Эгч дүү Каролин, Элизабет Беркав нар 2012 онд буюу 11,12 настай байхдаа зуныхаа амралтаар усанд орох дургүй бага дүүгийнхээ анхаарлыг татахаар олон өнгийн ванний бөмбөлөг хийх санаа гаргаснаар одоогийн амжилттай бизнесийн эх тавигджээ. Эгч дүүс бөмбөлөг хийх аргийг интертет, сурах бичгээс өөрсдөө судалж, ямар ч том хүний оролцоогүй эхний бүтээгдэхүүнээ гар дээрээ авч байв. Одоо тэдний удирдан ажиллуулдаг "DA Bomb" ванний бөмбөлгийн үйлдвэр 100 сая ам.доллараар үнэлэгдэж, охидын тус тусын үндсэн хөрөнгө хоёр сая ам.доллар болжээ.
Охид эхний хийсэн бөмбөлгүүдээ хөршийн худалдаан дээр зарсан бөгөөд эхний өдрөө л бүх бүтээгдэхүүнээ зарж чадсанаар урамшиж, ээжээсээ санхүүгийн тусламж аван, гэртээ жижиг хэмжээний үйлдвэр байгуулжээ. Эхний жилд бүтээгдэхүүнээ хотынхоо зөвхөн үзэсгэлэн худалдаанүүдад зориулан цөөн тоогоор үйлдвэрлэдэг байсан юм. Харин 2013 оноос салон, гоо сайхны дэлгүүр, супермаркетуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Одоогоор тэдний үйлдвэрт 150 хүн ажилладаг бөгөөд сард 21 нэр төрлийн 500 мянга орчим ванний бөмбөлөг үйлдвэрлэдэг бөгөөд АНУ даяар 7000 орчим дэлгүүрээр болон онлайн хэлбэрээр худалдаалагддаг аж. Тэдний бүтээгдэхүүний гол онцлог нь бүхий л түүхий эд заавал байгалийн гаралтай байх ба нярай хүүхдэд ч сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй өндөр чанар, сэтгэл шингэсэн байх ёстой аж. Охид сургуулийн хажуугаар үйлдвэрээ удирдах боломжгүй учир эцэг, эх нь хамтран эзэмшдэг бөгөөд гэр бүлийн бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна Тэдний ээж “Анх охидоо бөмбөлөг хийнэ мөнгө зээлээч гэх үед хэд хоноод л больчих байх гэж бодож байсан ч одоо хэний ч төсөөлөөгүй их амжилттай болжээ. Би хэзээ ч тэднийг ингэ тэг, бөмбөлгөө заавал хий гэж байсан удаагүй, охидын минь хийсэн бүхэн өөрсдийнх нь л сонголтын үр дүн” хэмээн өгүүлжээ. Охид энэ жил ахлах сургуулийн хоёр, гуравдугаар ангид орох бөгөөд цаашдаа бизнесээр суралцах бодолтой гэнэ.
Эх сурвалж: thisisinsider.com