Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Чойням: Хүний биеийн эсийн үйл ажиллагаа стресстэй 100 хувь холбоотой

Б.Чойням: Хүний биеийн эсийн үйл ажиллагаа стресстэй 100 хувь холбоотой
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 10
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн сургалтын арга зүйч, судлаач багш, Хүний их эмч, АУ-ы магистр Б.Чойнямтай ярилцлаа. Тэрээр стресс хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар багагүй хугацаанд судалгаа хийсэн юм. 
-Сүүлийн хоёр жил дэлхий нийт халдварт өвчин, эдийн засгийн хямрал, дайн гэх зэргээс  шалтгаалж стресст их өртөмтгий болсон. Энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Хүний бие махбод урьдчилан тооцоолоогүй хэт их ачааллыг бие дээрээ авахыг стресс гэж тайлбарлаж болох юм. Стресс нь хамгийн түрүүнд тархины үйл ажиллагаанд нөлөөлж сэтгэн бодох, ой тогтоолт зэрэг тархины хямралыг бий болгодог. Үүнийг бид стрессийн гаралтай хямралууд гэж үздэг. Мөн органик гаралтай буюу бүтцийн өөрчлөлт бүхий хямралууд байдаг. Олон улсад стресстэй холбоотой хэд хэдэн судалгаа хийгдсэний нэг нь мэдрэлийн эсүүд нь стресст өртсөний дараа ямар болж байгааг тогтоосон судалгаа байдаг. Тус судалгаагаар стресст өртсөн хүний нейрон болох мэдрэлийн эс стресст өртөөгүй хүнийхээс хэд дахин гэмтсэн байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн эс стрессийн нөлөөгөөр гэмтэж эмгэг үүсэх эрсдэлд хүргэж байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Миний хувьд 2020 оноос эхлээд стрессийн туршилтуудыг хулгана дээр хийж эхэлсэн. Туршилтаас харахад, стресст өртсөн амьтан хамгийн эхлээд зан араншингийн өөрчлөлтөд ордог нь батлагдсан. Ингээд зан араншингийн өөрчлөлт нь идэвхтэй хөдөлгөөний үйл ажиллагаануудыг алдагдуулдаг. Амьтан дээрх туршилтын дүнд дахин лавшруулан судлах хэд хэдэн судалгааны санаа төрсөн.
-Стресс үүсгэгч маш олон зүйл байдаг байх. Хүн ихэвчлэн юунаас стресст их өртдөг вэ?
-Хүн ихэвчлэн үзэгдэх орчны стресст өртдөг. Өөрөөр хэлбэл, хүн орчноосоо өөрт байхгүй зүйлээ хайж стресст ордог байна.Үүнийг сэтгэл судлал талаас өвчин гэж үздэг.
Стресс нь бие махбод, нийгэм, орчны харилцаа гэсэн гурван том хүчин зүйлээс үүсдэг гэж үздэг. Үүнийг стрессор гэнэ. Харилцааны хүчин зүйл гэдэг нь хүн хэн нэгэнтэй харилцахдаа өөрт таатай харилцааг хүсдэг гэтэл тухайн харилцаа өөрт таагүй мэдрэмж төрүүлэхэд тэр харилцаанаас стресс авч эхэлдэг. Нийгмийн хүчин зүйлүүдийн нэг болох санхүүгийн нөлөөлөл нь мөн адил стресс үүсгэх ба жишээ нь хүн хангалттай хэмжээний санхүүгийн чадамжгүй байна гэдэг стресс үүсгэх хүчин зүйл болдог.
-Нийгэм их стресстэй байна гэж ярьдаг үүнийг бууруулах арга бий юу?
-Гадны хүчин зүйлээс шалтгаалж стресст өртөж байна гэж ярьдаг ч бид өөрсдөө үүнийг эсэргүүцэх өөрөөр хэлбэл стресст өртөхгүй байх чадварыг эзэмших хэрэгтэй. Бидний бий болгосон нийгэм хүн бүрт таалагдах албагүй. Харин бид сэтгэл зүйгээ удирдаж сурах хэрэгтэй юм. Стрессор гэх зүйлийг бууруулъя гэж ярьж байгаа бол хувь хүн өөрөө өөртэйгөө тэмцэх ёстой. Хүн өөрийн тайван таатай байх орчин нөхцөлөө бүрдүүлж бясалгал, иог зэрэг оюун санааг чөлөөлөх дадал зуршилтай байх хэрэгтэй. Стресс бууруулах өөр нэг арга бол танин мэдэхүйн шинжлэх ухаанд суралцах юм. Аливаа зүйлийг таньж мэдэхгүй байх нь стресст өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Бид өөрөө өөрсдийгөө хянаж стрессээ гаргаж сурахгүй бол стресс нь хүндэрснээс хүн амиа хорлох хүртэлх үйлдэлд хүрдэг.
-Стресст гүн ордог нас гэж байдаг уу?
-Стресст гүн өртөх үеүд гэж байдаг. Энэ нь танин мэдэхүйн үетэй холбоотой. Бага насны хүүхэд дээр аваад үзвэл дөнгөж төрсөн нярай хорвоотой танилцаж эхлээд уураг тархины хөгжил нь ойролцоогоор хоёр насан дээр идэвхжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, маш олон зүйлийг таньж мэдэх шаардлагатай болдог учир хоёр насанд хүүхдийн стрессийн түвшин хамгийн өндөр байдаг. Үүнийг бид хоёр насны синдроми гэж ярьдаг. Өсвөр насан дээрээ ирээд дахиад өөр амьдралын шат руу орж ирдэг. Энэ үед аав ээжийн хараат бус байдал, бие даан шийдвэр гаргах чадвар зэрэгт бэлтгэгдээгүй байдаг учир нийгмийн стресс үүсгэх эрсдэлд өртөмтгий болдог. Түүнчлэн өсвөр насанд хүүхдүүд танин мэдэхүйн шинэ шат хөгжиж байдаг учраас маш олон талаас мэдээллийг зэрэг авдаг. Зарим үед энэ нь стресс үүсгэх хүчин зүйл болдог учраас сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэгүүдийг үүсгэдэг.
-Сүүлийн жилүүдэд хорт хавдраар өвчлөх хүний тоо ихсэж нас залуужих болсон. Өвчлөл үүсгэж байгаа шалтгаан нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна стрессээс гаралтай байж болох уу?
-Хүний биеийн эсийн үйл ажиллагаа стресстэй 100 хувь холбоотой. Өөрөөр хэлбэл, бие махбодид стрессийн түвшин нэмэгдэх үед бодисын солилцооны хямрал үүсдэг. Бодисын солилцоо хямран, алдагдах  тусам тодорхой хэмжээнд эсийн үйл ажиллагаанд доголдол бий болж эрүүл, урт нас богиносгох хавдар болон бусад өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй.
-Бусад улс орнуудын иргэдтэй харьцуулахад монгол хүн стресстэй тэмцэх чадвар хэр байдаг бол?
-Монгол хүний сэтгэлзүйн дасах чадвар бусад орны хүмүүстэй харьцуулахад өндөр гэж хардаг. Өөрөөр хэлбэл, ямар ч стресстэй орчинд өөрийгөө аваад явах чадамж өндөр байдаг гэсэн үг. Энэ нь монгол хүний дасан зохицох чадамжтай шууд холбоотой юм.
-Стресст бага өртөх арга гэж байдаг уу. Хэрхэн даван туулах вэ?
-Гэнэтийн зүйлд соргог байж, асуудлыг тайвнаар хүлээн авах чавдартай байх мөн нөхцөл байдлыг олон талаас нь харж шийдлийг хэд хэдэн хувилбараар тооцоолох нь стресст өртөх болон өвчин эмгэгт өртөх байдлыг бууруулах арга юм. Стресст өртсөн тохиолдолд өөрийгөө тайван байгаж, оновчтой шийдвэр гаргах аргад суралцах нь нэн чухал ба сүүлийн үеүүдэд дэлхийн хүн ам иог, бясалгалаар хичээллэх, шинжлэх ухаанд суралцах зэрэг өөртэйгөө илүү ажиллах аргаар стрессийг даван туулж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн