сонирхолтой байгаа. Ирээдүйд орчуулагч нийтлэлчээр ажиллана гэж боддог болсон. Сайтын тухайд гэвэл бид цаашид өөрсдөө контент үйлдвэрлэнэ гэж боддог. Одоогоор эхлээд орчуулгаа сайжруулна, шинэ эвентүүд хийнэ, Монголын залууст дан ганц Америкийн кино гэлтгүй бусад улсын кино хөгжил ямар төвшинд байна вэ гэдгийг таниулж, түүгээрээ дамжуулан соёлыг түгээнэ гэсэн том зорилготой байгаа. Анх “Serisu family” нэр доор блог хийе гэж ярьдаг байсан ч боломжгүй байсан. Хэтийн зорилгодоо бас энийгээ бодчихсон байгаа.
-Гадаад хэлээ сайжруулахаар зорьж байгаа залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хэлийг заавал сургалтад сууж сурдаг зүйл биш. Хүмүүс хэл сурахын тулд ямар нэгэн сургалтад сурдаг. Гэвч зарим хүмүүс сургалтад суугаад сайжирдаггүй. Тийм учраас сургалтаас илүү өөрийнхөө сонирхлоор дамжуулаад өөрөө бие даан сурах нь хамгийн үр дүнтэй арга гэж боддог. Өөрийн хийх дуртай зүйлээ заавал олоорой. Дуртай зүйлээ өдөр болгон хийнэ гэдэг хувь хүнд аз жаргалтай байдаг. Тэгвэл дуртай зүйлээрээ дамжуулан хэлээ сурах боломжтой. Өдөр болгон хэрэглэж байж хэл тогтоно. Тоглоом тоглох дуртай бол тогло, англи хэл дээр, кино үзэх дуртай бол англиар үз, англиар ном унш, хоббигоороо сураарай гэж зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Э.Мөнхзаяа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн