Open iToim app
Зочин | 12 мин уншина

Б.Лхагважав: Нийгмээрээ эргээд нэг, хоёр хүнээс айдаг, бизнесийнхэн ч хадаг барин сөгддөг боллоо

Б.Лхагважав: Нийгмээрээ эргээд нэг, хоёр хүнээс айдаг, бизнесийнхэн ч хадаг барин сөгддөг боллоо
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 21
Бизнесийн ухааны доктор, эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхий улс орнууд коронавирусийн халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралтай нүүр тулж байна. Улс орон бүр энэхүү хүндрэлийг хохирол багатай даван туулахаар өөрсдийнхөө нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авсаар байгаа. Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ хэр дүр дүнтэй байгаагаас яриагаа эхэлье.
-Коронавирус хоёрдугаар сард ид дэгдэхэд л эдийн засгийн болон нийгмийн том асуудлууд үүснэ гэдгийг хэлж байсан. Тухайн үед эрүүл сэтгэлгээ, эрүүл дүгнэлтүүдийг хүлээж авах процесс бага байсан л даа. Учир нь, сонгууль дөхсөн, түүнд зориулсан төсөв баталсан учраас үнэнтэй хөл нийлүүлэхгүйгээр тэр чигээрээ явчихсан. Өнөөдөр бодит байдалдаа гүйцэгдэж байна шүү дээ. Гэтэл дэлхий дээр гурав, дөрөвдүгээр сард үйл явц өөрөөр эргэсэн. Гуравдугаар сараас БНХАУ, Европын холбоо, дараа нь АНУ-д хүндэрлээ. Үүнийг дагаад хөрөнгийн бирж дээрх том хувьцаануудын ханш унаж, дайны байдал бий болсон. АНУ, Европын хөрөнгийн биржийн арилжаа зогссон шүү дээ.
Хятад улс нийгэм, эдийн засгийн системийн бүтэц, иргэдийнхээ итгэл үнэмшлийг алдагдуулахгүйн тулд хөрөнгүүд гаргасан. АНУ ч чөлөөт зах зээлийнхээ үнэ цэнийг нэг удаагийн хямралд алдахгүйн тулд маш их хэмжээний мөнгө хэвлэсэн. Европын холбоо том системээ авч үлдэхийн тулд мөнгө санхүүгийн стандарт бус аргуудыг хэрэглэлээ. Европ 500 тэрбум евро, АНУ хоёр их наяд ам.долларын хөрөнгийг эдийн засагтаа оруулсан. Эдгээр арга хэмжээг гурав, дөрөвдүгээр сард авч хэрэгжүүлсэн. Харин манай улсын хувьд ерөнхийдөө тайван, унтуулах байдалтай явж байгаад сонгуулийн дараа найм, есдүгээр сараас эдийн засгийн асуудал руу орж, бодит мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ авах гэж дөнгөж оролдож байна. Манай улс эрүүл мэндийн хувьд хамгаалалт хийж чадсан. Харин эдийн засаг, нийгмийн асуудалдаа хожуу арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн хавар бол амь аргацаасан арга хэмжээг авсан. Хамгийн гол нь ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжээ том, жижиг гэлтгүйгээр тогтвортой ажиллах боломжоор хангах ёстой юм.
-Тэгэхээр таны хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ажлын байрыг хамгаалах, ААН-ийг дэмжихэд бүрэн чиглээгүй гэж хэлэх гээд байна уу?
-Зургаан сарын хугацаатай хэрэгжсэн арга хэмжээ бол үзэгдэл дөнгөж эхэлж байх үед авсан арга хэмжээ. Одоо ААН-үүд дампуурах, иргэд ажлын байраа алдах эрсдэл рүү орно. Өөрөөр хэлбэл, манай төр амь зогоох л арга хэмжээ авсан. Тухайн үед вакцин гарчихна, дэлхийн байдал буцаад хэвэндээ орно гэж тооцож байсан ч өнөөгийн хүндрэл хоёр жил үргэлжлэх хандлагатай байна. Бид тэнхээтэй үлдэхийн тулд ажлын байраа хадгалах чиглэлд мөнгө хийх хэрэгтэй. Хоёрт, гуравдугаар сар бол манай эдийн засгийн нөөцийн оргил үе байдаг. Цагаан сардаа бэлтгэж, айл бүр тодорхой нөөцийн хадгаламжтай байсан. Цагаан сарын 300-400 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдээгүй, хувь хүн, өрхдөө үлдсэн. Бизнесүүдийн хувьд ч өвөлдөө зогсонги, нөөцийн оргил үедээ байдаг. Энэ хуримтлагдсан нөөцөө бид аравдугаар сар хүртэл хэрэглэчихлээ. Үндсэндээ дотоод нөөц шавхагдсан гэсэн үг.
-ААН-д чиглэсэн ажлын байрыг хадгалах, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахын тулд төр ямархуу зохистой арга хэмжээ аваасай гэж Та бодож байна вэ?
-Гаднах механик хаалтуудаас болж эдийн засгийн эргэлт зогссон шүү дээ. Өнөөдөр Монголд бүртгэлтэй 200 мянган  компани байгаа. Үүнээс татварын орлогын 99.9 хувийг бүрдүүлдэг 1000 орчим компани бий. Гэхдээ нийт ажлын байрны 70-80 хувийг бүрдүүлдэг нь үлдэж буй 80 мянга гаруй компани юм. Ерөнхийдөө идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа  нэг сая хүний 800 мянгыг нь хувийн хэвшлийнхэн ажилтай байлгаж байна. Үлдсэн 200 мянга нь төрийн албан хаагчид. Тиймээс төр коронавирусийн нөхцөл байдлыг ашиглаад даатгалын системээ зөв замд нь оруулах хэрэгтэй байна. 2016 онд НӨАТ-ын  хууль хэрэгжиж, татвараа маш сайн төвлөрүүлж чаддаг болсон. Үүнтэй адил буруу замаар явсан, гажиг даатгалын системээ одоо засах боломж гарч байна. Таван төрлийн даатгалын сангаа хөрөнгөжүүлэх байдлаар дахин идэвхжүүлж, татвар төлж байгаа иргэн, ААН-ээ хамгаалах хэрэгтэй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийг хөрөнгөжүүлнэ гэсэн үг.
-Хөдөлмөрийн зах зээлээ хөрөнгөжүүл гэдэг нь...?
-Жишээ нь, хөрөнгийн зах зээлээ хөрөнгөжүүлбэл цалингийн 50 хүртэлх хувийг ажилгүйдлийн даатгалаар дамжуулж татвар, даатгал төлсөн хүмүүст өгч болно. Төрийн албан хаагчид 100 хувь цалингаа авч байгаа шүү дээ. Цаана нь хувийн хэвшилд ажиллаж байгаа 800 мянган хүн бий. Хувийнханд цалингийн 50 хувийг өгөхөд нэг сард 360 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 10, 11, 12, 1, 2, 3 гээд зургаан сарын хугацаанд хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Үүнийг