МУБИС-ийн Биологийн тэнхмийн багш, хоёр нутагтан, мөлхөгч судлаач П.Эрдэнэтүшигтэй ярилцлаа.
-Сүүлийн үед суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой элбэг үзэгдэх болсны шалтгаан юу вэ?
-Монголд эгэл болон уссурын бамбай хоншоорт гэж хоёр зүйлийн бамбай хоншоорт могой бий. Эгэл бамбай хоншоорт нь монгол орны байгалийн бүх бүс бүслүүрээр тархсан, хаа сайгүй тохиолдох боломжтой. Тэгэхээр бамбай хоншоорт могой Улаанбаатар орчим өмнө нь байж л байсан гэсэн үг. Сүүлийн жилүүдэд нийслэл хот хүрээгээ маш хурдан тэлж, томорч байна. Уулын ам болгонд байшин барьж байгаа нь байгалын амьтад хот руу орж ирж байгаа биш хүмүүс бид амьтны амьдрах орчин руу халдаж байгаа хэлбэр. Энэ үед шилжин дайжих чадвартай амьтад аль болох хүнээс хол дайждаг бол зарим нь хотын бүсэд үлдээд дасан зохицдог. Мөн хотод байгаа барилгууд хонгилтой, зай завсар ихтэй байгаа нь зарим амьтдын амьдрах нөхцөлийг хангачихаж байгаа юм. Өөрөөр хэлвэл, могой суурьших нөхцөл нь бүрдсэн байна.
Мөн энэ жил хур бороо ихтэй байгаа учир амьдарч буй орчин нь чийг их, таагүй болж байна. Тиймээс амьтад амьдрах орчноо өөрчлөх шаардлага гарч хүнтэй тааралдах нь ихэссэн байх магадлалтай. Тэрнээс биш ямар нэг зүйлийн дохио болж хот руу олноороо орж ирээгүй.
-Бамбай хоншоорт могой олноор хотын бүсэд орж ирээгүй, угаасаа байсан байх нь. Тэгвэл Улаанбаатар хотод өөр ямар зүйлийн могой байгаа вэ?
-Улаанбаатар хот орчмоор эгэл бамбай хоншоорт могойноос гадна хоргүй, рашааны могой нэлээд тохиолддог, энэ могой хотын төвийн Монтел утасны дэлгүүрт байна гэсэн дуудлага 2 жилийн өмнө ирж байсан. Халуун дулаан уур амьсгалтай улсуудад мөлхөгч амьтан хот суурин газар тохиолдох нь элбэг, тухайлбал Япон, Солонгост өргөн тархсан “House Gecko” гэж гүрвэл бий. Тэр гүрвэлүүд байшин, гэр оронд амьдрах нь ердийн үзэгдэл. Түүндээ ч дасан зохицсон байдаг.
-Могойтой таарвал могойг гэмтээхгүй, өөрөө ч гэмтэхгүй байхын тулд яах ёстой вэ?
-Тайван л орхих хэрэгтэй. Үнэхээр ойрхон тааралдчихвал тайван байж, хөдөлгөөнгүй бай. Сандраад, гар хөлөө савчаад эхэлбэл тухайн могой өөр рүү нь довтолж байна гэж бодоод биеэ хамгаалахын тулд хазна. Хүн хэр том билээ дээ. Могой нарийхан, жижигхэн амьтан учраас хүнээс айж байгаа. Эхлээд хүнээс айсандаа зугтахыг оролддог. Харин бүүр гарах гарцгүй болвол эргэж дайрч хазна.
Могойд хазуулах нь гурван шалтгаантай.
Нэгт, санамсаргүй байдлаар. Зүгээр алхаж, гүйж яваад могойг гишгэж могойд хазуулдаг. Энэ бол могой амиа аврах гэж буй оролдлого.
Хоёрт, могойг оролдож байгаад хазуулдаг. Ялангуяа хүүхдүүд сониуч зангаараа хортой юу, хоргүй юу, могой юу гэж байгаад л хазуулчихсан байдаг.
Гуравт, могойг алах гэж оролдож байгаад хазуулдаг. Могойг хараад зарим хүмүүс алахыг эрмэлзэн цохиж унагаагаад үхчихлээ гэж бодоод бариад авдаг. Гэтэл могойны гол тийм амархан, тасрахгүй. Тэгээд л хазуулчихна.
Тиймээс ямар ч могойтой таарвал болгоомжтой хөдөлгөөгүй, тайван бай. Угаасаа хүн гэдэг том амьтан учраас хүнээс дайжаад л яваад өгнө. Нэлээн зайтай байвал дороо хөнгөн дэвслээд, дуу чимээ гаргаад үргээгээд явуулж болно. Тэрнээс биш могой эргэж хараад дайраад, кинон дээр гардаг шиг элдэж хөөхгүй. Ямар ч могой таарсан хортой, хоргүй, ямар уу гэж бодох хэрэггүй. Хортой могойтой адил болгоомжтой хандах хэрэгтэй.
-Хэрвээ могойд хазуулбал ямар шинж тэмдэг илрэх вэ, ямар анхны тусламж үзүүлэх вэ?
-Могойг хатгадаг гэж ярьдаг боловч яг үнэндээ хаздаг. Могойны хэл үргэлж годгонож байдаг болохоор хүмүүс хэлээрээ хатгалаа гэж боддог юм. Хэлээрээ тэмтрээд шүдээрээ хазна. Хазуулсан дор маш их өвдөнө. Могойн хор цусны эсийг задалж, судасны хананы нэвчимтгий чанарыг ихэсгэнэ. Ингэснээр маш их хавагнана. Хөлний доод хэсэгт хазууллаа гэхэд хөл тэр чигтээ хавагнах жишээтэй. Мөн маш их лугшиж өвдөнө.
-Бамбайн хоншоорт могойд хазуулж нэг хүн нас барсан. Энэ могой хүний аминд хүрэхээр хортой юу?
Бамбайн хоншоорт могойн хор нь хүний амь насанд хүрэх хэмжээний хүчирхэг хор биш. Гэхдээ тухайн хүний бие организм могойн хоронд мэдрэмтгий байдлаас шалтгаалж үйлчилдэг. Мөн тухайн хүний нас, могойн хэмжээ, хазуулсан газар зэргээс шалтгаалан хорны үйлчилгээ өөр байна. Жишээ нь өндөр настан, хүүхдүүд бол могойн хоронд маш мэдрэг. Мэдээж гар хөлд хазуулбал арай гайгүй харин хүзүү, толгой зэрэг эмзэг газар хазуулсан бол хэцүү. Бамбайн хоншоортод хазуулсан хүмүүсийг хархад 7-14 хоногийн дотор шинж тэмдэг нь арилна.
Хүмүүс могойнд хатгуулсны дараа сэтгэл нь түгшиж, сандарч гүйдэг. Энэ үед цусны эргэлтийг хурдасгаж, хорыг улам тараана. Могойд хазуулсан хүнийг хамгийн түрүүнд тайвшруулж, хөдөлгөөнгүй хэвтүүлж, аль болох өтгөн бүлээн цай их хэмжээгээр уулгах хэрэгтэй. Хөл гарандаа хазуулсан бол гарт байгаа цаг, бөгж, гинж, бугуйвчийг бүгдийг нь авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хавдаж хавагнасны дараа тайлж авах боломжгүй бөгөөд тухайн хэсгийн цусан хангамж муудан үхжилт болох аюултай. Ингээд түргэн тусламж дуудна.
-Могойн хорыг сорж гаргадаг гэдэг шүү дээ. Энэ боломжтой юу?
-Судлаачид, хор судлаачид, сэхээн амьдруулах тасгийнхан үүн дээр санал зөрөлддөг. Зарим эмч нар хазуулсан даруйд сорвол хорны 40 хувийг авдаг гэж үздэг. Тэрнээс биш хэдэн минутын дараа ч юм уу сорвол үйлчлэхгүй. Харин зарим эмч нар хорыг сорохдоо хазуулсан шархыг үрэвсүүлэх магадалтай гэж үзэхээс гадна сорж байгаа хүний шүд, амны хөндий шарх, үрэвсэлтэй байсан тохиолдолд могойн хоронд бас хордох боломжтой гэж үздэг. Могойн соёо богинохон биш, зарим нь нэг см байгаа.
Зарим хүн анхны тусламж үзүүлэхдээ могойн хорыг цустай нь гадагшлуулахын тулд зүсэлт хийдэг. Энэ нь хамгийн буруу. Яарч сандран зүсэхдээ хүний судас, булчин, шөрмөсийг тасдах аюултай. Ингэвэл тэр хүн насаараа зэрэмдэг болно. Могойд хазуулсан газрыг түлэх, могойноосоо түрүүлж усанд очдог гэх үлгэр байна түүнд итгэх хэрэггүй. Энэ нь могойнд хазуулсан хүний биеийг улам л муутгана.
Анхны тусламж зөв үзүүлээд, цаашаа эмнэлэгтээ зөв эмчилчихвэл ямар ч аюулгүй.