АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй ашгийн бус Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн /NRGI/ олон улсын судалгааны байгууллагын Монгол Улс дахь менежер, судлаач Н.Дорждарьтай Оюу толгойн хэлэлцээний эргэн тойронд өрнөж буй сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Монголын Засгийн газар болон Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" группийн хооронд яриа хэлэлцээ өрнөж эхлээд тодорхой үр дүнд хүрэлгүй арван сар болох гэж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд талууд албан ёсоор ширээний ард сууж, үүссэн асуудлаа нээлттэй ярьж, тохиролцсон асуудал алга. Өнгөрсөн хугацаанд хоёр тал тус тусдаа хэд хэдэн удаа мэдээлэл хийж, захидал шидэлцэхээс цааш асуудал хэтэрсэнгүй. Таны хувьд хэлэлцээг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хэлэлцээ амаргүй нөхцөл байдалд, гэхдээ явагдаж байгаа гэж ойлгож байна. Нэг талаас далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусахад ойртсон. Гэхдээ үлдсэн ажилд шаардагдах санхүүжилт нь шийдэгдээгүй байгаа гэж ойлгож байгаа.
Хоёрт, зэсийн зах зээлийн үнэ өндөр байгаа тул үр өгөөжөө илүү боломжийн түвшинд хүргэх тухай саналууд хүчтэй яригдаж байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа тул хамгийн том төслөөсөө илүү их өгөөж хүртэхийг хүсэх нь зүй ёсны асуудал байх.
Гуравт, хоёр тал олон жил маргалдаж, зарим асуудлаа арбитраар хүртэл шийдүүлэхээр хандаад байгаа. Энэ бүгдийг бодолцвол хоёр талын аль алиных нь сэтгэлд хүрэх байдлаар тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байгаа болов уу. Тиймээс ч яриа хэлэлцээ удааширч байна гэж харсан. Ямартаа ч талууд шийдэл хайж, ярилцаж байгааг зөв гэж харж байна.
-"Рио Тинто"-гийн удирдлагууд хоёр дахь захидалдаа Монголын талын 34 хувьд ногдох нийт өр зээл 2.3 тэрбум ам.доллар болоод байгаагаас 70 хувь буюу 1.6 тэрбумыг чөлөөлье гэдэг санал хүргүүлсэн. Зарим хүн үүнийг хүлээж авах ёстой. Нааштай үр дүн гэж харж байна. Гэтэл нөгөө талд энэ бол хөрөнгө оруулагч талын цаг хожсон, хоосон ходоод руу үмх хоол шиддэг шиг хөнгөн хуураад өнгөрөх оролдлого гэж байна л даа. Ер нь "Рио Тинто-гийн захидалд илэрхийлсэн саналуудыг Та хэрхэн харж байна вэ?
-Яг ямар санал тавьсныг хэлж мэдэхгүй байна. Үндсэндээ хэвлэлээр гарсан мэдээллийг л олж харсан. Санал болгоны үр нөлөөг нарийн судлан харах шаардлагатай байх. Дөрвөн санал тавьсан, тэр нь Засгийн газарт нааштай гэж тайлбарлаж байна лээ. Эдгээрээс гадна өөр бусад асуудлууд яригдаж байгаа юу. Тийм бол тэдгээрийн нөлөө нь юу байх вэ зэрэг олон асуудал бий.
Монголын талын 34 хувьд ногдох өр зээлийн тухайд бол хэрэв тийм өөрчлөлт орох бол манайд ашигтай харагдаж байна. Гэхдээ тэр зээл гэдэг бол уг төсөл ашигтай ажилласан үед Засгийн газарт очих ёстой ногдол ашгаас л эргэн төлөгдөх зохицуулалттай.
Тухайлбал, 22 тэрбум ам.долларын өр яригддаг. Тэр өр нь гагцхүү Засгийн газарт очих ногдол ашгаас л эргэн төлөгдөх заалттай. Хэрэв ашиг байхгүй, Засгийн газарт ногдол ашиг хуваарилахгүй бол тэр 22 тэрбум ам.долларыг Засгийн газар төлөх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, төсөл ашиггүй байх, өрийн хөнгөлсөн 70 хувийн цаана үлдсэн 30 хувийг төлөх мөнгөн урсгал уг төслөөс үүсэхгүй бол тэр өр хэд байх нь чухал биш болно. Одоо 70 хувь, 100 хувь хөнгөлсөн, эсвэл огт хөнгөлөөгүй байсан ч огт ялгаагүй гэсэн үг. Гэхдээ мэдээж төсөл ашиггүй байж, ногдол ашиг тараахгүй бол 34 хувийн хөрөнгө оруулагч болох Засгийн газарт юу нь сайн байх вэ дээ.
