Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөө өглөө БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол 556 болж, дөрвөн хүн нас барсан талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн 16.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 46-аар нэмэгдэж, 602 боллоо. Мөн халдвар авсан 57 настай эмэгтэй нас барж, нийт нас баралт тав болж нэмэгдлээ. Солонгосын Тэгү хотоос үүдэлтэй халдварын тархалт Солонгос улсын бүх мужуудад тархсан байдалтай байна.
Цаг минутаар халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа учраас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар "Онц байдал" зарлаж, эрсдэлийн хамгийн өндөр зэрэг буюу 4 дүгээр зэрэгт шилжлээ. Халдварын тархалт бүх мужаар эрчтэй нэмэгдэж, хяналтаас гарах эрсдэлтэй байгаа учраас ард иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Ойрын хэдэн өдөр хамгийн шийдвэрлэх үүрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ. Эрсдэлийн 4 дүгээр зэрэгт шилжсэнээр олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, цаашлаад нийтийн тээвэр болон агаарын тээврийг бүсчлэн хаах, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авдаг байна.
Солонгос улсад сүүлийн хоёрт хоногт нэмэгдсэн 400 хүний 221 нь сүмийн итгэгчид, 95 нь эмнэлгээс халдварласан, 48 тохиолдлын судалгааг нарийвчлан хийж байна. Халдварын 54 хувь нь Тэгү хотод (голомтлон тархаж байна), 34 хувь нь Кёмбуг мужид бүртгэгджээ. Солонгос улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын 90 хувь нь сүмийн болон эмнэлгийн голомттой холбоотой байна. Одоогоор 570 гаруй хүнийг тусгаарлаж, 18 нь эмнэлгээс гарсан, дөрвөн хүн бас барсан байна. Нэмж 84 хүний сэжигтэй тохиолдлыг шинжилж байна.