Удаан хөөцөлдсөний эцэст Улсын II төв эмнэлгийн лабораторийн улаан бүсэд орж сурвалжлага хийх зөвшөөрөл авлаа. Гаднаасаа хуучин гэдэг нь илт анзаарагдах дөрвөн давхар социализмын үеийн эмнэлгийн барилга. “Сайд нарын -2” гэх нэршил хуучин нийгэмд үүгээр энгийн иргэн хэн дураараа үйлчлүүлдэггүй байсны нотолгоо. Харин өнөөдөр гаднаасаа хөгшин харагдах ч дотроо орчин үеийн энэ эмнэлэгт “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүд тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Улаан бүсээс хийж буй сурвалжлагын баатар бол Улсын II төв эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч С.Анхтуяа эмч. Тэрээр мэргэжлээрээ 1992 оноос хойш тасралтгүй ажилласан бөгөөд Монголын урдаа барьдаг мэргэжилтнүүдийн нэг юм.
Түүн рүү залган ирснээ дуулгав. Хуралд орсон тул 30 минут хүлээхийг хүслээ. Хоёрдугаар эмнэлгийн лабораторийн үүдэнд тохилог кофе шоп байх аж. Кофе шопын дэргэд жижиг номын сан байдаг бололтой. Гэхдээ номын тавиур байх хэдий ч ном байсангүй. Бодвол ковидоос болоод хураах ёстой болсон байх.
Утсаа ухахаар шийдлээ. Өнөөдөр улсын хэмжээнд 13673 хүнд шинжилгээ хийснээс 2395 сорьцод коронавирус илэрч, таван шинжилгээ тутмын нэг нь эерэг гарчээ. Ийнхүү сүүлийн дөрөв хоног дараалан өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдэв. Тухтай буйдан налсан шиг хүлээж суух зуур хэсэгхэн хугацаанд унтчихжээ.
“Сурвалжлага хийх улсууд хаана байна” гэх дуунаар сэрлээ. Анхтуяа эмч инээмсэглэн угтан, хүлээлгэсэндээ хүлцэл өчив. Олон эмчийн дунд өссөн би эмч нар ердийн үед ч ямар их ачаалалтай ажилладгийг хамгийн сайн мэдэх нэгэн. Ялангуяа цар тахлын үед хамгийн хариуцлагатай лабораторийн улаан бүсийг ахалж байгаа мэргэжилтний ачааллыг төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ л Анхтуяа эмч ялархсангүй, энэ бол олон мянган эмч нарыг төлөөлөх эерэг хандлага гэж бодогдов.
Лабораторид орлоо. Хамгийн түрүүнд хоёр зүйл нүдэнд тусав. Эхнийх нь холливуудын киноноос л хардаг тохилог, орчин үеийн лабораторийн орчин. Удаах нь дандаа залуусаас бүрдсэн хамт олон. Улсын II төв эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасаг 8 их эмч, 14 лаборант, 2 туслах ажилтантай. Нийт 24 мэргэжилтний бүрэлдэхүүн 24 цаг тасралтгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч цар тахлын үед тэдэнд хоногийн 24 цаг ч хомстож, ажлын цагийн хуваарь гэж үгүй болжээ. Өглөөний ээлж 08.20-д, шөнийн ээлж нь 04:20-с эхэлнэ. Лабораторийн тасагт нэвтэрсэн л бол цаг зогсож, өдөр хоног 24 цагаар бус тэр өдөр ирсэн нийт шинжилгээний тоогоор хэмжигдэнэ. Бүх шинжилгээний хариу гартал хэн ч ажлаа орхин явдаггүй аж. Яг л мэс заслын эмч хэзээ ч хагалгааны өрөөгөө, эрчимт эмчилгээний сувилагч хэзээ ч тасгаа орхидоггүйтэй адил. Анхтуяа эмч ийм ачааллыг хэр баргийн хүн дийлэхгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарын нийт хамт олноор бахархан, талархаж байгаагаа уламжилсан юм.