Мөн цар тахлын дэмжлэг байдлаар 350 сая ам.долларын бэлэн мөнгө Засгийн газарт шилжүүлэх тухай яригдаж байгаа гэж ойлгосон. Энэ нь ямар нэгэн нөхцөлгүй шилжүүлэг үү. Эвсэл татварын урьдчилгаа юу. Ирээдүйд төлөх ашгийн татвараас хасагдах зардал болох уу гэх мэт олон асуулт миний хувьд нээлттэй байна.
-Оюу толгойн гэрээг сайжруулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд Дубайн гэрээг цуцалж, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүртэл "Рио Тинто"-гоос ямар ч санал хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь Засгийн газрын эцсийн байр суурь гэж уншигдаж байгаа. Тэгэхээр 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэлье. Энэ гэрээнд өөрчилж, сайжруулах ёстой ямар асуудлууд байгаа вэ?
-Үндсэндээ 2009 онд хоёр гэрээ, мөн нэмэлт хэд хэдэн гэрээ байгуулсан байдаг. Энэ хоёр гэрээ бол салшгүй холбоотой, цул юм. Учир нь, талуудын хүртэх өгөөжид хамааралтай заалтууд аль, аль гэрээнд бий. Тэгэхээр аль нэг гэрээнд өөрчлөлт оруулна гэдэг нь тохиролцоог бүхэлд нь хөндөж байгаагаас өөрцгүй. Мөн Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчийн гэх хоёр гэрээнд гарын үсэг зурсан талууд ялгаатай. Өөрөөр хэлбэл, өндөр түвшинд гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөд техникийн талаас илүү түвэгтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ талууд хүсээд тохиролцвол аливаа гэрээг өөрчлөх боломж нээлттэй.
Харин өөрийн байр суурийг хөдөлшгүй гэж байгаа сайдын хувьд энэ нь хэлэлцээний тактик уу, эсвэл үнэхээр буулт хийх боломжгүй зүйл гэдгээ ил хэлж байгаа юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Мөн яг ямар өөрчлөлт оруулахыг эрмэлзэж байгаагаа тодорхой хэлэхгүй байх шиг байна лээ. Хөндөж байгаа тэр асуудлаасаа хамаарах л байх даа.
Гэрээг өөрчлөх, сайжруулах асуудлын хүрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх олон өөрчлөлтүүдийг хийж болно. Гэхдээ нөгөө талыг зөвшөөрүүлж чадах уу гэдэг асуудал үүсэх нь мэдээж.
Ганц нэгхэн асуудал хөндөхөд, ирээдүйд төлөх ашгийн татварыг тооцохтой холбоотой асуудлууд бий. Ашгийн буюу орлогын татварыг ногдол ашиг хуваарилахаас өмнө компани төлдөг. Тэгэхээр уг татварыг авч чадах эсэх нь эрэмбэ дарааллын хувьд ногдол ашгаас өмнө яригдах ёстой асуудал. Харин өнөөдөр бид ногдол ашгийн тухай түлхүү ярьдаг.
Энэ татвараа Монгол Улс бүрэн дүүрэн авч чадах уу. Магадгүй энэ нь илүү тулгамдсан асуудал ч байж мэднэ. Учир нь, уг татварыг тооцоход компанийн орлогоос олон төрлийн зардлыг хасаж, үлдсэн ашгаас нь тодорхой хувь хэмжээгээр авдаг. Тэгэхээр орлогоо бүрэн дүүрэн тооцож байгаа эсэх, мөн ямар зардал гарч байгаа, түүнийг уг татварыг тооцоход орлогоос хасаж тооцох эсэх нь олон маргааныг дагуулж болзошгүй.
Тухайлбал, зардлын хэтрэлт гарсан байдаг. Тэр хэтэрсэн зардлыг татвар ногдох ашгаас хасаж тооцох уу. Хэтэрсэн зардлыг хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтөд хамруулах уу. Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт ямар дүнтэй болсон бэ. Алдагдлыг ирээдүйн ашгаас нөхөх тооцоонд хамруулах уу зэрэг нарийн асуудлуудыг тохиролцвол ирээдүйд дахин маргаан үүсэхээс сэргийлэх болов уу. Үүнд мөн олон зардал хил дамнан гарч, хяналт тавихад хүндрэл учруулдгийг ч бодолцох шаардлагатай.
