Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө есөн настай охин гаднын нөлөөтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Уг асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд Шүүхийн шинжилгээний газар болон Цагдаагийн байгууллагаас мэдээлэл авч, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа.
Энэ үеэр цагдаагийн байгууллагаас амь насаа алдсан есөн настай охин нь удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг хэллээ. Мөн хойд эцэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд талийгаачийн ээжийн талаар болон бусад мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Учир нь хэргийн хяналт, шалгалт үргэлжилж байгаа учраас нарийн мэдээлэл өгөхгүй гэлээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол эрчимтэй өсчээ. Гурван жилд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг шалгагдаж байна. Үүний 58 хувь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн төрөл, хамаатан садан үйлдсэн байна. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гурван шалтгаан байгааг судалгаагаар тогтоосон гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Нэгд, гэр бүл салалтын асуудал. Жилд 3000 орчим гэр бүл салдаг бөгөөд үүнээс болж 6000 гаруй хүүхэд өнчирч үлдэж байна. Өнчирч үлдэж байгаа хүүхдүүд ямар нэгэн хараа хяналтгүй болсноос эмэгтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх, эрэгтэй хүүхэд хулгай хийх эрсдэл өндөр болдог байна. Хоёрт, гэр бүлд эцэг эхчүүд үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлахгүй байна. Хүүхдээ асран хамгаалах үүрэг харилцан адилгүй байна. Энэ буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийн эрх зөрчигдөж, хохирсоор байна. Гуравт, цахим сүлжээгээр дамжуулан садар самуун сурталчилдаг нь гэмт хэргийн хохирч болох аюулыг улам нэмэгдүүлж байна гэлээ.
Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль хэрэгжиж байна. Гэхдээ нөгөө талд хүмүүсийн үүрэг хариуцлага, соёл, ёс суртахуун гэдэг зүйл алдагдаж байна.
-Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа: Амь насаа алдсан 9 настай охины шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байгаа. Хэрэг есдүгээр сарын 19-20-ны шөнө болсон. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсээс дуудлага ирж, манайх хэргийн газарт ажилласан. Ингээд 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээгээр гадна талдаа нүүр, дух, зүүн хацартаа зулгарсан хуучны шархтай. Дотор эрхтэнг шинжлэхэд, хоёр талын хавирга 11-12, 4-5 хавирга нэлэхүйдээ хугарсан. Хуучны бороолсон хугаралт байсан. 12 нугалам гэдэс 0.5х0.6 см хэмжээтэй няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархай урагдаж, тухайн орчинд нэг литр бохирдсон шингэний агууламжтай, 12 нугалам няцарсан гэдэсний орчим 500 грамм шингэн хуримтлагдсан байдалтай байсан. Бусад эрхтэн зүгээр байсан. Урьдчилсан байдлаар хордлогоор нас барсан байх магадлалтай. Хэвлийн гялтангийн үрэвслийн хордлого гэсэн үг. Бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс няцарч, цоорсон учраас бохирдсон шингэн гэдэсний хөндийд үүсч, түүнээсээ болж үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон магадлалтай байна. Хэрвээ дэвссэн бол элэг, дэлүү бяцрах магадлалтай байсан. Тэгэхээр гадаргуутай зүйлээр цохисон байх. Одоо лабораторийн шинжилгээ хийнэ" гэлээ.