Улсын II төв эмнэлэг ковидын тасагтай. Эмч, сувилагч нарын хэн нь ч өглөө ажилдаа ирэхдээ улаан бүсэд орж ажиллахаа мэдэлгүй ирдэг. Гэсэн ч тушаал гарсан л бол аранзаа үүрээд 14 хоног тусгаарлагдан ажиллахад бүгд бэлэн. Бид бүхэн цар тахлын үед эрүүл мэндийн ажилчид ямар орчин нөхцөлд, хэр их ачаалалтай ажиллаж байгааг сошиалд тарсан зургуудаас харсан. Тэгвэл бодит байдал дээр улаан бүсэд бүх зүйл илүү хүнд байдаг гэсэн юм.
Лабораторийн үйл ажиллагаатай танилцаж явсаар “Анхаар улаан бүс!” гэх анхааруулга өлгөсөн хаалганд дөхөж ирэв. Улаан бүсэд нэвтрэхдээ хөлийн улнаас зулай хүртэл битүүмжилсэн нэг удаагийн хамгаалалтын өмсгөл заавал зүүсэн байх шаардлагатай. Лабораторийн жижүүр эмч бидний өмсгөлийн битүүмжийг сайтар нягталж, “Юунд ч хүрч болохгүй” гэх анхааруулга өгсний эцэст улаан бүсэд нэвтрэв. Дараа нь лаборант хүн алхам тутамдаа эмх цэгцтэй, үйлдэл бүрээ нямбай хийх ёстой. Тэр зарчмын дагуу улаан бүс дотор хөдлөх бүрдээ мэргэжилтний зааврыг дагахыг сануулав. Өнгөрсөн хугацаанд Анхтуяа эмчийн багаас гурван мэргэжилтэн халдвар авсан гэв. Гэхдээ тэдний хэн нь ч улаан бүсэд орж ажилладаг лаборант байгаагүй аж. Бага зэрэг айдастай байсан би ийм л үг сонсохыг хүсэж байснаа нуухгүй. Улаан бүсийн нэгдсэн лаборатори нь эмнэлгээсээ тусдаа агааржуулалттай, бүрэн вакуумжсан орчин. Өөрөөр хэлбэл биднийг хаалганы цаана тэс өөр орчин хүлээж байгаа гэх ойлголт төрөв.
Улаан бүсэд нэвтэрлээ. Өнөөдөр Есөнзаяа эмч ээлжид гарчээ. Тэрээр улаан бүсэд ганцаараа 24 цаг ажиллах хуваарьтай. Тэрээр энэ хугацаанд ирсэн бүх сорьцыг боловсруулж, олшруулан эцсийн хариуг “GEREGE системд шивэх бүх ажлыг гүйцэтгэдэг. Өмнө нь лабораторийн улаан бүсэд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ээлжээр ажилладаг байжээ. Харин одоо 6 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж байна. Улаан бүсийн ажиллах багийн тоог цөөлсөн нь хүний нөөцийн хомстол бус саяхан цогц бүрэн автомат шинэ лабораторитой болсонтой холбоотой аж.
Тодруулбал, Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан хамтран цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, Улсын II төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо үйлчилгээний төв болон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгүүдэд “PCR”-ын молекул биологийн цогц лабораториудыг байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 10 гаруй эмнэлэг “PCR”-ийн шинжилгээ хийж байгаа юм.
Анхтуяа эмчийн хэлснээр Улсын II төв эмнэлгийн нэгдсэн лаборатори өмнө нь Оросын хагас автомат “PCR” шинжилгээний аппаратаар элэгний B, C вирус болон БЗХӨ үүсгэгч вирус, бактери илрүүлэх цөөн тооны шинжилгээг хийдэг байжээ. Харин Рио Тинтогийн төслийн хүрээнд молекул биологийн лабораторийн шинэ хэсэгтэй болсноор 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Ийнхүү Улсын II төв эмнэлгийн лаборатори цар тахлын үед хамгийн хариуцлагатай буюу эрүүл мэндийн ажилтнуудын “COVID-19”-ийн шинжилгээг хариуцаж байгаа бөгөөд лабораторийн улаан бүсэд өдөрт коронавирус илрүүлэх 300-500 “PCR” шинжилгээ хийгдэж байгаа аж. Шинэ лаборатори зөвхөн "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд 60 мянган сорьцод шинжилгээ хийжээ.
Түүнчлэн шинэ лабораторийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн, бүрэн автомат тоног төхөөрөмжүүдээс гадна ажилчдын амралтын өрөө болон бусад шаардлагатай бүх хэрэгслүүдийн хамт тохижуулж, байгуулсан нь цар тахлын үеийн ачааллаас хангалттай сайн үүрэлцэж байгааг онцолсон юм. Түүнчлэн шинэ лаборатори нь ХӨСҮТ-ийн Үндэсний лавлагаа лабораторид томоохон дэмжлэг болж, улсын хэмжээнд “PCR” шинжилгээний хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлж чаджээ. Мөн богино хугацаанд хэд хэдэн цогц лабораторийн дэд бүтэц байгуулагдсан нь улсын хэмжээнд эрүүл мэндийн оношилгооны хүний нөөц, боловсон хүчнийг төрийн бодлогоор дэмжих ажилд хувь нэмрээ оруулсан байна. Тухайлбал, “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд шинэ лабораторийг түшиглэн ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд II эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулсан. Дараа нь II эмнэлгийн мэргэжилтнүүд аймаг орон нутаг, дүүргийн мэргэжилтнүүдийг сургах үе шаттай ажлууд явагджээ. Үүний үр дүнд Анхтуяа эмчийн баг өмнө нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол лабораторийн хүчин чадал нэмэгдсэнээр 24 ажилтантай болсон байна. Гэсэн ч одоо хэрнэ гэсэн хүний нөөцийн хомстол байгааг тэрээр дурдсан юм.
Бидний хэлж заншсанаар “PCR” буюу полимеразын гинжин урвалын шинжилгээгээр аливаа өвчнийг үүсгэгч вирус болон бактерийг илрүүлэх шинжилгээг хийдэг. Тиймээс “PCR” шинжилгээ зөвхөн “SARS-CoV-2” төдийгүй ямар ч өвчний вирус, бактерийг оношилдог.
Коронавирусийн шинжилгээний улаан бүсэд орж, сурвалжлага хийсэн хүний хувьд лабораторийн ажилтнууд хуурамчаар сөрөг хариуг гаргах боломжтой юу гэх асуултад зайлшгүй хариулт авалгүй өнгөрч болохгүй. Тэгвэл Улсын II төв эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжүүд бүрэн автомат, хүний оролцоо тун бага, ялангуяа шинжилгээний эцсийн хариуг графикаар харуулдаг тул ийм эргэлзээ үүсэх ямар ч боломжгүй аж. Коронавирусийн шинжилгээний хариуны нийцэлд ХӨСҮТ-ийн Үндэсний лавлагаа лаборатори хяналт тавьдаг. Харин бусад биохими, цусны шинжилгээний хувьд улиралд нэг удаа Австрали улсын хяналтад ордог бөгөөд дотоод хяналтын тогтолцоо болон Анагаах ухааны хүрээлэнгийн хяналт сар бүр хийгддэг байна.
Улсын II эмнэлгийн хамт олон улаан бүсэд орж ажилласан нэгнээ ээлж дээр нь илүү хөнгөн ажилд томилох зэргээр халамжилдаг нь тэдний эв нэгдэл, биесээ гэх сэтгэл ямар халуун дулаан бас нягт гэдгийг илтгэх биз. Маш олон ийм хүчтэй хамт олон цар тахлын эсрэг ард түмний аюулгүйн манаанд зогсож байна. Амьдралаа бүхэлд нь ажил, мэргэжилдээ зориулсан чадварлаг мэргэжилтнүүдээ харахад монголчууд бид ковидыг ялж, сайхан цаг тун удахгүй ирнэ гэдэгт бүрэн итгэл төрсөн юм.
Миний хувьд мэдэхийг хүссэн хамгийн чухал асуулт бол бид дараагийн цар тахалд бэлэн үү гэх асуулт байв. Анхтуяа эмч үүнд
“Энэ удаагийн цар тахал бидэнд маш том сургамж, анхааруулга болсон. Тэр ч утгаараа төрөөс лабораторийн хүчин чадал болон мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх тал дээр эрчимтэй бодлого хэрэгжүүлж чадсан. Дараагийн цар тахал гарах нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ тэр үед Монгол Улс өнөөдрийн хуримтлуулсан туршлага, бий болгосон эрүүл мэндийн тогтолцооны үр шимээр тэр цаг үетэй илүү итгэл дүүрэн, цочроо багатайгаар нүүр тулахад бэлэн” гэж хариулсан юм.