Манай улсад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, гэмт хэргийн золиос болж байгаатай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаантай ярилцлаа.
-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийн хүрээнд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар ямар ажлыг зохион байгуулах вэ. Ер нь манай улсад жилд хэчнээн хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна вэ?
-Олон улсад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ иргэдийн оролцоонд түшиглэн урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, техник технологийн дэвшил буюу камержуулалт, шинэ санаа дэвшүүлж гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа нэвтрүүлэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн соён гэгээрүүлэх зэрэг дөрвөн чиглэлээр урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажиллагааг хэрэгжүүлдэг юм байна. Ялангуяа дэлхийн ихэнх орнуудад иргэдийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил одоо хүртэл хэрэгждэг. Камержуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал маш их гардаг. Гэхдээ цаашид камержуулалтын олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн “хүүхэд хамгаалагч” төслийг нийслэл хотын 152 хороо болон 21 аймагт иргэдийн оролцоонд түшиглэж хэрэгжүүлэх юм. Учир нь насанд хүрсэн хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Жилд дунджаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнийг 100 хувь гэж үзвэл 85 хувь нь насанд хүрсэн хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, үлдсэн хувь нь үе тэнгийн хүүхэд байдаг. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн дийлэнх хувь нь олон нийтийн газар буюу гудамж талбайд, үлдсэн 30 хувь нь гэр, орон байранд үйлдэгдэж байгаа юм. Олон нийтийн газар хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг мөн л иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна. Харин эцэг, эхчүүд жилд нэг удаа хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж, гурван цаг эргүүл хийнэ. Нэг хороо, нэг сумд дунджаар 5-10 эрсдэлтэй буюу тогтмол гэмт хэрэг үйлдэгддэг цэг байдаг. Эдгээр цэгт иргэд эргүүлд гарна гэсэн үг. Үдээс хойш 16-18 цаг болон 11-14 цагийн хооронд буюу ихэвчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа цагт эргүүлээр ажиллах юм. Мөн төрөөс гарч байгаа бодлого, үйлчилгээ, хууль тогтоомжийн талаар айл бүрт суртчилгаа мэдээлэл хүргэнэ.
-Гэр бүлийн орчинд ямар нөхцөл шалтгаанаас болж, тухайн орчинд хүүхдийн хүчирхийлэл гарч байна вэ. Энэ тал дээр судалгаа, шинжилгээний ажил хэр хийж байна вэ?
-Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар судалгаа хийсэн. Судалгаанаас харахад хүүхдийг зодох, дээрлэхэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэргүүд ихэвчлэн гэр, орон байранд үйлдэгдэж байгаа юм. Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон нийтийн арга хэмжээнд хамгаалагдана. Гэр бүлийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг эцэг, эх, асран хамгаалагч нь хангах үүрэгтэй. Монгол Улсад 850 орчим мянган гэр бүл байна. Тэр болгонд цагдаа хүрч ажиллахад хүндрэлтэй учраас соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа юм. Ер нь эцэг, эхээс нь хүүхдийг хамгаална гэдэг утгагүй мэт сонсогдож болно. Гэвч эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах арга барилд суралцаагүй. Харилцааных нь нөгөө өнцөгт хүүхэд байна гэдгийг ойлгож, анхаардаггүй. “Би төрүүлсэн юм чинь би өөрөө толгойг мэднэ” гэсэн хандлага олон жил хэвшсэн болсон байна. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэл цикелтэй байдаг. Багадаа эцэг, эхдээ зодуулж өссөн хүүхэд байлаа гэж бодоход тухайн хүүхэд насанд хүрээд төрсөн эцэг, эхээ зодох, үл тоодог, ачлал байхгүй, өөртөө итгэлтгүй хүн болж төлөвшдөг. Эсрэгээрээ хайр энэрэлээр, үлгэрлэдэг гэр бүлд өссөн хүүхдүүд баялаг бүтээж чаддаг, зөв иргэн болж төлөвшдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сайн хүн болгоноо л гэдэг. Тэдний хүссэнээр сайн болдоггүй. Учир нь эцэг, эхчүүд өөрсдийнх нь харилцаа, үлгэр дуурайллаар л хүүхэд сайн хүн болж өсдөг гэдгийг боддоггүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэд хүмүүжлийн талаар судлах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор хүүхэд эцэг, эх таны тусгал гэдгийг ойлгуулах үүднээс төслийн хүрээнд "Зөв тусгал" аяныг эхлүүлсэн.
