Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Г.Хулан: Эцэг эхийн буруу магтаал хүүхдэд сөрөг үр дагавартай

Г.Хулан: Эцэг эхийн буруу магтаал хүүхдэд сөрөг үр дагавартай
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 5
Хүүхдийг хэрхэн зөв магтах талаар сэтгэл зүйч Г.Хулантай ярилцлаа.
-Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн магтаж урамшуулж, зэмлэн шүүмжлэх ёстой вэ. Зарим эцэг эхчүүдийг харахад хүүхдээ магтахаараа тэнгэр тулгаад, загнахаараа газарт оруулчих шахдаг. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүмүүс ихэвчлэн хүүхдээ магтахдаа “сайн байна, ухаантай хүүхэд, онц хүүхэд, мундаг хүүхэд” гэх мэт үгсийг түгээмэл ашигладаг. Ер нь бол тогтмол ашигладаг гэж хэлсэн ч болно. Магтаал үр дүнгээ өгөхийн тулд хүүхэд амар хялбар зүйлийг хийсний дараа биш хичээж хийсэн зүйлийг нь магтвал жинхэнэ магтаал болно. Ямар ч хичээл зүтгэл гаргаагүй, жаахан  юм хийсний төлөө магтаад байвал таны магтаал үнэ цэнэгүй болж, хүүхдэд нөлөө үзүүлэхээ болино. Магтахдаа хамгийн чухал баримтлах зүйл бол гаргасан үр дүнд хүрэхэд нөлөөлсөн хичээл зүтгэлийг магтах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд муу дүн авлаа гэж бодъё. Тэгвэл ухаантай гэж магтуулаад байдаг хүүхэд өөрийгөө тэнэг гэж бодно. Эсрэгээрээ хичээл зүтгэлээ магтуулдаг байсан хүүхэд би дутуу хичээсэн юм байна гэж бодно. Өөрөөр хэлбэл, би дахиад илүү хичээх юм бол хүссэн зүйлдээ хүрч чадна гэдэг итгэлтэй болдог. Ингэж зөв магтсанаар таны хүүхэд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үгийн үнэ цэнийг ойлгож хичээх л юм бол бүх л хүссэн зүйлдээ хүрч чадах итгэл үнэмшилтэй болно.
-Зөв магтаал гэж юуг хэлдэг вэ, мөн зөв шүүмжийн талаар ч яригдах байх тийм үү?
-Зөв магтаал бол хэн нэгний хичээл зүтгэл гаргасан зүйлийг нь олж харан түүнийг хэлэх юм. Ээжүүд хүүхдээ хараад нэгэн хэвийн үр дүнгүй юм шиг зүйлийг хийснээс болоод ядардаг бас бухимддаг. Үр дүнгүй гэж хэлсний шалтгаан нь гэрээ цэвэрлэдэг удалгүй муухай болдог, хувцас угаадаг дахиад л баахан хувцас овоордог. Гэрийн ажлууд хэзээ ч дуусдаггүй болохоор үр дүнгүй юм шиг санагддаг. Харин ажил дээр бол үргэлж ямар нэгэн байдлаар хийж буй ажлынхаа үр дүнг мэдэрдэг. Тиймээс гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн хичээл зүтгэлийг хэлж байгаарай. Жишээлбэл, хүүхдээ сайн өсгөж байна, амттай хоол байна, гэр ямар гоё цэвэрхэн байна гэх мэтчилэн. Манай хадам ээж намайг “хүүхдээ эрүүл чийрэг сайн өсгөж хүмүүжүүлж байгаа” гэж байнга хэлдэг. Үнэнийг хэлэхэд шинэ ээж болоод удаагүй байхад энэ ганцхан өгүүлбэр надад маш их  урам өгсөн. Хэрвээ тухайн үед надад “чи сайн ээж” гэж хэлсэн бол би одоо санах ч үгүй байхаа.
-Магтахдаа болон шүүмжлэхдээ ашиглаж болохгүй үг хэллэг гэж бий юү?
-“Ухаантай хүүхэд, хамгийн мундаг хүүхэд” гэдэг үгсийг аль болох ашиглахгүй байвал тохиромжтой. Та хүүхдээ “Ухаантай хүүхэд” гэж магтаад байвал хүүхэд муу дүн авах юм бол өөрийгөө тэнэг хүүхэд гэж бодно. Хэн ч тэнэг байхыг хүсэхгүй тул хүнд хэцүү даалгавруудыг өөрөө хийхгүй хуулах ч юм уу ямар нэгэн арга заль хайж эхэлнэ. Тухайн хүүхэд сурахаас илүүтэйгээр дүнг чухалчилж эхэлж байгаа гэсэн үг. Хэрвээ цаашдаа онц дүн авч чадахгүй бол өөрийгөө “би тэнэг, би угаасаа сурч чадахгүй” гэдэг бодолдоо 100 хувь итгэх юм.
“Хамгийн мундаг хүүхэд” энэ үгийг ашиглавал би бусдаас үргэлж илүү байх ёстой гэдэг ойлголтыг бий болгох ба бүх зүйл дээр бусдаас илүү байж л хүүхэд өөрөөрөө бахархана. Гэхдээ хүүхэд хэзээ ч бүх зүйл дээр хамгийн шилдэг хамгийн мундаг нь байх боломжгүй.  Хүн бүрд илүү сайн болон муу хийдэг зүйл гэж байдаг.
Дээрх үгнүүдийн оронд “ээж нь чамайг чадна гэдэгт итгэж байсан,  ээж нь чамайг ямар их хичээснийг харсан, ээж нь чамайг ямар ч дүн авсан ямар ч байдалд байсан хайрлана, хөөх миний хүү онц дүн авсан юм байна ш дээ ээж нь чамаар маш их бахархаж байна ” гэдэг үгээр орлуулаарай.
-Хүүхдийн насны онцлогоос хамаарч харилцааны хэлбэр өөрчлөгдөх байх тийм үү. Жишээлбэл хоёр настай хүүхдийг магтах болон 13 настай хүүхдийг магтах нь ялгаатай гэж бодож байна. Хүүхдийг насны онцлогтой нь уялдуулж магтаж бас зэмлэх талаар зөвлөгөө өгч болох уу?
-Хүүхдийн хийж чаддаг зүйлээс хамаараад магтах, магтахгүй үе гэж байдаг. Хоёр настай хүүхэд ширээгээ арчихад та магтах юм бол хэвийн зүйл. Харин 13 настай хүүхдийг ширээгээ арчихад  талархахад хангалттай.
-Хүүхдээ буруу магтах нь ямар үр дүнд хүргэх вэ?
-Үр дүнг чухалчилж эхэлнэ. Жишээлбэл сурч мэдэх гол нь биш онц дүн авах нь чухал болно.  Хүүхэд үргэлж магтуулах гэж хичээдэг болно. Өөрөө хэлбэл өөр хүмүүс түүний үйлдэлд яаж хандахыг нэгт тавьж өөрийнхөө үйлдлийг өөрөө үнэлэхээ больдог. Цаашдаа бусдын нөлөөнд амархан автдаг болно гэсэн үг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур болно. Эцэг эхийн магтаал урамшууллын үг хүүхдэд нөлөө үзүүлэхээ больдог.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн