Баярын өдрөөр төрөл бүрийн хоол хүнсийг хольж хэрэглэхээс гадна ердийн үеэс хэтрүүлэн хэрэглэх нь байдаг. Тиймээс УНТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын төвийн их эмч Б.Болормаатай хоол хүнсийг хэрхэн зөв хэрэглэх, эрүүл хоололтын талаар ярилцлаа.
-Сүүлийн ходоод гэдэстэй холбоотой ямар өвчин түгээмэл байна. Тэр нь юунаас шалтгаалж байна вэ?
-УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийг авч үзэхэд дийлэнх нь элэгний цирроз, түүний хүндрэл, нойр булчирхайн цочмог үрэвсэл, цөсний хүүдийн чулуут болон чулуугүй үрэвсэл хүндэрсэн өвчтнүүд зонхилж байна. Элэгний цирроз нь элэгний В, C,D вирусийн халдвар архагшсантай холбоотой байдаг. Цөсний хүүдийн чулуут үрэвсэл нь хүмүүсийн амьдралын буруу хэв маяг буюу буруу хооллолттой холбоотой байгаа юм. Тухайлбал, цөсний хүүдийнд чулуу үүсэхэд хоолны буруу хэвшил нөлөөлдөг. Өөх тостой хоолыг хэтрүүлж идэх, өлөн явж байгаад гэнэт идэх нь цөс өтгөрөх улмаар цөсний хүүдийнд чулуу үүсэх нөхцөл болоод байгаа юм. Мөн сүүлийн үед нойр булчирхайн цочмог үрэвсэл ихсээд байгаа. Энэ нь мөн л хоол ундны буруу хэрэглээ, ялангуяа архи спиртийн төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Нойр булчирхайн цочмог үрэвслээр залуу насны хүмүүс зонхилон өвдөх болсон нь харамсалтай.
-Манайхан өглөөний цайгаа тогтмол уухгүй, өлөн явж байгаад орой нэг мөсөн идэх нь байдаг. Энэ үед хүний ходоод хэрхэн цочирдог талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Өлөн байж байгаад гэнэт их хоол идсний улмаас ходоодны хүчил болон хоол боловсруулдаг эсгэгүүд, цөс ялгаруулах зохицуулга алдагддаг. Ходоодны хүчил нь хоолтой ходоодонд хоолыг боловсруулах үүрэгтэй. Гэтэл ходоод хоосон байвал ходоодны салстыг гэмтээх, цаашлаад цөсний хүүдийнд цөс хуримтлагдаж, цөсний чулуу үүсэх эрсдэл болдог.
-Хүмүүс баярын үеэр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хольж иддэг. Тэгэхээр олон төрлийн хоол хүнсийг хольж хэрэглэх нь хүний ходоодонд яаж нөлөөлдөг вэ. Түүнийг зөв шингээх ямар арга байдаг вэ?
-Баярын ширээн дээр төрөл бүрийн тансаг хоол зоог, идээ ундааны дээж амттан байх нь ойлгомжтой. Гэхдээ ширээн дээр байгаа зүйлийг алийг юутай зохицуулж идэх вэ гэдэг чухал. Тухайлбал, хүнд махан хоол идвэл хөнгөн ногоон зууштай хольж идэж болно. Төмсний салаттай биш гэсэн үг. Баярын өдрүүдэд ердийн үеэс илүү иддэг учраас хоол шингээх ферментийн бэлдмэл хэрэглэж болно. Баярын идээ ундаанд буруу хэрэглэж дадсан зүйлээсээ татгалзмаар байна. Тухайлбал, майонезтой төмсний салат, майонезоор амталсан хүнс, даршилж, нөөцөлсөн, хагс бэлэн болвсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Учир нь майонез нь тосны агууламж ихтэй. Үүн дээр төмс, вандуй, мах зэргийг холихоор хүнд хоол болж байгаа юм. Ер нь хоолныхоо хачир нь юу байхыг зөв сонгох хэрэгтэй.
-Ер нь хольж хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн байдаг уу. Орц найрлагын хувьд ч юм уу?
-Тухайлбал, мах, төмсийг хамт идэхгүй байх хэрэгтэй. Эдгээрийг хольж хэрэглэснээр шингэхэд маш хүнд хоол болж байгаа юм. Махан хүнсийг аль болох хөнгөн ногоон зууштай хольж хэрэглэх нь зүйтэй.
-Гүйлгэсэн тохиолдолд яах ёстой вэ. Тухайн хүн өөрөө эхний удаад авах ямар арга хэмжээ байна вэ?
-Нэг удаа шингэн бие засах, гэдэс базалз олон удаа гүйлгэх, суулгахыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хоол боловсруулалт хямарч (жишээ нь шинэ оны өглөө), 1-2 удаа шингэн баавал буцалсан ус, монгол бор цай хангалттай хэмжээгээр ууж, хоол боловсруулах фермент ( мезимфорте, фестал, пантираз...) уугаад ажиглана. Гүйлгэлт зогсохгүй, базалж өвдөх, хий дүлж, огих бөөлжих зовиур гарвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
-Сүүлийн үед хүмүүс махыг бага хэрэглэж, ногоон их хэрэглэ гэх мэтээр янз бүрийн зүйл ярих болжээ. Таны бодлоор зөв хооллолт гэж юуг хэлэх вэ. Хүмүүс яаж зөв хооллох вэ?
-Зөв хооллолт нь тухайн хоолны бүтэц найрлага, хооллох хэмнэл нь зөв байхыг хэлж байгаа юм. Тухайн хүний хоолноос өдөрт авах ёстой илчлэгийг хангасан, шингэхэд хялбар, эрүүл органик хоол байна. Үүний дээр өдөрт хооллох хэмнэл нь зөв байх ёстой, өөрөөр хэлбэл ойр, ойрхон багаар хоолох, өлөн явахгүй байх гэх мэт. Хоолны илчлэг хүн бүрийнх өөр өөр байна. Тухайлбал, оффист суугаад ажилладаг хүний хоолны илчлэг, биеийн хүчний ажил хийдэг хүний хоолны илчлэг харилцан адилгүй. Мөн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой байх ёстой. Ногоо гэхэд гэхэд янз бүрийн химийн бордоогоор бордоогүй органик, мах нь эрүүл малаас зөв бэлтгэгдэж, зөв хадгалж тээвэрлэсэн гэх зэрэг эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
-Кофег өргөн хэрэглэх болсон. Тэгэхээр кофены буруу хэрэглээтэй холбоотой өвчин илэрч байна уу?
-Өдөрт 2-4 жижиг аяга кофе эрүүл мэндэд тустай гэж үздэг. Гэхдээ сайн чанарын чанадаг хар кофе уух ёстой. Ходоодны шархтай болон улаан хоолой ходоодны сөргөөтэй хүмүүст кофе хэрэглэхийг хязгаарладаг.
-Ходоод гэдсээ хямраахгүй, эрүүл байлгахад та юу гэж зөвлөх вэ?
-Эрүүл мэнд бол хувь хүний үнэт баялаг. Эрүүл мэндээ сахин хамгаалах нь энгийн зүйлээс эхэлдэг. Өглөө сэтгэл санаа өөдрөг босоод хоёр аяга буцалсан ус ууж хэвших, 5-10 минут өөрийн хэмжээнд таарсан хөнгөн дасгал хөдөлгөөн хийж хэвших нь эрүүл байхын эхлэл гэж боддог. Нийгмийн стресс бухимдлыг өөр дээр наахгүйгээр өөдрөг, эерэг байж, хүсэл тэмүүлэлтэй, зорьсон зорилготой байвал эрүүл байхын бас нэг суурь болно. Өвчин эмгэг байж болох таагүй зовуур шаналгаа илэрвэл цаг алдахгүй эмчид хандаж, өвчин даамжрахаас сэргийлэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.