Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Х.Найгал: Хоол, хөдөлгөөнөө зөв зохицуулбал чихрийн шижингээр өвчлөхгүй

Х.Найгал: Хоол, хөдөлгөөнөө зөв зохицуулбал чихрийн шижингээр өвчлөхгүй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 11
ДЭМБ-аас дэлхийн хүн амын хоёр хүн тутмын чихрийн шижин өвчнөөр өвчилсөн буюу өвчлөх эрсдэл өндөртэй гэсэн судалгаа гаргасан бөгөөд энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгдо эмнэлгийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Х.Найгалтай ярилцлаа.
-Чихрийн шижин өвчнөөр хэн илүү өвчлөх магадлал өндөр вэ. Эл өвчин юунаас үүсдэг юм бэ?
 -Чихрийн шижин өвчний өвчлөлийн хэв шинж  дотроо олон төрөл. Удам дагах тохиолдол ч байдаг. Уншигчдын хамгийн сайн мэддэг нь жингийн илүүдэлтэй хүмүүс чихрийн шижингээр өвчлөх тохиолдол элбэг байгаа. Жингийн илүүдэлтэй хүмүүст 25-аас хойш насанд оношлогддог. Нөгөө нь, турдаг хэв шинж буюу 35-аас өмнөх насанд оношлогддог. Бодисын солилцооны алдагдал нь 10 эсвэл 20 жил үргэлжлээд эцэстээ эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлдэг. Ам цангах, их шээх, ядрах, турах эсвэл таргалах, бие дээр гарсан идээт үрэвсэл эдгэрэлт удаан байх, хангалттай идэж байгаа хэр нь өлсөх шинж тэмдгүүд илэрдэг.
Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодод инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг бөгөөд судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр нүдний эмгэг, бөөрний эмгэг,  цус харвалт, зүрхний өвчин зэрэг хүндрэлүүд гардаг.
-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ өвчин нь ганцхан хүний амьдралын хэв маягаас шалтгаалан үүсдэг.  Удамтай ч бай, удамгүй ч бай чихрийн шижин өвчин тусахгүй байх боломжтой. Эрүүл хоол, хөдөлгөөн хоёрын тунг хэрхэн тааруулахаас л хамаарна. Идэж ууж байгаа зүйлийнхээ калорийг шатааж л байвал бодисын солилцооны алдагдалд орохгүй. Бодисын солилцооны алдагдалд орохгүй бол өвчлөхгүй.
Идэж уусан зүйлээ шингээж чадахгүй бол бага, багаар хуримтлагдаад өөх болон хувирдаг. Биед байх ёстой өөхний хэмжээ нэмэгдэх тусам бодисын солилцооны алдагдал нэмэгддэг. Жижиг хэмжээний алдагдлыг бодисын солилцоог засахаар бие махбодь өөрөө ажиллаж байдаг. Тэгэхээр буруу дадал хэвшил удаан үргэлжлэхгүй бол бодисын солилцоо өөрөө алдагдлаа нөхөж чадна. Харин тухайн хүн буруу дадлаа үргэлжлүүлсээр байвал өвчин болж хувирна гэсэн үг.
-Хүмүүс өөрийн бодисын солилцоогоо хянах ямар арга байгаа вэ?
-Хүмүүс өөрийн BMI буюу биеийн жингийн индексээ тооцоолж сурах хэрэгтэй. Үүнийг тооцоолоход апп ашиглаж болно.  App Store, Play store- оос Body mass index гэж хайхад олон сонголт гарч ирнэ. Өөрт таалагдсан апп-аа татаж аваад өөрийн жингийн илүүдлийн зэргийг тооцож, хяналт тавьж байвал чихрийн шижингийн төрлийн өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой. Мөн өдөрт  10 мянга алхаж байвал өвчлөлд өртөх эрсдэл бага.
Хүн бүр өөр өөр өндөртэй байдаг учир хүмүүсийн байх ёстой жинг тоймлон тогтоох нь хэцүү учир биеийн жинг өндөртэй харьцуулан туранхай, хэвийн, эсвэл таргалалттай эсэхэд үнэлэлт өгдөг.
Биеийн жингийн индексийг бодох томъёо нь:  БЖИ=  Биеийн жин (кг)/Биеийн өндөр (см)2
Жишээ нь 153 см өндөртэй, 51 кг жинтэй хүний биеийн жин өндрийн харьцааг тооцож үзье. Биеийн жингийн индексийг бодохын тулд эхлээд биеийн өндрийг метрт шилжүүлж квадрат зэрэгт дэвшүүлнэ.
/Өндөр/ 153 cм=1.53м; /Өндөр2/ 1.532=2.34
Дараа нь биеийн жинг гарсан тоонд хуваана. БЖИ=51кг:2.34м2=21.79 кг/м2 гэдэг нь хэвийн жинтэй гэсэн үг юм.
Биеийн жингийн индекс              Үнэлгээ
18.5-с бага          Туранхай
18.5-24.9              Хэвийн жинтэй
24.9-29.9              Илүүдэл жинтэй
30.0-34.9              1-р зэргийн таргалалттай
35.0-39.9              2-р зэргийн таргалалттай
40.0-с дээш         3-р зэргийн таргалалттай
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн