Open iToim app
Хүний эрх | 2 мин уншина

Байцаагч: Өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм, чи!

Байцаагч: Өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм, чи!
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 2
Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлээ УИХ-д хүргүүлжээ. Илтгэлдээ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг байгуулах, уг төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах шаардлагатайг онцолжээ.
Илтгэлийнг эрүүдэн шүүлттэй холбоотой кейсүүд дунд өдгөө нийгэмд дуулиан болоод буй С.Зориг агсны хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй Содномдаржаа, Чимгээ нартай холбоотой мэдээлэл байхгүй. Гэхдээ түүнээс ч ноцтой олон жишээг дурджээ. Тухайлбал, яллагдагч  Э-гээс Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн өргөдөлдөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад мөрдөн байцаагч хилс хэрэг хүлээлгэх зорилгоор миний элэг бөөр болон шанаа руу хэд хэдэн удаа цохиж, залгуурны утсаар ороолгосон бөгөөд шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон юм. Мөн өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэж хэлэхэд “Чи өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм” гэж доромжилсонд гомдолтой байна” гэжээ.
Өөр нэгэн харамсалтай хэргийн жишээ гэвэл иргэн Б бусдыг санаатайгаар галдан шатааж, онц хэрцгий аргаар амь насыг нь хороосон гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож, 1995 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа хатги өвчнөөр өвчилж хүндэрчээ. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлж эмчлүүлсэн гэх боловч сар орчмын дараа  нас барсан байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актаар “Б-ын нүүрний дээд хэсэгт идээт үрэвсэл үүсэж улмаар цусан үржлээр хүндрэн уушгины буглаанууд үүсч хордлого амьсгалын дутагдлаар” нас барсан болохыг тогтоожээ. Түүнийг нас барснаас хойш 21 жилийн дараа Дорнод аймгийн прокурорын газраас 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/33 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хуулийн дагуу ар гэр нь сэтгэл санааны хохиролд 500 сая төгрөг, мөн оршуулгын зардал нэхэмжлэн авах эрхтэй ч шүүхээс, холбогдох баримтаа гаргаж өгөөгүй гэдэг үнэдслэлээр талийгаач Б-гийн цагдан хоригдсон хоногт авах цалин 210,000 төгрөг, оршуулгын зардалд 300,000 төгрөг, нийт 710,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 503,604,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож сэтгэл санааны хохирлыг огт барагдуулалгүй шийдсэн байна.
Иймэрхүү олон жишээ бүхний олон тохиолдол байгаа учир эрүү шүүлттэй холбоотой гомдол, гэмт хэргийг шалгах бие даасан хараат бус байгууллага байгуулах шаардлагатайг Хүний эрхийн комиссоос УИХ-д хүргүүлээд байна. Илтгэлийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн