Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили дуулиант хэргүүдэд холбогдож, эх орноосоо найман жилийн турш дүрвэж явсны эцэст өнгөрөгч аравдугаар сарын 1-нд буюу тус улсын парламентын ээлжит сонгуулийн нийслэл Тбилис хотод хөл тавьсан.
Гүржийн шүүх түүнийг эзгүй байхад буюу 2018 онд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жилийн хорих ял оноогоод байв.
Улмаар Михаил Саакашвили эх орондоо ирсэн даруйд 2006 онд банкир Сандро Гиргвлианигийн амь насыг хөнөөхөд оролцсон, парламентын гишүүн асан Валерий Гелашвилиг зодсон, төрийн тэргүүн байх үедээ эрх мэдлээ урвуулан ашигласан болон төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр баривчилж, хорьсон билээ. Гэхдээ өдгөө 53 настай тэрээр өөрийг нь улс төрийн зорилгоор зохиомол хэрэгт яллаж байна гэж эсэргүүцэн, баривчлагдсан өдрөөсөө өлсгөлөн зарласан юм. Харин таван долоо хоногийн турш өлсгөлөн зарласан Михаил Саакашвилигийн биеийн байдал эрс муудаж, түүнийг даваа гаригт шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн.
Тэгвэл Гүржийн хүний эрхийн идэвхтэн Нино Ломжариа гэх эмэгтэй даваа гаригт Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг эргэж, нөхцөл байдлыг нь тодруулсан аж. Түүний мэдээлснээр Михаил Саакашвилигийн эмчлүүлж байгаа эмнэлэгт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай байгаагийн дээр шоронд хоригдож байх үед нь бусад хоригдлууд түүнийг дарамталж, хүчирхийлсэн. Тэрээр сэтгэлзүйн хямралд орсон. Хэдий гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ч түүний байгаа орчин нөхцөлийг сайжруулж, хүний эрхийг хангахад онцгой анхаарах хэрэгтэй гэжээ.
Мөн Михаил Саакашвилигийн өмгөөлөгчид өмнө нь шоронгийн харгалзагчид түүнийг доромжилж, газар чирэх, үсдэх, цохих зэргээр биед нь халдсан гэж мэдэгдэж байв.
Гүржийн шүүх лхагва гаригт Михаил Саакашвилид холбогдох хэргийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мягмар гаригт “Ноён Саакашвилигийн сэтгэцийн эрүүл мэнд болон эмнэлгийн хэрэгцээг яаралтай хангах арга хэмжээ авахыг Гүржийн Засгийн газраас шаардаж байна. АНУ Гүржийн засгийн газраас ноён Саакашвилид шударга, нэр төртэй, олон улсын жишиг, Гүржийн хууль тогтоомжийн дагуу хандахыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.