Мөн байнга шүүмжлэл дагуулдаг менежментийн үйлчилгээ, түүний хөлсний асуудал бий, гэхдээ энэ зохицуулалт нь Хөрөнгө оруулалтын бус, Хувь нийлүүлэгчийн гэрээнд зохицуулагдсан байдаг.
-Тэгэхээр менежментийн асуудлыг шийдэхийн тулд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг үү. Менежментийн зардлын асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Менежментийн асуудал Хувь нийлүүлэгчийн гэрээнд түлхүү туссанаас гадна менежментийн үйлчилгээний илүү нарийвчилсан гэрээг Дубайн гэрээтэй хамт байгуулсан гэж ойлгож байгаа. Гэхдээ менежментийн төлбөр авч байгаа "Рио Тинто" уг төлбөрийн хариуд яг ямар үйлчилгээ үзүүлэх ёстой, мөн менежерийн ажлын үр дүнг хэрхэн дүгнэх тухай заалтууд үндсэндээ байдаггүй. Улмаар зардал хэтэрсний төлөө төслийн менежер санхүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа нь ихээхэн маргаан дагуулж байгаа. Цаашид гүйцэтгэлтэй уялдсан төлбөрийн тогтолцоо руу шилжвэл менежерийн хариуцлага дээшилж, хяналт сайжрах болов уу.
-Ер нь Дубайн гэрээг цуцлах нь зүйтэй юу. Гэрээг цуцалснаар ямар үр дагавар гарч болох вэ. Дубайн гэрээ цуцлагдвал Оюу толгой төсөл болон Монголын эдийн засаг, цаашлаад хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө учрах айдас бий. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Гэрээг цуцаллаа гээд тус гэрээгээр зохицуулсан олон асуудлыг буцаах боломжгүй. Тухайлбал, банкууд уг төсөлд мөнгөө зээлсэн үү гэвэл зээлсэн. Түүнийг нь хэрэглээд дууссан байх. Тиймээс гэрээ цуцаллаа гээд банкуудын өмнө хүлээх үүрэг алга болохгүй.
Мэдээж Дубайн гэрээ нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөн гэх эрх бүхий байгууллагын шийдвэр гарвал цуцлах л байх. Харин гэрээний дагуу нэгэнт үүссэн харилцаа, хийгдсэн ажлыг хэрхэн зохицуулах уу гэдэгт талууд тохиролцоонд хүрэх шаардлага үүснэ. Тиймээс гэрээг хэн ямар нөхцөлд байгуулах, гэрээнд юуг тусгах, ямар асуудлаар хэлэлцэх боломжтой талаар эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, энэ болон бусад төслийн гэрээнүүдээс авсан сургамжаа зөв ашиглах шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын орчны хувьд ганц гэрээ цуцлагдахаас хамаарах асуудал биш болов уу. Гол нь цуцалснаас үүсэх асуудлаа хэрхэн шийдэх тал дээр тохиролцох шаардлага үүснэ. Өмчийн болон бусад эрхийн баталгаа, татварын хэмжээ болон тооцох аргачлал, маргаан шийдвэрлэх шударга тогтолцоо, дэд бүтэц зэрэг төр засгаас ихээхэн хамааралтай хүчин зүйлс байхад түүхий эдийн дэлхийн зах зээлийн чиг хандлага, эрэлт нийлүүлэлт, үнэ зэрэг гаднын хүчин зүйлс ч хөрөнгө оруулалтад нөлөөлж байдаг.
Оюу толгойн ужгарсан асуудлуудыг шийдэж, төсөл урагшилж чадвал хэлэлцээ амжилттай болсон гэж дүгнэнэ
-Дубайн гэрээний тухайд хүмүүсийн байр суурь янз бүр байдаг. Засгийн газар бол УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсад илт ашиггүй гэрээ гэж байгаа. Зарим хүн Дубайн гэрээгээр ил уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1 тэрбум ам.доллараар хэтэрсэн, татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь тухайн үед Оюу толгой төсөл зогссон, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед хөрөнгө оруулагч талаас тавьсан яах ч аргагүй “тулгалт” байсан гэдэг. Гэтэл энэ гэрээгээр санхүүгийн баталгааны 1.9 хувь, зөвхөн алт, зэсээс АМНАТ авах болон менежментийн зардлын хувийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Аливаа гэрээний талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг байх. Бүх хүний сэтгэлд нийцэх гэрээ гэж байдаггүй л болов уу. Мөн цаг хугацаанаас хамаарч гэрээ сайн, муу гэх үнэлгээ өөрчлөгдөж байдаг. Ялангуяа ийм том төслийн хувьд. Зардлын хэтрэлт гарч байгаа нь үнэхээр анхаарал татсан асуудал. Анхны гэрээнд зардлын хэтрэлт үүссэн тохиолдолд хэрхэх тухай нарийн зохицуулалт байгаагүйгээс маргаан үүсэж байгаа байх.
