Open iToim app
Бүтээгч | 8 мин уншина

'Ивээл' брэндийн үүсгэн байгуулагч З.РЭГЗЭДМАА-гийн эм зүйчээс үндэсний үйлдвэрлэгч болсон түүх

'Ивээл' брэндийн үүсгэн байгуулагч З.РЭГЗЭДМАА-гийн эм зүйчээс үндэсний үйлдвэрлэгч болсон түүх
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 20
Хүсэл тэмүүлэл нь хийж байгаа зүйлдээ дурлахаас эхтэй учраас чин сэтгээлээсээ дурлаж буй зүйлээ л хийвэл сэтгэл ханагалуун амьдарна гэж бид ярьдаг. Өдөр бүр урам зориг авч, долоо бүдэрсэн ч найман удаа хөл дээрээ босох сэтгэлийн хат, хүсэл тэмүүллийг өдөөх утга төгөлдөр зорилгыг хүн амьдралынхаа аль ч цаг үед олох боломжтой. Энэ удаагийн ярилцлагын зочин “Ивээл” брэндийн үүсгэн байгууллагч З.Рэгзэдмаа нь “Бидний эзэмшсэн мэргэжил ирээдүйд хийхийг хүсч буй зүйлийг маань тодорхойлохгүй” гэдгийг үлгэрлэсэн мянга мянга амжилттай яваа залуусын төлөөлөл юм. Тэрээр Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн ч өдгөө 100 хүний бүрэлдэхүүнтэй “Ивээл” үндэсний брэндийг үүсгэн байгуулж амжилттай удирдан явж байна.  Түүнтэй “Ивээл” брэндийн онцлог, бизнесээ эхлүүлсэн түүх, хэтийх нь зорилгын талаар ярилцлаа.
-Хувцас загварын салбараар дагнаж ажиллах болсон түүхээс ярилцлагаа эхэлье. Бизнесийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?
Би Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Оюутан байхдаа загварлаг, дэгжин хувцсанд бусад охидын адил дурладаг байлаа. Тухайн үед ажилаж олсон мөнгөөрөө санхүүгийн ямар ч тооцоогүй, юу ч бодохгүйгээрээ ихэнхийг нь хувцас худалдан авахад зарцуулаад дуусгадаг байжээ. Төгсөөд мэргэжийнхээ дагуу амжилттай ажиллаж байсан ч хийж байгаа зүйлдээ бүрэн сэтгэл ханамжтай байж чадаагүй. Хувцас худалдаалах бизнесийн санаагаа анх Бээжинд ар гэртээ, өөртөө худалдан авалт хийхээр дэлгүүрээр явж байхдаа олж байсан. Олон дэлгүүрт аятайхан загвартай, боломжийн үнэтэй хувцас их байхаар нь өөрөө өмсөхгүй мөртлөө нэг загвартай хувцаснаас бөөндөж авсан. Авсан баахан хувцаснуудаа найз нөхөд, таньдаг хүмүүстээ үзүүлтэл 30 минутын дотор бүгдийг нь худалдаад авчихсан. Тухайн үед эм зүйчээр ажиллахаас илүү хувцас загварын бизнест илүү дурлаж ажиллах юм байна гэж бодсон. Сэтгэл маань эргэлт буцалтгүй энэ салбар луу шулуудан 10 жилийн өмнө “Абигейл жийнс” гадуур хувцасны дэлгүүрээ нээж байсан.
-Үндэсний хувцасыг Европ загвартай үйлдвэрлэх санаагаа хэзээ олсон бэ. Хүндрэл их байсан уу?
