Хувийн бага, дунд сургуулийн холбооны тэргүүн Б.Одхойгоос хувийн хэвшлийн ЕБС-иудтай холбоотой асуудлуудын талаар тодрууллаа.
-Зарим хувийн сургуулийг гурван өдөр биш таван өдөр хичээллэх боломжтой гэж байна. Яамнаас үүнийг зөвшөөрчихсөн юм уу?
-Хувийн сургуулиуд улсын сургууль шиг олон хүүхэдтэй биш, анги дүүргэлт цөөн. Анги, танхимын кв-ын хэмжээ 20 дээр нэмэх, хасах тав, дээр нь нэг ангид суух хүүхэд 25-аас бага, анги танхим хүрэлцээтэй байвал таван өдөр хичээллэ гэж эцэг эхчүүдээс хүсэлт ирж байна. Эцэг эхчүүд хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд төлбөр төлж сургаж байгаа учраас шаардлагаа тавих нь зүйн хэрэг шүү дээ. Бид энэ хүсэлт дээр үндэслээд таван өдөр хичээллэх боломжтой гэсэн байр сууриа яамандаа илэрхийлж, эхний удаа аман байдлаар боломжтой гэсэн хариу авсан.
-Өнгөрсөн хичээлийн жил хувийн хэвшлийн сургуулиуд цөм хөтөлбөрийн дагуу теле хичээл дээр нэмээд, цахим хичээлийг явуулсан. Одоо таван хоногийн хоёр өдөр нь цахимаар хичээллэх боломжтой юу?
-Гурван өдөр танхимаар хичээллээд хоёр өдөр цахим хичээл хийхэд хүнд л дээ. Улсын сургуулийнхан бол хоёр өдөр теле хичээлээ үзчихнэ. Харин хувийн хэвшлийн сургуулиуд цөм хөтөлбөрийн хувьд арай зөрүүтэй, нэмэлт хөтөлбөртэй болохоор энэ бүхэнд цахим хичээлийг тусгайлан бэлдэх шаардлагатай. Гэтэл долоон хоногт хоёр өдөр цахим хичээл бэлдэж заана гэдэг бол хүнд асуудал.
-Боловсрол, шинжлэх ухааны сайд хувийн сургуулиудыг төлбөртөө уян хатан хандах чиглэл өгсөн. Хувийн хэвшлийн сургуулиуд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Сургуулиуд уян хатан байгаа. Эцэг, эхтэй ярилцаж, гэрээн дээрээ шаталсан төлбөр тавьж байна. Зарим нь төлбөрөө хувааж авч байна. Бидний хувьд голцуу хоёр хувааж авах, улирлаар авах гэсэн чиглэл барьж байна.
-Сараар төлөх боломжгүй юу?
-Хувийн сургуулиуд эцэг, эхтэйгээ олон жил хамтарч ажилладаг учраас уян хатан хандаж ирсэн байх гэж бодож байна. Ямар ч сургуульд төлбөрийг сараар авахад бага зэрэг хүндрэлтэй байдаг юм. Хэдийгээр бид боловсролын байгууллага ч гэлээ нөгөө талаар ажил олгогч шүү дээ. Тэгэхээр энэ олон хүний цалинг сар болгон тавих шаардлагатай. Цалингаа тавих болгондоо бид эцэг, эхчүүдэд сар болгон мөнгөө төлөх шаардлага тавибал ажлын ачаалал ихэснэ. Хоёрдугаарт, бид гол сургалт дээрээ төвлөрч чадахгүй илүү төлбөр мөнгөө хураах тал дээр төвлөрөөд үр ашиггүй зүйл болно. Үүний дүнд хүүхэд л хохирно. Хамгийн боломжит хувилбар бол улирлаар нь төлөх юм. Гэхдээ энэ нь сургууль болгон дээр янз бүр байгаа. 100 хувь төлбөрөө нэхэж байгаа сургууль их цөөн байна.