Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 21 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа. Их эзэн Чингис хааны үеэс улбаатай Монгол бичгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, шилдгүүдээ тодруулсан нь өмнөх онуудаас оролцогчдын тоо өссөн үзүүлэлт гэдгийг “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа онцлов.