Гадны үйлдвэрээс хувцас захиалах үед ихэвчлэн миний үеийн залуус хувцас үйлдвэрлэж байсан. Тухайн үед дэлгүүрийн үйл ажиллагаа тогтворжоод таван жил болчихсон байсан учраас яагаад үндэсний хувцасаа үйлдвэрлэдэг Монгол брэндийг үүсгэж болохгүй гэж бодсон. Мөн “Абигейл жийнс” дэлгүүрээ нээсэн цагаас л ашигтай ажиллаж, олсон орлогоо сайн хуримтлуулж чадсан учраас санхүүгийн хүндрэл бага байсан. Үндэсний хэв маяг шингэсэн мөртлөө Европ загвартай, өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой хувцас үйлдвэрлэвэл залуус сонирхох юм шиг санагдсан.  “Ивээл” брэндийг үүсгээхээс өмнө Абигейл дэлгүүрийнхээ нэрээр малгайтай цамц хорин мянган ширхэгээр үйлдвэрлэхэд Монголд үйлдвэрлэсэн гэж хэлж чаддаггүй байсан. Тухайн үед Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хандах хэрэглэгчдийн үнэлэмж доогуур, малгайтай цамц, тамирын хослолыг 45 мянгаар зарахад худалдан авагчид яагаад Монголд үйлдвэрлэсэн бараагаа ийм үнэтэй  зарж байгаа юм гэж их шүүмжилсэн. Гэтэл материалын болон ажилчдын зардлаа тооцоод   борлуулалтын үнээ тооцож байсан. Энэ үе надад маш том сургамж болж, Монголд үйлдвэрлэсэн үндэсний брэндийг үүсгэхээсээ өмнө сайн судалгаа, төлөвлөлт хийх ёстойг ойлгосон.  Бизнес төсөл олныг боловсруулж материалаа хаанаас авах, оёдлын цехээ  сонгохдоо нэлээд судалж байж сонгосон.  Удаан судалсны эцэст 2017 онд нөхөртэйгөө хамт 370 саяын эргэлтийн хөрөнгөтэй “Ивээл” брэндийг үүсгэн байгуулсан.
undefined
-Үндэсний хувцас үйлдвэрлэхийн эерэг давуу тал, бэрхшээлээсээ хуваалцаач. Хэрэглэгчдийн хандлага хэдэн жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн үү?
-Төлөвлөлт сайн хийсний үр дүнд “Ивээл” брэнд үүссэн цагаасаа борлуулалт сайтай байсан. Гэхдээ дээлийн эсгүүр болон оёдлыг монгол хүн бүр ямар байдгийг мэднэ. Хүн болгоны мэддэг юмыг хийхэд бэрхшээл их бий. Нээгдээд удаагүй байх үед дэлгүүрт орж ирсэн бүх үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар өөлж, гоочилдог байсан. Тэр хэрээр бид бүтээгдэхүүнийхээ чанар, ур хийцийг сайжруулсан. Олон жил төлөвлөж байж ханцуй шамлан энэ бизнесээ эхлүүлчихээд буцахад хайран учраас шантрах үе гарах бүрт өөрийгөө улам дайчилсан. Цаасан дээрх төлөвлөгөө болон бодитоор эхлүүлэх хоёрын ялгааг сайн мэдэж авсан даа. Гарааны бизнест төлөвлөснөөр болохгүй зүйл цагийн аяст их гарна. Тэр бүгдийг шийдвэрлээд үйл ажиллагаагаа тогтвортой болтол нь явуулна гэдэг чухал. 
-Танай компанийн хамт олон нийгэмд чиглэсэн ажил хийдэг гэж сонслоо. Хэрэв үнэн бол нийгэмд чиглэсэн ямар үйл ажиллагаа хийж байсан, цаашид хийхээр төлөвлөж байна?
Манай компани “Ивээлтэй Монгол” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд амьжиргааны өртөг доогуур амьдралтай 18-22 насны залуучуудад хүсэл сонирхлынх нь дагуу үнэ төлбөргүй, стипендтэй сургалтад хамруулна. Уг сургалтаараа үндэсний дээлийг хэрхэн хийдгийг зааж өгнө. Хэдий манай брэнд үндэсний хэв маяг шингэсэн европ загвартай хувцас үйлдвэрлэдэг ч дээлийн үндсэн элементийг өөрчлөхгүй байхыг чухалчилдаг. Хэрэв үндсээр нь өөрчилчихвөл үр хойч үе маань үндэсний гэх зүйлгүй гаднын загварыг л мэддэг болно. Манай брэндийн гол зарчим нь үндэсний хэв маяг, элементийг өөрчлөхгүйгээр илүү загварлаг, орчин үеийн хэв маягтай болгох юм.
undefined
-Үндэсний хэв маяг шингэсэн олон брэнд ар араасаа гарлаа. Ижил төрлийн бизнесээс  ялгарахын тулд юун дээрээ анхаарч ажилладаг вэ?
