СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн эхэнд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу таныг нэр дэвшиж өрсөлдөх болсонд баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу таны нэр дэвшүүлсэн материалыг СЕХ хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулъя. Өнөөдрөөс мөрийн хөтөлбөрөө ард иргэддээ танилцуулж, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгосон журмын нөхөд, ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа АН-ын дарга С.Эрдэнэ, ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат нартаа амжилт хүсье.
Манай Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж хэлмээр байна. Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж, аль болохоор хэмнэлттэй сонгууль зохион байгуулахыг бусад нэр дэвшигчид анхааралдаа авах байх.
Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч бол эв нэгдлийг ханган ажиллагч, ҮАБЗ-ийн тэргүүн. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах ажлыг хийж, хэрэгжүүлнэ.
-Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Үндэсний эв нэгдэл асуудалд анхаарна.
-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хараат бус хууль хяналт, шүүх прокурорын байгууллагыг цэгцэлнэ. Хууль бүс үйлдлийг таслан зогсоож, шударга бусын хонгилыг таслан зогсоох болно. Хүн засагладаггүй хууль засагладаг улс болгоно.
-Байгалийн баялгийг ард иргэддээ ижил тэгш хүртээнэ. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар алдагдсан орд, газрыг төрд авч ирсэн. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх ёстой. Энэ зарчмаа барьж ажиллана.
-Гадаад харилцааны асуудал. Төрийн тэргүүний гол ажлын нэг.
-Хүний эрх, эрх чөлөө эрх зүйт төрийг бий болгоход анхаарч ажиллана.
-Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно" гэлээ.
Түүнчлэн МАН Ерөнхийлөгчийн сонгуульд "Баялагтаа эзэн монгол" гэсэн уриатай оролцож байгаа юм байна.