Ер нь хүүхдийн 18 нас хүртлээ авсан төлөвшил нь тухайн хүүхэд ирээдүйд хэн байх вэ гэдгийг заагаад өгчихдөг. Уг төлөвшлийг хүүхэд гэр бүлийн орчинд авч байгаа юм. Тиймээс эцэг, эх байх нь хамгийн чухал гэдгийг ухамсарламаар байна. Судалгаанаас харахад хүүхдүүд дөнгөж 18,19 нас хүрээд бэлгийн харилцаанд орж, ээж, аав болж байгаа юм. Эргээд хариуцлага хүлээж чаддаггүй. Түүнээс болоод салж, сарнидаг. Цаашлаад хойд эцэг, эх гэдэг асуудал үүсдэг. Жилд 16-17 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа ч дөрвөн мянган гэр бүл нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо байна. Уг гэрлэлтээ цуцалж байгаа гэр бүлээс 10 мянган хүүхэд өнчирч үлдэж байгаа юм. Үүний 97 хувь сайн ээж, аавдаа очно гэж бодоход үлдсэн 300 хүүхэд эрсдэлтэй айлд очиж байна гэсэн үг. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтийг маш чухалд тооцдог болмоор байгаа юм.
-Сүүлийн үед бага насны охид хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл нэлээд гарч байна. Энэ нь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой юу?
-Бэлгийн хүчирхийлэл жилээс жилд өсч байгаа. Тиймээс эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд яриад байдаггүй. Мэдээлэл өгөх тусам хүмүүст сэдэл өгч, гэмт хэрэг нэмэгддэг асуудал байдаг. Тухайлбал, телевизээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаарх мэдээ гарч байжээ. Гэрт согтууруулах ундаа хэрэглэгсэн залуу бага насны хүүхэдтэй түр үлдсэн байгаа юм. Тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх сэдлийг телевизийн мэдээнээс авч хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймэрхүү мэдээллээс болж хүүхэд хохирч байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгт дээр тодорхой бодлого барьж ажиллах шаардлагатай байна.
-Мөн бага насны хүүхдүүд алга болоод байна гэх боллоо. Одоогийн байдлаар хэчнээн хүүхэд алга болоод байна вэ?
-Хүүхэд алга болж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад жилд 1000 гаруй дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 90 орчим хувийг олоод эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг. Үлдсэн хувийг эрэн хайх ажиллагаа явуулж, арга гэрт хүлээлгэж өгдөг. Өнөөдрийн байдлаар 18 хүүхэд олдоогүй шалгагдаж байна. Хүүхэд алга болж байгаа дөрвөн шалтгаан байна гэж тогтоогоод байна. Нэгд, гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа, эцэг эх нь салсан сарнисан, хүүхдээ хоол тэжээлээр дутаах, дарамталдаг, зоддог асуудлаас хүүхэд гэрээсээ дайчих. Хоёрт, цахим тоглоомд донтчихсон хүүхэд байна. Донтолтоосоо болж 20 удаа алга болсон хүүхэд ч байна. Донтсон хүүхдийг эцэг, эхэд нь олоод өгөхөөр гэртээ хэсэг байж байгаад буцаад гараад явчихдаг. Гуравт, эцэг, эхчүүд уламжлал болсон мэт хүүхдээ үл хайхардаг. Сургууль цэцэрлэгт хүргэж өгдөггүй, хамран сурах сургуульд нь сургадаггүй, Үүнээс болоод хүүхдүүд хичээлээ тараад төөрч, осолддог зүйл байдаг. Дөрөвт, орон нутгийн иргэд хүүхдээ хол малд явуулдгаас хүүхэд төөрч осолддог. Мөн бага насны хүүхэдтэй айл голын эрэг дагуу нутагладаг. Үүнээс тухайн айлын бага насны хүүхэд голд орж, живж нас барах тохиолдол байдаг.
-Эцэг, эхчүүдээ хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар алдаа гаргаж байна вэ. Түүнээс болж, хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна уу?
-Эцэг, эхчүүд "тэгж байгаад болно" гэх хандлагатай. Эсвэл хүүхэдтэйгээ холбогдох аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэж байна. Зодуулж, дарамтлуулах зэрэг хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд өөртөө итгэлгүй, бусдыг үл хүндэтгэсэн, эцэг эхийгээ хүчирхийлсэн асуудал гардаг болохыг дахин анхааруулмаар байна. Хүүхдийн хүүхэд насыг хайрлах хэрэгтэй.
-Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тус тусад нь хариуцлага тооцдог. Тухайлбал, хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 12 жил, 20 жилийн цагдан хорих ял оноохоос гадна бүх насаар нь цагдан хорих ял оноодог. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 2-8 хүртэл жилийн ял шийтгэл оноодог.
-Тэгвэл хүүхдээ хараа хяналтгүй орхиж, түүнээс нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тухайн хүүхдийн эцэг,эх, асран хамгаалагчид ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн тухай хуулиар насанд хүрээгүй хүүхдийг үл хайхарсан гэдэг үндэслэлээр торгох шийтгэл оноодог.