Манай брэнд хоёр жилийн өмнө үүсгэн байгуулагдахдаа салбартаа анхдагч болж гарч ирсэн. Олон брэнд үүссэнд нь би хувьдаа баярладаг. Хүмүүс надаас “танайхтай ижил үндэсний хэв маягтай мөртлөө Европ загвартай палаж, тэрлэг их гарч байна. Танай брэндийг даган дуурайсан нь чамд хэр санагдаж байна вэ” гэж их асуудаг. Яг үнэндээ тэдгээр брэндүүдтэй яаж өрсөлдөх вэ гэж бодох ч завгүй ажилладаг. Өдөр бүр ямар шинэ загвар гаргахаа боддог, судалгаа хийж, шинэ төсөл санаачилдаг. Эдгээр ажил дээр анхаардаг учраас үүнд ач холбогдол өгдөггүй.  Ижил төрлийн брэнд олон байна гэдэг нь ажлын байр бий болгохоос гадна Монголын гэсэн зүйлийг бүтээж байгаа. Бие биенээ хурцалж, үндэсний брэндийг дэлхийд гаргах нь чухал гэж би боддог. Онцлогийн хувьд манай брэнд дээлийг  торон, саатай гэх мэт олон төрлийн материал дээр урлахыг зорьдог нь бусдаас ялгарах нэг онцлог болов уу.
-Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдчихсан брэндийн хувьд дэлхийн зах зээлд танигдах бодол байгаа юу. Гарах боломжоо судалж эхэлсэн үү?
Дотооддоо өрсөлдөхийн оронд дэлхийд гарах нь манай брэндийн алс хэтийн зорилго. Дэлхийд гарахын тулд эхлээд бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нэмэгдүүлэх, чанарыг нь илүү сайжруулах хэрэгтэй.  Юуны өмнө бид тоног төхөөрөмжөө хөнгөн үйлдвэр хөгжсөн, толгой орнуудын жишигт нийцүүлж шинэчлэнэ. Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байгаа зүйл нь хүний нөөц, материал байдаг. Тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлээ шинэчлээд, бүтээгдэхүүнийхээ чанарыг  сайжруулчихвал дэлхийд гарах боломжтой гэж харж байгаа. Манай үндэсний хувцас олон зуун жилийн түүхтэй, олон хувьслыг туулсан ч үндсэн шинжээ хадгалж өөрчлөгдсөн. Үндэсний хэв шинжийг хадгалсан мөртлөө ямар ч загварт хувьсдаг нь дэлхийд гарах боломжийг бий болгож байна. Үндэсний хувцасаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой эхэлсэн брэндийн маань дотоод дахь эрэлт их байгаа учраас ачаалал ихтэй ажилладаг. Хуучин цагт баярын үеэр л дээлний борлуулалт нэмэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар улирал харгалзахгүй байнгын үйлдвэрлэл явагдаж байна. Нэг талаас ачааллаа дийлэхгүй явдал гарч байгаа.
-Танай брэнд эрэлттэй байгаа шалтгаан нь загвар хийцээс гадна бүтээгдэхүүний үнэ нөлөөлж байгаа мэт. Залууст чиглэсэн болохоор үнээ нэг төвшинд байлгахыг зорьдог уу?
Манай брэнд амжилттай яваа бас нэг хөшүүрэг нь яалт ч үгүй үнийн бодлого байгаа. Дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлнэ, залуучуудад зориулсан гэчихээд таван зуун мянгын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал загварлаг байгаад ч өмсөж чадахгүй. Тийм болохоор материал болон үйлдвэрлэлийн зардал дээр маш бага ашгийн нэмэгдэл тооцдог. Залуучууд түлхүү сонирхон гэсэн загвар дээрээ зөвхөн үйлдвэрлэлийн зардлаа тооцоод худалдаалдаг. Өдөр тутамдаа өмсөх брэнд учраас бид үнийн дүнг хэлбэлзүүлэхгүй байхыг чухалчилж, зардлаа сайн тооцдог.  Эхлээд удаагүй байгаа бизнесийн хувьд цэвэр орлого бага байгаа ч манайхыг зорьж буй үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэх загварлаг, чанартай бүтээгдэхүүн гаргахыг ашигаасаа илүү чухалчилдаг.
-Яагаад брэндийнхээ нэрийг “Ивээл” гэж бэлгэдэн өгсөн бэ?