заавал мөнгө хэвлэж шийдэхгүйгээр даатгалаас төвлөрдөг эх үүсвэрээс шийдэж болно. Жилд зөвхөн даатгалаас 2.4 их наяд төвлөрүүлдэг. Ирэх 2021, 2022 онд ойролцоогоор 4.8 их наяд төгрөг цуглана. Үүнийхээ 50 хувиар зээл авч болно. Монголбанкнаас Хөдөлмөрийн яамаар дамжуулж бонд гаргаад тухайн эх үүсвэрийг татвар, даатгал төлж байгаа компаниудад цалингийн 50 хувийг өгчихвөл хөдөлмөрийн зах зээлээ хамгаалаад гарч чадна. Өнөөгийн нөхцөлд стандарт бус аргуудыг хэрэглэж байгаад ч хамаагүй коронавирусийн вакцин гарч, ердийн амьдралдаа шилжих хүртэлх хоёр жилийг давах ёстой. Хэрвээ идэвхтэй 60 мянга, бүр илүү идэвхтэй 10 мянган компаниа тараавал дахиад ийм хамт олон бүрдэхэд 20-30 жил шаардлагатай. Тэгэхээр одоо бий болгосон компаниудын үнэ цэнийг унагахгүйн тулд ажлын байрыг нь дэмжсэн стандарт бус арга хэмжээг авах ёстой. Нөгөө талаас бидэнд хямралыг давсан туршлагууд бий. 1990 оноос өдийг хүртэл дөрвөн том хямралтай нүүр тулсан. 1990-1992 оны хямрал бол нийгэм, эдийн засаг, улс төрийн маш том хямрал болж, бүх зүйлээ тэгээс эхэлсэн. Дараа нь 1997, 2009, 2013-2016 оны хямралаас гарахдаа тухайн нэг салбарт байгаа уналтыг тэтгэх маягаар даван гарсан. Одоо нийт уналтыг тэтгэхийн тулд өмнөх хямралуудаас туршлага аваад хаашаа мөнгө хэвлэж оруулах уу, хаанахын бонд авах уу, алинд нь хөрөнгө оруулалт хийх үү гэдгээ зөв шийдэх хэрэгтэй.
-Мөнгө хэвлэж, бонд гаргаж байсан туршлагууд бий. Гэхдээ хэдхэн компани, нэг салбарыг дэмжиж, эргээд үр ашиггүй зарцуулалт болж хувирсан нь олон шүү дээ?
-Өнөөгийн нөхцөл бол дайны байдалтай адилхан. Нэгийг нь онцолж бөөцийлөх маягаар бусдыг нь хаядаг үеийн хямрал биш. Өмнөх хямралуудын ихэнх нь уул уурхайн салбар, тэр дундаа түүхий эдийн үнийн уналтаас үүдсэн хямрал байсан. Одоо уул уурхайгаас гадна нийгмийн салбарыг хамарсан үйл явц болох гээд байна. Одоо төр үндсэн үүргээ л биелүүлмээр байна. Хямралын үед төсөв, мөнгөний зөв бодлого, хөрөнгө оруулалтаар хангах ёстой. Гэхдээ маш сайн механизмыг нь олж хийхгүй бол 2013 он шиг 250-хан компанид мөнгө хэвлэж өгөөд, буцаад есөн сарын дараа мөнгөний ханшаа 40 хувиар унагасан гашуун алдааг давтаж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэг гараараа мөнгө хэвлэж өгчхөөд, нөгөө гараараа мөнгөний ханшаа 40, 50  хувиар унагавал зээл авсан хүмүүс, компани нь хохирно. 
-Та коронавирусийн нөхцөл байдлыг ашиглаад даатгалын системээ зөв голдиролд нь оруулчих гэж байна. Үүнтэй адил хямралыг боломж гэж хараад эдийн засгаа эрүүлжүүлэх, банк санхүүгийн салбартаа шинэчлэл хийх боломж хэр байгаа бол?
-2004 оноос хойш Монголын эдийн засаг 10 дахин өссөн. Эдийн засаг өсөх тусам манай Засгийн газрын зардал өсч байгаа. Таван их наяд байсан төсөв гурван жилийн дараа 11 их наядаар яригдаж байна. Үүнийг дагаж өсч байгаа зардлыг дундажлаад харахад, цуглуулж байгаа татварынхаа 70 хувийг зарцуулаад байгаа. Сая төсвийн тодотголоор энэ зардлаа ядаж 50 хувь руу оруулах байсан. Төсөв, мөнгө санхүү, нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг хавар шинэчлэх ёстой байсан ч сонгуулиар хаасан. Одоо шинээр бүрдсэн УИХ, Засгийн газарт реформ хийх туршлага байна уу. Хоёрт, шинэ бүрэлдэхүүнд шинэчлэл хийх эр зориг байна уу. Ерөнхийдөө УИХ, Засгийн газар хоёрхон хүнээс айж давхиад байгаа шүү дээ. Монголын нийгэм эргээд нэг, хоёрхон хүнээс айдаг боллоо. Манай бизнесийнхэн ч нэг, хоёрхон хүмүүст хадаг бариад, сөгдөж байна. Сөгдсөн нь илүү ашгаа авч байна, буцаагаад лицензээ алдахгүйн тулд бүх зүйлээ л тавиад тууж байна. Ийм байхад реформ хийж, сэтгэлгээний шинэ менежмент хийж чадахгүй болов уу гэж харж  байна даа. Шинээр бүрэлдсэн УИХ, Засагт Монголын гайгүйхэн сэхээтнүүд багтаж, шинэ сэтгэлгээ гарсан бол өөр байх байсан.
-Зарим хүн УОК-ийг дэргэдээ маш сайн судалгаа шинжилгээний багтай болохыг зөвлөж байгаа. Үүнтэй адил эдийн засгийн хямралыг даван гарах баг хэрэгтэй юм болов уу?
-Эрүүл мэнд талдаа зөв хамгаалалт хийсэн шиг эдийн засаг дээр тусгай комисс гарах ёстой. Үе, үеийн хямралыг даван гарсан Ерөнхий сайд нар, сайн зөвлөхүүдийг цуглуулж, Ерөнхий сайдын дэргэд маш хүчтэй баг ажиллаж, энэ хямралыг даван гарна. Цэвэр макро эдийн засагчдыг цуглуулж, гадаад, дотоодын бүх нөхцөлд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурласан шийдвэрүүд гаргах учиртай. Өнөөдөр ганцхан Хүрэлбаатар гэдэг Сангийн сайд макро эдийн засгийн бодлогыг барих гээд байна. Энэ хүн дээр макро бүх бодлого төвлөрч болохгүй. Алдаж, онох олон асуудал бий. Даатгалаа санхүүжүүлэх үү, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх үү, татвараа хөнгөлөх үү гэдгийг ганц хүн биш, баг шийдэх ёстой. Олон ургалч үзлээр олон талаас цуглаж энэ асуудлыг шийдэх нь хамгийн оновчтой. Хоёрт, ямар ч хямралыг аж ахуйн нэгж, иргэний эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний амьдралаа авч явах гэсэн хүсэл тэмүүлэл л давж гарсан байдаг. Зарим хямралын үндэс нь төрийн эрх мэдэлтнүүдийн шийдвэртэй холбоотой байсан. Гэтэл хямрал руу оруулсан нэг ч улстөрч хариуцлага хүлээгээгүй, зарим нь УИХ-д хүртэл сууж байна. Энэ нь өөрөө асуудал шүү.

У.Хүрэлсүхэд 30 дахь Ерөнхий сайд байхдаа хийсэн гавьяа бий. Одоо 31 Ерөнхий сайд байхдаа хийх гавьяа нь...

undefined
-Хэрвээ бид ажлын байраа хамгаалж чадахгүй, хэдэн зуун мянгаараа ажилгүй болбол жинхэнэ нийгмийн том асуудал болж хувирах байх.
-Тийм шүү. Одоо аль болох бизнесийг суллаж өгөөд, ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө зүтгэх ёстой. Тиймээс төр ажлын байраа хадгалж байгаа иргэн, аж ахуйн нэгжээ дээдэлсэн зөөлөн бодлого бариасай. Төр цалингаа тавьж компанийн хажуугаар нүдээ аниад өнгөр л дөө. Сая гэхэд талх, гурилын үнэ нэмлээ гэдэг сургаар төрийн 12 ажилтан нэг компанид хяналт, шалгалт хийсэн гэнэ. Өнөөдөр 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани үнээ 50 төгрөгөөр нэмээд ч хамаагүй бүтээгдэхүүн гаргаж байгаа нь чухал. Учир нь, тэр үйлдвэрийн цаана 100 гаруй хүн ажилтай байна шүү дээ. Ерөнхий сайд талх, гурилын үнэ нэмлээ гээд загнахад л төрийн зарим байгууллага нь ажлын байраа хадгалаад ажиллаж байгаа компани, ААН рүү шалгалт оруулж, дарамталж байна. Одоо ийм шаардлага хэрэггүй. Харин нэг ч ажлын байраа алдаж болохгүй шүү гэдэгт сэтгэл зовж, бодлого гарга л даа. Өнөөдөр гадна, дотнын компани сонин биш. Хамгийн гол нь хүнээ ажилтай байлгаж байгааг нь хүндэтгэх ёстой.
