Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг, гэртээ авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа зөвөлгөө өглөө.
Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа: Үзлэгийн үед иргэд ханиад, томууг нэг өвчин гэж андуурах тохиолдол байдаг. Тэгвэл томуугийн А болон Б вирусээр үүсгэгдэж байгаа бол амьсгалын замын үрэвслийг томуу гэж нэрлэдэг. Энэ нь хүнд өвчилдөг байна. Харин томуугийн вирусээс бусад бүх 200 гаруй вирусийн төрлөөр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэдэг.
Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд ханиад томуу төст өвчин нь аажмаар эхэлж дийлэнхдээ найтааж, хоолой өвдөх нь элбэг. Зарим тохиолдолд ядарч сульддаг байна. Харин томуугийн хувьд гэнэт эхэлж, ялангуяа хүүхэд өдөртөө 3-4 удаа ойр ойрхон халуурдаг. Мөн булчингаар өвдөх нь их байдаг ч хүүхэд эцэг, эхдээ бүрэн тайлбарлаж чадахгүй учир хөдөлгөөн нь багасч сулбайж, яраглаж эхэлдэг. Үүнээс гадна ихээр халуурч, толгой өвдөх, ханиаж, цээжээр өвдөх нь элбэг байдаг. Товчхондоо томуу нь томуу төст өвчнөөс хүнд юм.
Хүүхэд ба насанд хүрэгсдийн томуугийн ялгаа нь хүүхдэд халуурах нь насанд хүрэгчдийнхээс өндөр, илүү олон хоног үргэлжилдэг. Мөн хүүхдэд бөөлжиж суулгах нь элбэг, хүндрэл гарч хатгалгаа, чихний үрэвсэл болох, таталт өгөх, нас баралт гарах нь насанд хүрэгчдийнхээс их байдаг. Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5C ба түүнээс өндөр халуурах, амьсгалын тоо олшрох, уруул, нүүр хөхрөх, цээжээр өвдөх, унтаарах, татах, халууралт, ханиалга багасч байснаа нэмэгдсэн тохиолдолд эмчид хандах нь зүйтэй. Эдгээр шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд эмчилгээ хийж, хэд хоног харах нь зөв. Жишээлбэл, халуун буулгах, өвдөлт намдаах, ханиалга намдаах эмчилгээнд парацетамол хэрэглэж болно. Мөн энэ эм нь лаагаар болон сиропоор хэрэглэж болно. Гэрийн хүүхдийн асаргааг хийхдээ шингэн зүйлийг ердийн үеэс илүү уулгах, хамар цэвэрлэж, уураар утах, хангалттай сайн унтуулах, сайн хооллох /сармис, сонгино, жимс, ногоо/ хэрэглэх нь зүйтэй. Томуугаас урдчилан сэргийлэхийн тулд жил бүр томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Учир нь, томуугийн вирус нь жил бүр өөрчлөгдөж, мутацид ордог тул томуугийн вакцин ч мөн адил өөрчлөгддөг гэлээ.