Боловсролын салбарт 2021-2022 оны хичээлийн жилд гарсан нэгэн дэвшил бол ерөнхий боловсролын зарим сургуульд мэргэшсэн боловсролын сэтгэл зүйч ажиллуулсан явдал байлаа. Мэргэшсэн сэтгэл зүйч ажиллуулах БШУ-ы сайдын тушаалыг 2022-2023 оны хичээлийн жилд ч мөн үргэлжлүүлж байгаа билээ. Тиймээс энэ жил сэтгэл зүйч мэргэжилтнүүд дунд хоёр шатны шалгалт явуулж, тэнцсэн 92 сэтгэл зүйчийг боловсролын сэтгэл зүйчээр ЕБС-д ажиллуулахаар болсон юм.
Тэгвэл өнгөрсөн жил боловсролын сэтгэл зүйчид ажилласнаар ямар үр дүн гаргасан талаар Боловсролын Ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа хэлэхдээ “2021 оноос ЕБС-д сэтгэл зүйч ажиллалаа. Тэднийг 45 хоногийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан. 2021-2022 оны хичээлийн жилд 119 сэтгэл зүйчийг мэргэшүүлсэн. Сэтгэл зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн мэргэжилтнүүд сонгон шалгаруулалтад орж, баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр шатыг давсан 92 сэтгэл зүйчийг шилж авсан юм. 2021-2022 оны хичээлийн жилд ажилласан сэтгэл зүйчдийн үр дүнг танилцуулбал, ЕБС-ийн нийт 19 хувьд буюу 151 сэтгэл зүйч ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 682 сургууль бий. Үүний 119 нь мэргэшүүлэх сургалтад хамрагдан боловсролын сэтгэл зүйчид юм. Тэд нэг жилийн хугацаанд 141,861 сурагч, 20459 багш ажилтан, 35006 эцэг эх асран хамгаалагч нарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж, сургалт семинарт хамруулсан. Харин 2022-2023 оны дөрөв дэх сургалтад шалгарсан 92 сэтгэл зүйч сургалтдаа хамрагдаж байна. Энэ сургалт зүгээр нэг хийдэг сургалт бус БШУ-ы сайдын бататсан тушаалын дагуу тусгайлан зохион байгуулдаг. Улсын төсвөөс гэж явдаг ч бид НҮБ-аас санхүүжилтээ олсон” гэв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаан болсон гурван удаагийн сургалтыг НҮБ-Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг-Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөл, Бадамлин ТББ-ын санхүүжилтээр зохиосон билээ. Тиймээс хамгийн анхны сэтгэл зүйчдийн багт ажиллаж байсан Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн сэтгэл зүйч Ж.Мөнхчимэг өөрийн ажлын үр дүнгээ ийн хуваалцлаа.
Тэрээр “Би нэг жилийн хугацаанд боловсролын сэтгэл зүйчээр ажиллалаа. Энэ жил ч мөн ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжсэн эхний жил байсан тул "Боловсролын сэтгэл зүйч гэж хэн бэ, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ, онцлог нь юу" гэдгийг таниулж мэдүүлэхэд голлон ажилласан. Үүний хүрээнд ЕБС-ийн хүүхдүүд боловсролын сэтгүүлчтэй хэрхэн тулж ажиллаж, өөрт байгаа асуудлаа ярих вэ, шийдэх вэ гэдгээ сайн ойлгож авлаа гэж харж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөнд давтамж маш чухал байдаг. Нэг удаа ирээд тайвширсан ч давтан ирэх нь илүү үр дүнтэй юм. Энэ хүрээнд 200 гаруй хүүхдэд тулж сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан. Манай сургуулийн 2700 гаруй хүүхдэд хоёр сэтгэл зүйч оногддог. Энэ нь бусад сургуультай харьцуулахад бага тоо учраас тулж ажиллахад хавьгүй хүртээмжтэй байсан гэж бодож байна. Хүүхдүүдийн дунд голлон тулгамддаг асуудал нь гэр бүлийн асуудал, мэргэжил сонголт, үе тэнгийн харилцаа багтаж байна. Тэдэнд хамгийн их тулгамдаж байгаа нь гэр бүлийн асуудал бөгөөд хүүхдээ ойлгодоггүй, хүсэл сонирхлыг нь сонсдоггүй байх юм. Мөн хүүхдүүд найз нөхөдгүйдэх, ангийн хамт олонтойгоо таарамжгүй харилцаатай байх нь тэднийг сэтгэл зүйг гэмтээдэг” гэсэн юм.
Харин энэ онд мэргэшүүлэх дөрвөн удаагийн сургалтад сонгон шалгаруулалтаар тэнцэн орж, есдүгээр сараас эхлэн боловсролын сэтгэл зүйчээр ажиллаж буй 72 дугаар сургуулийн Боловсролын сэтгэл зүйч Т.Сосорбарам хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал томчуудынхаас ямар ялгаатай байдгийг онцоллоо.
Түүний хэлж байгаагаар “Би өмнө нь насанд хүрсэн хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өвдөг байсан. Тэд өөрт тулгамдсан асуудлаа маш сайн мэддэг. Нэг удаа ярилцахад асуудлаа бүрэн ойлгож, ахиц гардаг. Харин арван жилийн сурагчид өөрт тулгамдсан асуудлаа бүрэн мэдэхгүй ч сэтгэл нь зовнолтой байдаг. Голчлон тэдэнд үе тэнгийн болон гэр бүлийн асуудал, хичээл сонголт хамгийн их асуудал болж байна. Би 2014 онд сэтгэл зүйчээр төгсөөд 2022 оноос эхлэн сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж байгаа юм. Сурагчид хотын төв рүү очиж сэтгэл зүйн зөвлөгөөг 100 мянган төгрөгөөс дээш үнээр авахад хэцүү, боломжгүй байдаг тул сургуулийн сэтгэл зүйг нэвтрүүлсэн нь бидэнд маш их боломж, стресс бухимдлаас ангижрах боломж болж байна гэж хэлдэг” гэлээ.