Цусны даралт ихсэлт болон түүнийг дагасан эрсдэлийн асуудлаар Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдоржтой ярилцлаа.
-Монгол Улсын иргэдийн дунд даралт ихсэлт өндөр бөгөөд маш олон хүчин зүйлсээс хамаардаг. Бөөр, зүрхний өвчлөлөөс үүдэлтэй даралт ихсэлттэй гэж иргэд яриад байдаг. Та зүрхний шалтгаантай даралт ихсэлт гэж юуг хэлдгийг уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-Артерын даралт гэдэг нь зүрхнээс гарч байгаа цус агшилт сулралын үедээ судсанд үзүүлж байгаа даралтыг хэлдэг. Тиймээс артерын даралтад зүрх шууд хамаатай гэсэн үг. Хүний судсаар даралттай цус гүйж байж л амьд байх боломжтой. Тэгэхээр хүн бүр даралттай. Харин тэр даралт хэвийн хэмжээнээс их байгаад байвал эмгэг гэж үзнэ. Даралт ихсэх өвчнийг бид артерын гипертензи гэж нэрлэдэг ба анхдагч болон хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч артерын гипертензи бол нийт даралт ихсэлтийн 95 орчим хувийг эзэлдэг, ерөнхийдөө нас ахихын хэрээр судас хатуурч аяндаа үүсдэг гэж ойлгож болно. Анхдагч артерын гипертензийг бид эмчилж чадахгүй. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчилж, эм ууж хэвийн хэмжээнд байлгаж хянах л асуудал байна. Хоёрдогч артерын гипертези бол тийм ч түгээмэл биш, голдуу залуу насанд, артерын даралт хэт өндөр байдлаар илрэх хандлагатай байдаг. Нийт даралт ихсэлтийн 5 орчим хувийг эзэлдэг. Ямар нэгэн өвчний шалтгаантай хоёрдогчоор үүснэ гэсэн үг. Гол шалтгаанд бөөр, бөөрний дээд булчирхай, бамбай, судасны эмгэгүүд гэх мэт болон шалтгаанууд бий. Артерын даралт урт хугацаанд өндөр байгаад байвал "бай" эрхтний гэмтэл болох тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал гэх мэт аюултай хүндрэлүүдийг үүсгэдэг. Тиймээс бидэнд артерын даралт яагаад ихсээд байгаа гэдэг шалтгаанаасаа илүү хэвийн хэмжээнд барих нь л чухал. Зарим хоёрдогч артерын гипертезийн шалтгааныг олж чадвал эмчлэгдэж, эм уухгүй болох боломж байдаг.
-Зарим хүн даралт ихсэлтийн жаахан шинж тэмдэг илрэнгүүт эм уучхаад байдаг. Энэ нь зөв үү?
-Артерын даралт байнга хэлбэлзэх ба түүнд цаг агаар, сэтгэл санаа, хоол унд, дасгал хөдөлгөөн, нойр гэх мэт олон зүйлс нөлөөлнө. Зарим тохиолдолд хүмүүст толгой өвдөх, хүзүү хөших зэрэг шинж тэмдгээр даралт хэлбэлзэж болдог. Энэ үед хүмүүс даралт ихэссэнээс болж байна гээд дураараа даралт бууруулах эм уугаад байдаг. Тиймээс үнэхээр артерын даралт ихэссэнээс болоод зовуурь илэрч байна уу, эсвэл толгой өвдөж хүзүү хөшсөнөөс болж даралт ихсээд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Ингэснээр бид шаардлагагүй эм тариа хэрэглэхээс сэргийлэх юм. Ер нь мэргэжлийн эмчид хандаж оношоо эхлээд баталж, дараа нь эмчилгээний талаар ярих ёстой юм л даа. Артерын даралтыг бууруулахад эмэн эмчилгээнээс гадна эмийн бус аргууд, амьдралын зөв хэв маяг маш чухал. Үүнд, давс бага хэрэглэх, тамхи татахгүй, хэвийн жинтэй байх, сайн унтаж амрах, байнгын дасгал хөдөлгөөн хийх зэрэг олон зүйлс багтана.
-Залуучууд ямар төрлийн даралт ихсэлтэд өртөж байгаа вэ?
-Залуу насныханд хоёрдогч даралт байх магадлалтай. Хоёрдогч даралтын онцлог нь маш өндөр буюу дээд даралт 170,180, 200 хүрнэ, маш их хэлбэлзэнэ, нэг эмэнд буух дургүй байдаг. Гэхдээ сүүлийн үед суугаа ажил хийдэг, утас их удаан оролдож, ухсантай холбоотойгоор булчингийн чангарал явагдаж, хүзүү хөших, толгой өвдөх зэргээс түр зуур даралт ихсэж байгааг даралт ихсэх өвчин гэж үзэж, үүнээсээ айж түгшсэн залуус бас цөөнгүй байна.
-Сүүлийн үед зүрхний шигдээс үүдэлтэй гэнэтийн үхэл нэмэгдэж байна гэх. Энэ нь юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?
-Гэнэтийн нас баралтын шалтгаан голдуу зүрх судас, тархитай холбоотой байдаг. Сүүлийн үед ковидтой, нийгмийн стресстэй холбоотой зүрхний шигдээс, харвалт, тромбын хүндрэлүүд ихэссэн мэтээр ярих болж. Гэхдээ үнэхээр хуучнаасаа ихэссэн гэсэн статистик баримтууд одоогоор алга. Ковидтой холбоотой цусны өтгөрөлт, бүлэнгийн асуудал нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
Магадгүй сошиал хэт хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс мэдээллийг илүү хурдан шуурхай авч байгаа, зарим худал мэдээлэлд ч итгэж улмаар илүү их айдас түгшүүртэй болоод байж магадгүй юм. Тархины судасны цүлхэн хагарах, судас бөглөрөх, зүрхний шигдээс, зүрхний булчингийн гэмтлүүдээс үүдэлтэй аминд аюултай хэм алдагдал илрэх зэрэг нь гэнэтийн нас баралтын гол шалтгаанууд байдаг. Тэгэхээр ямар нэгэн зовуурь шаналгаа байхгүй байсан ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь их чухал.
-Тань дээр үзүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар насны ямар хүмүүс даралтын асуудалтай байдаг вэ?
-Сүүлийн үед амбулаториор үзүүлэх иргэдийн ихэнх нь залуужих хандлагатай байна. Харин тэр дунд яг зүрхний эмгэгтэй хүмүүс тийм ч олон биш. Ихэнх нь миний зүрх өвдөөд, даралт ихсээд байна гэж таамаглаад орж ирж байгаа. Гэтэл үйл ажиллагааны алдагдлууд, стресс, мэдрэл, булчингийн чангарал зэрэгтэй холбоотойгоор цээж, толгойны өвдөлтүүд байдаг.
-Манай улсын иргэдийн дунд эмийн хэрэглээ маш их байдаг. Зүүн гар бадайраад, зүрх дэлсээд байна гээд шууд л эм уучихдаг. Зүрхний эмийг тэгж хамаагүй хэрэглэж болох уу?
-Монгол Улсад эмийн зохисгүй хэрэглээ бол маш их. Хүмүүс ихэнхдээ биеэ өвдөхөөр эмчид биш эмийн санчид ханддаг. Эмийн санд хандахаар эмийн санч бүтээгдэхүүнээ борлуулахын тулд ийм байж магадгүй гэсэн шалтгаанаар эм өгчихдөг. Уг нь бид эм хэрэглэх гэж яарах ёсгүй юм. Хамгийн түрүүнд шалтгаан, оношилгоо зэргийг олж мэдэж баталсны дараа эмчилгээ ярих ёстой. Гэтэл манайхан оношийн тухай биш эмийн хэрэглээний тухай л бодоод байдаг. Өнөөдөр дуртай нь олон нийтийн сүлжээнд эм рекламдаж бизнес хийж байна. Бараг эм уух шаардлагагүй байсан хүн есөн шидийн эм авч уусаар байгаад өөрийгөө хохироож байгаа асуудлууд гарч байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн энэ байдал эргээд маш олон хүний эрүүл мэндийг хохирооно.
-Хүний амаар сайн гэсэн болгоныг хэрэглээд байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой юм шиг санагддаг?
-Монгол Улсад эмнэлгийн салбар үнэгүй, хэн дуртай нь загнаж байгаад дуртай юмаа хийлгэдэг замбараагүй салбар болсон. Гэтэл манайхаас бусад улс орны эмнэлгийн салбар үнэ цэнтэй байдаг тул дуртай нь орж ирээд эм бичүүлээд, дусал зоолгож чадахгүй учраас иргэд нь эрүүл мэндээ өөрсдөө хариуцаад, урьдчилан сэргийлээд эрүүл мэндийн боловсролдоо анхаардаг. Манай улсын хувьд эрүүл мэндийн салбар нь үнэгүй байгаа учраас ард иргэд нь хүртэл өөрсдийн эрүүл мэнддээ үнэ цэнгүй ханддаг. Эрүүл мэнд хамгийн үнэтэй байх ёстой.
-Миний зүрх өвддөг гээд тоодоггүй хүмүүс байдаг. Зүрх удаан хугацаанд өвдөж явах нь хэр аюултай вэ?
-Хэтэрхий их биеэ чагнаад, айдас түгшүүр үүсээд эмнэлэгт хандаж байгаа хэсэг бүлэг байна. Харин нэг хэсэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрээд байхад тоохгүй явж байгаад хүндрүүлээд амь насаа алддаг нөгөө хэсэг байна. Тэгэхээр энэ нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, амьдралын түвшин, өөрөө өөртөө анхаарах байдал нь хүн бүрд адилгүй байдагтай холбоотой. Манай нийгэм өөрөө ядуу, боломж муутай учраас өөртөө анхаардаг хэсэг нь тийм ч их биш. Энэ байдлаас хамаарч өвчнөө тоохгүй явснаар хүндрүүлж, цаг алддаг тохиолдлууд маш их байна. Зүрх өвдөх гэдэг нь ганцхан өвчин биш шүү дээ. Зүрхний хэдэн зуун төрлийн өвчин байдаг учраас өөртөө анхаарч эмнэлэгт хандаж, оношоо баталгаажуулаад тохирсон эмчилгээг хийлгэх нь маш чухал байна.