Манай нөхөр бид хоёр бизнесийнхээ төсөл, хоёр жилийн төлөвлөгөөгөө гаргачихсан хэрнээ нэр өгч чадахгүй удаан явсан. Нэг өглөө нөхөр бид хоёр нэрээ бодоод сууж байтал нөхөр “Ингэж бодоод сууж байхаар охиныхоо нэрээр брэндээ “Ивээл” гэж нэрлэвэл ямар вэ” гэсэн. Тухайн үед охиноо төрүүлээд удаагүй байсан. Нөхөр бид хоёр ивээл жилтэй, хоорондоо ивээлээр учирсан болохоор бурхнаас бидэнд ивээсэн хөөрхөн охиндоо Ивээл гэдэг нэр хайрласан. Охиныхоо нэрээр брэндээ нэрлэх нь хамгийн зөв шийдвэр болсон. Амьдралын хамгийн нандин зүйл үр хүүхэд учраас тэднийхээ төлөө хичээхээс өөр аргагүй. Бид хоёрын үр үндэс болсон хүүхдийн маань нэрээр овоглогдсон учраас өндөрт өргөж явах юмсан гэж хичээдэг.
undefined
-Компанидаа гарах хүндрэлийг хэрхэн зөв шийдвэрлэдэг вэ. Амжилттай компаний үндэс нь таны хувьд юу вэ?
Бизнест өдөр тутам хүндрэл учрах эрсдэлтэй ч олон жил тогтвортой байсан компаниудын гол онцлог нь санхүүгийн тооцоолол сайн хийдэгт гэж хувьдаа боддог. Миний хувьд чадахгүй зүйлдээ сарвалзаж ордоггүй. Өөрийгөө өрийн дарамтад оруулаад гарч чадахгүй бол ард минь байгаа хүмүүс ч хохирно. Өмнө нь би буруудвал ганцаараа л хохирох байсан бол одоо 100 хүн ажилгүй болох учраас ямагт тооцоо сайтай байх ёстой гэж боддог. Зах зээлийн нийгэмд аливаа бизнест өрсөлдөгч заавал байх ёстой. Урт хугацааны явцад тогтвортой байсан бизнес эрсдлээ сайн тооцож байж үйл ажиллагааг явуулж байгаа. Гэнэт их хэмжээгээр олно гэж байхгүй. Олсон орлогоо бас хамаагүй үрээд байж болохгүй.
-Та бизнесээ нөхрийнхөө хамт эхлүүлсэн гэж ярилцлагын эхлэлд дурдсан.  Нөхрийн тань оролцоо хэр байдаг вэ?
Манай нөхөр их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гэр бүлийн хоёр эсрэг хүмүүс байх нь зөв юм байна лээ. Манай нөхөр намайг “буцалсан ус” шиг гэж хэлдэг. Байнга юм тэмдэглэж явдаг болохоор би олон дэвтэр дуусгасан. Таван жилийн өмнөх дэвтэр дээрээ Шангри-Лагийн дэлгүүрт салбар дэлгүүртэй болох, тэдэн ажилчинтай болно гэх мэтээр төлөвлөлт хийж байснаа биелүүлсэн. Гэхдээ зарим шийдвэрийг хэтэрхий адгуу загнаж хийх гээд байдаг. Хурд чухал ч зөв шийдвэр, тооцоололтой бол хурдан шийдвэр гаргах нь дээр юм. Намайг хэт хурдлаад буруу зүг рүү явж байвал нөхөр маань тэрийг анзаарч надад алдааг минь хэлж өгдөг. Бид хоёр бие биедээ зөвөлж, бие биенийхээ дутууг нь нөхдөг. Олон жил амьдраад ирэхээр бие биенийгээ сайн ойлгодог, мэдэрдэг болдог юм байна. “Ивээл” брэнд Монгол хүн байгаа цагт хөгжөөд явах боломжтой, ганц бид хоёроор биш үр хойч маань залгамжлаасай гэж бодон ажилладаг. Тийм болохоор жижиг зүйлд саармагжилгүй арагшаа харж чулуугаа шидэх биш урагшаа шидэн хойноос нь хөөцөлддөг. Энэ зарчмаар өдий зэрэгтэй ажиллаж яваа гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Ярилцсан: Л.Сайхансанаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн