Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгдөг, зарим хичээлийн хувьд агуулга нь тухайн ангид хүндэдсэн байна, сурагчийн цүнх хүнд байгаа учраас тодорхой арга хэмжээ авч ажиллана гэдгээ Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хүрээнд хичээлийн шинэ жилээс сургалтын хөтөлбөртөө ямар гол өөрчлөлтүүдийг хийсэн талаар БСШУСЯ-ны харьяа боловсролын Хүрээлэнгийн мэргэжилтэн, лектор А.Энхтогтохтой ярилцлаа.
-Энэ хичээлийн жилээс цөм хөтөлбөрийн сургалтын агуулгад ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байна вэ?
-Сургалтын цөм хөтөлбөр 2014 оноос эхлээд бага боловсролд, 2015 оноос суурь боловсролд, 2016 оноос бүрэн дунд боловсролд хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжээд таван жил болж байна. Энэ хугацаанд хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ, сурагчдын сургалтын амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ, багш сурагчийн ачаалал ямар байна вэ гэх мэт дүн шинжилгээ хийж гурван төрлийн судалгааг явуулсан. Эхнийх нь, боловсролын үнэлгээний төвөөс жил бүр аймаг орон нутгаас түүврийн аргаар авдаг чанарын судалгаа юм. Тус судалгаагаар сурагчдын сурлагын амжилтад ямар ахиц, дэвшил гарч байна вэ гэдгийг тандан ажигладаг. Хоёрт нь цөм хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна тодруулах зорилгоор боловсролын хүрээлэнгээс 2018, 2019 онд “Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” гэсэн судалгаа хийж байна. “Цөм хөтөлбөр хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрсний дараа багш нар сургалтын агуулга хүнд байна”, “багш сурагчийн ачаалал их байна” гэдэг олон нийтийн санал асуулгын дагуу багш нарын үндэсний хэлэлцүүлгийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.
Эдгээрийн судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд бид гол анхаарлаа хандуулах ёстой хэд хэдэн зүйл байна гэж үзсэн. Нэгд, сурагчдын сурлагын амжилтыг хэрхэн ахиулах вэ. Хоёрт, багш, сурагчдын ачааллыг хэрхэн бууруулж болох вэ. Гуравт сургалтын агуулга хүнд байна гэх асуудлыг зохицуулах ямар боломж байна вэ.
Энэ гурван асуудалд төвлөрч сургалтын хөтөлбөрийг дахин сайжруулах ажлыг хийж байна. Өмнө нь боловсролын шинэчлэлийг дагаад сургалтын хөтөлбөрт өөрчлөлт ордог байсан бол энэ жилээс анх удаа сургалтын хөтөлбөрөө тодорхой судалгаанд үндэслээд, сайжруулаад явж байгаа юм. Хөтөлбөрөө сайжруулах явцдаа сурагчдын ачаалал, хичээл цагтаа багтахгүй байгаа байдал зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлсэн. Цөм хөтөлбөрөө эргэн харж, агуулгын давхцал ихтэй, цагтаа багтахгүй байгаа зэрэг асуудлыг шийдэхийн тулд сургалтын хөтөлбөрийн агуулгад тодорхой хэмжээний зохицуулалт хийж байна. Гол нь хаана давхцал үүсээд байна гэдгийг хөтөлбөрөөсөө хайсан. Анги хоорондын болон анги доторх агуулгын давхцан зүйл харьцангуй бага. Харин боловсролын төвшин хооронд давхцалууд гарч ирж байсан. Тиймээс үүнийг бууруулахдаа давхцал ихтэй агуулгуудыг нэг ангиас нөгөө анги руу шилжүүлэх байдлаар зохицуулсан. Тухайн насандаа хүнд байна гэсэн агуулгуудыг судалж үзээд, заримыг нь хасаж, заримыг нь ангиас анги руу шилжүүлсэн.
Ингээд бага боловсролын сургалтын хөтөлбөрт 35.3 хувь, суурь боловсролд 8.7 хувь, бүрэн дунд боловсролд 9.2 хувийн агуулгын сайжруулалт хийлээ.
Баримт бичгийн төвшинд, багш, сурагчийн ачааллыг бууруулах ийм сайжруулалт хийсэн. Тиймээс үндэсний хэмжээний 550 сургагч багшийг наймдугаар сарын 5-19 ны хооронд сургалтад хамруулна. Эдгээр сургагч багш аймаг, орон нутгийн арван бүс рүү 44000 гаруй багшид сургалтын хөтөлбөрт гарсан сайжруулалт, шинэ өөрчлөлтүүдийн тухай танилцуулах юм. Энэ сургалт орон нутагт наймдугаар сарын 15-нд эхэлнэ. Харин Улаанбаатар хотод наймдугаар сарын 25, 26, 27-нд болно.
-Баримт бичгээс цааш бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Хэрэгжүүлэх тал дээр сургууль, багш нарт нэлээд дэмжлэг хэрэгтэй. Боловсролын хүрээлэнгийн хийсэн судалгаанаас харахад, багш нар сургалтын хөтөлбөрийнхөө мөн чанар, үзэл баримтлал, агуулгыг сайн ойлгоогүйгээс уламжлалт багш төвтэй сургалтаа хамгаалаад байгаа нь харагдсан. Багш заадаг сургалтаас аль болох зайлсхийж, хүүхэд өөрөө сурах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байж суралцдаг зарчмыг баримтлах ёстой. Гэтэл багш өөрөө сургалтаа сайн ойлгоогүйгээс нөгөө уламжлалт арга зүй маань давамгайлж байна. Тиймээс бид багш нараа дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд анхаарлаа хандуулж байна. Энэ жилээс эхлээд хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний хэмжээний сургалт үйл ажиллагаа маань чиглэнэ. Энэ сургалтыг бид зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнөх таван сургалт бол дандаа хөтөлбөрийнхөө агуулга, арга зүйг багш нартаа хүргэхэд чиглэж байсан. Харин энэ жилийнх сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой. Тус сургалтаар багш нарын онолын мэдлэг арга зүйг дээшлүүлнэ. Яавал хүүхэд өөрөө мэдлэг бүтээх арга барилд суралцах вэ гэдэгт анхаарна. Орон нутаг дээр очоод, сургууль багш нар маань үүнийг хэрэгжүүлсний дараа мониторинг хийн, дахин багш нартаа зөвлөн туслах чиглэлээр ажил зохион байгуулна.
-Яг одоо хичээлийн жилээс сурагчдын ачааллыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сурагчийн ачааллыг бууруулахын тулд хөтөлбөрийнхөө агуулгаар тодорхой хэмжээний зохицуулалтыг хийж өгч байгаа. Манай улсын хувьд анги дүүргэлт ихтэй учир хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүй. Тэгээд номын үлдсэн агуулгаа хүүхдүүдээ даалгавар болгож өгдөг. Тэр даалгаврыг нь эцэг эх, багш, хүүхдүүд ойлгож хийхэд хүндрэлтэй, тиймээс даалгаврын ачаалал их байна гэдэг. Зөвхөн хөтөлбөрийнхөө үзэл баримтлал, мөн чанарыг ойлгосон, хөтөлбөр сурах бичигт чиглэсэн сургалт даалгаврууд хийгдэж байна уу гэвэл бас хараахан тийм биш. Багш нар үндсэн сурах бичиг хөтөлбөрөө барихаас гадна маш олон гарын авлага материалууд хэрэглэдэг. Тиймээс тухайн материалуудыг хөтөлбөрт хэрхэн нийцэж байгааг үзэх хэрэгтэй. Багш нар хүүхдэд өгч буй даалгаврыг хүүхэд хэдий хугацаанд хийх вэ, хэдэн минут цаг зарцуулах ёстой вэ гэдгээ тооцоолж, даалгавраа өгөхийн тулд сургалтын хөтөлбөрийнх нь агуулгад тодорхой хэмжээний зохицуулалт хийж байгаа юм. Ингэснээр сурагчийн ачааллыг буурна гэж үзэж байгаа юм. Нөгөө талаасаа хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орсон. Өмнө нь ахлах, дунд анги 35 долоо хоног, бага анги 33 долоо хоног хичээллэдэг байсан. Харин энэ жилээс дунд, ахлах ангид 33 долоо хоног, бага анги 32 долоо хоног хичээллэнэ. Сургуулиуд зургаан сарын эхээр амарна. Харин сурагчдын сургууль дээр байх цагийг нь нэмэгдүүлэх үүднээс “багш зохицуулах цаг” гэсэн нэмэлт цагийг сургалтын төлөвлөгөөнд нь тусгасан.
-Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөр төдийлөн өөрчлөгдөөгүй. Зарим сайжруулалт, шинэчлэлтийг хийсэн гэж ойлгож болох уу?
-Хуучин бол боловсролд томоохон хэмжээний өөрчлөлт ордог байсан. Жишээлбэл, Арван жилээс 11 жил рүү, 11 жилээс 12 жил рүү гэх мэт. Энэ шинэчлэлийг дагаад хөтөлбөрт өөрчлөлт ордог. Манай улсын хувьд, 90-ээд оноос хойш дөрвөн жилийн давтамжтай хөтөлбөрөө байнга өөрчилж ирсэн. Одоо бид хөтөлбөрөө өөрчлөх биш сайжруулах гэдэг тал руу анхаарч байна. Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийг даган, сайжруулах процесс заавал хийх хэрэгтэй. Сурах бичгийн хувьд, хөтөлбөрөө дагаа нэг л удаа гардаг. Харин жил бүр шинээр хэвлэгддэг. Энэ жил хөтөлбөр сайжруулсантай холбоотойгоор сурах бичигт тодорхой хэмжээний сайжруулалт хийнэ.