Манайд борооны ус зайлуулагч хангалттай байдаггүйгээс бид зунаас зун дамнан зам дагуу үерлэсэн борооны ус туулан, эсвэл гутлаа норгохгүй гэсэндээ харайлтын тамирчин адил үсчсээр ирсэн. Жилийн жилд зам засварын ажил хийж, авто замуудыг өргөтгөн, шинээр зам тавьж байгаа ч хажууд нь ус зайлуулагч суурилуулах нь тун цөөн. Ус зайлуулах шугамын стандарт гэж байдаггүйгээс үүдэн шинээр барьсан зам борооны усанд амархан эвдэрч ганц хоёрхон жил болоод л дахин засварлах хэрэгтэй болдог.
Уг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 50 байршилд 140 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, хурын болон хөрсний ус зайлуулах 173.3 км шугам бий аж.
Гэвч борооны дараа зам дээр их хэмжээний ус тогтож, иргэдийг авто зам болон явган хүний замаар зорчиход саад учруулдаг. Энэ жилийн тухайд авто зам дээр тогтсон борооны усны хэмжээ өмнө жилүүдийнхээс эрс ихэссэн. Иймд энэхүү асуудлаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тодрууллаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэхдээ “Борооны усанд зам эвдэрдэг, зам дээр их хэмжээний ус тогтох зэрэг асуудлуудын гол шалтгаан нь өндөрлөг газраас ирсэн үерийн ус авто замын хажуугаар байрлах хоолойгоор хөндлөн гарах ёстой байдаг. Гэтэл тэдгээр хоолойнуудыг иргэд таглан, эвдэлж, зарим нь барилгын суурь ухан газар шороог нягтаршуулсанаас үүдэн борооны ус суваг шуудууруу орж чадахгүй байна. Улмаар бороо ус авто зам дээр тогтож эвдрэл үүсдэг.