Өмнөх Засаг, У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд байхдаа хийсэн хамгийн том гавьяа бол Татварын багц хуулийг батлуулж чадсан явдал. Энэ хуулийн ачаар санхүүгийн тайлан хоёрхон удаа гаргаж, нийт компаниудын 93 хувь нь нэг хувийн татвартай болсон. Энэ сайн талууд нь иргэн, ААН-дээ татварын талаас ирэх дарамтыг багасгаж байна. Одоо У.Хүрэлсүхийн дараагийн том гавьяа бол нийгмийн даатгалын системийг цэгцэлж, үүгээр дамжуулан хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах асуудал юм.
-Ерөнхий сайд “Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэгт даатгаад орхиж болохгүй, зарим салбарт зайлшгүй төрийн оролцоо байх ёстой” гэж хэлснийг хувийн хэвшлийнхэн нэлээд хүндээр тусгаж авсан санагдсан.  Гэхдээ цаад санаа нь коммунист үеийнх шиг бүх зүйлийг төр шийднэ, хийнэ гэж хэлээгүй юм шиг байсан. Миний хувьд төр сайн хууль гаргах нь хамгийн зөв оролцоо юм шиг. Таны хувьд төр оролцоно гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Дэлхий дээр өнөөдөр төр оролцдоггүй нийгэм хаана ч байхгүй. 100 хувийн төрийн зохицуулалт хоёрхон улс бол Хойд Солонгос, Куба. Бусад газар холимог яваа. Манай Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх үүрэгт мөнгөний бодлого, улсын төсөв, татвар бий болгох, татварыг хүчингүй болгох, нийгмийн даатгал, газар, газрын хэвлийн баялаг буюу өмчийн 99.99 хувийг төр мэдэж байгаа. Дээр нь компани байгуулах, үйл ажиллагаа явуулах эрхийн бичгийг төр олгож байгаа. Манайд төр оролцохгүй салбар гэж байхгүй шүү. Харин энэ оролцоо зөв явж байна уу гэдэгт л асуудал бий. Өнөөдөр 10 мянган такси явах газарт 100 мянган таксины лиценз олговол төрийн оролцоогоор энэ салбарыг дампууруулж байна гэсэн үг. Тиймээс төрийн зохицуулалт шударга, оновчтой, ил тод байх ёстой. Нөгөө талаас орчин үеийн улстөрчийн гол шалгуур бол нийтийн санхүү, нийтийн өмчийг хэрхэн зөв, захиран зарцуулахад чиглэх ёстой. НӨАТ-ын системээр хөдөлж байгаа болгоноос татвар авч байна. Гэтэл цуглуулаад өгсөн мөнгийг дахин зарцуулахад одоо хүртэл зөв оновчлолтой биш, шийдэхгүй байна. Жижиг эрх мэдэлтнээс том дарга хүртлээ захиран зарцуулж байгаа бүх зүйл нь шилэн байх ёстой. Гэтэл өнөөдөр нөгөө шилэн данс цемент болчихсон. Хяналтгүй, ил тод биш байгаагаас болж нийтийн төлөө хийж байгаа бүхэн маш чанаргүй байна. Төр чанаргүй юм хийдэг, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг, хариуцлагагүй чанаргүй төрийн систем нь Монголын хямралын хамгийн том үндэс болсон. Эдийн засгийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг төрийн байгууллагуудын төвлөрсөн мөнгө үнэ цэнэтэй. Хоёрт, төрийн өмчийн хамааралтай улсын өмчийн 500 үйлдвэр байна. Тэднээс 120 үйлдвэр ДНБ-д том хувь эзэлдэг. УБТЗ, Эрдэнэт, Эрдэнэс-Тавантолгой, Монголросцевтмент, МИАТ гэх мэт. Гэтэл эдгээр компаниуд цэвэр зах зээлийн зарчмаар явахгүй байгаа. Тиймээс төрийн оролцоог зөв оновчтой болгох нь Ерөнхий сайдын гол ажил байх ёстой. Төрийн зөв оролцоог төр өөрөөсөө эхлэх учиртай. Төрийн оролцоогүй салбар гэж байхгүй шүү.
-Монгол Улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дийлэнх нь хувийн хэвшлийн замбараагүй тавьсан өр гэдгийг Ерөнхий сайд шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нийт гадаад өрийн 18.5 тэрбум нь хувийн компаниуд өр гэж байгаа. Үүний 11 тэрбум нь дангаараа Оюутолгойн өр. Энэ нь Засгийн газрын оролцоотой төсөл шүү дээ. Цаана үлдсэн 7-8 тэрбум долларын өр нь бүгд эзэнтэй байгаа. Засгийн газрын 7.2 тэрбум ам.долларын өрийг хасаад бусад нь бүгд лицензээр барьцаалагдсан өр. Өнөөдөр 23 тэрбум ам.долларын үнэ цэнэ хүрэх зүйл бол газрын хэвлийн баялаг. Тиймээс төрд мэдэгдэлгүйгээр компаниуд лицензээ тавиад өрөнд орчихлоо гээд байгаа юм. Манай улсын 30 тэрбум ам.долларын цаана гурван их наяд ам.доллароор үнэлэгдэх газар газрын хэвлийн баялгийг ашиглах процесс явагдаж байгаа. Ийм хэмжээнд үнэлэгдэх баялаг байгаа гэсэн үг. Гурван их наядаар үнэлэгдэх баялгийг ашиглахын тулд 30 тэрбумын хөрөнгө оруулалт авах л ёстой. Ийм процессыг олж харахгүй бол асуудал болно. Ерөнхий сайдын хувьд хувийн хэвшлийн өр, төрийн өр гэж ялгаж ярих нь зохиомжгүй, тийм ойлголт байдаггүй юм шүү. Ерөнхий сайд бол Монгол Улсын газар нутаг дээрх бүх зүйлд санаа зовж, зарцуулалтыг хянах ёстой. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг. Харин аж ахуй эрхлэх, эдийн засгийн чөлөөт байдлыг коронавирус, цар тахлаар булааж болохгүй.  
-Намрын чуулганаар 2021 оны төсвөө батална. Ирэх оны төсөв дээр Та ямар санал хэлэх үү?
-2021 оны төсвийг хэлэлцэхээс урьдаж 2020 оны төсвийг дахиад тодотгох болов уу гэж харж байна. Сая аргацаасан тодотгол болсон учраас дахиад зардлаа танах нөхцөл үүсч байна. Ирэх оны төсөв нэлээд чамбай болох ёстой. Төрийн 200 гаруй мянган албан хаагчийн 80 мянга нь дарга байгаа. Ядаж үүнийхээ хорин мянгыг нь цомхотгох хэрэгтэй. Төр өөрийнхөө зардлыг багасгах асуудлыг нэгд тавь. Хоёрт, төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудаас ашигтай ажиллаж байгаагаас бусдыг нь хувьчлах хэрэгтэй. Гуравт, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж янз бүрийн нийгмийн асуудлыг шийдэх нэртэй том мөнгө хэвлэх асуудалд төр засаг хянамгай хандаж, мэргэжлийн байх учиртай.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн