Open iToim app
Нийгэм | 9 мин уншина

Судалгаа: Хувьсан өөрчлөгдөж буй нүүдэлчид

Судалгаа: Хувьсан өөрчлөгдөж буй нүүдэлчид
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 29
ШУА-ийн Социологийн хүрээлэнгээс  хөдөөгийн амьдралын хэв маягийн өөрчлөлтийн асуудал Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, уламжлалын хамгийн тод илэрхийлэл болсон малчдын амьдралын хэв маяг, өөрчлөлт, нийгмийн ялгарал, давхраажил, болж буй үйл явц, хүмүүсийн оюун санааны ертөнц хэрхэн хувирч буйг харуулсан үндэсний  хэмжээний томоохон судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар,     
Сэлэнгэ аймгийн иргэдийн орлогын төвшин хамгийн өндөр, Архангай аймгийн иргэдийн орлогын төвшин хамгийн бага 
Хөдөөгийн иргэдийн орлого хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэж байна. Судалгаанд оролцсон 2 хүн тутмын нэг нь 3-4 эх үүсвэрээс орлого олж байна. 71.9 хувь нь цалингийн орлого, 64.4 хувь нь хүүхдийн мөнгө, 32.6 хувь нь оюутны тэтгэлэг, 27 хувь нь тэтгэвэр тэтгэмж, 20.7 хувь нь бизнесийн ашиг орлого, 40 хувь гаруй нь малын ашиг шимээр амьдардаг байна. Суурьшлын байдлаас хамааран өрхийн орлогын эх үүсвэрийг авч үзэхэд төв сууринд амьдардаг өрх ихэвчлэн 2-3 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлж байгаа бол хөдөөгийн өрхүүдийн хувьд харьцангуй олон эх үүсвэрийн (3-5) орлоготой байна.
Орлогын түвшинг аймаг, бүсээр нь авч үзвэл харьцангуй ялгаатай байна. Тухайлбал, төвийн бүсийн аймгууд буюу Сэлэнгэ аймгийн хувьд иргэдийн орлогын түвшин харьцангуй өндөр байгаа бол хангайн бүсийн аймаг болох Архангай аймгийн хувьд иргэдийн орлогын түвшин харьцангуй бага байна.  Малчдыг малын тоо, орлогын хүрэлцээ, нийгэм эдийн засгийнх нь байр сууриа үнэлсэн байдлыг харгалзан үзэж доод, дундаас доогуур, дундаж, дундаас дээгүүр, дээд гэсэн 5 давхраанд хувааж болохоор байна.
Судалгаанд оролцогчдын одоо эрхэлж буй ажлыг бүлэглэн авч үзвэл 36.5 хувь нь малчин (малчин, туслах малчин), 27.2 хувь нь ажилтан (аливаа мэргэжлийн мэргэжилтэн, төрийн албан хаагч, удирдах ажилтан), 10.4 хувь нь ажилчин (аливаа мэргэжлийн ажилчин) бүлэгт хамаарч байна. Өөрийн, аавын, өвөг эцгийн гэсэн 3 үеийн түвшинд нийгмийн байр суурьт гарсан өөрчлөлтийг судалсан. Хөдөөгийн иргэдийн хувьд II болон III үеийн хооронд нийгмийн байр суурь хүчтэй хадгалагдаж, үе залгамжлагдаж байсан бол I болон II үеийн хоорондох нийгмийн байр суурь өмнөхөөс 30 орчим хувиар буурч хадгалагдсан буй гурван хүн тутмын хоёр нь эцгийн нийгмийн байр сууриас өөрчлөгдсөн байна.
Баруун бүсийн шилжих хөдөлгөөн зүүн бүсээс гурав дахин их 
Хөдөөгийн шилжих хөдөлгөөний шинж онцлог хувьд улсын хэмжээнд баруун бүсэд шилжилт хөдөлгөөний түвшин хамгийн өндөр байгаа бол шилжилт хөдөлгөөний түвшин хамгийн сул болох зүүн бүстэй харьцуулвал 3 дахин өндөр байна. (багш, эмч гэх мэт) нар байна. Хөдөө орон нутагт шилжин ирэгсдийн шилжилт хөдөлгөөний ерөнхий чиглэл нь хөдөөнөөсөө хөдөө рүүгээ, тэр тусмаа аймгийн доторх буюу сум хоорондын шилжилт хөдөлгөөн давамгайлж байна. Хөдөө орон нутагт шилжилт хөдөлгөөний татах хүчин зүйлт амьжиргаагаа сайжруулах (малын ашиг шимийг сайжруулах, хувиараа хөдөлмөр эрхлэх гэх мэт), гэрлэлт, ажилд орох, солих, дэвших, хамаатан садан, үр хүүхэддээ ойртох зэрэг тэргүүлж байгаа бол амьжиргаагаа дээшлүүлэх, хүүхдүүдээ сургах, боловсрол мэргэжил эзэмших, ажлын байрны хомсдол зэрэг нь түлхэх хүчин зүйл болж байна.
Уламжлалт зан заншлыг өвлөж авах нь хөдөөд хангалттай хэмжээнд биш 
undefined
Өнөөгийн хотжилтын нэг шинж болох хотоос гадна ч хотжих суурьших үйл явц Монгол оронд идэвхтэй явагдаж байна. Хөдөөгийн хүмүүсийн харилцаа, соёлын өөрчлөлтөд даяаршил, хотжих, суурьших үйл явц гол нөлөө үзүүлж байна. Хөдөөгийнхөн нүүдлийн амьдралын хэв маягаас хагас суурин, суурин амьдрал руу шилжих хандлага цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүнд: Байгаль-экологийн болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлж байна. 
Социализмын үед хот хөдөөгийн ялгаа их байсан, хотын хүмүүс хөдөөгийн хүмүүсийн ахуй хэрэглээний соёл, түвшин харьцангуй өөр байсан бол өнөө үед хэрэглээ хот хөдөөд ижил болох тийшээ хандсан байна. Хот хөдөөгийн хүмүүсийн гол ялгаа нь хүмүүсийн сэтгэлгээ, хэрэглээний түвшин, хэрэглээний соёл, нийгмийн харилцамж, хэм хэмжээний ойлголт, дадал хэвшил, нийгмийн хяналтын орчин нөхцлийн ялгавартай байдалд оршиж буй. Хөдөөгийн хүмүүсийн соёл хотынхноос ялгаатай, уламжлалт соёлын нөлөө алдагдаж байгаа ч хотынхтой харьцуулбал хадгалж үлдсэн нь давамгайлна.
Соёл-үнэлэмжийн баримжааллын хувьд уламжлалт соёлын хэв маяг багасаж, орчин үеийн болон хөгжиж буй динамик соёлын хэв маягийн баримжаалал ихэсч байна. Уламжлалт соёлын хэв маягт ойр бүлэг 16.8 хувийг, орчин үеийн соёлын хэв маягт ойр бүлэг нь 37.1 хувийг, хөгжиж буй динамик соёлд ойр бүлэг нь 46.1 хувийг эзэлж байна.
Уламжлалт нүүдлийн ахуйтай холбоотой тэмдэглэдэг баяр ёслолоос даахь үргээх, шинэ гэр барих нь харьцангуй олон хүнд утга учир, ерөөл бэлэгшээлийг тээж, ахуй амьдралын бас нэг салшгүй хэсэг нь болсон байдаг байна. Таван хошуу малын баяр, барлах зэрэг нь малчдын малын үр төлөө олон болох, өсөж үржих, сааль шим арвидахыг голчлон бэлгэдсэн утгаар тэмдэглэдэг. Гэхдээ газар нутаг, ус голоор янз бүр байдаг, зарим нь огт хийдэггүй, зарим нь нэршил өөр байх гэхчлэн ялгаатай байв.  
Уламжлалт зан заншлыг өвлөж авах нь хөдөөд хангалттай хэмжээнд биш байна гэж хөдөөгийн хүмүүс дүгнэж байна. Тэдний 35.0 хувь нь өөрийн ястан үндэстний уламжлалт ёс, зан заншил, эрхэмлэн дээдлэх зүйлийг гэр бүлийнхэн нь бүрэн өвлөж авч чадаж буй гэсэн бол, 55.4 хувь нь хагас дутуухан л өвлөж байна хэмээжээ. 
Үндэсний хувцасны хувьд /дээл хувцсаа/ гоёлд өмсөх нь ихэсэж, ердийн хэрэглээнд, өдөр тутмын хэрэглээнд европ хувцас давамгайлж байна. Ялангуяа хөдөөгийн хүүхэд залуус, залуу эмэгтэйчүүд илүүтэй биед амар, хөлд орооцолдохгүй гэх зэргээр куртик, хүрэм, футболк, пүүз, бакал, түрүүтэй гутал, өмд цамц өмсөх нь өдөр тутмын хувцаслалтын хэв маяг болсон.
Хөдөөгийн иргэд хошин шогийн тоглолт, концертыг хамгийн их таашааж, үздэг 
Хөдөөгийн иргэд хошин шогийн тоглолт (64.2), концерт, тоглолт (61.2) хамгийн их таашааж, үзэж сонирхдог. Дуу хөгжмийн хувьд зохиолын дуу хоёр хүний нэг нь, ардын дуу, морин хуур хуур гэх мэт үндэсний хөгжмөө 30.9 хувь таашаан сонсдог. Дуурь, балет, уран зургийн үзэсгэлэн гэх мэт сонгодог урлагийн төрлийг үздэг, сонирхон таашаадаг нь ховорхон байв. Соёл урлагийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага хөдөөгийн иргэдэд насны ялгалгүй их байна.  
Үндэсний хоол (66.8%), үндэсний тоглоом наадгай (32.6%)-г хамгийн их сайн эзэмшсэн, мөн үлгэр домог ярих, мэдэх, шашны зан үйлийг дөрвөн хүний нэг нь, дээл хувцсаа хийх, үндэсний спорт наадмыг таван хүний нэг нь сайн хийж чадна, мэднэ гэсэн бол Зурхай, мэргэ төлөг (68.6), үндэсний хөгжмийн зэмсэг (63.4), үндэсний бүжиг (56.1), уртын болон ардын дуу (50.5), үндэсний хувцсаа хийх (44.7) болон үндэсний спорт наадмаар (41.5) тоглож мэдэхгүй, үндэсний бичиг үсгээ мэдэхгүй хүмүүс (38.4) их байгаа төдийгүй дунд зэрэг, тааруухан мэднэ гэж хариулагсад ихэнхэд нь дийлэнх болж байна. Өөрөөр хэлбэл, өв соёлын олон төрөл зүйл дээр уламжлал алдагдаж, уламжлалт үндэсний соёлоо эзэмших нь хөдөөгийн иргэдэд тааруухан байна.
Хөдөө өнгөт зурагтгүй,  угаалгын машин, ус шүүгч, ус буцалгагчгүй айл ховор болжээ 
Хөдөөгийнхний уламжлалт ахуй амьдралын хэв маягт хот суурин амьдралын нөлөө тусч буйн илрэл болсон олон өөрчлөлт хөдөөгийн малчдын ахуй соёлд гарчээ. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуйн хэрэглээ өөрчлөгдсөн. Тухайлбал, хуучин цагийн малчид малын хөлийг холгож гэмтээхээс болгоомжилдог, өөрсдөө элдэж боловсруулсан сураар л ногт, чөдрөө зангиддаг байсан бол өнөө цагийн малчин айлуудад тасардаггүй нийлэг эд материалаар хийсэн чөдөр ногтыг сумын төвийн дэлгүүрээс худалдан авч хэрэглэдэг нь элбэг тохиолдож байв. Гэхдээ говийн малчид дунд сур элдэж ногт чөдрөө зангидан, хонины нэхийгээ элдэж, дээл хувцсаа хийдэг, ноос унгасаа савж эсгийгээ хийдэг гэх мэт малын түүхий эдээ боловсруулж хэрэглэх арга технологио өвлөж, үр хүүхэддээ ч өвлүүлж байгаа малчид цөөхөн боловч таарсан юм. Малын тоног хэрэглэл бараг хэрэглэгдэхгүй, үхэр малыг хангайн айлууд, говийнхон ч хөллөгөөнд ашиглахгүй болж, уул хад, асга ихтэй унаа машинаар нүүхэд бэрхшээлтэй газруудад л тэмээн болон үхэр тэргийг нүүхэд ашиглаж байна. Айл болгон хэд хэдэн мотоцикль, нүүх портерээс авахуулаад боломжтой нэгэн нь хот суурин руу явдаг унаа машинтай, өвсөө бэлтгэх татах тракторыг айлууд дундаа хэрэглэдэг гэхчлэн унаа тэрэг орчин үеийн малчин айлын ажлыг нугалдаг гол багаж хэрэгсэл нь болжээ. Өнгөт зурагт телевизоргүй айл ховор болсон, гэхдээ ихэнх айл нүүдлийн ая даах жижиг дэлгэцтэй, хэр тааруу үнэтэйг нь сонгосон байх нь нийтлэг байв. Хот сууринд өмнө нь амьдарч байгаад мал дээр гарсан хүмүүсийн хувьд ялангуяа угаалгын машин, ус шүүгч, ус буцалгагч зэрэг цахилгаан бараа хэрэглэдэг.
Нүүдлийн ахуй амьдралын том соёл болох нүүгээд явахдаа бууриа цэвэрлэж, ухсан нүхийг бөглөн, хогийг булдаг гэтэл энэ соёл алдагдаж, бууриа цэвэрлэхгүй орхидог, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хүртэл ил задгай орхидог хүмүүс олширч байгааг нутгийн хөгшчүүл буруутган шүүмжилсэн.
Хөдөөгийн иргэд сум, багийн даргын тушаал, шийдвэр, зааврыг илүү их сонсдог, дагаж, мөрддөг 
undefined
Малчид нүүдлийн ахуй амьдралын хэв маягийг дагнах бус, хагас нүүдлийн, хагас суурин амьдралтай байх нь ихэсч байна. Энэ нь малчид хүүхдээ төв суурин газарт сургуульд явуулахын тулд сумын төв, аймгийн төв рүү даган нүүх, эсвэл эхнэр нь сумын төвд хүүхдүүдээ аван суурьшин хоёр талд амьдрах, сумын төвийнхөнд ажил олдохгүйн улмаас эхнэр хүүхдээ орхин хот, томоохон төвлөрсөн газар руу явж ажил хийх, улмаар гэр бүлийн хүмүүсийн харилцаа хөндийрөх, бие биенээс холдож гэр бүл салахад хүргэдэг болжээ. Хөдөөгийн хүмүүс өөрсдийгөө эцэг эх, хамаатан садангийн хүмүүс, үе тэнгийн хүмүүс, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэй хамгийн их адилтгаж, зүйрлүүлж боддог байна.    
Хөдөөгийнхний өдөр тутмын амьдралд, хүмүүс хоорондын харилцаанд ахмадаа сонсох, ялангуяа хүндэлдэг настны үгийг дагах, эцэг эх, ах дүүсийн үг зааврыг  эхэлж сонсох, түүнийг биелүүлэх нь хамгийн түгээмэл буюу харилцаанд баримтлах гол хэм хэмжээ болж байна. Хотынхон, томоохон суурин газрыг бодвол хөдөөгийн иргэд сум, багийн даргын тушаал, шийдвэр, зааврыг илүү их сонсдог, дагаж, мөрддөгөөрөө ялгарч байв. Сум, багийн даргын тушаал, шийдвэр, заавар байнга (20 % нь), ихэнхдээ (45,5 % нь) нөлөөтэй байдаг, илүү дагаж биелүүлдэг байна.
Зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн гэгдэх өнгөрсөн 25 жилийн хугацаанд ёс жудгаа умартах, өөрөөсөө бусдыг үл тоомсорлож, өөрийгөө юун түрүүнд тавих, бусдад дээрэнгүй хүйтэн хандах, зуурдын жаргал, өчүүхэн эрх ашиг, ийн төлөө яахаас ч буцахгүй араатны авир гаргах, хүний амийг юман чинээнд үл бодох, хүний ёсыг уландаа гишгэх, бусдын төдийгүй өөрийн үр хүүхдийг ч үл хайрлах, амь насыг нь бусдаас булаах, бусдад үл итгэх, айх хандлага урьд байгаагүй ихээр ажиглагдаж болсон. Ялангуяа хүний зан төлөв, харилцаа харьцангуй бага эвдэрсэн байх ёстой, уламжлалт нийгмийн харилцаа, хандлага илүү хадгалагдаж буй гэгдэх хөдөөгийн нийгэмд ч хүмүүс хоорондын харилцаа доголдох болж, дээрх зүй бус, байж боломгүй шинж төлөв хөдөөд ч цөөнгүй илэрч байгаагаас хүмүүсийн харилцаанд ч ихээхэн өөрчлөлт гарсныг ингэхдээ улам дордож доошилжээ. Хөдөөгийн хүмүүсийн зан төлөв, харилцааны ерөнхий шинжид халуун дулаан, элгэмсэг байдал (66.7), дотно нөхөрсөг (66.3), бие биенээ туслаж дэмжих (59.2), аливаад зарчимч шударга хандах (47.2) явдал их ажиглагддаг гэдэгт олонхи нь санал нэгдсэн ч хөдөөгийн хүмүүсийн зан төлөв, харилцаанд танил тал харах (49.0), ашиг тус харах (39.2), хувиа хичээн, аргацаах (32.7), хөндий албархуу харилцах (25.5),бүдүүлэг, харилцааны соёлгүй харилцах (25.4) их илэрч байгаа гэж 2-4 хүний нэг нь илэрхийлсэн юм. 
Хөдөөгийн хүмүүсийн хотынхны зан чанар, харилцааны онцлогийн талаарх үнэлгээний 36.7 хувь нь эерэг, 50.5 хувь нь сөрөг, 7.3 хувь нь хот хөдөө ялгаа байхгүй, хүн хүнээсээ л шалтгаална. Хөдөөгийнхний зан чанар харилцааны талаарх үнэлгээнд харин эерэг нь (75.2%) давамгайлж байна. Хөдөөгийнхний зан чанар, харилцааг үнэлэхдээ бүдүүлэг соёлгүй, бүрэг ичимхий, хэнэггүй хээгүй, их зантай, хувиа хичээсэн, санаа муутай, хотын соёлыг мэддэггүй, харилцаа муутай, ашиг харж, мөнгө харж харилцдаг, ах захаа хүндлэхээ байж байгаа, нутаг усаар ялгаварладаг, хов жив ихтэй, бэлэнчлэх сэтгэлгээ рүү орж байна гэх зэргээр шүүмжилсэн нь хөдөөгийнхний зан чанар харилцаанд гарч буй сөрөг өөрчлөлтийг харуулж байна.   
Хөдөөгийнхний харилцаанд гэр бүлийнхэн (ах эгч, дүү нар), хамаатан садангийн хүмүүс, нэг нутаг усны хүмүүс, хот айл, саахалт айлынхны харилцаа хамгийн дотно нөхөрсөг байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн