Бид өмнөх долоо хоногт Тяньжин боомтод ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэнээс болж машины үнэ жилийн хугацаанд 10-12 сая төгрөгөөр өссөн тухай мэдээлсэн. Зөвхөн Тяньжин боомтод бөөгнөрөл үүссэнээс гадна Эрээн боомтод ч мөн бөөгнөрөл үүсэж, Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилсон билээ. Тэгвэл Эрээн боомтод ачаа тээврийн бөөгнөрөл үүссэнээс болж барилгын материал, арматур төмрийн үнэ ч өсчээ. Үүнийг дагаад шинэ байрны үнэ, барилгын материалын үнэ, түрээсийн байрны үнэ өссөн байна. Хичээл сургууль эхэлсэн, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан хүмүүс байр хайсаар. Гэтэл байр олдоц муутай, олдсон ч үнэ нь нэмэгдсэн тул авахгүй байгаа аж.
Жилийн хугацаанд шинэ байрны үнэ метр квадрат тутамдаа дунджаар хоёр сая төгрөгөөр өсчээ
"Барилга МН" сэтгүүл, "Тэнхлэг зууч" ХХК-ийн мэдээлэл тулгуурлан тооцвол шинэ байрны үнэ жилийн хугацаанд мкв тутамдаа дунджаар хоёр сая төгрөгөөр өссөн байна. Хамгийн хямд байрны үнэ мкв тутамдаа 1 сая 200 мянган төгрөг байгаа бол хамгийн үнэтэй нь 8 сая төгрөг байгаа аж. Шинэ байрны үнийг дүүргээр нь танилцуулъя.
2020 оны есдүгээр сард Сүхбаатар дүүрэгт баригдсан шинэ байр мкв нь 2 сая 600 мянган төгрөг байжээ. Харин одоо 3 сая 900 мянган төгрөг болж 50 хувиар үнэ нь өссөн байна.
2020 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт баригдсан шинэ байрны үнэ мкв нь 2 сая 100 мянган төгрөг байсан бол одоо 3 сая 70 мянган төгрөг болж 46 хувиар өсчээ.
2020 оны есдүгээр сард тус дүүрэгт баригдсан шинэ байрны үнэ мкв тутамдаа дунджаар 3 сая 210 мянган төгрөг байсан байна. Тэгвэл одоо 3 сая 910 мянган төгрөг болж нэмэгджээ.
2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүрэгт баригдсан шинэ байрны үнэ мкв тутамдаа дунджаар 2 сая 340 мянган төгрөг байсан. Тэгвэл одоо 3 сая 450 мянган төгрөг болж 47 хувиар үнэ нь өссөн байна.
2020 оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт баригдсан шинэ байрны үнэ мкв тутамдаа дунджаар 1 сая 750 мянган төгрөг байжээ. Харин одоо 1 сая 911 мянган төгрөг өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс харахад дүүргүүдэд бүгдэнд нь шинэ байрны үнэ өссөн байна. Ялангуяа Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд байрны үнэ хамгийн их өсчээ.
Банзны үнэ 75 хувиар, арматурын үнэ хоёр дахин өсчээ
Наймдугаар сарын эхээр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Барилгын материалын үнэ зөвхөн манай улсад өсөөгүй. Цемент зуурмагийн үнэ дөрвөн хувиар өссөн. Харин хөөсөнцөр хавтангийн үнэ 92 хувиар, арматур төмрийн үнэ 80 хувиар өслөө. Хагас жилийн дунджаар авч үзэхэд барилгын нийт материалын үнэ 40 хувиар өссөн” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл барилгын материалын голлох бүтээгдэхүүнүүдийг бүтэн жилийн хугацаанд хэр өссөнийг авч үзлээ. Барилгын хамгийн чухал материал болох арматурын үнэ 2020 оны есдүгээр сард дунджаар 1 сая 685 мянган төгрөг байжээ. Харин одоо 3 сая 58 мянган төгрөг болж бараг хоёр дахин өссөн байна. Монгол Улс өнгөрсөн онд 210 мянган тонн арматур хэрэглэснээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Тэгвэл 70 хувийг БНХАУ-аас импортолж байна гэсэн үг юм.
Банзны үнэ /4см*4м, 30 ширхэг/ 2020 оны есдүгээр сард 330 мянган төгрөг байсан бол одоо 580 мянган төгрөг болжээ. Энэ нь 75 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн дээврийн материалын үнэ 2020 онд дунджаар /хуйлмал/ 63 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 90 мянган төгрөг хүрчээ.
Бетон зуурмагийн дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 205 мянган төгрөг байсан бол одоо 215000 мянган төгрөг болж нэмэгджээ.
Байр болон барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан түрээсийн байрны үнэ өссөн байна. Ялангуяа түрээслэгчид түрээсийн төлбөрийн жилээр нь тооцож авч байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа ажээ.
Оюутан Н.Х: Түрээсийн байр олдохгүй, олдсон ч үнэтэй байна
Байр болон барилгын материалын үнэ өссөнөөс үүдэн түрээсийн байр хомсдож, үнэ нь өсчээ. МУБИС-ийн гуравдугаар түвшний оюутан Н.Х “Наймдугаар сарын 20-оос байр хайлаа. Санаанд тохирсон байр ер олдохгүй байна. Олдсон ч үнэтэй, төлбөрөө жилээр нь авна гэж байна. Ядаж гурван сараар ч юм уу өгвөл уг нь зүгээр. Өмнө жилүүдэд байрны эзэнтэйгээ тохироод сар сард нь төлбөрөө төлдөг байсан. Одоо бол “Түрээсийн байр олдохгүй байгаа, чи олдсон дээр нь сууж ав” гэхээс өөр зүйл хэлэхгүй байна.
2020 онд цар тахлаас болоод цахимаар хичээллэсэн болохоор байр хайж сүйд болоогүй. Харин 2019 онд гайгүй байршилд нэг өрөө тавилгатай байрыг сарын 550 мянгаар түрээсэлдэг байсан. Үүнийгээ хамт амьдардаг хоёр найзтайгаа төлдөг байсан учраас үнэтэй санагддагүй байсан. Гэтэл одоо бол нэг өрөө тавилгатай байрны үнэ 750-850 мянга гээд огт хөдлөхгүй байгаа” гэсэн юм.
Ингээд бид Үнэгүй.мн зарын сайтаар зочиллоо. Тус сайтад хажуу өрөөний үнэ 250-400 мянга, нэг өрөө байр 600 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хоёр өрөө байр 800 мянгаас 2.5 сая төгрөг, гурван өрөө байр 1.2 саяас 4.8 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнийг 2020 оны есдүгээр сартай харьцуулж үзвэл хажуу өрөө 50-100 мянгаар, нэг өрөө байр 150-250 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Байр болон барилгын материалын үнэ өсөхөд дараах зүйлс шалтгаалжээ.
Нэгд, барилгын материалын голлох бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь байрны үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Үүнийг дагаад түрээсийн байр, бусад барилгын материалын үнэ өсчээ.
Хоёрт, барилгын материалын үнэ гагцхүү манай улсад ч биш дэлхий дахинд адилхан өссөн байна. Энэ нь импортоор ирж ирэх барилгын материалын үнэд нөлөөлжээ. Импортоор орж ирж буй барилгын материалуудад тээврийн зардал болон бусад зардлууд шингэдэг байна.
Гуравт, эрэлт их байна. Засгийн газраас "Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ипотекын зээлийн олголтыг нэмэгдүүлж байгаа. Тэгвэл үүнийг дагаад иргэдийн байр худалдан авах, зээлд хамрагдах нь ихэссэн байна. Энэ нь нийлүүлэлт багатай зах зээлд эрэлт үүсгэх шалтгаан болжээ.