Татварын маргааны хувьд бол тусдаа шийддэг механизмтай, одоо арбитрт тэр асуудал явж байгаа гэж ойлгож байгаа. Хөрөнгө оруулагч талын тухайн үеийн тулгалтын хувьд тэр нь хууль болон гэрээгээ зөрчсөн үү гэдэг асуултыг дагуулах байх. Төслийн бүтээн байгуулалтыг явуулах, эсвэл зогсоох эрхийг хөрөнгө оруулагч талд бүрэн өгсөн анхны хэлэлцээртэй холбоотой асуудал. Менежментийн хөлсний хувьд харин ч зургаа хувь байж болох анхны тохиролцоог далд уурхайн бүтээн байгуулалтын хувьд 3 хувь болгон бууруулж тохирсон байдаг.
Дагалдах элементээс АМНАТ авах тухай асуудлыг үйлчилж буй хууль тогтоомжийн хувьд шийдээд явах боломжтой гэж харж байгаа. Дубайн гэрээнд алт, зэс, мөнгөний борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох тухай нарийвчлан заасан байдаг ч бусад элементээс АМНАТ авахгүй гэсэн заалт байдаггүй санагдаж байна.
Санхүүгийн баталгааны 1.9 хувийн шимтгэлийн хувьд тухайн үед хэлэлцээ хийж байсан талууд харилцан зөвшөөрсөн байдаг. Магадгүй хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг бүр цуцлах талаар ярилцах боломжтой байх. Гэхдээ бас хэрвээ далд уурхай ашиглалтад орохгүй бол 15 банкны зээлийг "Рио Тинто" компани давхар хариуцах үүрэг хүлээсний төлбөр тул эргээд тус компанид шахалт болж, далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай дуусгах сонирхлыг өдөөж байгаа болов уу.
Олон тухайлсан асуудлаар энэ мэтээр Монгол Улсад ашигтай өөрчлөлтүүд хийж болох хэдий ч талуудын тус төслөөс хүртэх өгөөж бүхэлдээ ямар байдлаар өөрчлөгдөж байгааг нарийн тооцож байж тухайн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгох боломж бүрдэнэ.
-Х.Нямбаатар сайд 6.5 хувь + ЛИБОР дээр Лондоны Төв банкны жигнэсэн дундаж 1.5 хувь, нэмэх нь санхүүжилтийн баталгааны 1.9 хувь буюу нийт 9.9 хувиар төслийг санхүүжүүлж байна гэж хэлсэн. Зарим хүн энэ задаргааг сайн ойлгодоггүй. Нөгөө 22 тэрбумын өр гэдэг асуудлын нэг хэсэг эндээс ургаж гарч ирсэн л дээ. Та Оюу толгойн санхүүжилтийн задаргааг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхгүй юу?
-Төсөлд хэрэгтэй санхүүжилтийг хэд хэдэн эх үүсвэрээр шийдэж байгаа. Эхнийх нь Дубайн гэрээгээр баталгаажуулсан төслийн санхүүжилт буюу банкуудын зээл. Энэ зээлийн нийт өртөг нь 6,5 хувь дээр ЛИБОР-г нэмсэн дүнтэй тэнцүү гэж ойлгож байгаа. Тэр 1.9 хувийн баталгаа нь 6.5 хувьдаа шингэсэн гэж ойлгосон.
Дараагийн эх үүсвэр нь хөрөнгө оруулагчдаас Оюу толгой компанид зээлсэн мөнгө бий. Түүний өртөг нь мөн л 6.5 хувь дээр ЛИБОР-ыг нэмсэн дүнтэй байгаа.
Үлдсэн санхүүжилтийг Оюу толгойн хувьцаа эзэмшигчид хариуцаж байгаа. Энэ санхүүжилтийн 66 хувийг хөрөнгө оруулагч тал, 34 хувийг Монголын төр гаргаж байгаа. Тэр мөнгийг үндсэндээ Засгийн газар хөрөнгө оруулагч талаас мөн л 6.5 хувь нэмэх нь ЛИБОР хүүтэйгээр зээлж авч байгаа хэрэг.
Гэхдээ түрүүн хэлсэнчлэн зээлээ зөвхөн ирээдүйн ногдол ашгаас төлнө гэх тохиролцоотой. Ер нь төслийг санхүүжүүлэх өртөг Оюу толгой төслийн хувьд өндөр байгаа гэж харж байгаа. Илүү хямд мөнгө олж уг төсөлд ашиглах талаар хөрөнгө оруулагч талтай илүү нягт хамтран ажиллах шаардлагатай болов уу.
-Хэлэлцээний ширээний ард байгаа талууд ямар асуудалд ойлголцож, санал нэгдэх шаардлагатай вэ. Жишээ нь, Засгийн газрын байр суурь нэгэнт тодорхой байна. Манай тал өөрт ашигтайгаар асуудлаа шийдэж, нэг үгээр амжилттай хэлэлцээр байгуулахын өмнө уг асуудлыг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байх ёстой. "Рио Тинто"-гийн хувьд зардлын хэтрэлтийг шуурхай санхүүжүүлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг хурдан дуусгахыг зорьж байгаагаа хэлсэн. Засгийн газар үүн дээр өөрийн талаас шаардагдах зарим бичиг цаас, гарын үсгийг зурахгүй “боох” тактик хэрэгжүүлж байна уу гэж харагдаж байгаа. Гэтэл нөгөө талд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа үед экспортын орлогоо өсгөх боломжоо алдаад байгаа хэрэг биш үү?
-Зэсийн үнэ өнөөдөр өндөр байгаа нь үнэн. Гэхдээ маргааш хэд болохыг таахад бас л ярвигтай. Далд уурхай ажиллаад эхлэхэд зэсийн үнэ огцом унасан байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Түүхий эдийн үнэ огцом савлаж байдгаараа онцлогтой.
Тэгэхээр тэр савлагаа болгоны хувьд гэрээгээ өөрчилье гээд байвал төсөл урагшлахгүй. Өөрөөр хэлбэл, үнийн мөчлөгийн аль ч үе шатад талуудад тодорхой хэмжээний өгөөж өгөх байдлаар татвар төлбөрөө тохирч чадвал гэрээ урт хугацаанд тогтвортой байхын үндэс болно. Өнөөдөр ашигтай мэт заалтууд маргааш, үнэ унасан үед, ашиггүй гэж харагдаж болохыг санах хэрэгтэй. Тиймээс ч аливаа өөрчлөлтийн үр нөлөөг төслийн үргэлжлэх хугацаанд тооцон судалж, гэрээг өөрчлөх нь чухал.
-Сүүлийн асуулт. Нэр бүхий хүмүүс угаас том төсөл хэзээ ч талуудын эрх ашгийг бүрэн хангана гэж байдаггүй гэх зүйлийг хэлдэг. Ямартай ч Оюу толгой төслийн өнөөгийн үл ойлголцлыг нэг тийш болгох зорилготой хэлэлцээ явагдаж байна. Ерөнхийдөө асуудал ойрын хугацаанд нэг талдаа гарах хүлээлт байна. Тэгвэл энэхүү хэлэлцээ бидний /монголчуудын/ хувьд амжилттай хэлэлцээр боллоо гэдгийг юугаар тодорхойлох вэ. Таны хувьд талуудын яриа хэлэлцээнээс хүлээж байгаа хамгийн том үр дүн, өөрчлөлт юу вэ?
-Миний хувьд төсөл урагшлаасай гэж бодож байна. Төслөө урагшлуулж чадвал хэлэлцээг амжилттай болсон гэх байх. Мөн ужгирсан олон асуудлыг нэг мөр шийдээд, дахин тэр асуудлуудаар маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадах нь чухал байх. Зардлын хэтрэлтийн татварын болон санхүүгийн үр дагавар, төслийн удирдагчийн хариуцлага, татварын тооцоолол гэх мэт бүрхэг байгаа асуудлаа шийдээсэй гэж хүсэж байна. Мөн компанийн засаглалыг бэхжүүлэх алхмууд хийгээсэй.
Тухайлбал, компанийн ханган нийлүүлэгч, худалдан авагчийн ил тод байдлыг дээд зэргээр хангах тал дээр тохиролцвол сайн хэрэг. Цаашид талууд бие биедээ илүү хүндэтгэлтэй хандаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр мөн ярилцах хэрэгтэй байх.