Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

М.Алтанхүү: Дутуу төрсөн нярайн нүдний асуудлыг эрт эмчлэхгүй бол сохрох аюултай

М.Алтанхүү: Дутуу төрсөн нярайн нүдний асуудлыг эрт эмчлэхгүй бол сохрох аюултай
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 24
ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх, доктор, профессор, хүний гавьяат эмч М.Алтанхүү  болон түүний охин, тус тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа нараас хүүхдийн нүдний өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа. 
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд ямар төрлийн нүдний өвчлөл зонхилж байна вэ?
-Бид 3-5 насны хүүхдүүдийн харааг тогтмол шалгаж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулахгүй бол хүүхдүүдийн дунд сул, муу хараа болон сохролын төвшин бусад улсууд харьцуулахад өндөр байна. Тэдний нүдний гажгийг эрт илрүүлж эмчилбэл, гажиг, сул харааг эрт эмчилж, нөөц хараатай нь үлдээх бүрэн боломжтой. Эцэг эхчүүд нүдний эмгэгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хүүхдээ тогтмол хамруулдаггүй, цаг алдаж дор бүр нь эмчилдэггүйгээс болж олон хүүхэд хохирч байна. Манай улсад болорын эмгэг, хялар, хугарлын гажиг, зовхи өргөгч булчингийн гаж хөгжил зэрэг өвчлөлүүд илүүтэй тохиолдож байна.
 -Өөр ямар шалтгаанаар нүдний өвчлөл үүсч байна вэ?
-Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихсэх хандлагатай байна. Нийт төрөлтийн 7-8 хувь нь дутуу төрж байна. Дутуу төрсөн, бага жинтэй нярайн нүдний асуудлыг эрт шийдэж чадахгүй бол сохролтод хүргэх муу үр дагавар хүлээж байдаг. Манай тасаг нярайн эмгэгийг оношилдог тоног төхөөрөмжөөр хангагдсан, эмч нараа ч гадаадад сургасан. Улмаар дутуу төрсөн 400 гаруй хүүхдэд үзлэг хийж, 150 гаруй хүүхдийг оношлон илрүүлсэн. Одоогоор 20 гаруй хүүхдийг байнгын хяналтад авч эмчилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар манай тасагт 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс хугацаанаасаа өмнө төрсөн бол хүүхдээ зайлшгүй нүдний эмчид үзүүлэх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Таны хувьд ЭХЭМҮТ-д 30 гаруй жилийн турш хүүхдийн нүдний эмчээр ажиллаж байна. Анх энэ кабинет байгуулагдахад л ажиллаж эхэлсэн гэж дуулсан. Тиймээс 30 жилийн өмнөх үеийн монгол хүүхдийн нүдний өвчлөл болон орчин үеийн хүүхдийн нүдний өвчлөлийн шалтгаан, хэлбэр, онцлогийг харьцуулж та хэлж чадна. Энэ хугацаанд ямар ялгаа гарч байна вэ?
-1987 оны үед нүдний гэмтэл нэгдүгээр байранд явж байсан. Одоо харьцангуй цөөрсөн. Шинэ технологи бий болсноор амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Энэ хэрээр харааны эмгэгтэй холбоотой асуудал улам өргөжиж, анхаарал тавихаас аргагүй байдал үүсч байна. Сүүлийн үед компьютер, дэлгэцийн хэрэглээ ихэссэн учраас компьютер, дэлгэцтэй ажилласан хүнд 50 минут тутамд нүдээ амрааж, нүдний дасгал хийж хэвшихийг эмч нар зөвлөж байна. Нүдний гэмтэл гэж бид ярьж байна. Гэмтэл бол зайлшгүй өвдөх өвчин биш. Гэмтээд байгаа нь асран хамгаалагч эцэг эхийн анхаарал бага, сургууль цэцэрлэг, байнуулагын хяналт сул зэргээс шалтгаалж байна. Анхааралгүй байдал, зүй бус тоглоомоос болоод хүүхэд хараагаа алдаж байна.  Сандал наах гэж байна гээд цавуу онгойлгохдоо нүд рүүгээ үсэргээд сохорчихсон тохиолдлууд олон бий. Энэ үнэхээр харамсмаар шүү дээ. Энэ бол хайхрамжгүй шинж. Тэгэхээр эцэг, эх болон хүүхдүүд өөрсдөө хараа хяналттай баймаар байна.
-Гэмтээсэн тохиолдолд хэрхэх нь зөв бэ?
 -Нүд нь гэмтсэн хүүхдээ манайхан ГССҮТ-рүү авч яваад хугацаа алддаг. Гэтэл ЭХЭМҮТ-ийн нүдний тасагт 24 цагийн жижүүр ажиллаж байдаг. Хэрэв нүдээ гэмтээсэн тохиолдолд 24 цагийн дотор тусламж үзүүлж чадах юм бол хараагаа хамгаалж, нүдний бүтцийг хэвийн байдалд оруулж амжина. Тийм учраас эртхэн мэргэжлийн эмчид хандах нь маш чухал.
-Манай улсад нүдний шил худалдаалдаг олон газар бий болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг муудлаа гэхээр л шууд шил худалдаалдаг газар очоод компьютер оношилгоо хийлгээд шил зүүлэгчихдэг. Энэ нь хэр зөв бэ?
-Том хүмүүс өөрсдөө тэгж шил зүүж болдог юм байгаа биз. Хүүхдийн нүдийг зөвхөн тоног төхөөрөмжөөр оношлох ёстой. Хараа нь муудсан гээд хамаагүй шил зүүлгэж болохгүй. Хүүхдийн нүдийг оношилно гэдэг зөвхөн нэг үзээд болчихдог зүйл биш. Эм дусаана, дахин нягтална их нарийн ажиллагаатай. Тиймээс худалдааны газарт бус нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мөн ЭХЭМҮТ-д хүүхдийн нүдний шилний тасаг бий. Шилийг ч зах зээлийн үнээс хямд хийдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд бүр үнэгүй шил хийж өгдөг.  Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлэхийг л зөвлөнө.
ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа хэлэхдээ, “Хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд болж өгвөл гадаа гарч холыг харуул, гол нь эцэг эхчүүд өөрсдөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Нэг зүйлийг удаан ширтээд байвал нүд хуурайшдаг. Тиймээс нэг дор олон цагаар хичээл хийлгэлгүй 40 минут хичээллээд 20 минут амраах маягаар даалгаврыг хийж хэвших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Өдөр тутмын амьдралдаа зөв хэвшлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн нүд нь эрүүл байсан ч хоёр жилд нэг удаа хүүхдийнхээ нүдийг мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй” гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн тулгыг тавилцаж, түүхийг нь бичилцэж яваа ээж, охин хоёр “Орбис” олон улсын байгууллагын хамт олонд тасгийнхаа нөхцөл байдлыг англи хэл дээр бэлтгэн танилцуулснаар “Монголын нүд судлалын шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжөө сайжруулахаас эхлээд олон ажил хийгдсэн төдийгүй уригдан ирж ажилласан олон улсын өндөр ур чадвартай, хүүхдийн мэргэшсэн эмч нар  манай улсад хүүхдийн нүдний эмгэгийн оношилгоо, эмчилгээний нэн чухал асуудал нь тухайн эмгэгийг эрт илрүүлж, зөв оношлох нь нэн чухал болохыг онцгойлон зөвлөжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн